Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00429

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/03424 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ж.Д /рд:********/, А овогт Н.О /рд:********/ нарын гэрлэлтийг цуцалсугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2007 оны 06 сарын 16-ны өдөр төрсөн хүү О.С /рд:********/, 2012 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.А /рд:**********/ нарыг эх Н.О-ын асрамжид үлдээсүгэй гэсэн заалт нэмж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж өөрчилж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, Т ****** гудамж, *** байр, ** тоот хаягт байршилтай 46 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *** У** улсын дугаартай Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн автомашиныг нэхэмжлэгч Н.О-ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Н.О-аас 16,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.Д-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарлалтыг 5 гэж өөрчилж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Д-аас 3 адуу, 15 ямааг гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 5 дахь заалтын дугаарлалтыг 6 гэж өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.О нь 2007 онд төрсөн хүү О.С-д тэтгэлэг тогтоолгох, таван ханатай гэр, **** Т** улсын дугаартай Хьюндай Портер /Hyundai Porter/ автомашинаас ногдох хэсгээ гаргуулах, угаалгын машин, зурагт, хөргөгч, хөлдөөгч, буйдан, гал тогооны ком, ханын стенк зэргийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Ж.Д нь 12,650,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсээс ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтын дугаарлалтыг 7 гэж өөрчилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 177,430 төгрөг, хариуцагчаас төлсөн 217,350 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 107,230 төгрөг, хариуцагчийн илүү төлсөн 147,150 төгрөгийг тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.О, хариуцагч Ж.Д-д тус тус буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 7 дахь заалтын дугаарлалтыг 8 гэж, 8 дахь заалтын дугаарлалтыг 9 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 177,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР