| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0362/э |
| Дугаар | 378 |
| Огноо | 2019-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, шүүгдэгч Н.Лнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Лодойсамбууд холбогдох эрүүгийн “1811029630392” дугаартай, 186/2019/0362/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл-Эрдэм дээд сургуульд япон хэлний орчуулагч мэргэжлээр суралцдаг, ам бүл 2 дүүгийн хамт Баязүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аманхуур 2 хотхоны 40 дүгээр байр 230 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Нэргүйн Лодойсамбуу /РД:ФА94062838/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Н.Лнь 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Наранбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг цохиж эрүүл мэндэд нь "зүүн зовхи, хамрын нурууны яс хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Н.Лнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Наранбаярын:..2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 10 дуаар сарын 10-нд шилжих шөнө би халамцуу байсан. Нарангийн голын хуучин эцэс дээр 25-26 орчим насны ямар ч байсан доогуураа хар өнгийн гутал өмссөн 170 см орчим өндөртэй залуутай хэсэг юм ярьж байгаад танилцсан. Тэгээд тэр залуу унаа тэрэг олдох уу би эхнэрээ дагуулаад айлаас очиж хүүхдийн хувцас авах гэсэн юм 10.000 төгрөгөөр бензин хийж өгье гэсэн юм гэхээр нь манай эхнэр унаатай ирж байгаа гэж хэлээд тэр залууг дагуулаад би гэрлүүгээ очсон. Тэгээд эхнэр ажлаа тараад хүрээд ирэхээр нь нөгөө залууг машиндаа суулгаад тэр залуугийн гэрийн үүдэнд нь очсон. Тэгээд тэр айлын гадаа очоод нөгөө залуу буугаад айлруу орчихсон. Тэгээд нөгөө залуу удаад байхаар нь манай эхнэр явья гээд уурлаад байхаар нь би нөгөө залуугийн араас айлын хашааруу орсон. Тэгтэл надтай хамт явсан залуу хашаан дотор зогсож байсан. Мөн хажууд нь нэг махлаг болон туранхай залуу нь намайг хэн бэ? гэхээр нь би сандраад таксины жолооч байна гэсэн. Тэгтэл махлаг залуу нь чиний таксины жолооч хэнд хамаатай юм гэхээр нь би тэр айлын хашаанаас гараад машиндаа ороод суучихсан. Тухайн үед миний сууж явсан талын цонх онгорхой байсан. Махлаг залуу хашаанаас гарч ирээд цонхоор гараа оруулж, миний хамар, нүүр лүү гараараа 2.3 удаа цохьсон. Тэгээд миний хамараас цус гарсан, надтай цуг явсан залуу хөөе юу болж байна боль гээд болиулсан гэх мэдүүлэг. /хх-н 21-22/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Төгсжаргалын:..миний хуучин эхнэр Наранцэцэг сүүлд суусан нөхөр болох Давкагийн хамт дүүгийн гэрт ороод ирсэн. Тэр хоёрыг ямар шалтгаантай яах гэж дүүгийн гэрт ирсэн болохыг мэдэхгүй байна. Юу хийж яваа юм гэсэн чинь найзтайгаа уулзчихаад уучихаад явж байна гээд согтуу явж байсан. Тэгээд би уурлаад тэр хоёрыг хөөгөөд гаргасан. Тэгтэл хашаан дотор Давка намайг ганц ирж байхад битгий ингэж байлдаа гэхээр нь би Давкаг битгий хуц айлд ирчихээд арчаагүй царайлчихаад өмдөндөө шээчихсэн яв гэж хөөсөн. Тэгтэл гаднаас тэр Давкагийн найз гээд залуу хашааруу орж ирсэн. Согтуу том савлагаатай пивоны шавхруу барьчихсан банди нарыг бүгдийг ална гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг та нар хүний амар тайван байдал эвдээд гарцгаа гээд хөөсөн. Тэгтэл тэр залуу эргээд гараад явсан. Лодойсамбуу чи юу гээд байгаа юм гээд хойноос нь гарсан тэгээд бид нар хашаанаас гарсан чинь нөгөө залуу Лодойсамбуу руу ууж байсан пивоныхоо шавхрууг цацчихсан. Тэгээд нөгөө залуу машинаасаа отверка авах гэсэн чинь эхнэр нь бололтой нэг эмэгтэй булаацалдаад байж байхад нь Лодойсамбуу чи муу яахаараа пивоны шавхруу нүүрлүү цацдаг юм гээд тэр залууг нэг цохиж авах шиг болсон гэх мэдүүлэг. /хх-н 26-27/,
2.3.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн 12276 тоот актын:
1.П.Наранбаярын биед зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-3 хоногийн доторх хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэх дүгнэлт. /хх-н 34/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс 21-22 дугаар хуудас хохирогч П.Наранбаатарын мэдүүлэг, 26-27 дугаар хуудас гэрч Т.Төгсжаргалын мэдүүлэг, 41-42 дугаар хуудас яллаглагч Н.Лодойсамбуугийн мэдүүлэг, 34 дүгээр хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12276 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Н.Лнь 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Наранбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг цохиж эрүүл мэндэд нь "зүүн зовхи, хамрын нурууны яс хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч П.Наранбаярын мэдүүлэг, гэрч Т.төгсжаргалын мэдүүлэг, шүүх эмнэглгийн шинжилгээний 12276 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч П.Наранбаяр нь санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршулсэн журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Лнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.Наранбаяр нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Лодойсамбууг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Лодойсамбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Лодойсамбууг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Лодойсамбууд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Лнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Лодойсамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ