Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 243

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн

шаардлагаасаа татгалзсаныг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Сарантуяа түүний өмгөөлөгч В.Содномцэрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж Ц.Чимэдцогзолын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэст холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авчхянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Нэгдсэн эмнэлгийн ард 7 тоотод оршин суух иргэн Цэцэгт овогт Цэвээнравдангийн Чимэдцогзол нэхэмжлэлийн шаардлагадаа:

...2015 оны 10 дугаар сарын 16-наас Завхан аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Ахмадын сувиллын эмчийн албан тушаалд томилогдон ажилласан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус хэлтсийн нягтлан бодогч Ч.Заяат сувиллын 4 хүн цалингүй шүү, орлого олохгүй бол цалин авахгүй шүү гэж өдөр тутам дарамт үзүүлснээр өөрийн хүсэлтээр ажлын байрнаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Үүний дараа хэлтсийн дарга Б.Ариунаа нягтлан бодогч Ч.Заяат нартай ярилцан орлого төвлөрсөн үед 1,2 сарын цалинг нөхөн авах, нийгмийн даатгалын шимтгэл, тайланг үндсэн цалингаар тасалдуулахгүй гэсэн шийдэлд хүрч үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Энэ шийдвэрийн дагуу 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, 2 дугаар сарын цалингийн урьдчилгаа өгч, 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Тухайн үед сувилалд амрагчдын төлбөр болох 1980000/ нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгний орлого төвлөрсөн тул 1-р сарын цалинг нөхөн авах санаачлага гаргасан. Гэтэл хэлтсийн нягтлан, дарга нар цалин нөхөн өгна гэж хэлээгүй, олгох боломжгүй гэсэн хариу өгсөн... өмнө шийдвэрлэгдсэн өргөдлийг дахин үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарган их эмч Ж.Баярмааг намайг чөлөөлөгдөж ажлаа өгөхөөс өмнө буюу 2 дугаар сарын 29-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. Иймд ахмадын сувилалын их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Чимэдцогзол шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:

Ц.Чимэдцогзол миний бие нь Завхан аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэст холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна /нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь/ гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Чимэдцогзол нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийншаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Ц.Чимэдцогзолын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэст холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийнхураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ