| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00240/И |
| Дугаар | 240 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 240
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, иргэдийн төлөөлөгч С.Ш*********, нэхэмжлэгч Л.Б**********, хариуцагч Б.П***********, хариуцагчийн өмгөөлөгч Э.Д********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ************ сумын ******** багийн иргэн ********** овгийн Л*********ийн Б********* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *******н*******, ******* хотын *******ын эмнэлэг зэргээр явж 5 сар эмчлүүлээд бие таатай болоогүй, одоо байнга толгой өвдөж шөнө нойр муутай хонодог зовиуртай болсон. Бие сайжраагүй олон сая төгрөгний зардал гаргаж эцэст нь эрүүл мэнд, их хэмжээний мөнгө эд зүйлээр хохирлоо. Иймд миний нэхэмжилсэн мөнгийг П*********аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү, 5-н сар хэрэглэсэн хоол, хүнс эм тарианы үнийг оруулаагүй. Нотлох баримтыг үндэслэн 1300000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* аймгийн ******** сумын ************ багийн иргэн Б***********ийн П*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2015 оны 08-р сарын 26-нд ******** сумын төвд хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн 96.1-ээр 5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн. Хохирогч Л.Б*********** нь эмчилгээний зардал болох 1300000 төгрөг нэхэмжилж байгаа тул би энэхүү мөнгийг орлого байхгүй тул төлж чадахгүй. Б************ аймгийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлж эмчлүүлсэн. Одоо нэхэж байгаа 1300000 төгрөгийн эмчилгээ нь сүүлд нь гэмтэл авч эмчлүүлсэн байх магадлалтай тул энэхүү мөнгийг өгөхөөс татгалзаж байна. Одоо миний бие ялаа эдэлж байгаа гэжээ.
Нэхэмжлэгч Л.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цохиулаад эмнэлэгт очсноо өөрөө санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд юу болов, яагаад энд байгаа юм бэ? гэхэд чиний араас П*********** цохьсон. Цагдаа дуудсан байгаа гэхээр нь бицагдаа дуудсаны хэрэггүй бид нар энүүгээрээ болчих байх гэсэн чинь чамайг цохьсон тэр хүн чинь чамайг цохисноо хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Тэгээд манай эхнэр хэсгийн төлөөлөгч дуудсан. Тэгээд би эмнэлгээс гараад гэр лүүгээ явсан. Эрүүгийн хэрэг үүсгээд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр над дээр ирж эмнэлэгт үзүүлээд 380.000 төгрөг төлөөд эмнэлэгт хэвтсэн. Тэр мөнгийг П********* төлсөн. 50000 төгрөгөөр зураг авахуулсныг П********** төлсөн. Эрүүл мэндийн дэвтэр бөглүүлэхэд 21000 төгрөг өгсөн. Түүнээс хойш надад мөнгө төгрөг өгөөгүй. Сүүлд нь эм авахад 16000 төгрөг өгсөн... Би энэ хүмүүсээс намайг хотод аваачаад тархины зураг авахуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд чамд өгөх мөнгө байхгүй. Бид дээгүүр нь яриад бүх зүйлээ зохицуулчихна гэж хэлсэн. Надад мөнгө олдохгүй байсан учраас би ломбарданд 250.000 төгрөгөөр хөөргөө тавиад ******* хот явсан. Хотод очиж үзүүлэхэд гэмтлийн эмч надад аймгийн эмнэлгийн даргад үзүүлээрэй гээд бичиг хийж өгсөн. Ийм гэмтэлтэй хүнийг яагаад тархины зургийг нь худлаа гаргаад өгч байдаг юм гэж хэлсэн. Тэгээд би тэр бичгийг нь эмнэлгийн даргад авч ирж үзүүлсэн. Тэгэхэд маргааш нь намайг эмнэлэгт ирж хэвт, чамайг мэдрэлийн эмчийн байнгын хяналтад байж бай гэсэн байна гэж хэлсэн. Тэгээд би ******* хотоос ирээд давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө энэ хүмүүстэй уулзсан. Энэ хүмүүс мөнгө төлөхгүй гэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр эмчилгээнд явахад гаргасан зардлуудын баримтууд байгаа гэхэд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэл бичиж өгч болно гэсэн учраас нэхэмжлэл гаргасан юм гэв.
Хариуцагч Б.П********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ********* сумын төвд энэ хүнтэй маргалдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Одоо ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ялаа эдэлж байна. Хохирогч Б********** эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломж надад байхгүй. Л.Б********ыг аймгийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн төлбөрийг төлсөн. Энэ хүн хот явах шаардлага байхгүй. Наад хүн чинь бүрэн эдгэрээд гарсан гэж хэлсэн. Тэгээд энэ хүн сум дээр оччихоод айлын найранд сууж, мөрийтэй тоглоом тоглож, эхнэрийнхээ барилгын ажилд тусалж байгаад гам алдаж өөрийн буруугаас болж эмчилгээнд явсан. Энэ эмчилгээний зардал нь надаас шалтгаалаагүй. Тиймээс би тухайн мөнгийг өгөх боломж байхгүй. Би өндөр настай аав, ээжийнхээ гар хөл нь болж амьдардаг байсан. Үүний төлөө ялаа эдэлж байгаа учраас мөнгө төгрөгний боломж байхгүй. Би энэ хүнийг зүүн шанаанд нь 1 удаа цохьсон. Энэ хүний гэмтэл нь баруун талдаа гарсан байдаг юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Л.Б******** нь Б.П************аас гэм хор учруулсны хохирол 1300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Гэм буруугийн асуудлаар зохигчид маргаагүй боловч хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлоо тодорхойлон бүрдүүлсэн баримт эргэлзээтэй, мөн тухайн үед гарсан эмчилгээний зардлуудыг бүрэн төлж барагдуулсан, үүнийхээ төлөө хариуцлагаа хүлээж шүүхүүдийн удаа дараагийн шийдвэрээр ялаа эдэлж байхад дахин төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 228.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Хариуцагч Б.П********* нь 2015 оны 08-р сарын 26-ны өдөр иргэн Л.Б**********ын толгойн тус газарт тоосгоор цохиж түүний биед хүнд гэмтэл учруулсан болох нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 10-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоол, *******, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01-р сарын 07-ны өдрийн 01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол зэргээр тогтоогдож байх тул Б.*******ын дээрх үйлдэл нь Л.Б************ын эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд Л.Б********д учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлөх үндэстэй.
Түүний шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтын шаардлага хангасан ************ ХХК-ийн 2016 оны 01-р сарын 14, 15, 18, 19-ний өдрүүдэд эм тариа авсан нийт 67000 төгрөг, Энх мэдрэл-ийн эмнэлэгт 2015 оны 12-р сарын 14-ний өдөр тархины судасны бичлэг хийлгэсний төлбөр 30000 төгрөг, мэдрэлийн эмчид үзүүлсний төлбөр 25000 төгрөг, Briliance clinic-д толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсний төлбөр 120000 төгрөг, ******* аймгаас ******* хот руу явсан, ******* хотоос ******* аймаг руу явсан хот хоорондын зорчих тасалбарын үнэ тус бүр 46800 төгрөг бүгд 335600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Харин Эрүүл тайван эмийн сангаас 2015 оны 12-р сарын 14-ний өдөр эм авсан 13500 төгрөгний баримтанд худалдан авагчийн нэр бичээгүй /ХХ-ийн 13-р хуудас/, Л.Б********* гэсэн нэр бүхий 50 дугаартай 375000 төгрөгийн зарлагын баримт /ХХ-ийн 14-р хуудас/, байгууллагын болон худалдан авагчийн нэр он сар өдөр бичигдээгүй тамга тэмдэг дарагдаагүй 473350 төгрөгийн зарлагын баримт /ХХ-ийн 15-р хуудас/ зэрэг нь нотох баримтын шаардлага хангаагүй байх тул хариуцагчаас эдгээрийг гаргуулах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1300000 төгрөгнөөс 335600 төгрөгийг гаргуулж, үлдэх 964400 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бат-Э********ийн П*************аас 335600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л***********ийн Б********** олгож, нэхэмжлэлээс 964400 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 8661 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болно.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ
ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ
Т.БАЛЖИННЯМ