Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч Ш.Б түүний өмгөөлөгч М.Хувцагаан, хохирогч Б.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Шагдарын Баяртогтоход холбогдох “1811002380240” дугаартай, 186/2019/0376/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын  сарын 21-ний өдөр шүүн хэлэлцэв.                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-414 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуу овогт Шагдарын Баяртогтох /РД:ОГ74 040601/,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Ш.Баяртогтох нь иргэн Б.Эрдэнэбаяртай "хамтран Шинженээс гар утас оруулж ирж “Тэди” төв дээр зарж борлуулан ашгаа 50 хувиар хувааж авья" гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кинотеатрын “Хаан” банкны салбараас 2016 оны 09 дүгээр сарын 01, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд 47.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Ш.Баяртогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа ойлгож байна.Уучлалт гуйя.2 500 000 төгрөгийг хэрэг үүсэхээс өмнө шилжүүлсэн.8-10 сая төгрөгний гар утаснууд ажиллагаагүй байгаа.Нийт 11 сая төгрөг өгсөн.Үлдсэн хохиролоо яаж ийж байгаад төлж барагдуулна.Хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 1.2.Хохирогч Б.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2016 оны 4

 сард Теди төвд лангуу авсан.2-3 сар ажилласан.Тэгсэн Баяртогтох гэж хүн урдаас  утас оруулж ирдэг захихгүй юм уу гээд байсан.2500 000 төгрөг эхэлж өгөөд л алга болсон.Төлнө л гээд яриад байдаг.Энэ нүнийг ямар нэгэн хяналтанд байлгаж байгаад л мөнгөө авмаар байна.Шүүх хуралдааны өмнө Баяртогтох сар болгон 1 600 000 төгрөг төлнө гэж хэлж байсан.Одоо үлдэгдэл 38 150 000 төгрөгийг нэхэмжилж байна.Энэ мөнгөө 2 жил 2 сарынхаа хугацаандаа төлж барагдуулна гэж бодож байна.Гомдол, санал гээд хэлээд байх юм байхгүй.

 Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эрдэнэбаярын:..Тэди худалдааны төвийн 16-10 тоот лангуун дээр суудаг Баяртогтох гэх эмэгтэй би Шенжинээс гар утас авч ирдэг, хамтарч гар утас авч ирэх үү. Чи мөнгийг нь гаргачих, би өөрийн лангуун дээрээ зараад ашигийг нь хоёулаа хуваая, тээврийн зардлыг би өөрөө гаргаад олсон ашгийг 50 хувиар хуваана гэсэн. Баяртогтох нь Тэди худалдааны төв дээр лангуу ажиллуулдаг учраас би итгээд 25 сая төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баяртогтохын Хаан банкны 5007596189 тоот дансанд шилжүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түүний дээрх дансруу 25 сая төгрөг шилжүүлсэн. Баяртогтохтой уулзахад утас зарагдахгүй байна, удахгүй зарагдана, чи түр хүлээж бай гэсэн. Баяртогтохыг худлаа яриад байгааг мэдээд би гар утаснуудаа авъя гэхэд уучлаарай би гар утсаа зараад гарсан мөнгийг нь өртэй хүндээ өгчихсөн юмаа, чи энэ гар утсыг нь ав, дандаа нокиа маркийн хямдхан гар утаснууд лангуун дээр үлдсэн байгаа, надад бэлэн мөнгө бол байхгүй гэсэн, Би Баяртогтохоос 2,500,000 төгрөг авсан одоо 47,500,000 төгрөг авах ёстой гэх мэдүүлэг. /хх-н 9-12/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Дэлгэрцэцэгийн:..2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс би Тэди худалдааны төвийн 2 давхарт байрлах 16-10 тоот лангууг Ш.Баяртогтох гэж хүнээс түрээслэн авч ажиллуулж байгаа юм. ...Манай лангуун дээр зарагдаж байгаа бараа бүгд миний бараа, Баяртогтох эгчийн бараа байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 16/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Шагдаржавын:...Хаан банкны 50990070 гэсэн дансны дугаар миний данс дугаар мөн байна. Би энэ дансыг 2013 оноос хойш ашиглаж байгаа. Би Баяртогтох гэж хүнийг танина. 2016 онд Тэди худалдааны төв дээр манай хажуу лангууг түрээлэн гар утас худалдаалдаг байсан. Би урьд нь Баяртогтохт 2,000,000 төгрөг зээлүүлж байсан. тэр мөнгөө дансаараа авч байсан гэх мэдүүлэг.  /хх-н 100/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Баясгалангийн "...Хятад улсаас гар утас оруулж ирж зараад мөнгийг чинь өгчихье, удаахгүй 3-6 cap болоод өгнө гэж хэлээд надаас ...18,000,000 төгрөг зээлсэн. Тэгээд үүнээс 7 сая төгрөгийг хоёр хувааж өгч байсан. сүүлийн 5 сая төгрөгийн гүйлгээ байна..." гэх мэдүүлэг/хх-ийн 103х/,

2.5.Мөрдөн шагах ажиллагааны явцад гэрч Н.Дамдинбатын...”5077354444” дугаартай дансыг би 2016 онд ашиглаж байсан. Тэр үед Баяртогтох миний зарж байгаа гар утаснаас "би энэ утаснуудыг чинь зараад өгье гэж аваад" зарж өгөөд мөнгийг нь миний  данс руу шилжүүлж байсан гэх мэдүүлэг. /хх-н 104/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, банкны хуулга, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан үйл баримт болсон байна.

 Шүүгдэгч Ш.Баяртогтох нь иргэн Б.Эрдэнэбаяртай "хамтран Шинженээс гар утас оруулж ирж “Тэди” төв дээр зарж болуулан ашгаа 50 хувиар хувааж авья" гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кинотеатрын “Хаан” банкны салбараас 2016 оны 09 дүгээр сарын 01, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд 47.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокуророос Ш.Баяртогтоход гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Бтүүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ш.Баяртогтох нь "хамтран Шинженээс гар утас оруулж ирж “Тэди” төв дээр зарж болуулан ашгаа 50 хувиар хувааж авья" гэж хуурч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кинотеатрын “Хаан” банкны салбараас 2016 оны 09 дүгээр сарын 01, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд 47.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Шүүх хуралдаанд оролцсон Улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ шүүгдэгч Ш.Баяртогтоход  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн ауулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хөнгөн гэмт хэрэг, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө зарим хэсгийг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзаад тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан болно.

Харин хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үлдсэн хохирол 38 150 000 төгрөгийг хэлсэн хугацаандаа төлүүлж авах, хорих шаардлага байхгүй, гомдол, саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Баяртогтоход хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Эрдэнэбаяр шүүгдэгч Ш.Баяртогтохоос нийт 47 500 000 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд 9 350 000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул хохиролоос үлдэх 38 150 000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж хэрэглэх боломжтой тул гэмт хэргийн хор уршгийг 2 жил 2 сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч Ш.Баяртогтоход хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Шагдарын Баяртогтохыг бусдын эд хөрөнгийн залилсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Ш.Баяртогтоход хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг болох 38 150 000 төгрөгийг 2 жил 2 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэх албадлагны арга хэмжээг шүүгдэгч Ш.Баяртогтоход хэргэлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Баяртогтоход мэдэгдсүгэй.

         5.Шүүгдэгч Ш.Баяртотох нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Баяртогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ