Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00411

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 184/ШШ2022/00087 дугаар шийдвэрийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.У-ээс хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан, **-** У** улсын дугаартай, Тоёота Харриер /Toyota Harrier/ маркийн автомашиныг өөрт болон хүү У.Д-ний өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн С хороолол, *** дүгээр байр, ** тоот хаягт байрлах 47,92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Э-ны өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Э-аас 16,922,351 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У-т олгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын дараа 5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар ханын стенк, 55 инчийн телевизор, 2 ширхэг хивс, цаг, гал тогооны стенк, печь, шарах шүүгээ, ханын шкаф, гутлын сав, 00-ийн өрөөний тавилга, унтлагын өрөөний ком тавилга, гоо сайхны ширээ, гэрлийн абажур, хөшиг зэрэг эд зүйлсийг хариуцагч Д.Э-ны өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Э-аас 6,592,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У-т олгож, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-аас зочны өрөөний буйдан, хөргөгч, юнивишн төхөөрөмж, 32 инчийн телевизор, угаалгын машин, тоос сорогч зэрэг эд зүйлсийг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгч Б.У-т олгосугай гэсэн заалт нэмж,

Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 6 гэж, 6 дахь заалтыг 7 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.НЯМБАЗАР