| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00251/И |
| Дугаар | 251 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.Батсанчир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Мөнхбаатар, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.Батсанчирын нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежид холбогдох 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Жаргалант багийн иргэн Жалайр овогт Батжаргалын Батсанчир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежид сургалтын албаны менежерийн албан тушаалын ажилд томилогдсон. Ингээд ажиллаж байгаад Б/82 тоот тушаалын үндэслэлээр 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс сургалтын менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Гэтэл тус коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаар мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд Мэргэжлийн болон техникийн боловсрлын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн ирүүлсэн тушаал хэрэгжүүлэх чиглэлийн дагуу тантай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.
Монгол Улсын Хөдөлмөрийн яамны 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 3/2430 тоот албан бичигт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллахдаа дараах чиглэлийг анхаарна уу.
1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг захиргаа аж ахуйн болон сургалтын гэсэн 2 албатай болгож, сургалтын албыг сургалтын албаны менежер, захиргаа, аж ахуйн албыг захиргаа хүний нөөцийн албаны менежер тус тус удирдахаар тооцсон тул тухайн албыг /хуучин/ удирдаж байсан сургалтын албаны дарга, захиргаа, аж ахуйн албаны даргыг мөнхүү албадын менежерээр ажиллуулахаар зохион байгуулалт хийх,
2. Дээр дурьдсан зохион байгуулалт хийгдэхтэй уялдуулан танхимийн эрхлэгч, сургалтын менежер нарыг арга зүйч болон бусад сургалтын албанд тохирох албан тушаалд шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийх гэж чиглэл өгсөн байдаг.
Миний хувьд 128 дугаар мэдэгдлийг хүлээн аваад өмнө эрхэлж байсан албан тушаал буюу........албан тушаалд ажиллана гэж ойлгож байсан. Гэтэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б.Батсанчирын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Б/82 дугаар тушаалд байгууллага хамт олны нэр төрд харшлах сөрөг үйл ажиллагааг зохион байгуулж, албан тушаал эрх мэдлээ хувийн зорилгод ашигласан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн байна.
Би өмнө нь сахилгын болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй юм. Иймд 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалын дагуу зохих албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү хэмээн танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Батсанчир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Эвлэрэх ямар ч боломжгүй гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Мөнхбаатар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байхад Хөдөлмөрийн яамны сайдын тушаалдаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Бид нар 2 жил гаран хамт ажилласан. Засгийн газар өөрчлөгдсөнөөр Чинзориг гэдэг сайд ирсэн. Тухайн сайд ирж намайг ажлаас халаад Лувсанвандан гэдэг хүнийг сургуулийн захирлаар томилсон. Тэр үеэс л өнөөдрийн яригдаад байгаа асуудал өрнөсөн. Би өнөөдрийн шүүх хуралдаанд бүх асуудлыг дэлгэрэнгүй ярихыг хүсч байна. Батсанчирыг Лувсанвандан сургалтын менежерийн албан тушаалд томилсон юм байна лээ. Дараа нь захирал солигдож намайг захирал болоход Батсанчир албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд багш ажилчдыг уруу татаж, турхирч хамт олноос гарын үсэг цуглуулсан баримт үйлдсэн. Энэ ажлыг Батсанчир өөрөө зохион байгуулсан гэдгийг тухайн гарын үсгээ зурсан багш, ажилчид нотолж байгаа. 2 хуудас бүхий цаасан дээр багш ажилчидаар гарын үсэг зуруулж авчихаад өөрөө дараа нь түүнийгээ 6 хуудас болгож өөрчлөөд Хөдөлмөрийн яам, аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар өгсөн байсан. Би аймгийн Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Авилгатай тэмцэх газруудад шалгуулсан. Энэ шалгалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэхээр, ямар нэгэн нотцой зөрчил байхгүй гэж дүгнэсэн. Батсанчир сая ярьж байна. 3 багш нийлээд хичээл заасан байхад надад ганцхан арга хэмжээ авсан гэж ярьлаа. Сургуулийн өмч хөрөнгийг дур мэдэн ашиглаж, хэнд ч хэлэлгүйгээр сургалт явуулсан байсан учраас би Батсанчирт арга хэмжээ авсан. Батсанчир ер нь архи уудаг. Болж л өгвөл архи уучихдэг хүн юм. Мөс ачих үед жолоочийн буруугаас болж би хариуцлага хүлээсэн гэж ярьж байна. Гэтэл тухайн мөс ачих үед Батсанчир архи уусан байсан. Манай сургууль шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэсний дараа хэсэг нөхдүүд сургууль дээр ирж шөнөжин архидсан байсан. Тэр нь маргааш өглөө нь сургууль дээр ирэхэд нотлох баримтууд нь үлдсэн байсан. Гадаа хайсан дотор бөөлжсөн, сургуулийн коридор дотор бөөлжсөн, Соёлын танхимд юу болсон юм гэмээр байдалтай байсан. Тиймээс би ажилчидаа дуудан уурлаж загнасан. 48 хүний гарын үсэг цуглуулж зурсан цаасан дээрх олон үгнүүд нь намайг гүтгэсэн байсан. Би тэрийг нь хүн бүрээс асууж нотлуулахаар хүсэлт гаргасан. Шүүхийн зүгээс зарим хүсэлтийг хангасан. Заримыг нь хангаагүй. 44 заалт бүхий 40 хүний гарын үсэгтэй бичигт олон гүтгэлэг байгаа. Хамгийн энгийн 1 жишээг хэлье. Манай номын санчаар ажиллаж байсан Мөнхцэцэг гэдэг хүнийг би ажилд нь авсан. Лувсанвандан ажлаас халсан байхад намайг тэр хүнийг ажлаас халахдаа тэтгэмж өгсөн байна гэж бичсэн байсан. Энэ бол гүтгэлэг. Мөн намайг ямар нэгэн ажил хийх ёс зүйгүй хүн гэж бичсэн байсан. Би тэр талаар нотлуулмаар байна. Ер нь би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана гэж бодож байгаа. Манай сургуулийн чанарын хяналтын ажилтан Энхтайван гэж хүн байдаг. Энхтайван, Батсанчир нар хамт олны хурал дээр пресентаци тавьчихсан. Хүн бүрт нэр хоч өгчихсөн. Бидний нотолсон нотолгоо энэ байна гэж байгаа үйлдлүүд нь хамт олныг хагалган бутаргасан, хамт олны нэр төрд нөлөөлсөн үйлдэл байсан учраас би байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан холбогдох заалтуудыг баримталж тушаал гаргасан. Энэ үйл явдалтай зэрэгцээд манай сургууль дээр Хөдөлмөрийн яамны сайдан 126 дугаар тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийх болсон. Түүнээс өмнө манай сургууль Сургалтын алба, түншлэл олон нийттэй харилцах алба, аж ахуйн гэсэн 3 албатай байсан. Энэ 126 дугаар тушаалаар сургалтын алба, түншлэл олон нийттэй харилцах албыг нийлүүлж сургалтын алба болгоод сургалтын албаны менежер удирдахаар шийдвэрлэсэн юм. Алтанцэцэг гэдэг хүн тухайн үед түншлэл олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолтоор бол сургалтын албаны ажил түншлэл олон нийттэй харилцах албаны ажлаас хасагдаагүй байдлаар заагдсан байсан. Тиймээс Алтанцэцэг би энэ ажлыг хийх ёстой гэж үзэж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүгчийн захирамжаар ажилд нь томилсон.
Б.Батсанчирын хавтаст хэрэгт авагдсан бүсийн арга зүйчээр ажиллаж байхдаа надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсаргасан байна лээ. Тэр гэрээ нь өмнөх ажлынх нь гэрээ юм. Сая гаргаж өгч байгаа гэрээ нь Лувсанвандантай байгуулсан гэрээ нь юм. Би Лувсанвандантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батсанчирыг 2016 оны 11 сарын 27-ны өдөр тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5, мөн хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл 2015 оны 10 сарын 06-ны өдөр 128 тоот мэдэгдэл өгсөн байдаг. Тухайн мэдэгдэлдээ таныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар буюу орон тооны цомхотголоор ажлаас халах гэж байна хэмээн мэдэгдэл өгсөн байдаг. Тэгэхээр энэ нь анхнаасаа ажлаас халахаар төлөвлөгдсөн байсан асуудал байна гэж үзэж байгаа. Ямар үндэслэлээр ажлаас халахаа сайн мэдэхгүй яваад байсан юм бол уу гэж бодмоор зүйл анзаарагдсан. Иймд Б.Батсанчирыг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагаар нь зохих санд нь төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батсанчирыг ажлаас чөлөөлөх тушаал нь нилээд олон зүйл заалтыг үндэслэж гарсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5, 40.1.4, мөс сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтыг үндэслэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээний 6.2.3.ё-д зааснаар байгууллагын нэр төрд харшлах үйл ажиллагаа зохион байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Уг тушаалыг хариуцагч байгууллагын төлөөлөгч дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батсанчир нь Завхан аймаг дахь Политехникийн коллежид холбогдох 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Батсанчир нь Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежид сургалтын албаны менежер-ээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр гэсэн баримтуудаар тогтоогдсон ба зохигч хөдөлмөрийн гэрээний хувьд маргаангүй байна.
Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежийн захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мөнхбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/82 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушааалаар Б.Батсанчирыг сургалтын албаны менежерийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дгээр сарын 20-ны өдрийн 432 тоот захирамж, Хөдөлмөрийн хамт олны дотоод журмын 10.5.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын /ё/ заалтуудыг тус тус баримталжээ.
Гэвч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний зургаа дахь заалт буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүд гэсэн хэсгийн 6.2.3-ын ё-д албан тушаал, эрх, мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж дуусгавар болгоно гэж, мөн хөдөлмөрийн дотоод журмын арав дахь заалтын 10.5.4-д байгууллага хамт олны нэр төрд харшлах зөрчил гаргах, нууц задруулах, хамт олныг хагалган бутаргах сөрөг явуулга явуулах, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн гэрээг шууд цуцалж дуусгавар болгоно гэж заасан байгаа бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болон байгууллага хамт олны нэр төрд харшлах зөрчил гаргах, хамт олныг хагалган бутаргах сөрөг явуулга явуулсан гэсэн үндэслэлээр, мөн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 20-ны өдрийн 432 дугаартай шүүгчийн захирамж зэргийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ.
Хариуцагч нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь албан үүргээ болон захирлаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах заалтыг зөрчиж ноцтой зөрчил гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ...намайг байгууллага хамт олны нэр төрд харшлах сөрөг үйл ажиллагааг зохион байгуулж, албан тушаал эрх мэдлээ хувийн зорилгод ашигласан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн байна. Би өмнө нь сахилгын болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй юм,
хариуцагч нь ...Б.Батсанчир нь 2014 оны 12-р сарын 29-нд ажлын байран дээр зохион байгуулалттай архидсан, мөс ачих ажил хийхдээ архидсан, архи ууж согтуурсан үедээ гар утас руу удаа дараа залган хэрүүл өдөж байсан зэрэг олон үйлдлүүдийг, ...мөн 2013 оны 4-р сарын 15-ны өдрийн 31 тоот тушаалыг ажлын хариуцлага алдаж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн ашиглсан зөрчил гаргаж үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл хүлээж байсан. ...2015 оны 9-р сарын 11-ний өдөр хамт олны хүсэлт нэртэй 8 хуудас 44 хүний гарын үсэгтэй нотлох баримтгүй, хэрүүл, гүтгэлгийн чанартай, хүчинтэй, хүчингүй баримт бичигт тулгуурласан асуулгах, тодруулах, шалгуулах шаардлагатай олон асуудал бүхий бичгийг хүргүүлж улмаар тэр бичгийг аймгийн цагдаагийн газарт, прокурорт хянаж шалгуулсан ба цагдаа, прокурорын байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй ямар нэгэн хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй тул хэрэгсэхгүй болгосон тухайгаа тайлбарласан. Гэтэл дахин шалгуулахаар аймгийн засаг даргад хандсан. Энэ байдал нь байгууллага хамт олны нэр төрд муугаар нөлөөлж, хамт олны сэтгэл зүйд дарамт болж 2 тал болгон талцуулсан байгууллагын үйл ажиллагаа хэвийн явахад хүндрэл учруулаад байна. Энэ байдлыг байгууллага хамт олон нэр төрд харшлах зөрчил гаргаж хамт олныг хагалган бутаргаж сөрөг явуулга явуулсан болох нь нотлогдож байгаа учраас ажлаас халсан гэж тус тус маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг 2014 оны 12-р сарын 29-нд ажлын байран дээр зохион байгуулалттай архидсан, мөс ачих ажил хийхдээ архидсан, архи ууж согтуурсан үедээ гар утас руу удаа дараа залган хэрүүл өдөж байсан зэрэг олон үйлдлүүдийг гаргаж байсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан боловч үүнийг зөрчилд тооцон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тусгаагүй тул энэ тайлбар нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болохгүй бөгөөд нотлох баримтаар ирүүлсэн Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежийн захирлын 2015 оны 12-р сарын 07-ны өдрийн 169 тоот албан мэдэгдэл, мөн 2015 оны 10-р сарын 06-ны өдрийн 128 тоот мэдэгдэл, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06-р сарын 29-ний өдрийн А/126 тоот мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай тушаал зэрэг албан бичгүүд нь тухайлсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бус байгууллагын дарга нарт хүргүүлсэн албан бичиг, тухайн байгууллагын ажилтанд мэдэгдсэн мэдэгдэл зэрэг байна.
Мөн нэхэмжлэгчийг байгууллага хамт олны нэр төрд харшлах сөрөг үйл ажиллагааг зохион байгуулж, албан тушаал эрх мэдлээ хувийн зорилгод ашигласан, хамт олныг хагалган бутаргах сөрөг явуулга явуулах зэрэг үйлдэл гаргасан гэж тайлбарласан боловч тайлбарыг нотолсон баримтгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 27-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоход 11-р сард ажлын 1 хоног, 12-р сард ажлын 22 хоног, 2016 оны 1 сард ажлын 18 хоног, 2 сард ажлын 21 хоног, 3 сард ажлын 22 хоног, 4 сард ажлын 21 хоног, 5 сард ажлын 22 хоног, 6 сард ажлын 21 хоног, 7 сард ажлын 4 хоног нийт ажлын 152 өдрийн олговрыг тооцож олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Батсанчир нь гэрээ байгуулан ажилласан сүүлийн 3 сарын байдлаар 2015 оны 9 сард 960929 төгрөг, 10 сард 960929 төгрөг, 11 сард 692526 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 000252326 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 2614384 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож ажилгүй байсан нийт хугацаа болох 152 хоногоор тооцон /2614384 төгрөг : 3 сар = 871461 төгрөг : 22.2 хоног = 40533 төгрөг х 152 хоног/ нийт 6161016 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 6161016 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 113526 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хєдєлмєрийн тухай хуулийн 128 дугаар зїйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Жалайр овогт Батжаргалын Батсанчирыг Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежийн сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6.161.016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батсанчирт олгосугай.
3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 6.161.016 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Хөдөлмөрийн яамны харьяа Завхан аймаг дахь Политехникийн коллежид үүрэг болгосугай.
4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 113526 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ