Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 364

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч А.Нямсүрэн,                                 

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Хохирогч Б.Хүрэлтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баячууд овогт Б.О холбогдох эрүүгийн 1811031660071 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Баячууд овогт Б.О, Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт иргэний үнэмлэхийэ лавлагаагаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 3 дугаар гудамж 130 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 73-17 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /............................../

         Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.О нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах үйлдлээр Б.Хүрэлтулгад “99-66 УНИ улсын дугаартай “хонда эйч ар ви” маркийн автомашиныг нь засч өгнө” гэж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны гадна 1.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Оээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би танил Хүрэлтулга гэдэг ах 99-66 УНИ улсын дугаартай саарал өнгийн Хонда Эйч ар ви загварын автомашинаа унагаачихлаа эвдэрсэн хэсгийг нь янзлаад өгөөч гээд чатаар над руу эвдэрсэн машиныхаа зургийг явуулж харуулсан. Тэгэхээр нь би 1 сарын хугацаанд 1 сая төгрөгөөр янзлаад өгье гэж хэлсэн бөгөөд Хүрэлтулга ах ч зөвшөөрч хоёулаа тохиролцоод 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 61 дүгээр байрны тэнд надад автомашинаа авчирч өгсөн бөгөөд би машиныг нь янзлах гээд 17 дугаартай гражид хийсэн. Тэгээд Б.Хүрэлтулга тэр өдрөөс хойш засварын хөлсийг надад 4 удаа цувуулан 1 сая төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь би засварын ажилдаа зарцуулж чадалгүйгээр өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгачихсан ...” гэх мэдүүлэг /хх-49-50х/,

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Хүрэлтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Б.Од 1.000.000 төгрөгийг машинаа засуулхаар тохиролцож өгсөн гэв. 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдрөөс утас нь унтраалттай алга болсон. Хэсэг хугацааны дараа өөрийн пэсибүүкийн чатаасаа холбогдон машиныг чинь засаж байгаа тухайгаа хэлээд зураг явуулдаг байсан. Одоогоор миний машин шүүгдэгч Б.Оийн гараашт байгаа машинаа засуулах юм уу мөнгөө авмаар байна” гэв.

Хохирогч Б.Хүрэлтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн баруун талд байрлах гражид Хонда эйч ар ви загварын автомашин засуулахаар аваачиж өгсөн. Авто засварын мөнгө болох нэг сая төгрөгийг 2018 оны 4 сарын 26-ны өдөр 5018278563 тоот данс, 2018 оны 4 сарын 29-ний өдөр 5033448721 тоот данс, 5022606736 тоот данс, 2018 оны 5 сарын 4-ний өдөр 5022422841 тоот дансууд руу шилжүүлж Б.Оэд өгсөн. Б.Оээр урьд өмнө нэг удаа автомашины хаалга янзлуулж байсан. Тэгээд таньдаг болсон утасны дугаар нь байсан болохоор дараа нь дахиад машин засуулахаар өгсөн. Очирсүх нь автомашин хүлээлгэн өгсөн авто гражийг миний граж гэж хэлсэн. Автомашины кузов засвар буюу дээвэр хэсгийг нь засуулах гэж байсан. Салхины шилийг нь солиулах гэж шинэ шил авч өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/, “...машинаа засуулахаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын баруун хойд талын авто гражид аваачиж тавиад түлхүүрийг хажууд нь хүлээлгэн өгсөн. Миний автомашиныг 14 хоногийн хугацаанд сайхан янзлаад өгнө. Засварын хөлс нь 1 сая төгрөг гэж хэлж авсан юм. Б.О надаас авсан 1 сая төгрөгөө ямар ч байсан будаг, шунх, замаска гэх мэт шаардлагатай материалууд авах мөнгө дээрээс нь ажлын хөлс гэж 1 сая төгрөг авсан. Хэдээр нь материал авах, хэдээр нь ажлын хөлсөө хийхийг нь мэдээгүй. Ямар ч байсан мөнгөө шилжүүлсний дараа материал юмаа бүгдийг нь авчихсан байгаа өнөө маргаашгүй болчихно гээд байсан. Би өөрийнхөө машиныг 2018 оны 3 сард Өвөрхангай аймаг руу явж байгаад хальтиргаатай замд онхолдуулчихсан юм. Тэгээд Очирсүхээр машиныхаа дээвэр крылог янзлуулаад бүтэн будаг хийлгэх, жолооч талын баганын чихээс гаргах ажил хийлгэх байсан юм. Хаалгыг нь би өөрөө авч тавьсан байгаа. Би машинаа 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Б.Оэд өгсөн бөгөөд би машинаа 2018 оны 5 сарын 3-нд машинаа засвараас авах байсан юм. 14 хоног өнгөрсний дараа байн байн залгаад асуухаар маргааш гарчихна, нөгөөдөр гарчихна, ирэх 7 хоногт гарчихна гээд байсан бөгөөд засаж янзалж дууссан юм уу? гэхээр ер нь дуусч байна, одоо нг данхрат хэрэг болчихоод байна засаж дуусч байгаа л гээд байсан. Тэгээд 2018 оны 7 сарын сүүлээр бүүр утсаа салгаад ор сураггүй алга болчихсон. Тэгээд би нэлээн хүлээж цөхрөөд арга бараад цагдаад хандсан байгаа ...” гэх мэдүүлэг /хх-40х/,  

Гэрч С.Нинагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...миний 5033448721 тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5029870089 тоот данснаас 400.000 төгрөг шилжиж орж ирсэн. Хүү Очирсүх маань цалин орлоо, ээж таны данс руу хийчихлээ, байрныхаа мөнгийг өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд байрныхаа мөнгийг өгсөн. Манайх Хан-Уул дүүргийн Цэлмэг хотхонд сарын 600.000 төгрөгийн үнэтэй 2 өрөө байр түрээслэн амьдардаг юм. Тэр мөнгөө л өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-44х/,

Гэрч Т.Хонгорзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Батмөнхийн Очирсүх гэж хүнийг зүс мэднэ. Манай хүнсний дэлгүүрт байнгын орж ирж үйлчлүүлээд таньдаг болчихсон хүн байгаа юм. Манай дэлгүүрийн ойролцоо л амьдардаг юм шиг байна лээ. 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Очирсүх гэж хүн надаас данс руу чинь 100.000 төгрөг шилжүүлээд бэлнээр авчихъя “АТМ” явахаас залхуу хүрээд байна гээд орж ирсэн. Би хальт зүс таньдаг болохоор бас дээрээс нь данс руугаа дэлгүүрийн гүйлгээ тооцоог орой бүр шилжүүлдэг учир ямар ч ялгаа байхгүй гэж бодоод эхлээд данс руу мөнгөө шилжүүлчихээд ороод ир тэгэхээр чинь өгье гэж зөвшөөрсөн. Тэгсэн чинь утсаа орхичихсон байна гээд миний 5022422841 тоот Хаан банкны дансыг цаасан дээр бичиж аваад гарсан. Удалгүй миний утсанд мессеж ирээд 100.000 төгрөг орсон байсан бөгөөд би хувиасаа 100.000 төгрөгийг тэр залууд өгөөд гаргасан. Ийм л асуудал болсон ...” гэх мэдүүлэг /хх-45х/,

Гэрч П.Түмэнбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Батмөнхийн Очирсүх гэж хүнийг 2-3 жилийн өмнөөс эхлэн мэднэ. Манай Яармагийн тэр хавийн хүүхэд байгаа юм. Би өөрийнхөө нэг фургон автомашиныг будуулж танилцаж байсан юм. Ээж нь бас манай хорооны иргэн бөгөөд оёдол зүүдэл хийгээд яваад байдаг хүн байдаг юм. 2018 оны 4 сарын 29-ний өдөр Очирсүх л хүний машин засаж байгаа мөнгө орж ирж байгаа юм. Таны 5022606736 тоот Хаан банкны дансаар мөнгө шилжүүлүүлээд аваадахъя гээд гуйгаад байхаар нь дансаа хэрэглүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд мөнгө орж ирсэн даруйд цуг яваад 19-ийн тэнд байдаг Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөгийг нь авч өгсөн байгаа. Би уг мөнгөнөөс өөртөө нэг ч төгрөг аваагүй. 2018 оны хавар Б.О миний гражийг ашиглаж хоёулаа автомашин засварын газар ажиллуулъя будаг замаска хийе гэх санал тавьж байсан. Би ч тэгвэл тэгье гэж зөвшөөрөөд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 61 дүгээр байрны ард талын авто гражынхаа түлхүүрийг өгсөн бөгөөд автомашин байлгаж засварлах зөвшөөрөл өгсөн юм. Тэгээд удаагүй байж байтал нэг Саарал өнгийн хонда эйч ар ви автомашин авчирч байрлууллаа шүү гэж хэлж байсан бөгөөд 1 сар орчим юм хийж байгаа гэж байгаад л яваад байсан бөгөөд тэгснээ гэнэт таг алга болчихсон юм. Тэгээд тэр машин одоо болтол манай гражид байж л байгаа. Би 2018 оны 8 сарын үед очиж үзэхэд лав байж л байсан айхтар засвар хийгээгүй байх шиг байсан ...” гэх мэдүүлэг /хх-46х/,

Хохирогч Б.Хүрэлтулга шүүгдэгч Б.О нар хоорондоо харьцсан зурвас /хх-16-25х/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-40х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.О нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах үйлдлээр Б.Хүрэлтулгад “99-66 УНИ улсын дугаартай “хонда эйч ар ви” маркийн автомашиныг нь засч өгнө” гэж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны гадна 1.000.000 төгрөг залилан авсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хүрэлтулгад учирсан гэм хорын хохирол 1.000.000 төгрөгнөөс шүүгдэгч Б.О нь 100.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 900.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Оэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Оийн хохирол нөхөн төлөх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдав.