Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1567

 

Д.Мөнхцэцэг, Л.Сарантуяа нарын

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03107 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, Л.Сарантуяа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Воршилов, В.Энхбаатар нарт холбогдох

           

В.Энхбаатар, Д.Мөнхцэцэг нарын хооронд байгуулагдсан 2 зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2 гэрээ, үүрэг дуусгавар болсон тухай 2 хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

 

В.Энхбаатар, Х.Наранчимэг нарын нэр дээрх 000260153 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй,

 

          Д.Мөнхцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 134 190 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч В.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Воршиловын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Ч.Нямсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Сарантуяа,

  Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Энхтөвшин, М.Хувцагаан

Хариуцагч Д.Воршилов,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Нямсүрэн, Л.Жавзмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, Л.Сарантуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхцэцэг би В.Энхбаатартай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь үнэн боловч уг гэрээ нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Д.Воршилов, В.Энхбаатар нарын дарамтанд орж гарын үсэг зурсан болохоос биш тэр өдөр В.Энхбаатараас ямар ч мөнгө аваагүй.  

1. Би 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Воршиловтой зээлийн гэрээ байгуулан 45 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай авч, хугацаандаа төлөхгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар байрны 30 тоот 3 өрөө орон сууцаа барьцаалан гэрээ хийсэн. 45 000 000 төгрөгийг аваад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 36 000 000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 25 хоног хугацаа хэтрүүлсэн гэж 1 875 000 төгрөг бүгд 37 875 000 төгрөг төлсөн.

2. Би 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.Воршиловтой зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлж барьцаанд нь түрүүчийн 1797 тоот гэрээний нэмэлт гэрээг хавсаргаж үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх гэрээ байгуулан мөнгө аваад 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүүд 6 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл алданги 1 100 000 төгрөг бэлнээр, 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 760 000 төгрөг дансаар төлсөн. 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сар хүртэл 6 хоног хугацаа хэтрүүлсэн гэж 300 000 төгрөг бэлнээр төлсөн. Иймд хүү 13 500 000 төгрөг, үндсэн зээлийн хамт 58 000 000 төгрөг төлөхөөс хугцаандаа хүүгээ бүрэн төлсөн, үндсэн зээлийг цувуулж алдангийн хамт 24 375 000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, алданги тооцож үзвэл 30 625 000 төгрөг үлдсэн. 2 дахь зээлээс үндсэн зээлийн үлдэгдэл 30 840 000 төгрөг, алданги 15 420 000 төгрөг, нийт 46 260 000 төгрөг болох бөгөөд 2 зээлийн төлөөгүй дүн нь 76 885 000 төгрөг үлдсэн үүнийг би төлөх ёстой.

3. Миний эгч Д.Оюунцэцэг нь 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Д.Воршиловтой зээлийн гэрээ байгуулан 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 5 хувийн хүүтэй 30 000 000 төгрөг зээлж барьцаанд нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 42 дугаар байрны 79 тоот орон сууцыг барьцаалж зээл аваад 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сар бүр тохирсон хүүнд бүгд 7 500 000 төгрөг төлж үндсэн зээлээс 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 4 000 000 төгрөг төлсөн бөгөөд 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл бүгд 15 600 000 төгрөг төлсөн. 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 11 хоногийн алданги 550 000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 хоног 273 000 төгрөг бүгд 27 923 000 төгрөг төлсөн. Хүү зээлд 37 500 000 төгрөг төлөхөөс хугацаандаа 11 500 000 төгрөг төлсөн ба хугацаа хэтрүүлэн 16 423 000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 9 577 000 төгрөг үлдэж байгаа. Үүнээс алданги болон үндсэн зээлийн үлдэгдэлд 13 494 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй. Мөн Д.Оюунцэцэг нь 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Д.Воршиловтой зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 14-нийг хүртэл 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж, бүгд 21 850 000 төгрөг төлөхөөс 9 444 000 төгрөг төлсөн учир үлдэгдэл 12 406 000 төгрөг, үүнээс алданги  6 000 000  төгрөг  тооцож  одоо 18 000 000 төгрөг, 2 удаагийн зээлийн болон алдангийн үлдэгдэл 31 940 000 төгрөг төлөх ёстой.

4. Л.Сарантуяа нь Д.Воршиловоос 30 000 000 төгөрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 72 дугаар байрны 28 тоот орон сууц барьцаалж, зээлийн хүүд 6 150 000 төгрөг төлсөн Д.Воршиловтой 2013 оны 4 дүгээр сарын 27-ны байдлаар бид 3 уулзаж үндсэн зээл, хүү төлөлтийн талаар тооцоо хийж үзэхэд Д.Мөнхцэцэгийг үндсэн зээл 75 000 000 төгрөг, хүү 7 500 000 төгрөг бүгд 82 500 000 төгрөг, Д.Мөнхцэцэгийн үндсэн зээл 46 000 000 төгрөг, хүү 2 300 000 төгрөг бүгд 48 300 000 төгрөг төлөх, Л.Сарантуяаг 31 500 000 төгрөг бүгд нийлээд бид гуравыг 162 300 000 төгрөг төл гэсэн шаардлага тавьж улмаар 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 143 000 000 төгрөг В.Энхбаатараас Д.Мөнхцэцэг зээлсэн мэтээр гэрээ байгуулж, барьцаанд нь Д.Мөнхцэцэгийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12-30 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалан гэрээ байгуулж улмаар уг барьцааны байраа хүү В.Энхбаатарын нэр дээр 1 жилийн хугацаагаар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүл, тэгвэл үндсэн зээлийн хүүгээс чөлөөлнө. Энэ хугацаанд зээлийн үлдэгдэлээ төл гэхээр нь 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон сууцаа Д.Воршилов, В.Энхбаатар нарын дарамтанд орж шилжүүлэн өгөх гэрээ хийсэн. 1 жилийн хугацаанд төлбөрөө төлчихөөд буцаагаад ав гэсэн. Мөн хүү, алданги авахгүй гэхээр нь итгэсэн юм. Гэтэл уг гэрээг хийснээс хойш В.Энхбаатар нь миний байрыг 80 000 000 төгрөгт тооцож худалдах, худалдан авах гэрээ хийсэн одоо та гуравын зээлийн төлбөрийн үлдэгдэл 63 000 000 төгрөг дээр чинь гэрээ хийх хэрэгтэй гэж дарамтлаад байхаар нь 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж гарын үсэг зурсан. В.Энхбаатараас мөнгө огт аваагүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн Д.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, нэхэмжлэгч Л.Сарантуяа нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг, барьцааны үүрэг дуусгавар болоогүй байхад 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр В.Энхбаатар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахын тулд Д.Мөнхцэцэгтэй “Үүрэг дуусгавар болсон тухай” 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Л.Сарантуяатай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болоогүй, зээлээ төлж дуусаагүй байхад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр В.Энхбаатар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авахын тулд үүрэг дуусгавар болсон тухай гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусаагүй байхад В.Энхбаатар нь үүрэг дуусгавар болсон хүчин төгөлдөр бус гэрээг байгуулж, Д.Мөнхцэцэгийн орон сууцны өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 12 дугаар байрны 30 тоот орон сууцны В.Энхбаатарын нэр дээрх Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Л.Сарантуяатай хийсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусаагүй байхад В.Энхбаатар нь үүрэг дуусгавар болсон гэрээг байгуулж Л.Сарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороололын /13341/ байрны 72-28 тоот орон сууцыг В.Энхбаатар нь өөрийн нэр дээр шилжүүлж аваад улмаар Х.Наранчимэгийн нэр дээр шилжүүлж орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх тул уг гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч В.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Воршилов шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: ...Д.Мөнхцэцэг, Д.Сарантуяа, Д.Оюунцэцэг нар зээлийн гэрээ байгуулан өөрсдийн орон сууцаа барьцаалан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, хуульд заасан хэлбэр, зөвшөөрлийн болон тохиролцооны үндсэн дээр зээл авсан. Д.Мөнхцэцэг нь 3 удаа нийт 100 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 12 дугаар байрны 30 тоот 3 өрөө орон сууц барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 000 ам.доллар, хүүтэй, хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр тохиролцон зээлсэн бөгөөд нэмж бэлнээр зээл авч нийт 25 000 000 төгрөг зээлснээ нэхэмжлэлдээ оруулалгүй орхигдуулсан. Д.Сарантуяа нь 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, зээлийн хүүд 4 950 000 төгрөг төлөөд өөр мөнгө төлөөгүй. Энэ хэрэгт нэхэмжлэгчээр ч оролцоогүй Д.Оюунцэцэг нь 2 удаагийн зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөг зээлж, өөрийн амьдран суудаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 42 дугаар байрны 79 тоот орон сууцаа барьцаалж, хуулийн дагуу бүртгүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан төлсөн болон одоо төлөх тоо нь хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэлгүйгээр үндсэн зээлээс хассан, худлаа дүгнэж буруу тооцоолсон байна. Дээрх зээлийг авахдаа бидэнд итгэл төрүүлэн, өөрсдийн орон байраа барьцаалсан, тухай бүр зээлийг дүгнэж тооцож явсан бөгөөд өөрсдийнх нь хүсэлт удаа дараагийн гуйлтаар Д.Сарантуяа нь эгч Д.Оюунцэцэгийн өрийн хамт тооцож, 70 000 000 төгрөгт байраа барьцаанаас чөлөөлж, өрөндөө өгсөн бөгөөд одоо энэ байр худалдагдсан гэдгийг маш сайн мэдэж байгаа. Д.Сарантуяа, Д.Оюунцэцэг нар хамт байж байраа суллаж өгч байсан. Харин үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхөөс зайлсхийж 25 000 000 төгрөгөөр байрыг худалдах, худалдан авах гэрээ хийе гэж байсныг нь одоо дахин сануулж байна. Тооцоо нийлээд Д.Сарантуяа өргүй болж, Д.Оюунцэцэг 18 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Харин Д.Мөнхцэцэг 3 зээлийн гэрээний хүү, алдангийг тооцож, 3 өрөө байраа 80 000 000 төгрөгт тооцон худалдах, худалдан авах гэрээгээр хүү В.Энхбаатарын нэр дээр байраа шилжүүлсэн бөгөөд зээлийн хүү, алдангийг тооцон хамтдаа зөвшөөрөн хэлцэл хийж, гэрээг үргэлжлүүлэн хүүг багасган зээлийн гэрээг байгуулсан. Энэ талаар тохиролцон, тооцоог баримтжуулж гарын үсгээ зурсан баримт байгаа. Энэ нь хуульд заасан үндэслэл бүхий хэлцэл бөгөөд зээлдэгчийн хүсэлт, гуйлт, зээлийн гэрээний нөхцөл, хэлбэрийг хэлэлцэн тохирсон, өрийг хүлээн зөвшөөрсөн байдлаар үргэлжлүүлсэн, тооцоо нийлсэн, харилцан зөвшөөрсөн хэлцэл юм. Гэтэл үндэслэлгүйгээр гүтгэж, хуурч мэхэлсэн гэх худал үг ашиглан бусдын хөдөлмөрийн хөлсийг зүгээр идэж ашиглах санаа агуулж байна.   Дээрх хүмүүстэй гэрээний дагуу мөнгөө тооцсон бөгөөд хүч хэрэглэгсэн, айлгасан, дарамталсан зүйл огт байхгүй, хэрэв тэгсэн бол энэ хүмүүс тэр үедээ л цагдаа шүүхэд хандах байсан. Д.Мөнхцэцэгийн байрны хувьд мөнгөө бүрэн төлөөд байраа буцааж авч болно гэж тохироод В.Энхбаатарын нэр дээр шилжүүлсэн тул бидний хувьд хэлсэн үгэндээ хүрэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Воршилов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд 63 000 000 төгрөгийг Д.Мөнхцэцэгт зээлдүүлсэн бөгөөд зээлийн хүү 26 460 000 төгрөг, алданги 44 730 000 төгрөг, үндсэн зээл 63 000 000 төгрөг, 134 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: В.Энхбаатар, Мөнхцэцэг нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ. В.Энхбаатар нь Д.Мөнхцэцэгт мөнгө өгөөгүй учраас уг гэрээ утга агуулгаараа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Д.Мөнхцэцэг нь В.Энхбаатараас мөнгө аваагүйг В.Энхбаатар өөрөө нотолж байгаа учир зээл, хүү, алданги гэж 134 190 000 төгрөг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Энхбаатар, Д.Мөнхцэцэг нарын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Х.Наранчимэгийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД-72 дугаар байр, 28 тоот орон сууцны Ү-2204030202 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000260153 дугаар гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасныг баримтлан В.Энхбаатар, Д.Мөнхцэцэг нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл, В.Энхбаатар, Л.Сарантуяа нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, В.Энхбаатарын нэр дээрх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 дугаар байр, 30 тоот орон сууцны эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002898 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000254738 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож,

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч В.Энхбаатарын “нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгээс 134 190 000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 872 950 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэгээс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Д.Воршиловоос 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 391 650 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 769 342 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 414 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Ч.Нямсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг хольж хутган тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Д.Воршилов, Д.Мөнхцэцэг нарын хооронд Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Д.Мөнхцэцэг нь 3 өрөө орон сууцыг "худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах" бүрэн эрхийг Д.Воршиловт олгож, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн "Итгэмжлэл" нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд нийцсэн байдаг. Ийнхүү Д.Воршилов. Д.Мөнхцэцэг нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2, 156, 281, 282, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ байдаг. Харин В.Энхбаатар нь Д.Мөнхцэцэгтэй тооцоо нийлэхэд 143 000 000 төгрөгийн үлдэгдэл байсан бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 байрны 30 тоот 000112308 дугаарын Ү-2204002898 бүртгэлийн гэрчилгээтэй 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ тус тус байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 281, 282, 466 дугаар зүйлд зааснаар гэрээ хийсэн нь хууль зөрчөөгүй тул хуулиар хориглосон гэрээ хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Харин нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь 143 000 000 төгрөгийн зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлэх чадваргүй болсноос харилцан тохиролцсоны үндсэн дээр барьцаанд тавьсан дээрхи орон сууцыг 80 000 000 төгрөгөөр үнэлж, зээлээ хэсэгчлэн төлснөө болон зээлийн үлдэгдэл дээр В.Энхбаатартай 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 63 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаа үгүйсгэсэн буюу татгалзсан үндэслэлээ нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т зааснаар шүүхэд гаргаагүй билээ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан " ... би Воршиловоос 63 000 000 төгрөг бэлнээр аваагүй, барьцаа хөрөнгийг 80 000 000 төгрөгт харилцан үүрэг дуусгавар болгохыг хүсээгүй, мөн орон сууцаа 25 000 000 төгрөгөөр худалдаагүй ..." гэсэн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэстэй байна. Шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Д.Мөнхцэцэг дээрх хүсэл зоригийг илэрхийлээгүй байна" гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар Д.Мөнхцэцэгийн хүсэл зориг нь зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр илэрхийлэгдсэн ба нэхэмжлэгчийг хүсэл зоригийн эрмэлзэлгүй, гэрээний үр дагавар гаргахыг хүсээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож, нотлогдоогүй, шүүх: "... нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Д.Воршилов, В.Энхбаатар нар нь хууран мэхэлж дарамтлан дээрх гэрээ хэлцлүүдийг байгуулсан" гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэснээр тогтоогдсон.

Иймд Д.Мөнхцэцэг В.Энхбаатар нарын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 143 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 байрны  30  тоот, Ү-2204002898 бүртгэлийн гэрчилгээтэй 3 өрөө орон сууцыг 80 000 000 төгрөгөөр үнэлж зээлээ хэсэгчлэн төлснөөр тооцож үлдэгдэл 63 000 000 төгрөгт В.Энхбаатартай 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...хэрэгт авагдсан материалд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 25 000 000 төгрөг гэж гэрээнд бичигдсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хураамж өндөр гарах тул 2 тал хэн аль нь бага хураамж төлөх үүднээс харилцан тохиролцож бичсэн бөгөөд тухайн орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдсанаар Сарантуяагийн өр бүрэн төлөгдөж үүрэг дуусгавар болсон талаар талууд маргаагүй буюу нэхэмжлэгч хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. В.Энхбаатарын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоот, 000112308 дугаарын Ү-2204002898 бүртгэлийн гэрчилгээ нь улсын бүртгэлийн байгууллагаас олгогдсон бүртгэлийн талаар ямар нэгэн маргаан гараагүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн. Хэрэгт сөрөг нэхэмжлэлтэй холбоотой бичиг баримтыг шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож алдаа гаргасан байна. Мөн шүүх дээрх гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсон болон хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохдоо ямар хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн болох талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч нар дарамт шахалтанд орж гэрээ хийсэн гэж тайлбарласаар байхад шүүх өөрийн үзэл бодлоор, огт нотлогдож тогтоогдоогүй зүйлийг хийсвэрээр дүгнэж үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ангид асуудлыг шийдвэрлэсэн. Шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч нарыг хууран мэхэлж, дарамтлан дээрхи хэлцлүүдийг байгуулсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зуйлийн 116.2.116.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг илтэд зөрчсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан  шатны  шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь В.Энхбаатар, Д.Мөнхцэцэг нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ” / 1 дүгээр хх-ийн 17 дугаар тал/, 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” /1 дүгээр хх-ийн 21 тал/, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан  “Зээлийн гэрэз” / 1 дүгээр хх-ийн 20 дугаар тал/, мөн өдөр байгуулагдсан  “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г /1 дүгээр хх-ийн 53 дугаар тал/ тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, В.Энхбаатарын нэр дээрх 000254738 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 78 дугаар тал/, Х.Наранчимэгийн нэр дээрх 000260153 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хх-ийн  88 дугаар тал/-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Л.Сарантуяа нь Д.Воршилов, Л.Сарантуяа нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Үүрэг дуусгавар болсон гэрээ”, Л.Сарантуяа В.Энхбаатар нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Д.Воршилов  Д.Мөнхцэцэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 143 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

        Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүдээс үзэхэд нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, хариуцагч Д.Энхбаатар нар болон нэхэмжлэгч Л.Сарантуяа, хариуцагч Д.Воршилов нарын хооронд тус тус Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Д.Мөнхцэцэг, В.Энхбаатар нарын хооронд аман хэлцлээр үүссэн зээлийн харилцаа байсан болох нь  тогтоогдож байна. Уг гэрээг талууд  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгээр үйлдэж гарын үсэг зурсан байх тул  2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр В.Энхбаатар, Д.Мөнхцэцэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан 143 000 000 төгрөгийн зээлийн өр төлбөр Д.Мөнхцэцэгийн хувьд үүссэн гэж үзнэ. Зээлдэгч Д.Мөнхцэцэг нь энэхүү гэрээний дагуу зээлийн төлбөрийг барагдуулсан байдлын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Учир нь: 2013 оны  5 дугаар сарын 21-ний  өдрийн зээлийн гэрээний дагуу үүссэн 143 000 000 төгрөгийн өр төлбөртэй холбоотойгоор 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Энхбаатар, Д.Мөнхцэцэг нарын  хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, энэ гэрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 дугаар байрны 30 тоот 3 өрөө орон сууцыг 25 000 000 төгрөгөөр худалдах талаар заасан боловч талуудын хэн аль нь 143 000 000 төгрөгийн зээлээс 80 000 000 төгрөгт орон сууцыг худалдахаар гэрээ байгуулсан талаар маргаагүй. /1 дүгээр хх-ийн 22 дугаар тал/

 

2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн баримтад 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарын үсэг зурахдаа 63 000 000 төгрөгийн зээлийн өр төлбөр үлдсэн талаар тодорхой заажээ.

 

Ийм учраас 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр В.Энхбаатарын байгуулсан зээлийн гэрээний төлбөр болох 143 000 000 төгрөгөөс 63 000 000 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн 143 000 000 төгрөгийн зээлийн өр төлбөртэй холбоотойгоор талуудын хооронд дээрх 30 тоот, 1 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ / 1 дүгээр хх-ийн 18 дугаар тал/ байгуулагдсан байдаг.

 

Барьцааны зүйлийг үүрэгт тооцож авахдаа хуульд зааснаар шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд худалдах буюу бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангах ёстой.

 

Зээлдүүлэгч нь энэ журмыг зөрчиж барьцааны зүйлийг үүрэгт шууд тооцон авсан нь буруу болжээ. Энэхүү үүрэг дуусгавар болох хэлцэл, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийг үндэслэн 30 тоот орон сууцны эрхийн улсын бүртгэлийг Д.Энхбаатарын нэр дээр шилжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх тул эдгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

Ийнхүү нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь дээрх гэрээний дагуу 63 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй үлдсэн. Тэрээр 63 000 000 төгрөгийн зээлийн үүргээ биелүүлсэн байдлаа баримтаар нотолж чадаагүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд  63 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Энхбаатарт олгох үндэстэй. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу хүү, алдангийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

 

В.Энхбаатар Л.Сарантуяа нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД 72 дугаар байрны 28 тоот орон сууцыг В.Энхбаатар нь өмчлөлдөө шилжүүлэн авч, улмаар Х.Наранчимэгт орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу худалдсан байх бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл, шударга эзэмшигч Х.Наранчимэгийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн төрлүүдийг заасан бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас В.Энхбаатар, Д.Мөнхцэцэг нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, мөн өдөр байгуулагдсан үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, эдгээр хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 30 тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгээс 63 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Воршиловт олгон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн  282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтад өөрчлөлт оруулна.   

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Ч.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “...2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Зээлийн гэрээ” гэсний дараа “2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”, 2013 оны 7 дугар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” гэж нэмж оруулан,

2 дахь заалтаас “... 2013 оны 7 дугаар сарын  01-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн  “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” гэснийг  хасаж, “...хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож” гэснийг “...хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгээс 63 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч В.Энхбаатарт олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71 190 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж ,

4 дэх заалтыг ”...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, Д.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 472 950 төгрөгийг гаргуулж, Д.Воршиловт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2016/00290 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Воршиловыг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 575 192 төгрөг төлөхөөс чөлөөлснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА