| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0292/Э |
| Дугаар | 309 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 309
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Л.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Гичгэн овогт Лувсанбатын Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911007840355 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Авто терминал ХХК-нд автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 524 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гичгэн овогт Лувсанбатын Л.Г/РД: УУ89052736/,
Шүүгдэгч Л.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Гнь 2019 оны 3 дугаар сарын 01-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 524 тоотод хохирогч Б.Билгүүний нуруунд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь "нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий" хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Авто терминал трейд ХХК-ны бааз дээр хамт ажилладаг Аюуш ахтай тааралдаад ойр зуурын юм яриад зогсож байтал Л.Гбааз дээр ирж таараад Аюуш ах бид хоёр Гантөмөрийн машинд суугаад 9 дүгээр дэлгүүрийн ахмадын байранд байдаг Аюуш ахын байрны гадаа 0,5 литрийн Хараа архи 1 шил, 2,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй 2 ширхэг пиво хувааж ууцгаасан. Архи, пиво ууж байгаад Л.Гбид хоёр маргалдаад эхэлсэн гэсэн. Яг юунаас болж найз Гантөмөртэй маргалдсан болон Гантөмөрийг түрүүлж толгой, зүүн талын шанаа руу нь цохисноо санахгүй байна. Л.Гхаанаас хутга гаргаж ирээд миний зүүн талын дал руу хутгалж гэмтээснийг ч санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/
Гэрч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Бид гурав авсан архи пиво уугаад сууж байтал Билгүүн, Л.Гнар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тухайн үед нэг хүний талаар ярьж байснаа Билгүүн би чамаас түрүүлж танина гэсэн чинь Л.Гби чамаас эхэлж таньдаг болсон гээд л маргалдаад байсан. Л.Ггартаа хутга барьчихсан Билгүүний зүүн талын дал хэсэг рүү хутгалж гэмтээсэн. Энэ асуудал маш хурдан болоод өнгөрсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/
"...Би босоод дундуур нь ороод салгасан. Тэгсэн Л.Гсууж байгаад гал тогооны өрөөний шургуулганаас хутга аваад барьчихсан Б.Билгүүний зүүн талын дал хэсэг рүү нь хутгалж гэмтээсэн..." гэх мэдүүлэг /хх-68-69х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2975 дугаартай дүгнэлт: "... Б.Билгүүний нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, болон бусад бичгийн нотлох баримтуудаар Л.Гнь 2019 оны 3 дугаар сарын 01-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 524 тоотод хохирогч Б.Билгүүний нуруунд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь "нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий" хөнгөн хохирол учруулсан гэх дүгнэлт /хх-ийн 53х/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8х/, Цэргийн төв эмнэлгийн 2019 оны 3 дугаар сарын 02-ны шөнийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51-52х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Г-ийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн иштэй 1 ширхэг хутга нь энэ хэрэгт хамааралтай баримт байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гичгэн овогт Лувсанбатын Г-ийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Г-ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Л.Г-ийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 нэг ширхэг ягаан өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл усгах комисст шилжүүлж устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ