Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 209/МА2024/00065

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2024/00799 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: "Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах" тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...******* миний бие *******тай 2012 онд танилцаж, бидний дундаас 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү ******* төрсөн. 2015 оны 03 дугаар сараас бид тусдаа амьдрах болсон.
            ...2018 оны намар хүү *******ийг 5 настай байхад ээж ******* нь надад Солонгос явж ажил хийх боллоо гэж хэлээд хүү *******ийг миний асрамжид орхиод Солонгос яваад 5 жил ирээгүй. Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон гэдгээ надад хэлж байсан.

...2023 оны 6 дугаар сард манай аав нас барж буяны ажил болох үед ******* хотоос ирж надтай уулзаад " Чи хүүгээ олон жил харж хандлаа би Солонгос хүнтэй гэр бүл болсон тэр хүн илүү ам тэжээх дургүй болохоор хүүгээ өөр дээрээ авах боломжгүй байна, чи хүүхдээ харж хандаж өсгөх хэрэгтэй байна, би та хоёрыг орон сууцтай болоход чинь тусалж байрны урьдчилгаа өгье, чи нийгмийн даатгал төлдөг юм чинь ипотекийн зээл аваад төлөөд яв" гэж хэлээд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж 43,864,900 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний бие орон сууцтай болохын тулд 2023 оны 06 дугаар сарын 28-нд Голомт банкнаас 78,318,100 төгрөгийн ипотекийн зээл авч 15 жилийн хугацаатай, сар бүр 721,000 төгрөг төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн *******,*******, тоотод 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авч өөрийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд энэ байрандаа хүүгийн хамт амьдарч байсан.

...2024 он гарснаас хойш ******* над руу утсаар яриад ...очиж байраа авна гэж элдвээр дарамталж мессеж бичиж сүрдүүлдэг болсон. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тог тасраад би гэрээ цоожлоод толгойтод ээжийндээ очиж хонохоор явсан шөнө ******* хүү *******д байсан гэрийн түлхүүрийг аваад манай байранд орсон байсан.

... Би гэр лүүгээ очоод онгойлгох гэтэл цоожны голыг сольчихсон байсан тул гэртээ орж чадаагүй. Миний бие хүүтэйгээ ч уулзах боломжгүй, өөрийн өмчлөлийн гэртээ ч орж чадахгүй айл амьтнаар хоноглож, өөрийн эзэмшлийн орон байрнаасаа хөөгдөж хүнд байдалтай байгаа тул *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг минь чөлөөлж өгнө үү гэжээ. /1 хх 1-3-р тал/

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

******* бид хоёр 2011 оноос хамтран амьдарч дундаасаа хүү *******ийг 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрүүлж хамт амьдарч байхдаа таарч тохирохгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гарган 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхийн 147 дугаартай шүүхийн шийдвэрээр хүү *******ийг эхийн асрамжид үлдээж, эцэг *******оос тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.

...Би Солонгос улсад эмчлүүлэхээр явахдаа ...хүүхдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэсэн учраас төрсөн эцэг *******ын нэр дээр бүртгүүлсэн юм. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******той бэлэглэлийн гэрээг бичгээр хийхдээ гэрээний гол нөхцөлийг тохирч бэлэглэх болсон үндэслэлд: хүү овогтой ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгч байгаа гэж тусгасан юм. Ингээд би *******ын зээл 10,300,000 төгрөгийг мөн байрны урьдчилгаа 33,564,900 төгрөгийг төлөөд Дархан-Уул аймаг, ,,*******,, тоот, 42,22 мкв, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, хоёр өрөө орон сууцыг авч,  тохижилтыг нь бас би өөрөө хийж, нийт 40 орчим сая төгрөгийг зарцуулсан.

...Хүү *******ыг аав нь хоол ундаар гачигдуулж, анхаарал халамж тавиагүй, байрандаа согтуу байдаг, орой болгон эмэгтэй хүн авчирдаг зэрэг хүүхдээ үл хайхрах байдалд байлгаж байсныг нь би том охиноосоо мэдээд Солонгосоос 2024 оны 02 сарын 04-нд Монголд ирээд хүүгээсээ нэг түлхүүр яваад гэртээ орсон.

...Би *******од гомдоод Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаад хүүхдээ асрамжлах явцад хүүхдийнхээ эрхийг зөрчсөн тухай гомдол гаргаж шалгуулсан бөгөөд энэ нөхцөл байдал тогтоогдож *******ыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл ангийн 7 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдаг. Иймд би салсан нөхөр *******од төрсөн хүү *******ийг Монголд байх хугацаанд нь аавтайгаа амьдрах нөхцөл боломжийг нь хангуулах хүсэл зорилгоор өөрийн мөнгөөр байр авч өгсөн учраас чөлөөлж өгөхгүй гэжээ. /1 хх 39-40-р тал/

3.Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

... Бэлэглэлийн гэрээнд заасан нөхцөлийг ******* нь зөрчсөн учраас би бэлэглэлийн гэрээнээсээ татгалзаж байна. Иймд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, байрны өмчлөгчөөс *******ын нэрийг хасуулахыг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ. /1 хх 87-р тал/

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын татгалзал, тайлбарын агуулга:

...******* нь миний байрыг авахын тулд элдвээр гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******гийн бичсэн хүүхдийн эрх ашгийг зөрчиж, хүүхдийг үл хайхран, ...гэсэн гүтгэлгийн чанартай үйлдлүүдийг огт гаргаагүй. Энэ асуудлаар миний бие гэрч асуулгах, зөрчлийн арга хэмжээ авсан баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж өөрийн тайлбарыг нотлох болно. Миний өмчлөлд бүртгэгдсэн, ипотекийн зээлээр худалдан авсан орон сууцыг ******* өөрийн өмчлөлд авах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 99-р тал/

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Дархан-Уул аймгийн *******,*******, тоот, 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 6 сарын 22-ны өдөр байгуулсан 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч *******оос 43,864,900 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, 2 өрөө орон сууцнаас *******ын нэрийг хасуулж *******ий нэр дээр бүртгэл хийлгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 377274 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

6.Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

...Шүүх тухайн орон сууцны талаар гэрээ хийж урьдчилгаа төлж, засвар, тохижилт хийж өгсөн нь бид тусдаа амьдарснаас хойш 8 жилийн дараа байгаа нь зөвхөн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргээ эцэг эхийн хувьд болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа төдий мөн Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.2 "бэлэглэлийн гэрээг тусгай зориулалттай" хийсэн уг болзол, тодорхой зорилго биелэгдээгүйг шүүх анхаарч үзнэ үү.

Хүү *******ий асрамж өөрчлөгдсөн, асрамжтай холбоотойгоор болон эцэг *******ын зээлийн хөрөнгөөр, эх *******гийн урьдчилгаа, засвар, тохижилтын зардал гаргаснаар үнэ цэнэ нь үлэмж нэмэгдсэн орон сууцыг *******, *******ий нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү.

******* нь хүү *******д “орон сууц”-ны зээлээс төлсөн өөрт ногдох хэсэг байгаа гэж үзвэл нэхэмжлэх эрх нээлттэй,

Нэхэмжлэлээ анхан шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж чадаагүй, шүүх хуралдаанд тайлбар гаргуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. /1 хх 190-191-р тал/

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... нэхэмжлэгч ******* нь бэлэглэгч *******тай байгуулсан гэрээнд заасан хүү *******ийг асрамжлах үүргээ хангалттай биелүүлээгүй, өөрийн асрамжид байх хугацаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн насанд хүрээгүй хүүхдийг үл хайхарч бэлэглэлийн гэрээний 4.2-т заасан бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна" гэсэн дүгнэлт хийж бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д "Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн" гэж заасантай шүүхийн хийсэн дүгнэлт нийцээгүй. ...шинэ байранд орох үед хамт олон нь ирж баяр хүргэхэд уг вискиг хувааж уусан байдаг. Энэ үйлдэл нь ялимгүй зөрчил гэж үзэхээс ноцтой үйлдэл гэж үзэх боломжгүй.

******* нь архи ууж, согтууран хүүхдийг загнаж, зодсон, гэр орноос нь хөөсөн элдэв үйлдэл гаргаагүй бөгөөд хүүхдээ 2015 оноос хойш байнга өөрийн асрамжид байлгаж, энэ хугацаанд эцэг хүний үүргээ биелүүлж байсан. Харин хариуцагч өөрөө хүсэлт гаргасныг ******* зөвшөөрч бэлэглэлийн гэрээ байгуулсан.

...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******гийн Солонгос иргэнтэй гэр бүл болсон эсэх, гэрлэлтээ цуцлуулсан эсэх талаар Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулах хүсэлт гаргахад хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох "ноцтой үйлдэл" хийсэн гэж үзэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. /1 хх 195-196-р тал/

ХЯНАВАЛ:


            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах  нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч  хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож дүгнэлт хийгээгүй, талуудын тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлагыг тодруулаагүй зэргээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй  байна.

Хэргээс судлан үзэхэд:

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  *******д  холбогдуулан  түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг, 

Хариуцагч ******* нь *******од холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, байрны өмчлөгчөөс *******ын нэрийг хасуулахыг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж талууд маргажээ. 

4.******* нь нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ : “ бид 2012 онд танилцсан,  бидний дундаас 2013 оны 06 сарын 11-ний өдөр хүү ******* төрсөн. ... бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамт амьдарч байсан бөгөөд таарамжгүйн улмаас 2015 оны 3 сараас тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хүү Г.ийг өөрийн асрамжид авч надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан.2018 оны намар хүү ийг 5 настай байхад Нарантуяа нь Солонгос явж ажил хийх боллоо гээд хүү ийг миний асрамжид орхиод явсан. ... 2023 оны 6 сард   Нарантуяа хотоос ирж уулзаад “чи хүүгээ олон жил харж хандлаа цаашид би Солонгос хүнтэй гэр бүл болсон тэр хүн илүү ам тэжээх дургүй болохоор хүүгээ өөр дээрээ авах боломжгүй байна, чи хүүхдээ харж хандаж өсгөх хэрэгтэй байна. Би та хоёрыг орон сууцтай болоход чинь тусалж байрны урьдчилгаа өгье ,чи ипотекийн  зээл аваад төлөөд яв” гэж хэлээд 2023 оны 06 сарын 22-ний өдөр надтай бэлэглэлийн гэрээ хийж 43,864,90 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн юм.

Миний бие орон сууцтай болохын тулд 2023 оны 06 сарын 28-нд Голомт банкнаас 78,318,100 төгрөгийн ипотекийн зээл авч 15 жилийн хугацаатай, сар бүр 721,000 төгрөг төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн ************** тоотод 42.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авч өөрийн нэр дээр нэг хүний өмчөөр улсын бүртгэлийн ... дугаарт бүргүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд энэ байрандаа хүүгийн хамт амьдарч байсан болно.

Гэтэл 2024 оны 1 сард хүү ий өвлийн амралт дуусаж хичээлдээ орох болоход хүүг Дархан руу ирүүлээгүй, 2 долоо хоног хиртэй хичээлийг таслуулсан, ... хүү-г авч явснаас хойш уулзуулахгүй утсаар ярих гэхээр утсыг нь таслаад, фейсбүүкийг нь устгаад миний бие хүүтэйгээ ч уулзах боломжгүй, өөрийн  өмчлөлийн гэртээ ч орж чадахгүй айл амьтнаар хоноглож өөрийн эзэмшлийн  орон байрнаасаа хөөгдөж хүнд байдалтай байгаа тул *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ./хх-1-3/


            5.Хариуцагч ******* эс зөвшөөрч ... бид 2011 оноос хамтран амьдарч дундаасаа хүү Г.ийг 2013 оны 06 сарын 11-нд төрүүлсэн,хамт амьдарч байхдаа таарч тохирохгүйн улмаас хэд хэдэн удаа салж нийлж байсан сүүлдээ 2014 онд шүүхийн шийдвэрээр хүү ийг эх ******* миний асрамжид үлдээж, эцэг *******оос тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хүү Г.ийг эцэгтэй нь ойр дотно байлгах, мөн би Солонгос улсад биеэ эмчлүүлэх зорилгоор хамгийн сүүлд 2023 оны 09 сарын 30-нд явсан.  ... хүү д зориулж авсан байраа хүүгийнхээ нэр дээр шилжүүлнэ гэж бодож байтал насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэсэн учир төрсөн эцэг *******ын нэг хүний нэр дээр хүүдээ авсан байраа бүртгүүлсэн юм.

... 2023 оны 06 дугаар сарын 22-нд бэлэглэлийн гэрээг бичгээр хийхдээ “ гэрээний гол нөхцөлийг тохирч бэлэглэх болсон үндэслэлд хүү Г.ийг “Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгч байгаа” гэж тусгасан.

Учир нь хүүгээ аавтай нь үлдээхэд ******* өөрийн гэсэн гэр орон байхгүй байсан. Ингээд *******ын зээл 10,300,000 төгрөгийг, мөн байрны урьдчилгаа 33,564,900 төгрөгийг төлөөд Дархан-Уул аймгийн ************** тоотод 42.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Өгөөж Ерөө ХХК-н барьсан барилгаас өмнө нь хүн амьдарч байгаагүй орон сууцыг байрны урьдчилгааг нь төлөөд авсан. Авсныхаа дараа доторх тохижилтыг нь би өөрөө хийж, 40 орчим сая төгрөг тавилга бусад сантехник, засвар бүх зүйлд зарцуулсан.  ... Солонгосоос 2024 оны 02 сард буцаж ирээд хүүгээсээ нэг түлхүүр аваад гэртээ орсон. Хөргөгчид идэх юмгүй, 3 ш лаазтай пиво л байсан, гэр бохир заваан ... байсан. Миний дургүй хүрээд хаалганы цоожны голыг солиод гэрээ цэвэрлээд, ыг оруулаагүй.

Тэгтэл хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх  гэж нэхэмжлэл гаргасан байна. Би бэлэглэлийн гэрээнд хүү ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж гэж нөхцөл тохирч энэ байрыг ын нэр дээр гэрчилгээ авсан, өөрөөр хэлбэл хүүдээ зориулж авсан байр юм.

Би од гомдоод аймгийн Цагдаагийн газарт  хүүхдээ асрамжлах явцад хүүхдийнхээ эрхийг зөрчсөн тухай гомдол гаргаж шалгуулсан бөгөөд энэ нөхцөл байдал тогтоогдож *******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдаг.

Иймд би энэ байрыг чөлөөлөхгүй, хүүдээ зориулж өгсөн байр учраас хүү маань энэ байрандаа амьдардаг  гэжээ./хх-39/

 6.Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ ... миний бие Солонгос улс руу эмчилгээ болон хагалгаа хийлгэхээр явахдаа хагалгааны эрсдэлээ тооцон амжилттай болоо ч уу, үгүй ч үү гэсэн байдлаар бодож хүүгээ өөрийн гэсэн орон байртай болгохын тулд Дархан-Уул аймагт 2 өрөө орон сууц худалдан аваад хүү Г.ий нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авах гэтэл насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн тул эцэг *******той харилцан ярилцаж тохиролцоод нотариатаар бэлэглэлийн гэрээ байгуулан хоёр өрөө орон сууцыг эцэг *******ын нэр дээр болгож гэрчилгээ  гаргуулсан.

Би хүүхдээ орон байртай болгох үүднээс хүний нутагт ажил хөдөлмөр эрхэлж зовж зүдэрч байхад ******* нь байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд гомдолтой байна. Бэлэглэлийн гэрээнд заасан нөхцөлийг ******* нь зөрчсөн учраас би бэлэглэлийн гэрээнээсээ татгалзаж байна.

Иймд 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, байрны өмчлөгчөөс *******ын нэрийг хасуулахыг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ./хх-87/

7.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  эс зөвшөөрч ... миний бие ганц хүү Г.ийг төрсөн цагаас нь ажлаасаа гарч харж асарч хүн болгосон, Нарантуяа эх хүний хувьд хүүгээ харж асардаггүй, ажил бизнес гээд гэрийн бараа хардаггүй хүн байсан. Энэ хүн миний байрыг авахын тулд элдвээр гүтгэж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

...миний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, ипотекийн зээлээр худалдан авсан орон сууцыг Нарантуяа өөрийн өмчлөлд авах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  /хх-99/

8.Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Дархан-Уул аймгийн ************** тоотод 42.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1,280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч *******оос 43,864,900 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, 2 өрөө орон сууцнаас *******ын нэрийг хасуулж, Г.Ганчлгүүний нэр дээр бүртгэл хийлгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533400 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 377274 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор, ... шийдвэрлэсэн байна.

9.Хариуцагч ******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба тэрээр гомдолдоо: ...бэлэглэлийн гэрээний гол нөхцөлийг “хүү Г.ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгч байгаа”  гэж тусгасан.

Гэтэл гэрээний гол зорилго биелэгдэхгүй, эцэг ******* хүүгээ үл хайхран, зарим тохиолдолд эрүүл мэнд, сэтгэл санааны хүчирхийлэлд оруулж байсан учраас би өөрөө хүүхдээ шүүхийн шийдвэрийн дагуу асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх болсон. Ингэснээр бид нарын хоорондын тохиролцоо “бэлэглэлийн гэрээ” буюу болзол тавьж хийсэн хэлцлийн зорилго алдагдсан тул “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд хандсан.

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож буй зорилго нь өмчлөгчийг өөрчлөх, үр дагаврыг бий болгох байсан бөгөөд тухайн орон сууцны нийт үнийн зарим хэсэг урьдчилгааг бүрдүүлснээр *******гийн “хөрөнгө”, мөн *******ын  орон сууцны зээлийн “хөрөнгө “ холилдсон учир хүү Г.ий асрамжийг өөр дээрээ авснаар тоот 2  өрөө орон сууцны өмчлөх эрхийг эх *******, хүү Г. нарт шилжүүлж, ******* маргаж байгаа тохиолдолд өөрт ногдох хэсгээ шаардах эрхтэй байсан гэж үзэж байна.

Яагаад гэвэл анхнаасаа болзол тавьж хэлцэл хийсэн, улмаар хүүхдийн өмнө хэн аль нь тэгш эрх, адил үүрэг хүлээх хуулийн зохицуулалтын дагуу ******* нь миний хүүгийнхээ өмнө хийх үйлдлийг хязгаарлах эрхгүй болно.

Шүүх бидний хийсэн хэлцлийг “Бэлэглэлийн гэрээ” гэдэг үгийн утгаар харж мөн чанар, хүүхдийн өмнө хүлээсэн адил үүрэгтэй холбон үзсэнгүй, хуульд зааснаар үр дагаврыг тооцон үзээгүй, үр дагаврыг хэрхэн арилгахыг заагаагүй, уг гэрээгээр үүссэн хөрөнгийг бүхэлд нь *******ын өмчлөлд үлдээсэнд гомдолтой.

Бодит байдал дээр уг байрны  үнийг бүрдүүлэхэд хэн аль нь оролцсон, хөрөнгө нь байгаа тохиолдолд *******, *******, хүү Г. өмчлөгч болж, хүү-г насанд хүрэхэд шилжүүлэн өгөх нь эцэг,эхийн үүрэг, шударга зарчимд нийцэх байжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ./хх-190/

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдолд: ... шүүх, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасантай шүүхийн дүгнэлт нийцээгүй. Учир нь хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зөрчлийн шийтгэл ногдуулсан нь ноцтой үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

******* нь архи ууж согтууран, хүүхдийг загнаж, зодсон,гэр орноос нь хөөсөн элдэв үйлдэл гаргаагүй бөгөөд хүүхдээ 2015 оноос хойш байнга өөрийн асрамжид байлгаж,энэ хугацаанд эцэг хүний үүргээ биелүүлж байсан байдаг.

Шүүх, нэхэмжлэгчийн зүгээс *******гийн Солонгос иргэнтэй гэр бүл болсон эсэх, гэрлэлтээ цуцлуулсан эсэх талаар Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулах хүсэлт гаргахад хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа болно. Хариуцагч ******* нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шалтаг хайж Цагдаагийн байгууллагад хандан хүүхдийн эрхийг зөрчсөн шалтгаанаар гомдол гаргасан нь урьдаас төлөвлөсөн үйлдэл байсан гэдэг нь түүний шүүхэд гаргасан тайлбаруудаас харагддаг.

Нэхэмжлэгчийн зүгээс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох “ноцтой үйлдэл” хийсэн гэж үзэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож *******оос 43,864,900 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. /хх-195/

11.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас  үзвэл:  Зохигч нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “бэлэглэлийн гэрээ”- байгуулагдсан, уг гэрээний зүйл нь 43,864,900 төгрөг, үүний 10,300,000 төгрөг нь цалингийн зээл хаахад зарцуулах, 33,564,900 төгрөг нь орон сууцны урьдчилгаа төлбөрт зарцуулна гэж гэрээнд тусгагдсан, нийт 43,864,900 төгрөг бэлэг хүлээн авагч *******ын дансанд шилжүүлсэн/хх-11/,

******* нь 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Б.Даваасамбуу гэгчтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг ,17-р хорооол 408 дугаар байрны тоот, 42.22 м.кв талбай бүхий орон сууцыг, 111,883,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон/хх-12/, улмаар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Голомт банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 78,318,100 төгрөгийн зээлийг ипотекийн 6 хувийн хүүтэй, 156 сарын хугацаатай авч, мөн өдрөө Ипотекийн гэрээ-г Голомт банктай байгуулсан/хх-14-24/,

*******ын нэр дээр ... тоот хаягт байршилтай,42.22 м.кв талбайтай,хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдэж, түүний нэрээр  Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон/хх-84/ гэх үйл баримт тогтоогдсон, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй.

Харин ******* нь *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  ******* эс зөвшөөрч, орон сууцыг хүүхдэдээ зориулж авсан, хүү байрандаа амьдардаг, байрыг чөлөөлөхгүй гэж  маргасан байна.

Дээрх маргааны улмаас хариуцагч ******* нь “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулах, байрны өмчлөгчөөс *******ын нэрийг хасуулахыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү ” гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болжээ.

12.Хэргийн 11 дүгээр талд  “Бэлэглэлийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээний 1.1-д гэрээний зорилго нь бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд мөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино., гэж, 3.1-д Бэлэглэх болсон үндэслэл: өөрийн хүү Г.ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад нь зориулж өгч байгаа болно гэж тус тус заажээ.

13.Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ: ... ******* нь бэлэглэлийн гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн учраас бэлэглэлийн гэрээнээсээ татгалзаж байна гэсэн атлаа ...бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, ... өгнө үү гэж /хх-87/, 

******* нь анхан шатны шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцсон байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... хүү *******д байр авах зорилгоор бэлэглэлийн гэрээ хийж 43,864,900 төгрөг бэлэглэсэн, харилцан ярилцаж тохиролцоод байрны урьдчилгааг хүүдээ хөрөнгө оруулалт хийгээд байр авсан.  Бэлэглэлийн гэрээ нь тусгай зориулалтаар хийсэн гэрээ хүүхдийн ирээдүйд амьдралын баталгаа болгож байр авч өгсөн. Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулаад,байрны өмчлөлөөс *******ын нэрийг хасуулж, улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү, ... гэж /хх-174/,

Шүүх хуралдаан даргалагч хариуцагч *******гаас бэлэглэлийн гэрээний 43,864,900 төгрөгийг буцаан авах эсэх талаар тодруулахад тэрээр цалингийн зээлд төлсөн 10,300,000 төгрөгөө буцаан авна, харин байрны урьдчилгаанд төлсөн 30 хувь болох 33,564,900 төгрөгөө авахгүй, ******* гэсэн нэртэй гэрчилгээг ******* болгож солиулах хүсэлтэй гэж/хх-175/,

Мөн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэвээрээ юу гэх асуултад  хэвээрээ, байрны эзэмшигч *******ийг  болгуулна гэж,

бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн 43,864,900 төгрөгөө *******оос нэхэмжилж байгаа юу гэх асуултад   “үгүй” гэсэн хариултуудыг тус тус  өгсөн байдаг/хх-176/

14.Хэрэгт авагдсан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан талуудын тайлбар, талуудаас тодруулсан асуулт, хариулт зэргээс дүгнэвэл : хариуцагч ******* нь ... бэлэглэлийн гэрээнээс татгалзаж байна,  гэрээг хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бус-д тооцуулах  гэж янз бүрээр тусгасан, мөн ийнхүү тайлбарладаг.

Гэвч сөрөг нэхэмжлэл гаргасан санаа зориг нь  гагцхүү бэлэглэлийн зүйлээ /43,864,900 төгрөг/  буцаан авахад бус, бэлэглэлийн гэрээний гол нөхцөл, үндэслэл нь хүү *******ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгсөн учир  *******ын нэр дээрх Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хүү Г.ий нэрийг давхар бүртгүүлэх   гэсэн агуулгатай гэж  ойлгогдож байна. 

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ-г хүчин төгөлдөр бус-д тооцуулах, хүчингүй болгуулах, гэрээнээс татгалзах зэрэг нь өөр өөр үр дагаврыг бий болгодог.

Улмаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, нэг талын хэлцэл бөгөөд ямар тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох талаар Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-280.1.2-т тусгайлан зохицуулсан.

Хариуцагч нь  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон зорилго, хүсэл зориг нь юу болохыг тодруулаагүй, тухайлбал,  бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл бэлэг хүлээн авагч хийсэн гэж  бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах,  эсхүл  тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэсэн, тодорхой болзол, зорилгыг биелүүлээгүй гэж гэрээнээс татгалзаж буй эсэх  зэргийг тодруулаагүй, энэ талаар талуудыг  мэтгэлцүүлж  сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой болголгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх  үндэслэлтэй байна. 

15.Иймд талуудын гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн хэрэгт дүгнэлт хийж,  эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн тул хэргийн талуудын хэн алины давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар  сарын 12-ний өдрийн 135/ШШ2024/00799 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар  давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 533,400 төгрөг, нэхэмжлэгчээс  төлсөн 377,274 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.  

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

                    

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА                                                        

                                            ШҮҮГЧИД                                    Г.МЯГМАРСҮРЭН  

 

    

                                                                                                       Х.БАЙГАЛМАА