Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 209/МА2024/00064

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/00784 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч "*******" ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* би 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр "*******" ХХК-ийн ерөнхий менежер албан тушаалтай *******тэй Хамтран ажиллах №1 дугаартай гэрээг бичгээр байгуулж, өөрийн эзэмшлийн төв аймаг, Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сэртэн гэх газар байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 15 жилийн хугацаатай, 510 га газрын эзэмших эрхийн 0246081 тоот гэрчилгээг тус компанийн эзэмшилд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлж өгсөн. ******* нь 2019 онд нас барсан ба түүнээс хойш "*******" ХХК нь ******* манай компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй, хамааралгүй, компанийг төлөөлөх эрхгүй хэмээн тайлбарладаг.

Иймээс "*******" ХХК нь миний эзэмшлийн газрыг бодит байдлыг нуух замаар ноцтой төөрөгдөлд оруулж хууран мэхлэх замаар өөрийн эзэмшилдээ авч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дугаар зүйлд Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргаж тус хуулийн 38.2.1 дэх хэсэгт зааснаар нотариатчаар гэрчлүүлсэн эрх шилжүүлэх гэрээг хавсаргах зэрэг хууль зөрчсөн байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг “хууль зөрчсөн”, мөн хуулийн 56.1.8 дахь хэсэг “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байгаа тул талуудын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах №1 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. /1 хх 1-р тал/

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани 2014 онд Төв аймгийн Баянцогт сумын нутагт газар худалдан авч газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр нийт 1060 га газрыг худалдаж авсан.

Тухайн үед нэхэмжлэгч ******* нь Иргэдийн хурлын төлөөлөгч байсан. *******аас 510 га газрыг *******ээр зуучлуулан манай компани худалдаж авсан. Тухайн үед зуучлагч *******, ******* нар найз нөхдийн холбоотой байсан бөгөөд манай компанид нэмж 550 га газрыг нутгийн 10-аад иргэдээс *******аар зуучлуулан бэлэн мөнгөөр худалдан авч, нийт 1060 га газрыг хуулийн дагуу газрын албаар баталгаажуулж шилжүүлж авсан.

Хэрэв бидний дунд маргаантай асуудал байсан бол нэхэмжлэгч ******* нь манай компанийн газар худалдаж авах ажиллагаанд нутгийн иргэдээс газрыг зуучлах ажилд оролцохгүй байсан. *******, ******* нар нь иргэдээс  газрыг үнэ тохирон авч манайд олж өгөн, түүнээсээ тодорхой ашиг олж байсан. Тэгтэл 2023 онд гэнэт шүүхэд хандсан. ******* нь Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр Төв аймгийн Засаг даргатай дээрх газрын маргаанаар заргалдаж манай компани гуравдагч этгээдээр оролцож нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Дээд шатны шүүхэд гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

Тухайн үед *******тэй хийсэн хамтран ажиллах гэрээг хүчингүй гэрээ гээд шүүх дээр мэтгэлцэж байсан. Гэвч энэ гэрээнд гэрч болох цорын ганц хүн болох ******* нь 2017 онд өөд болсон. Мөн дээрх гэрээг харахад Иргэний хуулийн ерөнхий хугацаа дууссан байна. ******* нь *******тэй тухайн үед ямар хэлцэл хийж, юу тохирч байсныг бид мэдэхгүй. Иймд энэ хэрийг хэрэгсэхгүй болгож асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 21-22-р тал/

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын 2012.01.23-ны өдрийн №1 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Миний бие *******ийг “*******” ХХК-ийн бүрэн эрхтэй хүн гэж ойлгож хамтран ажиллах гэрээг байгуулснаар газар эзэмших эрх тус компанид шилжсэн. Улмаар 2015 онд *******ийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан ч 2017 онд нас барсан байсан тул "*******" ХХК-ийн захирал гэх хүнтэй уулзахад талийгаачийг танихгүй, хамааралгүй гэсэн тул залилуулсан гэдгээ ойлгож өөрийнхөө хэмжээнд хууль, шүүхийн байгууллагад хандаж байна.

Бидний хооронд газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй ба нотариатаар батлуулаагүй. "*******" ХХК сумын засаг даргад газар эзэмших эрхийг шилжүүлж авах талаар хүсэлт гаргаж байгаагүй харин компанийн өмнөөс М.Нарангэрэл хүсэлт гаргаж газрын эзэмших эрхийг шилжүүлж өгсөн нь хууль бус гэдгийг ойлгож байгаа ч хууль, шүүхийн байгууллага асуудлыг нэг мөр шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө гэдэгт итгэл алдрахгүй хандсаар байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. /1-р хх 98-р тал/

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

а.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй талаар: ... Анхан шатны шүүх нь *******, хариуцагч “*******” ХХК-ийг итгэмжлэлээр болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, хариуцагч газрын эзэмших эрхийг шилжүүлж авахдаа газар эзэмших гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан эсэх, газрын эзэмших эрх хүлээн авагч хүсэлт гаргасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй,

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т “үүрэг үүсэх үндэслэлийг заасан ба зохигчдын хооронд үүргийн харилцаа огт үүсээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй,

Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж, тус зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж өгнө үү.

...Захиргааны шүүх газрын эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчаа анхнаасаа мэдэж байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахад хамааралгүй гэж үзэж байна.

б.Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах талаар:

...*******ын эзэмшлийн газрыг "*******” ХХК шилжүүлж авч байгаа тохиолдолд талуудын хооронд газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж, талууд тус бүр хүсэлтээ гаргахаар хуульчилсан боловч "*******” ХХК-тай ямар ч хамааралгүй хүнээс шууд түүний эзэмшил рүү шилжүүлсэн нь хуулийг зөрчсөн,

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн ...” мөн хуулийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2012 оны 01 сарын 23-ны өдөр байгуулагдсан №1 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. /1-р хх 99-100-р тал/

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дүгнэлт хийсэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Хэргээс судлан үзвэл:

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан  “*******тэй 2012 онд байгуулсан хамтран ажиллах № 1 дугаартай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.  

4.Хариуцагч "*******" ХХК-н захирал буюу төлөөлөгч ******* ... 2014 онд иргэн н.*******ийн зуучлалаар *******аас газрыг нь худалдан авсан ба Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын 2014 оны А/13 тоот захирамжаар Сарлаг 2-р багийн Сэртэн гэх газарт нэгж талбарын .... дугаар бүхий 3/510 га газрыг 15 жилийн хугацаатайгаар  “*******” ХХК-д эзэмшүүлсэн. Төв аймгийн газрын албанд хоёр талаасаа өр төлбөргүй гэдгээ баталж, мөн газар шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгийг гараар өргөдөл хүсэлт бичиж, газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг хийсэн.

Иймд бидний хооронд ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй юм. ...*******, ******* нар нь иргэдээс газар тариалангийн зориулалт бүхий газрыг үнэ тохирон авч манайд худалдаж авч өгч байсан бөгөөд түүнээсээ тодорхой ашиг олж байсан. ******* 2014 онд иргэдээс манайд газар зуучилж авч өгөөд бидний ажил дууссан.

Тэрээр Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхээр Төв аймгийн Засаг даргатай дээрх газрын маргаанаар заргалдаж манай компани гуравдагч этгээдээр оролцсон, шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. ******* нь манай компанийг удаа дараа гүтгэж, компанийн нэр хүндэд халдан бидний ажилд чирэгдэл хүндрэлийг байнга үүсгэж байна. Тэрээр *******тэй тухайн үед ямар хэлцэл хийж, юу тохирч байсныг бид мэдэхгүй.  Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн  агуулга бүхий тайлбарыг / хх-21/ гаргаж маргасан байна.

5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 1 дугаартай хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

6.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нар  давж заалдах гомдол гаргасан ба  ******* гомдолдоо: миний бие *******ийг “*******" ХХК-н бүрэн эрхтэй хүн гэж ойлгож хамтран ажиллах гэрээг байгуулснаар газар эзэмших эрх тус компанид шилжсэн. 2015 онд *******ийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байсан ч 2017 онд нас барсан байсан тул "*******" ХХК-н захирал гэх хүнтэй уулзахад тухайн хүн талийгаачийг танихгүй, хамааралгүй гэсэн тул залилуулсан гэдгээ ойлгож өөрийнхөө хэмжээнд хууль, шүүхийн байгууллагад хандаж байна. Бидний хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй, нотариатаар батлуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. /хх-98/,

Өмгөөлөгч ******* гомдолдоо:  ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, ...нэхэмжлэгч нь үүргийн харилцааны шинжтэй нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар хандсан үндэслэл, шаардлагад шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл, ******* нь хариуцагч "*******" ХХК-г итгэмжлэлээр болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, хариуцагч газрын эрхийг шилжүүлж авахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2,38.2.1,38.3.1-т заасны дагуу гаргасан эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Зохигчдын хооронд үүргийн харилцаа огт үүсээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д” Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргаж, мөн зүйлийн 38.2.1-т “нотариатаар гэрчлүүлсэн эрх шилжүүлэх гэрээг хавсаргахаар зохицуулсан. Мөн Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн А/187 дугаартай журам батлах тухай тушаалын хавсралтаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” баталжээ. Тус журмын 5.4-р зүйлийн 5.4.2.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээний хуулбар хавсаргахаар заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Батбаатарын эзэмшлийн газрыг "*******" ХХК шилжүүлж авч байгаа тохиолдолд талуудын хооронд газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулж, талууд тус бүр хүсэлтээ гаргахаар хуульчилж заасан боловч ******* ХХК-тай ямар ч хамааралгүй хүнээс шууд түүний эзэмшил рүү шилжүүлсэн нь хуулийг зөрчиж байна.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 “хууль зөрчсөн.......”, мөн хуулийн, 56.1.8дахь хэсэг “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрсөн, хуульд заасан тохиолдолд холбогдох этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байна.
            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2012 оны 01 сарын 23-ны өдөр байгуулагдсан “хамтран ажиллах № 1 дугаартай “гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

7.Хэрэгт  авагдсан хамтран ажиллах гэрээ /хх-4/, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар шийдвэр/хх-23-29/,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 588 дугаар магадлал/хх-30-38/,  ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-40/,  *******-ийн Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргад гаргасан 2014 оны 01 сарын 23 гэсэн огноотой өргөдөл/гар бичмэл/ хх-66/,  ******* ХХК-н захирал А.Батсуурийн Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар/хх-67/  зэргээс үзэхэд :

7.а.Нэхэмжлэгч *******т  анх Төв аймгийн Баянцогт сумын засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 106 дугаар захирамжаар “Сэртэн” гэх  газарт үр тарианы зориулалттай 510 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Улмаар мөн сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/13 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “*******/НИ67051634/-ийн эзэмшилд байсан уг 510 га газрыг “*******" ХХК-н нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэхээр,

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/130 дугаар захирамжаар  “*******" ХХК-н эзэмшлийн тус газрыг “Гурван булаг Агро” ХХК-н нэр дээр шилжүүлж,  ... эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

******* нь Төв аймгийн Баянцогт сумын Засаг даргын дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг  Захиргааны хэргийн  шүүхэд гаргасан байх бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх ...илт хууль бус захиргааны акт” гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Энэхүү  шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  ... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1, 38.3 дахь хэсэгт заасныг  газар эзэмших эрх шилжүүлэгч болон тухайн эрхийг шилжүүлэн авахаар хүсэлт гаргагч нар нь зөрчсөн эсэх  тэднийг буруутгах үндэслэл бий эсэх талаар  зохих дүгнэлтүүдийг хийсэн байна.

7.б.******* нь нэхэмжлэлдээ ... ******* нь нас барсан, "*******" ХХК нь *******ийг тус компанид ажилладаггүй, хамааралгүй, компанийг төлөөлөх эрхгүй хэмээн тайлбарладаг, "*******" ХХК нь ... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 д зааснаар талуудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах № 1 дугаартай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн агуулга илэрхийлжээ.

Хэргийн 4 дүгээр талд  2012 оны 01 дүгээр сарын 23-ны “Хамтран ажиллах гэрээ” № 1 авагдсан байх ба уг гэрээнд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр ******* нь өөрийн эзэмшилд байгаа 510 га газрын эрх шилжүүлэх ... гэж тусгаж, улмаар гэрээнд *******, ******* нар гарын үсгээ  зурсан байна.

8.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж,

Мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг дараах үндэслэлийн аль нэг байвал  дуусгавар болсонд тооцно гээд  480.2.1-480.2.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлийг дурджээ. Тодруулбал, талуудын аль нэг нас барсан/ИХ-н 480.2.3/ үндэслэл нь  хамтран ажиллах гэрээг дуусгавар болсонд тооцно. 

Энэ хэргийн хувьд хамтран ажиллах гэрээний талууд иргэн байх ба нэг нь нас барснаар гэрээний оролцогч тал байхгүй болсон байх тул гэрээ дуусгавар болсонд тооцогдоно.

Иймээс нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар “ Хамтран ажиллах №1 дугаартай гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

9.Харин анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд талуудын хэн аль нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж, мэтгэлцээгүй байтал  анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг баримталсан нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

10.Түүнчлэн нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдолд 5 хуудас бүхий гэрчийг байцаасан тэмдэглэл/хх-101-105/- г хавсаргасан байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байна. 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.

Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар анхан шатны шүүх нь шийдвэрийг анхан шатны шүүх  хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг.

Тодруулбал, анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, тус шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах гомдолд  хавсаргаж ирүүлсэн тохиолдолд  давж заалдах шатны шүүх түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй, хуулиар хориглосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/00784 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар  нэхэмжлэгч *******ын 2012 оны 01 сарын 23-ны өдрийн №1 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ” гэснийг

 “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул  нэхэмжлэгч *******ын 2012 оны 01 сарын 23-ны өдрийн №1 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын  давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

                      

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА                                                             

                                            ШҮҮГЧИД                                    Г.МЯГМАРСҮРЭН                                                                 

                                                                                                       Х.БАЙГАЛМАА