Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0464

 




 

2019 оны 09 сарын 05 өдөр 

Дугаар 221/МА2019/0464

        Улаанбаатар хот

 

 

Ж.Э, Р.Б нарын 

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн 

тухай

    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.У нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Э-н гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Э, Р.Б нарын нэхэмжлэлтэй , Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох, захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Ж.Э, Р.Б нарын гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“1. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ “…Ж.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч нар түүний нэхэмжлэлд өгөх өөр тайлбар, нотлох баримт байхгүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн болохыг тэмдэглэж байна’’ гэжээ.Захиргааны шүүхийн онцлог нь нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах үүргийг гүйцэтгэдэг.Шүүх энэхүү хуулиар оноосон үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүй гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхэд 32 дугаар зүйл 32.1-т заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэн’’ гэсэн нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүргээ хангалттай гүйцэтгээгүй байна.

2.Энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүх Газрын тухай хуулийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй’’ гэдэг дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгчийн жилд 102.000 төгрөг төлж байсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.Нэхэмжлэгч талаас гэрээгээ дүгнэе, төлбөрийн хэмжээгээ лавлая гэж хандахад ”...гэрээ дүгнэх шаардлага байхгүй…..’’  гэдэг тайлбар өгсөн захиргааны байгууллагын ажилдаа хайнга, үйл тоосон хандлагыг огт дүгнээгүй, тодруулаагүй байна. Нэхэмжлэгч талаас дутуу байж болох ч гэрээний дагуу төлбөрийг төлж байна гэж ойлгож байсан, үүргээ ухамсарлаж байсан байна.

Мөн шүүх үндэслэлдээ “….Ж.Э нь газар эзэмших гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээгээ шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгч нарыг газар эзэмших гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ‘’ газар эзэмших’’ гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ’’ гэж, 34 дүгээр зүйлийн 34.8-д ‘’ Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн..” гэдэг дүгнэлтийг хийхдээ илэрхий логик алдаа гаргаж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Газрын  тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заахдаа гэрээ нь гэрчилгээний хамт хүчинтэй гэдэг нь гэрээ дангаараа хүчин төгөлдөр биш гэдгийг тодотгосон бөгөөд эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл гэж заагаагүй байна.Талуудад үүрэг болгосон нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга, газрын даамал ч адил гэрээг дүгнэх үүргээ биелүүлээгүй байна.Мөн гэрээ байгуулагдаагүй дүгнээгүй юм бол газрын төлбөрийг хэн яаж тогтоосон зэрэг асуудлыг шүүх тогтоогоогүй буюу хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй.Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3.Шүүх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гол нотлох баримтыг үнэлэхдээ “….гэвч энэхүү 24 хуудас баримт нь Монгол хэл дээр орчуулагдаагүй, хаана, хэдийнээс хэдийн хүртэл ямар хугацаагаар эмчлүүлсэн эсэх нь тодорхойгүй… зэрэг шалтгааны улмаас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ..” гэж дүгнэсэн нэхэмжлэгч талын хуулийн мэдлэг дутмаг, гаргаж өгсөн гол баримтыг хуулийн шаардлага хангуулах боломжоор хангаагүй цаашлаад хууль зүйн туслалцаа авах, ач холбогдлыг нь ойлгох, эрх үүргийг бүрэн тайлбарлаагүй байна гэж үзэхээр байна.

4. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015, 2016 онд тус бүр 15, 15 га газар төмс тарьсан, шийдвэр гарсны дараа дэвтэр болон үйл ажиллагаагаа нөхөн харж, санахад 2014 онд Т-150 трактороор бүрэн хагалж уранш хийсэн, 2015 онд төмс тарьж сургуулийн хүүхдүүдээр хураалгасан, 2016 онд төмс тарьж цэргүүдээр хураалгасан, 2017 онд мөн төмс тарьж цэргүүдээр хураалгасан, хурааж авсны дараа хор цацаж нэг жил өнжөөх шаардлагатай тул 2018 онд ашиглаагүй 2019 онд ашиглах гэтэл 2019 оны 3 сард маргаан бүхий захирамж гарсан зэрэг үйл баримтыг тогтоогоод байгаа нь шүүх хэргийн үйл баримтыг бус хариуцагчийн гаргасан нэг талын нотлох баримтад хэтэрхий хөтлөгдөж шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

Иймд нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн хэргийг шийдвэрлэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.”                                     ХЯНАВАЛ:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Ж.Э-н давж заалдах гомдлын дагуу хянав.

Нэхэмжлэгч Ж.Э-с Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэн Р.Б уг маргаан бүхий газрын хамтран эзэмшигч байсан тул эрхээ хамгаалуулах үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Э-н гаргасан шаардлагыг дэмжин анхан шатны шүүхэд хамтран нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагчаас “...иргэн Ж.Э нь “Газрын тухай хууль” тогтоомж зөрчиж, газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө бүрэн төлж байгаагүй, хүндэтгэн үзэх шалгаангүйгээр газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй тул /0193406/ дугаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон...” тайлбарлаж байжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ж.Э, Р.Б нарт Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 242 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж  18559384611466 дугаар бүхий 133 га газрыг 20 жилийн хугацаатай “Хар толгой”-н урд үр тариа тарих зориулалтаар 0193406 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Анхан шатны шүүх нь тус  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.8 “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” 40 дүгээр зүйлийн 40.1.5 “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримтлан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй, шүүх үүргээ биелүүлээгүй гэх тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.” 32.3-т зааснаар “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Ж.Э нь Нидерландын Вант Улсад  удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн түүнтэй холбогдох баримтуудаа нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгөх үүрэгтэй.

Захиргааны шүүх гадаад хэл дээр байгаа баримтыг орчуулах үүрэг хүлээхгүй тул үүнтэй холбогдуулан шүүх нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгчээс Газрын тухай хууль тогтоомжийн дагуу Төв аймгийн Жаргалант сумын газрын даамалтай гэрээ хийсэн, гэрээний дагуу газрын төлбөрийг төлж байсан гэсэн тайлбар өгөх боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх  явцад нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь 2012 оноос эхлэн 2018 оныг хүртэл нийт төлбөл зохих 1.078.098 төгрөгөөс 718.732 төгрөгийг газрын төлбөрт төлсөн, дутуу төлбөр 359.366 төгрөгийн үлдэгдэл байгаа нь тогтоогджээ. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж зааснаар газар эзэмшигч нь тогтоосон төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээдэг болно.

Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа 2015 оноос 2017 оныг хүртэл ашигласан гэх тухайд: Тус сумын газрын даамал Л.Цэцэгмаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ж.Э-н эзэмшиж байгаа тариалангийн газарт очиж үзлэг хийжээ. 

Р.Б “... Ж.Э  2014 он хүртэл тариалалт хийж байсан нь үнэн. Тэрнээс хойш тариалалт хийгээгүй...” гэсэн тайлбар өгсөн ба нэхэмжлэгч Ж.Э, Р.Б нар үзлэгт хамт байлцан, тэмдэглэлтэй танилцан гарын үсэг зуран баталгаажуулсан нь нотлох баримтаар авагдсан байх бөгөөд тухайн газрыг ашиглаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга болон нэхэмжлэгч Р.Б нь гомдол гаргаагүй бөгөөд шүүх зөвхөн Ж.Э-н шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянасан болохыг дурьдах нь зүйтэй. 

Газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хамтран эзэмшигчээр Р.Баярсайхан бүртгэгдсэн байх бөгөөд түүнийг хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд оролцуулсанаар нэхэмжлэгч Ж.Э-н тухайд ямар нэгэн сөрөг үр дагавар учруулаагүй, эрх зүйн байдал дордуулаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх нь зөрчигдөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, үүний улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлсөн,  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц ноцтой алдаа гаргаагүй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                          

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР

                 ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ                     

               ШҮҮГЧ                                       Э.ЗОРИГТБААТАР