Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 241

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй, иргэн Т.*******, С.******* нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13.579.539.6 /арван гурван сая таван зуун далан есөн мянга таван зуун гучин есөн төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ны Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.******* нь тус банкны Завхан салбарын ******* тооцооны төвөөс 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан 13.551.571,87 /Арван гурван сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун далан нэг зууны наян долоо/ төгрөгийн зээлийг сарын 2.2 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч зээлийн барьцаанд Завхан аймаг ******* сум ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах 48 мкв талбайтай 2 өрөө хувийн сууцыг 504 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт барьцаалсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4, 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авсанаас хойш 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12.725.308,66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 837.569.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 166.615 төгрөг, нийт 13.579.539.6 төгрөг төлөхөөр байна.

Иймд 2015 оны 08-р сарын 27-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 13.579.539.6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймаг ******* сум ******* багийн хэсэг тоотод оршин суух овогт гийн *******, хамтран зээлдэгч овогт ын ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид *******тай зөвшилцөж 7 сар, 8 сарын 30-ны дотор хамгийн багадаа 200.000 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийг хийж, хашаа байшингаа зараад 8-р сарын 30-ны дотор зээлийг төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

*******ны Завхан салбар нь иргэн Т.*******, С.******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 13.579.539.6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Т.*******, С.******* нар нь банкнаас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг 2016 оны 07, 08 дугаар саруудад хамгийн багадаа 200.000 төгрөгөөр төлж, зээлийн үлдэгдлээ 2016 оны 08 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар ирүүлжээ.

Ийнхүү хариуцагч Т.*******, С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул тэдгээрийнзөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. *******ны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлага 13.579.539,6 /арван гурван сая таван зуун далан есөн мянга таван зуун гучин есөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Т.*******, С.******* нар 2016 оны 08 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 225.849 төгрөгийн 112.924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 112.924 төгрөгийг, хариуцагчаас 112.924 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ