| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00146/И |
| Дугаар | 140/ШШ2016/00252 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2016/00252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч байгууллагын төлөөлөгч В., гуравдагч этгээд Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн н д холбогдох Б. намайг Завхан аймгийн сумын ......... ажилд томилуулж тушаал гаргуулахыг Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мягмарцэрэнд даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Завхан аймгийн Идэр суманд төрж, өссөн. 2011 онд Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын сургуулийн номын сангийн ангид элсэн орж 2015 онд тус сургуулийг номын санч мэргэжлээр төгссөн.
Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мягмарцэрэнд 2015 оны 04 сард, 6 сард ажилд мэргэжлийн дагуу ажилд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл гаргаж байсан ба өргөдлүүдийг хууль журмын дагуу шийдвэрлээгүй. Өргөдөл өгөх болсон шалтгаан нь нэгдүгээрт номын санчийн мэргэжлээр төгсөх ба төгссөн, хоёрдугаарт Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн номын санч О.Нарантуяа тэтгэвэрт гарсан байсан учраас номын санчийн сул орон тоо байна гэж үзсэн.
...Тэгээд Идэр сумын Засаг даргын захирамжаар Идэр сумын Соёлын төвийн номын санчийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд би уг сонгон шалгаруулалтанд орж тэнцсан боловч Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мягмарцэрэн нь одоо хүртэл номын санчийн ажилд томилохгүй байгаад гомдолтой байна. Би албан ёсны сонгон шалгаруулалтанд нийтэд зарлагдсаны дагуу орж тэнцсэн юм.
Иймд Б.Энхцэцэг намайг Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн номын санчийн ажилд томилох тушаал гаргуулахыг Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мягмарцэрэнд даалгуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь номын санчийн ажилд томилуулахыг даалгуулах тухай юм. Энхцэцэг нь номын санчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжил эзэмшсэн. Түүнийхээ дагуу ирээд Идэр сумын Засаг даргын зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Тэгээд Идэр сумын Соёлын төвд ажилд орох тухай хүсэлтээ өгсөн боловч тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүй удаж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Идэр сумын Соёлын төвд мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа талаар зохих байгууллагуудад нь хандсан. Ингэж хандсны эцэст сонгон шалгаруулалт зарлаж Энхцэцэг тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн учраас тухайн ажлын байранд томилогдон ажиллах боломжтой гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мягмарцэрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Б.Энхцэцэг гэдэг хүн 2015 оны 06 сарын 19 хавьцаа өргөдөл өгсөн. Түүнээс өмнө энэ ажлын байранд ажиллах сонирхолтой гэсэн нэг өргөдөл ирсэн. Баярмаа 2014 онд томилогдоод 2015 онд дахиж томилогдсон юм. Учир нь Засаг дарга намайг 1 хэсэг ажилгүй болгосон. Тэр хугацаанд мөн Баярмааг ажлаас нь чөлөөлсөн. Тэгээд эргээд 2015 онд буцааж ажилд нь томилсон. Буцааж ажилд нь томилох болсон шалтгаан нь 2012 оны 12 сард Соёлын дээд сургуульд хүсэлт тоот өгсөн байсан юм. 2012 онд О.Наранчимэг 2013 онд тэтгэвэртээ гарах хүсэлт гаргаж энэ оны төсөвт суулгая гэсэн учраас Баярмаа энэ орон тоон дээр ажиллах хүсэлтээ гаргасан учраас хамтран ажиллах гэрээ байгуулж тухайн сургуульд хүсэлт гаргасан юм. Дээд харъяалагдах газрууд нь Баярмааг эчнээгээр сурч байгаа гэдгийг мэдээгүй байсан юм. Тэгээд би бичиг тоотууд явуулсан учраас Баярмаа үргэлжлүүлээд ажиллаад явж байгаа юм гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баярмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Намайг энэ ажилд томилогдон ажиллахаар ирэхэд Энхцэцэг сургуулиа төгсч ирээгүй байсан. Би 2012 оны 09 сарын 28-ныд Соёлын төвийн даргаар тодорхойлолт авч Соёлын дээд сургууль руу явуулж энэ сургуульд суралцах хугацаандаа Засаг даргатай уулзахад залуу гэр бүлээ дэмжиж байна. Нэг ч гэсэн залуу гэр бүл сумдаа ирээд ажиллах гэж байгаа учраас ажиллах нөхцөл боломжоор хангана гэж хэлж байсан. Намайг ажилд ороход надаас өөр өргөдөл хүсэлт өгсөн хүн байгаагүй. Намайг ажилд орсны маргаашаас эхлэн Энхцэцэг тэтгэвэрт гарсан Наранчимэг гэдэг хүнтэй хамт засаг дарга нартай ярилцаж дээд албан тушаалтнуудаар хөөцөлдөж номын санчийн ажилд орох гэж улайрч байсан учраас би маш их дарамттай ажиллаж байна. Өмнө нь ажиллаж байсан Наранчимэг нь одоо хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Шүүхийн шийдвэрээр албадан ажил хүлээлцүүлэх шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр очиход ээжийн бие муу байгаа гээд ажлаа хүлээлгэж өгөөгүй. Наранчимэг нь ажлаа хүлээлгэж өгөхгүй номын фондын түлхүүр өгөхгүй байгаа учраас ард иргэд ч мөн хохирч байгаа. Энхцэцэг нь анх Соёлын төвийн эрхлэгчид өргөдөл хүсэлт өгч байгаагүй гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвд холбогдуулж Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн номын санчийн ажилд томилуулж тушаал гаргуулахыг хүсчээ.
Шүүх, хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн байгууллагын төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн гаргасан Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвд холбогдох Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн номын санчийн ажилд томилж тушаал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б.Энхцэцэг нь 2011 онд Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын сургуулийн номын сангийн ангид элсэн орж 2015 онд тус сургуулийг номын санч мэргэжлээр төгссөн. Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мягмарцэрэнд 2015 оны 04 сард, 6 сард ажилд мэргэжлийн дагуу ажилд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдөл гаргаж байсан ба өргөдлүүдийг хууль журмын дагуу шийдвэрлээгүй. Өргөдөл өгөх болсон шалтгаан нь нэгдүгээрт номын санчийн мэргэжлээр төгсөх ба төгссөн, хоёрдугаарт Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн номын санч О.Нарантуяа тэтгэвэрт гарсан байсан учраас номын санчийн сул орон тоо байна гэж үзсэн.
...Тэгээд Идэр сумын Засаг даргын захирамжаар Идэр сумын Соёлын төвийн номын санчийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд би уг сонгон шалгаруулалтанд орж тэнцсан боловч Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мягмарцэрэн нь одоо хүртэл номын санчийн ажилд томилохгүй байгаад гомдолтой байна гэж маргажээ.
Завхан аймгийн Идэр сумын Соёлын төв нь 2015 оны 06-р сарын 12-ны өдрийн А/16 тоот тушаалаар М.Баярмааг тус сумын соёлын төвийн номын санчийн ажилд томилсон байна.
М.Баярмаа нь Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа болох нь 2016 оны 01-р сарын 01-ний өдөр байгуулсан 01 тоот хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэтэл Б.Энхцэцэг нь Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн номын санчийн ажилд томилуулж, тушаал гаргуулахыг Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчээс шаардсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байна гэж үзлээ.
Хэдийгээр Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга Идэр сумын Соёлын төвийн номын санчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж тус сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг номын санчийн ажилд томилох ёстой гэсэн засаг даргын болон бусад албан газруудын мэдэгдэл, шаардлага тус сумын Соёлын төвийн эрхлэгчид хүргэгдэж, улмаар сонгон шалгаруулалт явуулж байсан хэдий ч үүнээс өмнө М.Баярмаа Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн номын санчийн ажилд орох хүсэлтээ өгч бэлтгэгдэж, улмаар хамтын гэрээ байгуулсан байна. Хамтын гэрээнд тусгагдсанаар М.Баярмаагийн ажлын байр хадгалагдаж байхаар талууд тохиролцсон байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн номын санчийн ажилд томилуулж тушаал гаргуулахыг Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгч В.Мягмарцэрэнд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ