Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 369

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч Н.Д, түүний хууль ёсны төлөөлөгч М.Нямсүрэн,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямсүрэнгийн Дашнямд холбогдох эрүүгийн 1811022381020 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Н.Д, Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сургуульд сурдаггүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 15-315   тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 606 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ................

           Өсвөр насны шүүгдэгч Н.Д нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20 дугаар гудамжинд Н.Ариунболорын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан авч 268.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

           2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 580 тоот хашааны гадаа Ч.Нямдэлгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь өмдний халааснаас нь Самсунг эс 6 галакси гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

           2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоотод оршин суух А.Алтантуяагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг хулгайлан 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

          2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хушт Хангай” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж Т.Нансалмаа, Б.Туяа, П.Бямбаа нарын эд зүйл хулгайлж нийт 221.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Н.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 23:00-24:00 цагийн орчим ганцаараа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудлын автобусны буудлаас наашаа явж байгаад дэлгүүрийн хажуугийн гудамж руу ороод явж байтал нэг эмэгтэй явж байгаа харагдсан. Би араас нь дагаад явж байтал тэр эмэгтэй гудамж өгсөж явж байгаад уулын энгэрт гудамжны үзүүрт явж байхад нь араас нь гүйж очоод гартаа барьж байсан цүнхнээс нь бариад зуурахад нөгөө эмэгтэй цүнхнээсээ бариад тавихгүй зуурч байгаад газар өвдгөөрөө унаад гартаа барьж байсан цүнхээ тавьсан. Тэгэхээр нь гар цүнхийг нь аваад анх араас нь дагаж ирсэн чигтээ эргээд гүйгээд зугтаасан. Задгай талбайд ирээд цүнхээ онгойлгож үзэхэд хар өнгийн ай фоне 5 загварын гар утас байхаар нь уг гар утсыг нь аваад түрүүвчин дотор байсан 5 ширхэг 1000-тын дэвсгэрт байсныг аваад цүнхийг нь авч явж байгаад доод талын гудамжинд ороод айлын хашаа руу давуулж шидчихээд гэртээ орсон. Тэр өдрөө гэртээ орж унтаж амарчихаад маргааш өглөө нь гар утсыг нь Зургаан буудалд байдаг ТҮЦ-ний хүнд 3000 төгрөгний үнэтэй тамхины барьцаанд тавьчихаад түрүүвчинд байсан 5000 төгрөгөөр нь ПС тоглоомын газар ороод тоглоод дуусгасан” гэх мэдүүлэг /1хх-74х/, “2018 оны 10 сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад ТҮЦ орж тамхи авахаар явж байгаад 5 буудлын ТҮЦ-ний урд талд манай гэрийн дээд талын гудамжинд байдаг Бямбажаргалтай тааралдаад түүнтэй цуг явж байсагн найзыг нь хүргэж өгчихөөд эргээд 5 буудал явж байгаад Гүн нуур дэлгүүрийн үүдэнд юм яриад зогсож байсан чинь замын эсрэг талд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт автобусны буудлын сандал дээр нэг согтуу хүн хэвтэж байсан. Бямбажаргал бид 2 тэр хүн дээр очиж тамхи асуухаар очиход тэр хүн нилээн согтолттой байсан. Тамхи асуухад тамхи байхгүй гэсэн. Тэр хүн намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлээд намайг сугадаад авсан. Би хариуд нь тэр хүнийг сугадаад гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад тэр хүн ахынх нь гэр авто угаалгын хажуу талын гудамжинд байдаг гэж хэлсэн. Энэ хооронд Бямбажаргал ард үлдээд нилээд зайтай явж байсан. Нөгөө ахыг сугадаад явж байхад өмднийх нь зүүн талын халаасанд гар утас байгаа харагдсан. Нөгөө ах саарал өнгийн гүйдэг төмөр хаалгатай айлын гадаа ирээд ахынх нь гэр энэ байна гээд орлоо гэж хэлэхэд нь би өмднийх нь халааснаас гар утсыг нь авсан. Тэгсэн нөгөө ах намайг заамдаж аваад миний утсыг өгөөдөх гээд надтай зууралдаад би өгье гэж хэлсэн чинь намайг хашаа руугаа чирж орох гээд ноцолдож байхад миний араас Бямбажаргал гүйж ирээд бид 2-ыг салгасан. Тэр ах Бямбажаргалыг түлхэж унагаад миний утсыг өг гэсэн чинь Бямбажаргал утсыг нь өгөөч гэхээр нь би тэр ахыг утсыг гэж бодоод өөрийн халаасанд байсан тухайн үед өөрөө барьж байсан самсунг загварын цагаан өнгийн гар утсыг Бямбажаргалд өгөөд Бямбажаргал нөгөө ахад утсыг нь өгсөн. Нөгөө ах гэрийнхээ цонхыг цохих хооронд бид 2 хойшоо болж байхад нөгөө ах бид 2 луу тоосго барьж аваад шидэхээр нь бид 2 хашаанаас гарч зугтаасан. Бид 2 тэндээсээ салаад би гэртээ орсныхоо дараа нөгөө ахын гар утсыг авсан гэдгийг мэдээд өглөө нь босоод 7 буудлын ломбард орж гар утсыг 50.000 төгрөгөөр зарж борлуулаад эргээд 6 буудал руу явж байхад манай ээж намайг дуудаад очоод уулзсан чинь чи хүний гар утас авсан юм уу гэж хэлсэн. Тэгээд ээжийн машинд суусан чинь урд өдөр гар утсыг нь булааж авсан хүн ээжийн машинд сууж байсан. Бид 3 Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очоод гар утас зарсан ломбард орж гар утсыг нь буцаагаад авч хүнд хүлээлгэж өгсөн. Бямбажаргал намайг хохирогчийн гар утсыг нь халааснаас нь аваад өөртөө авсаны дараа нөгөө ах миний утсыг өг гэж хэлэхэд гар утсыг авсан гэж мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-204-205х/, “Би 35 дугаар сургуульд сурдаг байхдаа 2018 оны 5 сарын дундуур хичээл тараад манай найз Төгс-Эрдэнийг дуудах гээд гэр лүү нь очоод хашаа руу нь орсон. Гэрт нь хүн байхгүй байхаар нь өөр хаалгаар гарах гээд явж байсан чинь хашааны голд байдаг 2 давхар том байшингийн цонхоор хартал хүн байхгүй байхаар нь цонхыг нь түлхсэн чинь онгойсон. Тэгээд ороод зурагтны тавиурын доор байсан цагаан өнгөтэй улаан өнгийн толгойтой хөөрөг, нөгөө нь бор өнгийн хөөрөг байхаар нь аваад буцаад орж ирсэн цонхоороо гарсан. Тэгээд дээшээ сургуулийн замаар дээшээ яваад 6 буудлын автобусны буудлаас автобусанд суугаад Хархорин зах орж цагаан өнгөтэй хөөргийг Хархорин захын урд талын 2 хөндлөн байшингийн зүүн талын байшинд орж хөөрөг мөнгөн аяга зардаг лангуун дээр очоод 40 орчим насны намхан эрүүндээ сахалтай эрэгтэй хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Буцаад автобусанд суугаад 6 буудал орсон. 20.000 төгрөгөөр ПС тоглоод дуусгасан. Маргааш нь 7 буудлын Есөн-Эрдэнэ нэртэй дэлгүүр орж бөөгийн эдлэл зардаг лангуун дээр бор өнгийн хөөргөө 10.000 төгрөгөөр зарж мөнгөөр ПС тоглосон” гэх мэдүүлэг /2хх-42х/, “Би 2018 оны 9 сарын яг хэдний өдрийг нь санахгүй байна, орой 23 цагийн үед гэрээсээ гараад 6-н буудлын ТҮЦ-нээс тамхи аваад явж байгаад 5-н буудлын замын баруун талд байрлах Гүн нуур дэлгүүрийн гадаа зогсож байгаад хулгай хийж мөнгө олоод ПС тоглоом тоглох санаа төрөөд Гүн нуур дэлгүүрийн замын эсрэг талд байрлах Хушт Хангай дэлгүүрийн урд талын 2 давхрын цонх руу газарт байсан тал тоосгыг аваад шидсэн. Эхлээд шидсэн чинь цонх хагараагүй, дахиад шидсэн чинь цонх хагарсан. Тэгээд би манаачийн байран дээр гараад хагарсан цонхоор гараа оруулаад цонхыг нь онгойлгоод дотогш орсон. Намайг ороход оёдлын цех байсан. Би оёдлын цехээр дамжин цаашаа дэлгүүр лүү ороод 0.75 гр-н Эвок, Соёрхол нэртэй архи тус бүр 1 шил, Түмний ундаа, 1 ширхэг паприка чипс, лангуун дор байсан тамхинуудаас 10 хайрцаг эссэ  тамхи, тал хайрцаг парламент тамхи, хайрцаганд байсан 50, 100-тын дэвсгэртүүд нийлээд 10-д мянган төгрөг байсан, эсрэг талын лангуун дор байсан түрүүвчнээс 64.000 төгрөг эд зүйлсийг авсан” гэх мэдүүлэг /2хх-71х/,

Хохирогч Н.Ариунболороос мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 8 сарын 01-ний өдөр найз Долгорсүрэн, Алтжин нартай уулзчихаад гэртээ харинх гээд Гандангийн буудал дээрээс 1500 төгрөгөөр таксинд суугаад таван буудал дээр буусан. Би зам хөндлөн гараад засмал замынхаа хойд талаар нь явсан. Тэр үед миний ойр орчимд хүн харагдахгүй байсан. Өнө барны зүүн талаар хойшоо эргээд гудамжаар ороод эргээд харсан чинь нэг хүн ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь цүнхээ тэврээд урагшаа алхсан чинь араас гүйж ирээд цүнхний оосорноос татсан. Би тэр үед цүнхээ булаацалдсан боловч дийлэлгүй нөгөө хүн цүнх аваад явчихсан. Тэр эрэгтэй намайг цүнхээ тавихгүй ноцолдоод байсан болохоор толгойн зүүн хэсэгт тохойгоороо цохисон. Миний цүнхэнд ай фон 5 маркийн хар өнгийн гар утас 88160647 дугаартай, улбар шар өнгийн түрүүвч, чихэвч цэнэглэгч, бэлнээр 10.000 төгрөг, иргэний болон оюутны үнэмлэх бусад банкны карт байсан. Тэр эрэгтэй 170 см орчим өндөртэй, цагаан цайвар царайтай, биений хөгжил сайтай, хар юүдэнтэй цамцтай, хар өнгийн пүүзтэй байсан” гэх мэдүүлэг /1хх-42х/,

Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайланд айфоне 5 загварын гар утсыг 138.000 төгрөг, хэтэвч 21.000 төгрөг, чихэвч 12.000 төгрөг, цэнэглэгч 9000 төгрөгөөр нийт 180.000 төгрөг /1хх-53х/,

мөн цүнхийг 36.000 төгрөг, багсны комыг 12.000 төгрөг, гоо сайханы бүтээгдэхүүнийг 12.600 төгрөг, нүүрний крем 10.800 төгрөг, сормуусны будаг 9000 төгрөг, нүдний тенийг 3000 төгрөгөөр нийт 83.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-57х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн №9478 тоот дүгнэлтэнд:

“1. Н.Ариунболорын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно” гэжээ /1хх-60х/,

    

Хохирогч Н.Ариунболороор таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх-28-29х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-30х/,

Хохирогч Ч.Нямдэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 23:50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 10-580 тоотод гэрийнхээ хашааны гадаа гэр лүүгээ орох гэж явтал үл таних нэг залуу өөдөөс гарч ирээд араас нь бас нэг залуу гарч ирээд үг дуугүй миний халаасыг нэгжээд эхэлсэн. Тухайн үед би нилээн согтуу явж байсан. Тэр залуу миний халааснаас гар утсыг маань авахаар нь би хөөе чи миний гар утсыг авчихлаа гээд би тэр залууг бариад авсан. Би гэрээсээ хүмүүс дуудтал надад шал өөр маркийн гар утас өгөөд зугтаасан. Би гэртээ ороод унтаад өгсөн. Өглөө босоод гар утсаа хартал цагаан өнгийн самсунг маркийн гар утас байсан. Тэр утас асаалттай байсан. Хамгийн сүүлд залгасан дугаар луу нь залгаж үзэхэд нэг эмэгтэй эгч авахаар нь би учрыг нь хэлтэл эгч нь зургийг нь үзье гэхээр нь утсыг нь аваад тэр эгчийн гэрт нь очиж үзүүлтэл манай хүү мөн байна гэсэн. Миний гар утас шаргал өнгийн Самсунг эс 6 галакси маркийн утас байгаа, 2018 оны 3 сард Теди төвөөс шинээр 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /1хх-185х/,

Хохирогч Ч.Нямдэлгэрээс дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед нилээн согтолттой явж байсан болохоор ухаан санаа орж гараад байна. Тэр 2 хүүхэд эхэлж ирээд надаас  тамхи асуусан санагдаж байна. Нэг нь яагаад ч юм надтай цуг явж байгаад гэрийн ойролцоо хашааны үүдэнд ирээд миний халаасыг учир зүггүй ухаж байгаад гар утсыг маань авсан. Тэр залуу миний биед ямар нэгэн гэмтэл учруулж эрүүл мэндэд хохирол учруулсан зүйл байхгүй. Гар утсаа өмднийхөө халаасанд хийсэн явж байсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй гэнэт л миний өмдний халаас руу гараа хийгээд гар утсыг маань аваад би тэр залуутай ноцолдож байхад найз нь хажуугаар орж ирээд салгасан. Гүйж ирсэн залуу дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд ямар нэгэн оролцоо байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-187х/,

Гэрч М.Бямбажаваас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой 23:50 минутын орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо гэрийнхээ ойролцоо байх саданд найз охинтойгоо уулзчихаад найз охиноо хүргэж өгчихөөд явж байгаад 5 буудлын хажуу талд байдаг шар дэлгүүрийн ойролцоо Дашнямтай таарсан. Бид 2 замын зүүн талд гараад 17 руу хамт явж байгаад нэг согтуу залуутай таарсан. Дашням тэр согтуу залууг хөтлөөд миний урд гараад яваад байсан. Би жаахан харж зогсож байгаад араас нь яах гэж байгаа юм бол гээд яваад очтол харанхуй гудамжинд нөгөө залуутай муудалцаад бие биентэйгээ заамцалдаад зогсож байсан. Би очоод салгах гэж оролдсон чинь Дашням салахгүй бариад зогсож байсан. Тэр ах та хоёр намайг нийлж дээрэмдээд байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй гээд Дашнямыг чи болиоч гэсэн чинь Дашням  тэр ахыг бариад зогсоод байсан. Тэгсэн нөгөө ах гэрээсээ хүн дуудсан чинь Дашням тавьсан. Тэр ах тоосго аваад та хоёрыг ална шүү гэхээр нь бид 2 хамт зугтаасан. Би Дашнямыг тэр ахын юмыг авсаныг мэдээгүй, хараагүй. Би зугтаасан чигээрээ гэртээ харьсан” гэх мэдүүлэг /1хх-188х/,

Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий Тод үнэлгээ ХХК-ийн Самсунг эс 6 маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-189х/,

Хохирогч А.Алтантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Бид өглөө 07 цагийн үед гэрээсээ гарахдаа гэрээ цоожлоод бүх зүйлээ шалгаад гарсан. Сая 00:02 цагийн үед гэртээ ирж байхад манай хөрш айлын залуу Батсуурь утасдаад “танай байшингийн цонх онгорхой байна гэж надад хэлсэн. Манай гэрээс манай нөхрийн цагаан өнгийн шүрэн хөөрөг, их гарын хөөрөг гэх байх бөөрөнхий хэлбэртэй гадар хэсэгтээ хоёр талдаа хулганы амнаас зоос гарч буй дүрстэй, ясан халбагатай шинэ цагийн хөөрөг алдагдсан байна. Уг хөөргийг нөхөрт маань дүү нь бэлэглэж байсан” гэх мэдүүлэг /2хх-6-7х/,

Гэрч Д.Бямбасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 5 сарын 15-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоотод байрлах гэртээ иртэл манай байшингийн цонх онгорхой байсан. Гайхаад гэртээ ортол миний хөөрөгний даалин газар байхаар нь аваад хартал хөөрөг нь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Их биеийг нь цагаан шүрээр хийсэн ясан халбагатай энгийн толгойтой, алт шиг шармал өнгийн нугатай их гарын хөөрөг 1 ширхэг бор чулуугаар их биеийг нь хийсэн энгийн толгойтой ясан халбагатай алт шиг шармал өнгийн нугатай хөөрөг 1 ширхэг алдагдсан” гэх мэдүүлэг /2хх-8-9х/,

Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газрын “алт шиг шармал өнгийн нугатай ясан халбагатай цагаан шүрэн хөөргийг 650.000 төгрөг, алт шиг шармал өнгийн нугатай, ясан халбагатай бор өнгийн чулуун хөөргийг 60.000 төгрөг нийт 710.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-24х/,

Хохирогч П.Бямбаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай оёдлын өрөөнөөс хар өнгийн үүргэвчтэй цүнх алдагдсан байсан. Дотор нь байсан хувцаснуудыг нь гаргаж тавиад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /2хх-91х/,

Хохирогч Т.Нансалмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “миний лангуун дээр байсан саарал өнгийн түрүүвчин дотроос 100.000 төгрөг алдагдсан байсан” гэх мэдүүлэг /2хх-93/,

Хохирогч Б.Туяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “миний лангуун дээр бэлнээр 40.000 төгрөг, эвок архи 1 шил, 0.75 гр-н Соёрхол архи 1 шил, 0,33 гр-н Хараа архи 1 шил, 20 хайрцаг тамхи, 1 ширхэг Түмний ундаа зэрэг нийт 164.900 төгрөгийн эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /2хх-96х/,

Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий Дамно ХХК-ийн үнэлгээний тайланд “хэрэглэж байсан үүргэвчийг 16.800 төгрөгөөр, 0,75 граммын эвок архийг 31.000 төгрөг, 0,75 граммын Соёрхол архийг 15500 төгрөгөөр, 0,35 граммын хараа архийг 5200 төгрөгөөр, 2 литрийн хэмжээтэй түмний ундааг 2800 төгрөгөөр, 20 ширхэг тамхийг 50.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-107х/,

           Шүүгдэгч Н.Дын төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-109х/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-105х/,

           Шийтгэх тогтоолын хуулбар /1хх-112-114х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр өсвөр насны шүүгдэгч Н.Д нь 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20 дугаар гудамжинд Н.Ариунболорын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан авч 268.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 580 тоот хашааны гадаа Ч.Нямдэлгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь өмдний халааснаас нь Самсунг эс 6 галакси гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 32-323 тоотод оршин суух А.Алтантуяагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг хулгайлан 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хушт Хангай” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж Т.Нансалмаа, Б.Туяа, П.Бямбаа нарын эд зүйл хулгайлж нийт 221.300 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан, мөн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 2 (хоёр) жилийн хорих ял болгож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.