| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0278/Э |
| Дугаар | 292 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 292
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Их тогоруут овогт Батхуягийн Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911005210174 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 11-160 тоотод хаягтай боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-1117в тоотод түр оршин суудаг, урьд 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их тогоруут овогт Батхуягийн Б.Д /РД: ЙЮ94011715/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ яллагдагч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 27-28 ны шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 49 дүгээр гудамжинд шалтгаангүйгээр хохирогч Ч.Сайнбаатарын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Сандуйгийн хувьд урьд нь нөхрөөсөө гадуур өөр хүмүүстэй явдаг байсан үүнийг Батцэнгэл болон бид нар бүгд мэддэг юм. Урьд мөн саарал өнгийн Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуутай явдаг байсан бөгөөд өчигдрийн машинтай залууг байна гэж бодсон, тэр залуутай би буруу ойлголцсоноос болоод зодчихсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-30х/ өгсөн: “...Сандуйгийн хувьд урьд нь нөхрөөсөө гадуур өөр хүмүүстэй явдаг байсан үүнийг Батцэнгэл болон бид нар бүгд мэддэг юм. Урьд мөн саарал өнгийн Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуутай явдаг байсан бөгөөд өчигдрийн машинтай залууг байна гэж бодсон, тэр залуутай би буруу ойлголцсоноос болоод зодчихсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-30х/,
хохирогч Ч.Сайнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр хүмүүс надад хаягаа зааж өгөхдөө Сурагчийн 49-р гудамжаар ороод яваарай гэж байсан... нийт 15 км гарсан ба мөнгөн дүнгээр 15.000 төгрөг болсон Хашааных нь гадаа ирсэн боловч хашаанаас 1 залуу гарч ирсэн бөгөөд 1 хүүхэнтэй нь маргалдаад байсан, гарч ирсэн залуу надаас чи хэн юм гэж асуусан бөгөөд би таксины жолооч байна 15000 төгрөг гарсан гэж хэлтэл хашаанаас дахин өөр нэг залуу гарч ирээд урд талын зорчигчийн суудал дээр суухаар нь хажуу талруу хараад суутал тэр залуу учир зүггүй зүүн талын шанааруу 2-3 удаа цохьсон, өөр мөн нүүррүү нэг удаа мөргөж зодсон... өөрөө буугаад явчихаар нь би шууд хөдлөөд яваад өгсөн... намайг нэг хүн зодсон харвал танина... би такси үйлчилгээнд явсан зардал 15.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,
гэрч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Д ах эрүүл байсан, таксины жолоочийг урд нь Сандуйтай явалдаж байсан эрэгтэй байна гэж бодоод зодчихсон юм шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
гэрч Ц.Сандуйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Д гарч ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод чи хэн юм бэ гэж асуусан чинь таксины жолооч залуу "хэн нь чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлээд Б.Д ахын уур хүрээд тэр залууг нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
гэрч Я.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эхнэртэйгээ маргалдаад байж байтал хашаанаас Б.Д гарч ирсэн. Б.Д таксины жолооч дээр очоод чи хэн юм бэ гэж хэлсэн чинь таксины жолооч ууртай хэгжүүрхсэн байдалтай чамд ямар хамаатай юм бэ би таксины жолооч байна гэж хэлсэн чинь Б.Д нүүррүү нь 1-2 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1825 дугаартай шинжээчийн: " Ч.Сайнбаатарын биед гэмтэл учирсан байна. Зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх, баруун хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамарт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдээс нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэсэн дүгнэлт /хх-ийн 22х/,
яллагдагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлж байсан талаарх баримт /хх-ийн 47-64х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Дыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.Сайнбаатарт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Дд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийн харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Их тогоруут овогт Батхуягийн Б.Дыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дыг 350 /гурван зуун тавин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Дд шүүхээс оногдуулсан нийт 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. хохирогч Ч.Сайнбаатар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ