Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 209/МА2024/00063

 

"*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00649 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч "*******" ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үнэлгээ хүчингүй болгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

... шинжээч "*******" ХХК нь Дархан-Уул аймаг, *******,*******,,, тоот улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 136,729,857 төгрөгөөр үнэлсэн тухай *******ас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 03/69 тоот албан бичгээр мэдэгдсэн. Манай компанийн зүгээс үнэлгээг огт зөвшөөрөхгүй байна.

Учир нь дээрх үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй төдийгүй фейсбүүк болон интернэт орчин дахь хэзээ хэн бичсэн нь мэдэгдэхгүй зарыг шууд харьцуулан авч гаргасан нь үндэслэлгүй, бодит бус болгосон. Мөн тус 4 өрөө орон сууц нь гэрчилгээнд 53 м.кв талбайтай гэж бичигдсэн боловч бодит хэмжилтээр 70 гаруй м.кв талбайтай, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, эмнэлэг, төрийн байгууллагатай ойр буюу байрлал сайтай бөгөөд засвар хийсэн үл хөдлөх хөрөнгө бөгөөд ******* ХХК нь хөрөнгийг маань үнэгүйдүүлж, зах зээлийн ханшнаас доогоор үнэлсэнд гомдолтой байна. Иймд ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. / хх 1-2-р тал/

2. Хариуцагч ын татгалзал, тайлбарын агуулга:

...талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/02 дугаар тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон.

******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 136,729,857 төгрөгөөр тогтоосон талаар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03/70 дугаар албан бичгээр төлбөр авагч ******* ХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/69, 03/71 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал , ******* нарт тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч ******* ХХК нь гаргасан гомдолдоо хураагдсан хөрөнгөд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй тул орон сууц нь гэрчилгээ дээр 53 м.кв талбайтай сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, эмнэлэг төрийн байгууллагад ойр засвар хийсэн ба зах зээлийн ханшнаас доогуур байна гэх тайлбар гаргасан боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлж, дээрх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэгдсэн 53 м.кв талбайтайгаар бус биет хэмжилтээр 73.3 м.кв талбайтайгаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан бөгөөд шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. / хх 33-34-р тал/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******д холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг, *******,*******, 1 хороолол, 7 байрны тоотод байрлах Ү- дугаар бүртгэлтэй 53 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 136,729,857 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээ болж чадаагүй төдийгүй фейсбүүк болон интернэт орчин дахь хэзээ, хэн бичсэн нь мэдэгдэхгүй зарыг шууд харьцуулан авч гаргасан нь үндэслэлгүй, бодит бус үнэлгээ болсон. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ цаг ирэх тусам өсөж байхад “*******” ХХК нь 2024 оны 1 дүгээр сард хөрөнгийг үнэлэхдээ 2023 оны 10 дугаар сарын бодитой эсэх нь тодорхойгүй заруудыг шууд эх сурвалж болгосон.

Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээр оролцсон “*******” ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн “Барилгын үнэ 5-15 хувиар хэлбэлздэг” гэх ямар ч баримтгүй тайлбарыг үндэслэл болгож, дээр дурдсан эх сурвалж нь тодорхойгүй, өмнөх заруудыг үндэслэл болгосон хөрөнгийн үнэлгээг зөвтгөсөн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. /хх-ийн 180/

ХЯНАВАЛ:

   1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

   2.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

   3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн *******д холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “******* ХХК-ийн үнэлсэн үнэлгээ нь бодит үнэлгээ болж, чадаагүй, үнэлгээг фейсбүүк болон интернэт орчин дахь хэзээ, хэн бичсэн нь мэдэгдэхгүй зарыг шууд харьцуулан авч гаргасан нь үндэслэлгүй, бодит бус үнэлгээ болсон... эх сурвалж нь тодорхойгүй, өмнөх заруудыг үндэслэл болгосон хөрөнгийн үнэлгээг зөвтгөсөн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

            Хэргээс судлан үзэхэд:

5.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцож өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар тооцож, биет хэмжилтээр 73,3 мкв талбайгаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэх үндэслэл заан маргасан байна.

6.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2022/01729 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрээр ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох давс бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөр, алданги нийт 141,998,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын ...тооцоо нийлж үндсэн төлбөрийн үлдэгдэл 95,332,000 төгрөгөөс буулгалтын зардалд 6,050,000 төгрөгийг хасаж нийт 89,282,000 төгрөг дээр 10 хувийн алданги тооцож 98,210,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгав. Хариуцагч ******* ХХК нь 98,210,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 12 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 02 сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 03 сарын 05-ны өдөр 38,210,000 төгрөгийг ийн эзэмшлийн ХААН банкны тоот дансанд шилжүүлж байхаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 37-38/

6.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ШЗ2023/00638 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ГХ2023/00080 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон байна. /хх-ийн 35-36/

6.2 Тус гүйцэтгэх баримт бичигт үндэслэн ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч ******* ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх-ийн 39,42,45/

6.3 Төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн /захирлын/ өмчлөлийн Дархан-Уул аймаг, *******,*******, 1 дүгээр хорооллын тоот 53 мкв талбай бүхий орон сууцыг битүүмжилж, хураан, талуудаас үнийн санал авахад өөр өөр үнийн дүнгээр үнэлсэн тул үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Ашид Билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 41,44,57,58/

7.Шинжээч нь маргааны зүйл болох эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ Хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан журмыг мөрдөж, зах зээлийн болон өртгийн хандлагын аргаас  зах зээлийн хандлагын аргыг ашиглан Дархан-Уул аймаг, *******,*******,,, тоот улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 136,729,857 төгрөгөөр үнэлсэн байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан журмыг зөрчөөгүй байна. /хх-ийн 73-83/

8.Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу зах зээлийн хандлагын аргыг сонгож, үнэлгээ тогтоосон, үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, фейсбүүк болон интернэт орчин дахь хэзээ хэн бичсэн нь мэдэгдэхгүй зарыг шууд харьцуулан авч гаргасан нь үндэслэлгүй, бодит бус болсон гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна.

9.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2024/00649 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

      

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ                                                        

                                                 ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА   

                                                                                                               Г.МЯГМАРСҮРЭН