| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0389/Э |
| Дугаар | 402 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч А.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911004410406 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт А.Ц, 1983 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 76 дугаар гудамж 05 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 27 дугаар байр 6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .............................................
/Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” караокед иргэн П.Диймаатай хувийн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж үсдэлцэж, ноцолдож хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, дух, хамрын нуруу, зүүн доод зовхинд сорив, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ийм хэрэг гарсанд гэмшиж байна” гэв.
Хохирогч П.Диймаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр 19 цагийн орчимд би найз Нямсүрэн, Дэлгэржаргал, Цогт ...бид 4 такси бариад 100-н айлын автобусны буудлын орчимд очоод Цэрэнхандыг шууд таксиндаа суулгаад хөдөлсөн. Цэрэнханд би нэг хүнтэй нэг шил архи уусан гээд согтуу орж ирсэн. Ингээд бид нар Баянбүрдийн замын урд байрлах W гэх караокед орсон. Уг караокед ороод бид нар нэг шил 750 граммын Соёрхол нэртэй архи, ус ундаа аваад уугаад сууцгаасан. Тухайн үед Цэрэнханд ер нь л уурлаж уцаарлаад байгаа харагдахаар нь би түүнтэй ярилцах, тайвшруулах гээд хажууд нь суугаад оюутан ахуй цагаа ярьсан. Би түүнд хандаж “чи залуугаараа алдарт ээж болчихсон, мундаг, хэр баргийн хүнд ийм хувь заяа байдаггүй, азтай” гэтэл Цэрэнханд надад хандаж “...чи миний зовлонг мэдэхгүй, хүмүүс намайг жаргаж байна л гэдэг, би зовж байна, ...70-аад оны авгай чинь чи ер нь юу мэддэг юм” гээд хашхичаад шууд миний нүүрэн тус газарт цохичихсон. Шууд миний нүд харанхуйлаад хамраас цус гарахаар нь би уг өрөөнөөс гарч 00 ороод толинд хартал миний хамрын гадна зүүн хэсгээр цус гараад хавдаад хөхөрчихсөн байсан. Би тухайн үед нүдний шил зүүчихсэн байсан болохоор нүүр лүү цохигдоод шил хагарч шилний хамар нь нүүр гэмтээчих шиг болсон. Тэгээд би буцаж өрөө рүү ороод Цэрэнхандад хандаж “чи миний гоо сайханд халдлаа, ямар балиар хүүхэн бэ” гэж хашхичиж уурлаад түүнийг түлхсэн. Тэгээд бид хоёр зууралдаад, муудалцаж байх үед бид хоёрыг Дэлгэржаргал дундуур орж салгасан. Энэ үед Нямсүрэн ширээ дэрлээд унтчихсан, Цогт явчихсан байсан. Би түүнтэй зууралдаж байгаад л салсан, цохиж зодсон зүйл байхгүй ... Би баримттай 803.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Цаашид миний хамар зөрүүгүй хугаралтай, хэрвээ эдгэхдээ овойж эдгэвэл мэс засал хийлгэх шаардлагатай, зөрүүгүй эдгэвэл хамарны дотор салст тэгшлэх хагалгаанд орно нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-16-18х/,
Гэрч Г.Дэлгэржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэрэнханд юм яриад сууж байснаа гэнэт орлиод гар нь явах шиг болоход Диймаа гараад явсан юм ... Тэгээд Диймаа буцаж орж ирээд чи миний нүүрийг ийм болголоо гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Яллагдагч А.Ц мэдүүлэхдээ: “...Бид нар ууж сууж байгаад би их согтсон, бараг тасарчихсан, нэг мэдэхэд л Диймаа их уурлаад “чи миний хамрыг ийм болгосон хэн бэ гэж хэлсэн ...Би архи хэтрүүлэн хэрэглэж түүнтэй маргалдаж уг хэргийг үйлдсэндээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-48-49х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1257 тоот дүгнэлтэнд:
“1. П.Диймаагийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, дух, хамрын нуруу, зүүн доод зовхинд сорви, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-26х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “W” караокед иргэн П.Диймаатай хувийн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж үсдэлцэж, ноцолдож хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, дух, хамрын нуруу, зүүн доод зовхинд сорив, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч П.Диймаад учруулсан гэм хорын хохирлын мөнгө 1.000.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг төлж үлдэх 500.000 төгрөгийг 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.