Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 318

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

улсын яллагч Э.Бадрал,

өсвөр насны шүүгдэгч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ю.Энхтуул,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Харчин овогт Батхуягийн Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911005910299 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 82 дугаар гудамж 1187 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Батхуягийн Б.Э /РД: УТ01270590/,

 

Холбогдсон хргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Өсвөр насны яллагдагч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Тэнгис" кино театрын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэнг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун хөмсөг, хамрын уг нуруу 2 нүдний доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэнгис кино театрын урдуур явж байхад манай найз Учралыг үл таних эрэгтэй мөрөлсөн. Тэгхээр нь би нөгөө хоёр хүүхэдрүү харсан чинь яагаад муухай хараад байгаа юм бэ гэж хэлсэн. Энэ үед нөгөө хоёр хүүхдийн нэг нь хүрч ирээд яасан бэ ахын дүү гэж асуусан. Тэгэхээр нь би тэр залууд хандаад чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Энэ үед нөгөө хоёр хүүхдийн нэг нь манай найз Нямдоржийн куртикнээс зуураад авахаар нь нөгөө хүүхдэд хандаад чи яагаад байгаа юм бэ гэж дахин хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхэд нь чи яасан гэнээ ахын дүү гээд миний хамар орчим нэг удаа мөргөчихөөд дахиад нүүр орчим гараараа 2-3 удаа цохисон. Ингээд энэ үед Тэнгис кино театрын зогсоолын ах гарч ирээд салгасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 8-10х/,

гэрч Т.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд эргээд харсан чинь улаан өнгийн куртик өмссөн банди нь яасан юм бэ ямар нэгэн асуудал байна уу гэж хэлсэн. Тэгхээр нь би яасан гэнээ гээд өөдөөс нь очсон чинь урдаас алхаж ирээд та нар яах гээд байгаа юм бэ гэсэн. Энэ үед найз Б.Э яах гээд байгаа юм бэ зүгээр яваач гэж хэлэхэд чи одоо юу гээд байгаа юм бэ гээд Б.Эруу анх мөрлөсөн залуу нь дайрсан. Харин надруу улаан куртиктэй залуу нь дайрсан.... тэгээд дагаад хүрээд ир булан тойроод зодолъё гэсэн. Тэгсэн чинь Б.Э яах юм бэ чи дараа нь гомдол гаргаад бөөн юм болно гэсэн чинь ямар ч асуудал байхгүй гээд хувцасаа тайлаад шидээд байсан. Тэгсэн чинь Б.Э ямар нэгэн асуудал байхгүй бол учраа олъё гээд хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-11-12х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2203 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “-Б.Тэмүүлэнгийн биед хамар ясны хугарал, баруун хөмсөг, хамрын уг нуруу, 2 нүдний доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 22х/,

насанд хүрээгүй гэрч Р.Ононгийн мэдүүлэг /хх-ийн 15х/, өсвөр насны яллагдагч Б.Эын мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд өвөр насны шүүгдэгч Б.Эыг хуувийн таарамжгүй харьцааны улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэнг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч эх Ю.Энхтуул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 300.000 төгрөгийг өсвөх насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэгээс хүлээн авасан, цаашид гомдолгүй гэсэн утга бүхий баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Энболдод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасныг журамлан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Өсвөр насны шүүгдэгч Харчин овогт Батхуягийн Б.Эыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт 3 /гурав/ цагаар хийлгэж, биелүүлэхээр тогтоосугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ