| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00235/И |
| Дугаар | 235 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 235
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******ийн нэхэмжлэлтэй ******* дугаар ангид холбогдох 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, зохих санд нь шилжүүлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын *******,*******,*******, ******* тоотод оршин суух овогт ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* дугаар ангид 2013.03.20-нд кассын энгийнээр орж ажилласан. 2014 оны 11-р сард ээлжийн амралтаа эдэлж байгаад ажилдаа орох үед миний ажлыг өөрчилж хүнс, хувцасны няравын ажилд томилсон байсан. Уг ажлыг гүйцэтгэж байхад 2016.01.05-ны өдрийн ангийн захирагчийн тоот тушаалаар намайг ажлаас халсан. Халахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 заалтыг үндэслэсэн. Үндэслэлгүйгээр ажлаас халсан учир гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах үндэслэлтэй гэж үзэж танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Намайг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд хүнс, хувцасны тэнцэхгүй гэж тогтоогоогүй байхад халсан учраас гэнэт халагдсаны тэтгэмжийн хугацааг нэмэгдүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. /ажлаас халсан талаарх гомдлын хугацаа хэтэрсэн тул тэтгэмжийг нэхэмжилж байна/
Тэтгэмжийг 3 сараар тооцож үндсэн болон ур чадварын хөлснөөс тооцов. ******* дугаар ангиас дундаж тэтгэмж болох 1.560.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* анх ******* дугаар ангийн захирагчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тоот тушаалын дагуу ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийн талаар шүүх ажиллагаа хийгдэж байх явцад ******* дугаар ангиас нотлох баримт гаргаж өгсөн. Энэ нотлох баримт нь ******* дугаар ангийн захирагчийн 2016 оны 01-р сарын 05-ны өдрийн тоот тушаал байгаа. Тухайн шүүхэд гаргаж өгсөн ангийн захирагчийн тушаал нь анх Д.*******т гаргаж өгсөн тушуулууд хоорондоо зөрсөн. Нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа ******* дугаар ангийн даргын тушаалыг Д.*******т гардуулж өгөөгүй. Д.*******ийн хувьд дээрх тушаалтай 2016 оны 04-р сарын 04-ний өдөр буюу ******* дугаар ангиас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсний дагуу танилцаж, гардаж авсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж, ниймгийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхээр нэмж гаргасан. Д.*******ийг ажлаас халсан ангийн захирагчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар бол цомхтголоор ажлаа чөлөөлөх заалт байгаа. Харин мөн хуулийн 40.1.5 дахь заалт нь ямар нэгэн эд хөрөнгө дутаасан, байгууллагын итгэлийг алдсан гэсэн үндэслэл байгаа. Д.*******ийн тухайд байгууллагын эд хөрөнгө дутааж, байгууллагын итгэл алдсан зэргийг тогтоосон байримт огт байхгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.200.000 төгрөг болж байгаа. Миний тухайд ******* дугаар ангийн захирагчийн гаргасан тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь тухай байгууллага хүмүүсийг ажлаас чөлөөлөхдөө олон хүнийг нэгэн зэрэг ажлаас чөлөөлсөн байгаа. Ингэж нэгэн зэрэг хүмүүсийг ажлаас халахдаа хэнийг нь ямар үндэслэлээр халж байгаа нь тодорхой бус байна. Д.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч ямар эд хөрөнгийг дутаасан талаар тодорхойгүй байна. Хэрвээ эд хөрөнгө дутаасан бол дотооддоо шалгаж тогтоох бус хөндлөнгийн байгууллагаар шалгуулж тогтоосон байх ёстой. Энэ талаар ямар ч баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ангийн хүнс, хувцасны ажиллаж байсан Д.******* нь кассын ажиллаж байх хугацаандаа захирагчийн зөвшөөрөлгүй удаа дараа мөнгө гарган ажлын байрны тодорхойлолт, кассын журмыг зөрчсөн зэрэг буруутай үйлдэл нь байгууллагыг хохироож, ангийн удирдлагын итгэлийг алдсан тул, албан тушаалыг нь өөрчилж хүнс, хувцасны сэлгэн ажиллуулсан. Д.******* нь шинээр томилогдсон ажилдаа дахин хариуцлагагүй хандаж, цэргийн дүрэмт хувцас бусад эд хэрэглэлийг дутаасан зэрэг нь цаашид итгэх боломжгүй гэж үзээд захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан болно. Д.******* нь дээрх заалтаар ажлаас халагдсан тул тэтгэмж олгох боломжгүй юм. Д.******* нь тушаалын хуулбарыг авахдаа бусадтай хуувилдаж ажлаас халагдсан хуулийн заалтыг өөрчлөн гаргуулж мөн хууль зөрчсөн байгаа тул энэ асуудалтай холбоотой хүмүүсийг тогтоож арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Мөн Д.******* нь ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй акт нотломжид гарын үсэг зураагүй хаяж явсан, дутаасан зүйлээ төлөөгүй байгаа зэрэг нь тэтгэмж олгохгүй байх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь ******* дугаар ангид холбогдуулж 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, зохих санд нь шилжүүлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч ******* дугаар ангийн захирагчийн 2016 оны 01-р сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тоот тушаалаар нэхэмжлэгч Д.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан буюу эд хөрөнгө дутагдуулсан гэсэн үндэслэлээр хүнс, хувцасны нярвын үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Дээрх тушаалыг гармагц Д.*******т 2016 оны 01-р сарын 06-нд мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ******* дугаар ангийн тушаал шийдвэр танилцуулсан бүртгэл № гэсэн, мөн ангийн Соёл хүмүүжлийн ажлын бүртгэл гэсэн бүртгэлүүдээр тогтоогдож байна.
Уг тушаалын хуулбарыг анх Д.******* гаргуулан авахдаа зөрүүтэй хуулбар барьсан явсан гэдгийг тухайн албан хаагчид мэдсэн бөгөөд энэ талаараа зохих шатны дарга нартаа мэдэгдэж байсан нь гэрч Д., Л. нарын мэдүүлгүүдээс харагдаж байна. Гэвч эдгээр албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас зөрүүтэй тушаал хуулбарласан гэж буруутгах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр харуицагч байгууллагыг анх ажлаас халах тухай тушаалаа үнэн зөвөөр гаргаж өгөөгүй, нотлох баримтаар гаргаж өгсөн ажлаас халах тухай тушаалыг мэдээгүй байсан бөгөөд уг тушаалыг гардаж аваагүй учир үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, зохих санд нь шилжүүлүүлэхийг хүсч байгаа ч ******* дугаар анги нь 2016 оны 01-р сарын 06-ны өдрийн тоот тушаалыг Д.*******т гардуулсан байх бөгөөд уг тушаалын хуулбарыг эх тушаалын хуулбартайгаа зөрүүтэй байна гэж маргаж байгаа нь дээрх тушаалыг мэдээгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн Д.******* нь дээрх тушаалын хуулбараар Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж гаргуулан авсан нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн ажлаас халагдах тушаалыг гардаж аваагүй, мэдээгүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй юм.
Д.******* ажлаас халагдсан тухайгаа 2016 оны 01-р сарын 06-ны өдөр мэдсэн бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд ажлаас халагдсан нэхэмжлэлийг нэг сарын дотор гаргана гэснийг зөрчиж, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Ийнхүү нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн учир нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, зохих санд нь шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Мөн нэхэмжлэгч нь 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд ажлаас халагдсны тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулахаар заажээ. Гэвч Б.******* нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлээс өөр үндэслэлээр ажлаас халагдсан учир ажлаас халагдсны тэтгэмжийг гаргуулах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлооор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ийн ******* дугаар ангид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гаргуулах, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, зохих санд нь шилжүүлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ