Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 393

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, иргэн О.Б-N нарын 15 иргэний гаргасан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин хөлс, олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус даалгах” шаардлага бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ  нэхэмжлэгч Б.О, А.У, Б.У, Б.А, О.Б-N, С.Л, А.С, Ч.О, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О.Б-N, А.С, Б.О,  Б.А, Ц.Д, Д.Б, Ч.О, Ч.А, С.Л, А.У, В.М,  Б.У, Ж.М, А.Б, Б.Э нар нь 2013 онд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн хэлтсийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдээр ажиллаж байсан боловч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал нь Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж, тус Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан нэр бүхий 51 мэргэжилтнүүдийг бодлого, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Аж үйлдвэрийн яамны сайдад хариуцуулсан тухай Аж үйлдвэрийн сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2015 оны 03 дугаар сарын 25-нй өдрийн 65/А/40 дүгээр “Чиг үүрэг шилжүүлэх” тухай тушаал гарсан. 

Дээрх тушаалын дагуу 51 мэргэжилтнүүд Аж үйлдвэрийн яамны харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтцэд ажиллаж байтал 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдан гарч, Аж үйлдвэрийн яам татан буугдаж, аймаг, дүүрэг дэх жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан албан хаагчдыг /51 мэргэжилтэн/ чиг үүргийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн. /Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184 дүгээр тушаал/.

Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь “Засгийн газраас баталсан бүтэц, орон  тооны хязгаараар ажиллаж байгаа, та нарыг ажиллуулах орон тоо байхгүй” гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч нарыг ажлын байраар хангаагүй.

Ингээд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж төрийн албан хаагч бид ажлын байргүй хоцорч, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдаж чадахгүй өдийг хүрлээ.

Бид удаа дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдтай уулзахаар очсон боловч  хүлээж аваагүй бөгөөд та нарын асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийднэ. Надтай уулзах шаардлага байхгүй гэсэн.

Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сард уулзахад “та нарын асуудлыг шийдэж өгнө. Цалингийн сан чинь байгаа, цалингийг чинь нөхөж олгоно, ажлын байраар хангана” гэсэн хариуг өгсөөр ирсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дахин уулзаж асуухад “та нарын цалинг олгох боломжгүй байна. Төрийн албаны зөвлөл болон шүүхэд хандаарай” гэж хэлсэн. 

Нэхэмжлэгч нарын зүгээс Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан боловч мөн л асуудлыг шийдвэрлэсэн зүйлгүй “...өргөдлийг харьяаллын дагуу шилжүүллээ” гээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад “...төрийн жинхэнэ албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангаж ажиллана уу” гэсэн албан бичгийг явуулсан байсан.

Дээрх төрийн байгууллагын хууль бус эс үйлдлээс болж төрийн жинхэнэ албан хаагч бид 2017 оны 07 дугаар сараас хойш ажлын байргүй, цалин хөлсгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөлгүй хохирч байна.

Иймд нэхэмжлэгч нарыг ажлын байраар хангахгүй байгаа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын цалин хөлсийг бууруулахгүйгээр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангаж, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин хөлс, олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б-N нарын 15 хүний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Аж үйлдвэрийн яам татан буугдаж, түүний эрхлэх асуудалд хамаарч байсан жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд хамаарах болсон.

Аж үйлдвэрийн яамыг татан буулгах, чиг үүрэг нь шилжиж байгаа яамд руу өөрчлөн зохион байгуулах ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, сангийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/А-01/276 дугаартай хамтарсан тушаалаар байгуулагдан албан хаагчдыг шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар тушаалаар Аж үйлдвэрийн яаманд ажиллаж байсан албан хаагчдыг эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийнх нь дагуу шилжүүлснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-05 дугаар тушаалаар холбогдох албан тушаалд нь томилон ажиллуулсан.

Гэтэл энэ бүх ажиллагаа хийгдсэнээс 2 долоо хоногийн дараа тус яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүд нь аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газарт жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцан ажиллаж байсан 51 мэргэжилтнийг ажлаас нь чөлөөлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүлсэн утга бүхий Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184 дүгээр тушаалыг танилцуулсан ба энэ талаар Аж үлйдвэрийн яамыг татан буулгах, чиг үүрэг нь шилжиж байгаа яамд руу өөрчлөн зохион байгуулах ажлын хэсэг дээр огт яригдаж байгаагүй болно.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн               9.3-т “Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдана” 9.6.9-т “Төрийн нарийн бичгийн дарга нь хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх халах” бүрэн эрхтэй гэж, Монгол улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж тус тус заасан тул аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан 51 мэргэжилтнийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилох эрх зүйн үндэслэлгүй байсан болно. 

Иймд тэдгээр албан хаагчдыг дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтцэд үргэлжлүүлэн ажиллуулах саналыг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/379 тоот албан бичгээр тус яамнаас Нийслэлийн Засаг даргад хүргүүлэн шийдвэрлүүлэхээр ажилласан. 

Харин Нийслэлийн Засаг даргаас хариу өгөлгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 01/4086 тоот албан бичгээр хариуг ирүүлэхдээ “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолоор нийслэлийн дүүргүүдийн орон тооны хязгаарыг баталсан ба энэ тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын тамгын газрын орон тоо, албан тушаалыг баталсан тул энэ асуудлыг Засгийн газрын тогтоол гаргаж шийдвэрлүүлэх санал ирүүлсэн. 

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал хариуцсан албан хаагчдыг Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газарт шинээр орон тоо бий болгон, томилж ажиллуулах эрх Сайд ,яамны Төрийн нарийн бичгийн даргад хуулиар олгогдоогүй байхад Аж үйлдвэрийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга хууль зөрчсөн тушаал гаргасны улмаас энэ асуудал үүссэн гэж үзэж байгаа тус яамны бруутай үйл ажиллагаанаас болж төрийн албан хаагчид ажлын байргүй болон хохирч байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орон тоог “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор 101 байхаар баталсан ба уг орон тоонд багтаан Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албан хаагчдыг томилсон, өөр дүйцэхүйц ажлын байр байхгүй тул ажлын байраар хангах боломжгүй байна.

Үүнтэй холбоотойгоор ямар нэг албан тушаалд томилогдоогүй хүмүүст цалин олгох нь Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн хууль зөрчихөөр байсан тул цалин хөлс олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломжгүй болно.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б-N, А.С, Б.О, Б.А, Ц.Д, Д.Б, Ч.О, Ч.А, С.Л, А.У, В.М, Б.У, Ж.М, Л.Б, Б.Э нар нь анх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын цалин хөлсийг бууруулахгүйгээр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангаж, ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин хөлс, олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “нэхэмжлэгч нарын цалин хөлсийг бууруулахгүйгээр өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангаж” гэх шаардлагаа “Төрийн албаны хуульд заасан нэмэлт баталгаа болох сонгон шалгаруулалт явуулахыг даалгах” гэж өөрчилсөн болно.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр хариуцагч байгууллагад захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нар нь Аж үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/ нийслэлийн харьяа дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 07 дугаар  сарын 21-ний өдрийн хуулиар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг бий болгож жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийн асуудал тус яамны эрхлэх асуудлын хүрээнд орсон байна.

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184 дүгээр  тушаалаар Аж үйлдвэрийн яам татан буугдаж байгаатай холбогдуулан дүүрэг дэх жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эрхлэх асуудлын чиг үүргийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолуудаар яамдын зохион байгуулалтын бүтцийг баталж  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцийн нэгжид Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг бий болгожээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаар  тушаалаар тус яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орон тоог 7 байхаар заажээ. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар  сарын 11-ний өдрийн Б-01 дүгээр  тушаалаар яамны бүтцийн нэгжийн ажлын байр, албан тушаалын чиг үүргийг баталсан байна.

Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор төрийн захиргааны албан тушаалтны ангилал, зэрэглэлийг тогтоож өгсөн ба нэхэмжлэгч нар нь татан буугдсан Аж үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/ нийслэлийн харьяа дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа “дэс түшмэл” ангилалтай, ТЗ-4 зэрэглэлээр цалинждаг байсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нарын эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолт  ёсоор тэдгээр нь бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхүйц мэдээллийг сурвалжлан судалж, задлан шинжилгээ хийж, гүйцэтгэсэн ажлын чанарыг хариуцах үүрэг бүхий төрийн жинхэнэ албан хаагч байна. 

Гэтэл нэхэмжлэгч нар нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд мэргэжил, мэргэшлийн талаар тэргүүлэх үүрэг хүлээж ажлын гүйцэтгэл, үр дүнг эрхэлсэн түшмэлийн өмнө хариуцдаг төрийн албаны “ахлах түшмэл” ангилалд хамаарч ТЗ-8 зэрэглэлээр цалинждаг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу байгууллага өөрчлөн байгууллагдаж, түүний бүтцийн нэгжид тухайн албан тушаалын нэр, томъёоллын хувьд өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд төрийн албан хаагч нарын дунд тэдгээрийн үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг байна. 

Нэхэмжлэгч нарын нийслэлийн харьяа дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтны ажлын байрны тодорхойлолтоор заагдсан ажил нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг,                   дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүдийн хариуцсан ажлаас өөр байгаа тул “чиг үүрэг” хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Аж үйлдвэрийн сайдын /хуучин нэрээр/ эрхлэх асуудлын хүрээнд багтаж байсан Хөнгөн, үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн бодлогын асуудал нь чиг үүргийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэнтэй  холбогдуулан Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ажиллаж байсан албан хаагч нар шинээр бий болсон бүтцийн нэгжид үргэлжлүүлэн ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч нарын ажиллаж байсан төрийн байгууллага татан буугдаж, албан тушаалын орон тоо хасагдаж эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдээгүй тул чиг үүрэг болон төрийн албаны ангилал, зэрэглэл өөр албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”  /2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “3 сар” болгосон/ гэж заасны дагуу хариуцагч нь орон тоо хасагдаж өөр ажилд эгүүлэн томилоогүй тохиолдолд нэхэмжлэгч нарт хуулиар олгогдсон нэмэлт баталгаа болох тэтгэмж олгох ёстой байсан.

Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаал хасагдсантай холбогдуулан хуулиар олгогдох ёстой тэтгэмжийг олгоогүй тул О.Б-N /488,224 төгрөг/, А.С /488,224 төгрөг/, Б.О /545,107 төгрөг/, Б.А /545,107 төгрөг/, Ц.Д /516,663 төгрөг/, Д.Б /488,224 төгрөг/, Ч.О /545,107 төгрөг/, Ч.А /516,663 төгрөг/, С.Л /516,663 төгрөг/, А.У /516,663 төгрөг/, В.М /572,625 төгрөг/, Б.У /516,663 төгрөг/, Ж.М /513,663 төгрөг/, Л.Б /488,224 төгрөг/, Б.Э /516,663 төгрөг/ нарт тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу 6 сарын үндсэн цалингийн хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгож төрийн жинхэнэ алба хааж байсан иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх нь зүйтэй байна.

3. Зарим нэхэмжлэгч нар 2016 оны 12 дугаар сарыг дуустал ажил үүргээ цалингүйгээр гүйцэтгэж байсан тул ажилласан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах ёстой гэж мэтгэлцсэн болно. 

Аж үйлдвэрийн сайдын /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарыг  ажлаас чөлөөлж эгүүлэн ямар нэгэн ажилд албан ёсоор томилоогүй байхад амаар тохиролцон 2016 оны 7 дугаар сараас 12 дугаар сар дуустал байхгүй орон тоонд ажил үүрэг гүйцэтгэж байсныг төрийн албан тушаалыг эрхэлсэн гэж үзэх боломжгүй тул дээрх шаардлагыг шүүх хангах боломжгүй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-N, А.С, Б.О, Б.А, Ц.Д, Д.Б, Ч.О, Ч.А, С.Л, А.У, В.М, Б.У, Ж.М, Л.Б, Б.Э нарын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явуулах, ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин хөлс, олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-N, А.С, Б.О, Б.А, Ц.Д, Д.Б, Ч.О, Ч.А, С.Л, А.У, В.М, Б.У, Ж.М, Л.Б, Б.Э нарт 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ