Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 414

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, “Э А И Х” ТББ-ын “нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 07/1736 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр   нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”Э А И Х” төрийн бус байгууллага нь Нийслэлийн Засаг даргад жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу жагсаал цуглаан хийх тухайгаа бичгээр илэрхийлэн 2017.05.04-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн билээ.

Тодруулбал манай холбооны зүгээс 2017.04.14-ний өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар эко автомашин буюу хос хөдөлгүүрт автомашинд гаалийн онцгой албан татвар 50 хувиар авахаар баталсныг, тэр дундаа архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч импортлогч нараас хууль хэрэгжих хугацааны хувьд ялгавартай тогтоосныг эсэргүүцэж байгаа билээ.

Улмаар уг холбооны зүгээс хууль тогтоох байгууллага, Засгийн газрын гишүүд, яам агентлаг, Гааль татварын байгууллага, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудад албан бичиг, санал шаардлага хүргүүлсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй, бичгээр хариу өгөхгүй байгаа тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар улс төр, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудал үзэл бодол, санал шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор 2017.05.11-ний өдрийн 12-14 цагийн хооронд Сүхбаатарын талбайд 300 хүний тайван жагсаал хийхээр хүсэлт гаргасан ч Нийслэлийн Засаг дарга уг жагсаалтыг бүртгэхээс татгалзаж 2017.05.09-ний өдрийн 07/1736 тоот шийдвэрээр бүртгэхээс татгалзсан байх тул Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар тус шийдвэр хуульд нийцээгүй тул шүүхэд гомдлоо гаргаж байна.

Нэгдүгээрт: Тус Засаг даргын шийдвэрээр бол Төрийн тусгай хамгаалалтын газар 20174.05.10-ны өдрийг хүртэл Сүхбаатарын талбайд ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүй байх талаар албан бичиг ирүүлсэн тул боломжгүй гэсэн байдаг. Гэтэл хүн бүр Үндсэн хуульд заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ба энэ эрхийг дээрхи тусгай ч байна уу ямарч хамгаалалтын газар боогдуулах учиргүй. Тэрчлэн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар бол “Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл ямар эсрэг агуулгатай жагсаал давхцсан байгаа нь тодорхой бус байдаг.

Хоёрдугаарт: Тэгээд ч шийдвэртээ 2017.05.10-ны өдрийг хүртэл ямарваа нэг арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн байх ч манай байгууллагаас тус Засаг даргыг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан хугацаанд хариугаа бичгээр өгөөгүй Нийслэлийн Засаг даргад бичгээр гаргасан. Гэтэл үүнийг анхаарч шийдвэрлээгүй байна.

Иймээс нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан 2017.05.09-ны өдрийн 07/1736 дугаартай “Мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан” шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”Э А И Х” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргад хандан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/91 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” хүсэлтийг тус ТББ-аас ирүүлсэн тус мэдэгдэл 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12:14:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийх тухай мэдэгдэл ирүүлсэн.

Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 04/995 дугаар албан бичгээр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь 2017 оны 05 дугаар сарын 07-оос 10 өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийх тул тухайн өдрүүдэд Төрийн ордон болон, Сүхбаатар талбай орчмыг нутаг дэвсгэрт нийтийг хамарсан арга хэмжээний зөвшөөрөл олгохгүй байхыг хүссэн албан бичиг ирүүлсэн тул манай байгууллагын зүгээс зөвшөөрлийг олгоогүй.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5-т зааснаар “Зохих журмын дагуу бүртгэгдсэн жагсаал, цуглаан хийх газарт мөн цаг хугацаанд түүний эсрэг агуулга зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглоно” гэж заасан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын гарын үсэгтэй 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр “Засгийн газрын үйл ажиллагааг үйл ажиллагааг иргэдэд сурталчлах зорилгоор” нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны 05 дугаар сарын 10-аас 06 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдах нээлттэй хаалганы өдөрлөгүүдийн хуваарийг Нийслэлийн Засаг даргад ирүүлсэн тул бүртгэх боломжгүй тухай мэдэгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 07/1736 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ”Э А И Х” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцээгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шүүхэд гаргана” гэж хуульд тусгайлан заасан зохицуулалтын дагуу захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.   

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ...” гэж зааснаар “Э А И Х” ТББ нь “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар эко автомашин буюу хос хөдөлгүүрт автомашинд гаалийн онцгой албан татвар 50 хувиар авахаар баталж, архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч импортлогч нараас хууль хэрэгжих хугацааны хувьд ялгавартай тогтоосныг эсэргүүцэж”  нийслэлийн Засаг даргад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/91 тоот албан бичгээр Сүхбаатарын талбайд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жагсаал хийхээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 07/1736 дугаар албан бичгээр “...орчмын нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх талаар Төрийн тусгай хамгаалтын газраас албан бичиг ирүүлсэн тул танай хүсэлтийг бүртгэх боломжгүй байна” гэж хариу өгчээ. 

Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн жагсаал хийх мэдэгдлийг бүртгэж авахаас татгалзахдаа Төрийн тусгай хамгаалалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/995 дугаар албан бичгийг удирдлага болгосон байна. Уг албан бичигт “Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь 2017 оны 05 дугаар сарын 07-ноос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх тул тухайн өдрүүдэд Төрийн ордон,  Сүхбаатарын талбай орчмын нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, суулт, соёл бусад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байж, бидний ажилд дэмжэг үзүүлнэ үү” гэжээ. 

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн тусгай хамгаалалтын бүс, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд нэвтрэн орох журам, дэглэм тогтоох, хяналт тавих” гэж заасан эрхийнхээ хүрээнд Төрийн тусгай хамгаалалтын газраас төрийн тусгай хамгаалалтын бүсийг тогтоох эрх нь хуулиар олгогдсон байна. Төрийн тусгай хамгаалалтын газраас хуулиар олгогдсон дээрх эрхийнхээ хүрээнд хамгаалалтын бүсийг Сүхбаатарын тайлбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсгээр биш харин Сүхбаатарын талбайг бүхэлд нь хамааруулсан байна. 

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “"төрийн тусгай хамгаалалтын бүс" гэж гадуур хамгаалалт зохиож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвсгэрийг тус тус хэлнэ”, 6 дугаар зүйлд “Төрийн тусгай хамгаалалтанд байх албан тушаалтан, иргэн”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочин” гэж тус тус заасны дагуу Төрийн тусгай хамгаалалттай газраас төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбогдуулан Сүхбаатарын тайлбайг бүхэлд нь төрийн тусгай хамгаалалтын бүсэд түр хамааруулж уг айлчлалын үеээр олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан хийхийг хориглосон байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “хуульд заасан ажлын 3 хоногын хугацаанд мэдэгдлийг бүртгэсэн эсэх шийдвэрээ хугацаа хэтрүүлэн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр  мэдэгдсэн” гэж мэтгэлцсэн. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно” гэж заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гаргасан жагсаал хийх мэдэгдэлд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр татгалзсан хариу өгснийг дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт”-нд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл ирснээр бүртгэгдсэн бөгөөд цаг, минут тэмдэглэгдээгүй тул хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор буюу ажлын 3 хоног хариуг өгөх үүрэгтэй юм.    

 Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т “Засаг  дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч нийслэлийн Засаг даргын жагсаал хийх хүсэлтийг бүртгээгүй үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 3, 10 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 07/1736 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ”Э А И Х” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ТӨМӨРБАТ