| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0377/э |
| Дугаар | 421 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Б.Дэлгэрдалай, өсвөр насны шүүгдэгч А.Д түүний хууль ёсны төлөөлөгч М.Мөнхбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амгаланбаатарын Даваадоржид холбогдох эрүүгийн “1911010370369” дугаартай, 186/2019/0377/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 19-476 тоотод оршин суух бүртгэлтэй, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 cap хорих ялаар шийтгүүлж 10 сарын хугацаагаар ял хойшлуулсан,
Боржигон овогт Амгаланбаатарын Даваадорж /РД:УЖ01260438/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Даваадорж нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч У.Номингийн “Айфоне-7”загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Өсвөр насны шүүгдэгч А.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би 3 дугаар сарын 27-ны өдөр “Си юу” гэх нэртэй дэлгүүр рүү дэвтрээ зарах гэж мөн хоол идэх гэж орсон. Тэгээд ширээн дээр нэг гар утас байхаар нь авсан. Авсан гар утсаа гэртээ нуусан байсан. Тэгээд цагдаа нарт баригдаад хоригдож гарч ирээд гар утсыг буцааж өгсөн гэв.
Хоёр: Өсвөр насны шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч У.Номингийн:..Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанаатар хотод сургалтанд суух гэж ирсэн. Өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд найз болох Ану-Үжинтэй хамт Пийс моллын зүүн талд байдаг "CU" түргэн хоолны газарт орж ширээн дээр гар утсаа тавьж касс нь дээр хоол захиалах гэж явсан. Тухайн үед найз маань үлдсэн байсан. Би хоол захиалчихаад ирэхэд миний гар утас байхгүй байсан. Найзаасаа гар утсаа асуухад мэдэхгүй гэсэн. Би өөрийнхөө “94701370” гэсэн дугаар луу залгахад утас холбогдохгуй байсан. Тэгээд би "CU"-гийн камерийг шүүлгэж үзэхэд Ану-Үжин сууж байсан ширээн дээр хар өнгийн малгай, юүдэнтэй цагаан цамцтай дотроо цагаан өнгийн нимгэн цамц, хар өнгийн өмд өмссөн эрэгтэй хүүхэд ирж нүүр нь дээр дэвтэр үзүүлж ширээн дээр байсан миний гар утсыг дэвтрийн доор нууж авч явж байсан бичлэг байсан. Одоо гар утсаа би 800.000 төгрөгөөр үнэлж байнаи гэх мэдүүлэг. /хх-н 18/,
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ану-Үжингийн:..Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед найз болох Номинтой Натурт уулзсан. Бид хоёр Гранд плаза орж тэндээс гараад 04 цаг 30 минутын үед хоол идэх гэж Пийс моллын хажууд байдаг CU түргэн хоолны газарт орж хоол идэж суусан. Хоол идэж суусны дараа Номин нь дахиж хоол захиалах гэж касс руу явахад би гар утсаа оролдоод сууж байхад юүдэнтэй цамцтай, саравчтай малгайтай, халтар царайтай, архи үнэртсэн, цагаан өнгийн нимгэн урагдсан дэвтэр барьсан 17-18 орчим насны эрэгтэй хүүхэд өөдөөс ирээд дэвтэр үзүүлээд дэвтэр авах уу гэсэн. Би авахгүй гэхэд баярлалаа гээд явчихсан. Тэр хүүхэд явсны дараа Номин ирээд миний гар утас яасан бэ гэсэн, чи өөрөө утсаа авч яваагүй юм уу" гэж хэлсэн чинь аваагүй гэж хэлсэн. Тэгээд CU- гийн ажлын утснаас Номингийн 94701370 гэсэн утсны дугаар луу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд бид нар CU-гийн хяналтын камерийг шүүлгэж үзэхэд надад дэвтэр үзүүлсэн хүүхэд Номингийн "Ай фоне 7" маркийн гар утсыг дэвтрийн доор нь хавсарч барьж авч явсан дүрс бичлэг байсан гэх мэдүүлэг. /хх-н 19/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс:..өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 18 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогч У.Номингийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас гэрч Г.Ану-Үжингийн мэдүүлэг, 27 дугаар хуудас өсвөр насны яллагдагч А.Даваадоржийн мэдүүлэг, 14 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ, 60 дугаар хуудас Хан-Уул дүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс:..Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 2 дугаар хуудас гэрч Баасанжавын мэдүүлэг, дугаар хуудас гэрч М.Мөнхбаярын мэдүүлэг, 49 дүгээр хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа, 72 дугаар хуудас нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч А.Даваадорж нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч У.Номингийн “Айфоне-7”загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар,хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч У.Номингийн мэдүүлэг, гэрч Г.Ану-Үжингийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хяналтын камерийн бичлэг, өсвөр насны шүүдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Даваадоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч А.Дтүүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан гэм буруу болон ялын дүгнэлтэндээ: Өсвөр насны шүүгдэгч А.Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, ЭХЕА-н 8.5 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тусгай байгууллагад хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор хойшлуулсан 10 сарын хугацаагаар хойшлуулсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн тул эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн хувьд маргаан байхгүй, хүүхэд насны амар хялбар аргаар өлсөхдөө л хулгай хийсэн байна.9 дүгээр ангиасаа сургуулиасаа завсардсан нь нөлөөлсөн гэж үзэж байна.Ял дээр анхаарч 2 дахин багасгаж өгнө үү гэсэн санал гаргасан болно.
Насанд хүрээгүй хохирогч У.Номин нь өсвөр насны шүүгдэгч А.Даваадоржоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, би утасаа бүрэн бүтэн хүлээж авсан тухай хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр бичсэн, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Даваадорж нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 cap хорих ялаар шийтгүүлж 10 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч У.Номингийн “Айфоне-7”загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар,хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг шинээр үйлдсэн байна.
Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Даваадорж нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 cap хорих ялаар шийтгүүлж 10 сарын хугацаагаар ял хойшлуулсан ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч А.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдах хорихийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Амгаланбаатарын Даваадоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Даваадоржид 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус баримтлан шүүгдэгч А.Даваадоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 cap хорих ялаар шийтгүүлж 10 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялыг нэмж нэтгээд нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч А.Даваадорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч А.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ