Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2017/01323/и |
Дугаар | 001/ХТ2017/01323 |
Огноо | 2017-11-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2017/01323
ШХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00773 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1144 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: ШХХК
Хариуцагч: НХХК
497.670.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
ШХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2015-04-06-ны өдөр НХХК-тай тохиролцож 01 тоот гэрээ байгуулж Спрут экстра нэрийн 107сая төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис, 2015-06-03-ны өдөр 03 тоот гэрээ байгуулж Спрут экстра, Скарлег, Форвард, Лорнет, Овсюген экспрес, Зингер нэрийн 440 540 000 төгрөгийн нийт 547 540 000 төгрөгийн бодисыг нийлүүлсэн. Урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30 хүртэлх хувийн төлбөрийг гэрээ байгуулах үед авахаар тохиролцож үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 2015-11-01-ний төлж дуусгахаар тохиролцсон. ШХХК ургамал хамгааллын бодисыг нийлүүлсэн. НХХК 2015-11-01-ний өдөр үлдэгдэл төлбөр 383 278 000 төгрөг төлөхөөс 331 780 000 төгрөг төлөөгүй. Иймд хариуцагчаас 331 780 000 төгрөг, алданги 165 890 000 төгрөг нийт 497 670 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдан авсан хор гербицид зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй хирнээ үр дүн, үйлчлэл муу байсан. НХХК нь 2013 оноос ургамал хамгааллын хор гербицидийг ШХХК-иас худалдах-худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. 2013, 2014, 2015 онуудад нийт 1 203 840 000 төгрөгийн хор гербицид худалдан авсан ба 866 244 000 төгрөгийг төлсөн. 2013 онд 3000 га талбайд тосны ургамал тариалж 1604 тн ургац хураан авсан. НХХК нь тариалалт, ургамлын арчилгаа хор цацалтыг цаг тухайд нь хийж байхын тулд “Вагнер ази лизинг” ХХК-иас 240 сая төгрөгийн үнэтэй өндөр үр бүтээлтэй хор цацагч худалдан авсан. Хос үрийн талт хог ургамлын эсрэг хор болох лорнетийг 1 га-д 0,4 л-ээр тооцон цацсан бөгөөд үйлчилгээ муу байснаас ургацын хэмжээ буурсан. Мөн 1800 га талбайд хийсэн боловч талбай хог ургамалд баригдаж үр дүн муутай байсан.Үүнийг бид хор цацагчаас шалтгаалж байна гэж үзэж 2014 онд “Гацуурт” ХХК-иас нэмж хор цацагч 94,3 сая төгрөгөөр худалдан авч ажилласан. Ингээд 2014 онд тариалах талбай болон уриншийн хэмжээгээ нэмэгдүүлсэн ба урьд жил ашиглаж байсан ШХХК-иас 2014 онд нийт 515 гаруй сая төгрөгийн хор гербицид авсан. 2014 онд 4800 га-д тосны ургамал, 1200 га-д улаанбуудай тариалсан ба 3600 га-д уринш хийн зориулалтын хор цацсан. НХХК мөн л цаг хугацаанд нь хор гербицидээ цацсан боловч үр дүнд хүрч чадалгүй ургац алдсан. Ургац бидний намрын төлөвлөсөн хэмжээнээс хэт доогуур байсан. 3 жил дараалан ургац алдаж төлөвлөсөн ургацаа авч чадаагүйгээс манай компани санхүүгийн хүнд байдалд орж 2015 онд худалдан авсан хор гербицидийн төлбөр болох 547,9 сая төгрөгөөс 216,16 сая төгрөгийг төлж өнөөдрийн байдлаар ШХХК-д 331 780 000 төгрөгийн өртэй байна. Бусад аж ахуй нэгжүүд манай компанийг бодвол үнэтэй хор гербицид хэргэлдэггүй боловч 2015 онд 1 га-аас хураан авсан ургацын хэмжээгээр манайхаас илүү байгаа нь ШХХК-иас худалдан авсан хорны үйлчлэл муу байгаатай холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. 497 670 000 төгрөгийг төлөх боломжгүй санхүүгийн хүнд байдалд байна. 2016-11-25-ны өдрийн байдлаар Голомт банк, Капитрон банк, “Магнай трейд” ХХК, Тариалалтыг дэмжих сан, Гацуурт ХХК-д өр зээлтэй байгааг бөгөөд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд дээрх өр төлбөртэй холбоотой барьцаанд авагдсан. ШХХК-иас худалдан авсан хор, гербицидыг зах зээлийн ханшаар нь тооцож төлөх хүсэлтэй байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүгээр Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00773 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар НХХК-иас 497 670 000 төгрөгийг гаргуулж ШХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ШХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 646 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НХХК-иас 2 646 300 төгрөгийг гаргуулж ШХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1144 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00773 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч 331.780.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин алданги 165.890.000 төгрөг төлөхөөс чөлөөлүүлэхийг хүссэн. Газар тариалангийн үйлдвэрлэл цаг агаараас шууд хамааралтай байдаг ба 2015, 2016 онуудад бидний үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн нутгаар цаг агаар тааламжгүй байж бороо хур муутай, халалт маш их байж 1 га талбайгаас авах ургацын хэмжээ эрс муудаж зарим талбайд ургац алдаж санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж их хэмжээний өр төлбөр хуримтлагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх алдангийг багасгах үндэслэлгүй гэж үзлээ. Хариуцагч тал өөрийн санхүүгийн хүнд байдалд орсон, төлбөрийн чадваргүй байдлаа нотолж өр, зээл, шүүхээр явж байгаа хэргийн баримтуудаа бүгдийг нь нотлох баримтаар өгсөн байгаа нь алдангийн хэмжээг буруулах, алдангаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэл болохгүй гэдэг нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 232.8-г буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-г зөрчиж хариуцагч талын санхүүгийн хүндрэлтэй байдалд орсныг нотлох баримтуудыг үнэлж үзэлгүйгээр улам хүнд байдалд оруулсан. Иймд алдангийг хасаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
ШХХК нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 331.780.000 төгрөг, алданги 165.890.000 төгрөг нийт 497 670 000 төгрөг гаргуулахыг /хх1/ шаардаж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ болон 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 2 ширхэг, 2015 оны 06 дугаар сарын 08, 14-ний өдрийн 2 ширхэг нийт 4 ширхэг зарлагын баримтуудыг /хх6/ үндэслэл болгожээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу алданги төлөхийг зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №1 гэрээгээр НХХК нь ургамал хамгааллын бодисыг 107 400 000 төгрөгөөр худалдан авах, үнийн 30% буюу 32 220 000 төгрөгийг төлөх, үлдэх 70% буюу 75 180 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна. Түүнчлэн, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №2 гэрээгээр ургамал хамгааллын бодис 440.540.000 төгрөгөөр худалдан авах, 30 хувийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөх, үлдэх 70 хувь буюу 308 540 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.
Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээг хоёр шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Гэрээний зүйлийг худалдагчид бүрэн хүлээлгэн өгсөн тухай ШХХК-ийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ дээр маргаан үүсгээгүй, төлөхийг зөвшөөрсөн байна. Иймд Н ХХК-с 331.780.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.
2. Нэхэмжлэлийн үндэслэл болсон хоёр гэрээний 4-ийн “б”-д “... төлбөрийн үлдэх 70%-ийг 2015.11.01-ний өдрийн дотор төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 %-ийн алданги... төлнө...” гэснээс үзвэл зохигчид нийт 383.720.000 /75.180.000+308.540.000/ төгрөгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон бөгөөд ШХХК нь 331.780.000 төгрөгийн 50%-р тооцож 165.890.000 төгрөг алдангид шаардсан байв.
Худалдан авагч гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйлийн үнийг төлөөгүй байх тул худалдагч алданги шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг үндэслэн хариуцагчаас алданги гаргуулсан нь буруу биш байна.
Харин анзын хэмжээг багасгаж болох нөхцөл байдал байгааг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай болсон гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №2 дугаар гэрээний 2-ын 1-д зааснаар ШХХК нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор спрут экстра, скарлет, форвард, лорнет,овсюген эскпрес, зингер бодисуудыг нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч форвард, лорнет, овсюген эскпрес бодисыг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, зингер бодисыг мөн сарын 14-ний өдөр худалдан авагчид хүлээлгэн өгсөн /хх 6,ар тал/ буюу нэхэмжлэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэхээр байна. Харин хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаа өөрийн эдийн засгийн чадавхтай холбож тайлбарлан, баримтыг гаргаж өгсөн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
Иймд хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн шаардсан алдангийн хэмжээг 50 хувь багасгаж хариуцагчаас алдангид 82.945.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
3. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулсан 497.670.000 төгрөгийн үнийн дүнг бичгээр алдаатай буюу “... дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун талан мянган...” гэж бичсэн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 331.780.000 төгрөг, алданги 82.945.000 төгрөг нийт 414.725.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1144 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00773 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...497 670 000 /дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуун талан мянган/ төгрөгийг ...” гэснийг “...414.725.000 төгрөг ...” гэж, “...Н ХХК-с 2.646.300 /хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж ...” гэснийг “...Н ХХК-с 2.231.035 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 987.400 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ