Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0496

 





 

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0496

Улаанбаатар хот

 

 

Б.О-н нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч М.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, С.Э, өмгөөлөгч Ч.Л, Б нарыг оролцуулан,  Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, Б.О-н нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурал, тус хурлын даргад тус тус холбогдох, захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.8, 23дугаар зүйлийн 23.10, 23.14, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Б.О-н Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын дарга, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн иргэдийн Нийтийн хуралд холбогдуулан гаргасан “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч Б.О нь Хайлаас багийн үндсэн иргэн, нөлөөллийн бүсэд ээж хамаатан садангийн хамтаар амьдардаг. 

Хайлааст багийн иргэдийг төлөөлж Заамар Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажилладаг. Нэгжийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд сумын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг 12.1.7-д эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж зохицуулсан. 

Хурлын явцад Б.О нь Заамар сумын иргэдийн Хуралд Хайлааст багийг төлөөлж сонгогдсон төлөөлөгч гэдэгтэй маргаагүй. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.О нь төлөөллийн бүсэд амьдардаг гэдгийг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт заагдсан. 

Маргаан бүхий БИНХ-ын товыг хурлын өдөр мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцож чадаагүй. 

Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэл нь багийн иргэнээс гадна сумын иргэдийн төлөөлөгчөөр ажилладаг....гэдгийг нотолсон атлаа шүүгч Б.О-г шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Ц.Мөнхцэцэг, Г.Даариймаа, З.Аптанцэцэг нарын... ирц хангасан хуралдаан болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч иргэн оролцоогүй хурлыг нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна     гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүх эрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ гэдэг нь нотлох баримтыг харилцан хамааралд нь цогцоор нь судалж, үнэлэхийг ойлгох бөгөөд нотлох баримтын талаар бусад баримттай уялдуулж үнэлгээ өгөх, баримтууд нь бие биенээ /үгүйсгэж байгаа эсэх талаар шүүх дүгнэлт өгч, үнэлэх үүрэгтэй. 

Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зохицуулсан байтал шүүгч Д.Зоригтбаатар гуравдагч этгээд, хариуцагч БИНХ-ын дарга эрчүүдэд хөтлөгдөн нотлох баримтыг гуравдагчид ашигтай байдлаар буруу үнэлсэн.

Б.О-н шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах хуулиар зохицуулсан эрхийг тус хуралд оролцсон эсэхээс үл хамаарч, оролцсон бол нэг саналын эрхтэйгээр оролцох боломж бүхий нэхэмжлэгч гэж нэхэмжлэх эрхийг хязгаарласан, хуулийг буруу тайлбарласан.

Шүүхийн зүгээс маргаан бүхий актыг хянахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж тухайн ИНХ-ын тогтоолыг хууль бус гэж дүгнэх эрх зүйн үндэслэлгүй байна гэж маш ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн.

Тогтоох хэсэгт МУЗЗНДУТХ-ийн 23.10. ирц, 23.14. дэг, 25.10. олонхын санал, 25.4. зэрэг баримталсан байдаг. Хэрэгт хурлын ирцийн талаар маш их зөрүүтэй, маргаан дагуулсан баримт, тэмдэглэл байдаг. Баг нь 713 өрхтэй. Хэрэгт 110, 177, 178, 158 хүний  гэсэн олон зөрүүтэй тоо байдаг. 

Гэтэл шүүгч 110 хүний ирцтэй, ирц хангалттай гэсэн дүгнэлтийг ямар нотлох баримтад тулгуурлан яаж үндэслэн тогтоосон нь ойлгомжгүй. Мөн хурлын ирц бодит байдал дээр МУЗЗНДУТХ-ийн 23.10-т заасан ....4 өрх тутмаас....гэсэн зохицуулалт үйлчлэх ёстой атал хариуцагч БИНХ-ын дарга Батцэцэгийн ирцийн талаар гэсэн тоог шууд хүлээн авсан ирц хангалттай хурал байсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт  хийсэн.

Шийдвэрийн тус хурал нь олонхийн саналаар шийдвэр гаргадаг онцгой эрхтэй байх учир тухайн хуралд нэг саналын эрхтэйгээр оролцох нэхэмжлэгч дангаар бусад адил тэгш эрхтэй оролцогчдийн олонхийн саналаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.... гэсэн ойлгомжгүй дүгнэлт нь нөлөөллийн бүсэд амьдардаг Б.О, орон нутгаа төлөөлж сонгогдсон төлөөлөгч Б.О-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн дүгнэлт болсон гэж үзэж зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах боломжийг хангаж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн Нийтийн хурлаас гаргасан маргаан

бүхий актын улмаас нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул БИНХ-д холбогдох үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байх хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг бусад үндэслэлд дурьдагдсан БИНХ-ын даргад холбогдох үйлдэл, бусад эрхийн асуудлаар маргаан бүхий актад холбогдуулан дүгнэлт хийснээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн тухайд:

 Хэрэгт БИНХ-ын хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, хуралдааны бичлэг авагдсан. 17 хуралдааны тогтоол хууль бус болохыг тогтоосон нотлох баримтууд хангалттай байгаа.

дарга асан Д.Баянмөнх, БИНХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хулан хуралдааны тэмдэглэл, тогтоолыг гуравдагч этгээд нэг өдрийн дотор өөрөө шивж, гарын зуруулан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн шийдвэр гаргуулсан талаар ярьж лйн өөрөө удирдах ёсны бие даасан байдалд шууд халдсаныг нотолсон.

Хариуцагч БИНХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хулан тухайн хурлыг хууль бус болсон гэдэгтэй санал нэг байна ард иргэдийнхээ хүсэл сонирхлын үндсэн дээр хууль ёсны зүйлийг бий болгоё гэж байгаа... гэж 17-р хуралдааны тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай дүгнэлт үгээ шүүхэд хэлсэн. Б.О болон бусад хэдэн хүмүүсийг бидний дуу хоолой болоод өгөө гээд ганц үлдсэн тохойгоо аваад үлдье гэж тухайн захиргааны актын улмаас БИНХ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар хангалттай мэдүүлсэн байтал шүүгч нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй гэсэн хууль ёсны зарчимд үндэслээгүй шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт МУЗЗНДТУТХ-ийн 8.1, 8.2-ийг баримталсан. Энэ заалтууд бодитоор зөрчигдсөн байтал үүнийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. оох хэсэгт тус хуулийн 17.8.8-ийг мөн үндэслэсэн байна. Энэ заалтын хүрээнд БИНХ-д асуудлаа дээд шатны байгууллагад уламжлах эрхийг зохицуулсан зохицуулалт. 

Сумын ИТХ-д асуудлаа уламжлаагүй, бүрэн эрхэд нь халдаж захирагдах, засаглах журмыг ин, өмнө гарсан шийдвэрийг хэрхэн яаж шийдвэрлэх эсэхийг хэлэлцэлгүйгээр иргэдийн саналыг хууль бус аргаар авсан БИНХ-ын Д.Баянмөнхийн үйлдлийг шүүх зөвтгөн дүгнэсэнг буруутгаж байна. Захиргааны акт эрх зүйн зөрчилтэй байсанг зөвтгөх үндэслэл болохгүй.

Ингэж шүүх хуралдаан зохион байгуулсан албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагаанд дүгнэлт өгөлгүй өөрийн үзэмжээр өөрөөр хэлбэл хэт нэг талд үйлчилж асуудалд хандаж нэхэмжлэг иргэний  эрх зүй, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөгүй болох нь тогтоогдож байх тул гэж дүгнэлт хийсэнг буруутган үзэж байна. 

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан  дүгнэлт хийхийг хүсээгүй шүүгчийн ашиг сонирхолд автсан  гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэх эрхгүй этгээд байсан бол анхнаасаа нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БИНХ-ын 17-р хуралдааны тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр нь шуурхай, тасралтгүй байж, үндэслэл бүхий, бодит байдалд тохирсон, тодорхой байх зарчмыг хангаагүй болох нь тогтоогдож, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийг судалж, нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай болох нь нотлогдмогц Б.О-н эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэсэн дүгнэлт хийсэн. Гуравдагч этгээд БИНХ-ыг амлалтаар өнгөлөн далдалж хүссэн тогтоол, тэмдэглэлийг дур зоргоороо бичиж БОАЖЯаманд өгч өөрт ашигтай шийдвэр гаргуулсан байхад шүүх ийм дүгнэлт хийсэн нь хачирхалтай. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх бүрэн үндэстэй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр утга найруулга, агуулгын болон хууль хэрэглээний алдаатай илт нэг талд байгаа тухайд:

Шийдвэрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйл дээр байгууллага, иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан .. гэсэн ойлгосонгүй.

Бүтэн 3 цаг гарангийн бичлэгээс шүүх танхимд зөвхөн гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хэлсэн 5 секундийн үгийг онцгойлон харуулсан.

Үүнийгээ шүүхийн шийдвэртээ оролцогчийн олонхийн саналаар төслийг дэмжсэн талаар шийдвэрлэж, хэлэлцүүлэгч орсон аж ахуй нэгжүүдээс талархал илэрхийлж байгаа, гэж оруулж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримт үндэслэлгүй болох нь ашигтай байдлаар хянан шийдвэрлэх эрхийг шүүгчид олгоогүй. Тэгш байх шударга байх, хууль нийцсэн байх зарчим энэ шийдвэрт тусгалаа олсонгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг зөрсөн тухайд:

Шүүгч 5 гэрчүүдийг тус тусад нь асуухаар хуульд зохицуулсан. Гэтэл гэрчүүдийг асуугаад танхимд байлган дараагийн гэрчийг дуудан оруулж дэргэд нь асуусан.

Засаг дарга иргэдийн Хурлын даргын удирдлагад ажилладаг гэрчүүд дарга нарынхаа үгэнд хөтлөгдөн, айж эмээн илт худал мэдүүлэг өгч байсан.

 

Шүүгчийн захирамжааар гэрчээр асуугдах ёстой байсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Жалгандулам шүүхэд БИНХ-ын даргын үйл ажиллагааг илт шүүмжилсэн.

Гуравдагч этгээдтэй маргалдсан. Гэтэл гуравдагч этгээд гэрч асуулгах хүсэлтээсээ шууд татгалзсаныг шүүх хүлээн авч хэргийг үйл баримтыг тодорхойлох ач холбогдолтой гэрчийг хууль бусаар хэргээс хасч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Төв аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү “ гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянав.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0010 дугаартай шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож,  хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагаа “...Д.Баянмөнх нь дур мэдэн хурлын хэлэлцэх асуудлыг жагсааж хуралд оруулсан, ... дур мэдэн тогтоол гаргасан, ... тусгай зөвшөөрлүүдийг тогтоолдоо дур мэдэн нэмж оруулсан, санал хураахад 110 хүн дэмжиж, дийлэнх олонх нь буюу 200 хүн дэмжээгүй, гэтэл хурлын дарга Д.Баянмөнх нь хууль зөрчин тухайн компанийг дэмжин хууль бус шийдвэр гаргасан, ... тэргүүлэгчдийн гарын үсэггүй тогтоол гаргасан” гэх нөхцөл байдлыг  дурьдаж, дээрх шалтгааны улмаас иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хууль ёсны болж чадаагүй гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заажээ. Маргаж буй тогтоолоос үзвэл “Эко Алтан Заамар” ХХК-ийн MV-007712, MV-007713, MV-020479, MV-018995, MV-020115 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Баянгол, Их тохойрол, Говь металл” нэртэй талбайн байгаль орчин нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөрийг дэмжсүгэй”  гэж шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байна. 

Иймд таван тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөрийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн байх ёстой. 

Хэрэгт тухайн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын 3 тэмдэглэл авагдсан байна. 1 дүгээрт нэхэмжлэлд хавсаргаж өгсөн /1 хавтас 7-13 дугаар хуудас/ тэмдэглэлээс үзэхэд эхлээд ... багийн иргэдийн Нийтийн Хурлаас 4 асуудал хэлэлцэнэ гэж танилцуулсан, улмаар хэлэлцэх асуудлын 2 дугаар асуудал болж  “Эко Алтан Заамар” ХХК-н MV-07712, MV-07713 ... гэсэн асуудлыг хэлэлцэхээр оруулсан байна. Бичигдсэн тэмдэглэлийн агуулгаас үзэхэд “Эко Алтан Заамар” ХХК-ийн ажлыг дэмжихээр санал хураахад 178 иргэн оролцоод, 113 хүн дэмжиж, 68 эсэргүүцсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасныг үндэслэвэл тухайн санал дэмжигдээгүй гэж ойлгогдож байна. /Талууд маргахгүй байгаа, хуралдаанд анх ирж ирцээ бүртгүүлсэн 315 хүнээс тооцон үзвэл/.

Үүний дараа дахин санал хураалт явагдсан гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд 178 хүн дэмжсэн, 45 хүн татгалзсан гэж тэмдэглэгдсэн байна.

2 дугаарт  хэргийн 1 дүгээр хавтас 48-53 дугаар талд авагдсан тэмдэглэлээс үзэхэд таван асуудал хэлэлцэхээр оруулсан, “Эко Алтан Заамар” ХХК-ийн MV-07712, MV-07713 тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцээд, улмаар “Улз гол” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцээд, уг асуудлыг хэлэлцэж дуусаад дараа нь буцаад дахин “Эко Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хэлэлцэж мэт дараалал харагдаж байна.  

Гэтэл хурлын тэмдэглэлийн агуулгаас үзэхэд “Эко Алтан Заамар” ХХК-н 2 тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцээд, дараа нь “Улз гол” ХХК-ийн асуудлыг хэлэлцсэн байна. Түүний дараа /өөрөөр хэлбэл “Улз гол” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцээд дараа/ нь дахин “Эко Алтан Заамар” ХХК-ийн үлдсэн 3 тусгай  зөвшөөрлийн тухай хэлэлцсэн гэж баримтгүй байна.

3 дугаарт хэргийн 2 дугаар хавтас 133-137 дугаар талд авагдсан хурлын тэмдэглэлээс үзэхэд тухайн хуралдаанаар 4 асуудал хэлэлцэхээр танилцуулсан болох талаар тэмдэглэсэн байна. 

Санал хураалтын дүнг 110 дэмжсэн, 56 хүн эсэргүүцсэн, орхиж гарсан 144 хүнийг нэмж тооцвол 200 хүн эсрэг санал өгсөн гэж тэмдэглэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд “аж ахуйн нэгжийн танилцуулга хийсэн” гэдгийг “хэлэлцсэн” гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасанд дүгнэлт өгөөгүй байна. 

Өөрөөр хэлбэл тухайн асуудал уг хуралдаан дээр гэнэт танилцуулагдсан болох нь тухайн асуудлыг хэлэлцэх эсэх талаар маргаан гарч улмаар санал хурааснаар илэрч байна. 

 Энэ үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнэхийн тулд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасан байх бөгөөд хуралдааны дэг баталсан Тогтоолыг зайлшгүй гаргуулан авч дүгнэлт хийх шаардлагатай байна. Уг дэгээр яаралтай горимоор асуудал оруулж хэлэлцүүлж болох эсэх, энэ тохиолдолд иргэдийн олонх дэмжвэл тухайн хурлаар хэлэлцэхээр төлөвлөөгүй ямар ч асуудлыг хэлэлцэж болдог эсэх, энэ талаар хэрхэн зохицуулсан эсэх талаар дүгнэх боломжтой.

Нэхэмжлэгчийн зүгээс “Эко Алтан Заамар” ХХК-тай холбоотой 07 дугаар сарын 18-ны өдрийн 14, 15 дугаар тогтоол нь багийн Иргэдийн Нийтийн хурлаар ороод дэмжигдээгүй байдаг. Үүнийг үндэслээд яамнаас дэмжээгүй, сүүлд Багийн иргэдийн Нийтийн Хурлаас “Эко Алтан Заамар” ХХК”-ийн MV-007712, MV-007713, MV-020479, MV-018995, MV-020115 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Баянгол, Их тохойрол, Говь металл” нэртэй талбайн байгаль орчин нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөрийг дэмжсүгэй”  гэж шийдвэрлэсэн гэхээр яамнаас “Эко Алтан Заамар” ХХК-ийг дэмжсэн байсан, иймд багийн иргэдийн Нийтийн Хурал дэмжих эсэх нь үр дагавартай гэж, харин гуравдагч этгээдийн зүгээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцсэн асуудал нь захиргааны акт биш, ... Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т есөн үндэслэл заасан байгаа. Мөн зүйлийн 8.4.8-д “...төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл...” байна гэж заасан. 

Энэ нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний бүрдүүлбэр хэсэг байсан. Үүний бүрдүүлбэр хэсэг захиргааны акт болж чадахгүй гэж маргаж байна. 

Иймд анхан шатны шүүх захиргааны акт мөн эсэх талаар, хэрэв мөн гэж үзэж байгаа бол тэр тухайгаа тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

Учир нь 5 дугаар хуудсанд авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13/7144 дугаартай албан бичигт “...Дээрх төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно. 

Үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөс Заамар сумын Хайлааст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, Багийн иргэдийн Нийтийн Хурлын 17 дугаар тогтоол болон бусад асуудлыг харгалзан үзээд нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжих шийдвэр гаргасан байна” гэж тэмдэглэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх “Шүүх хуралдаан товлон зарлах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 123/ШЗ2019/0002 дугаартай шүүгчийн захирамж, “Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгах тухай” 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШТ2019/0010 Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, “Шүүх хуралдаан хойшлуулж, хүсэлт шийдвэрлэх тухай” 2019 ны 02 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШЗ2019/0064 дүгээр шүүгчийн захирамж, хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт шүүгч гарын үсэг зурах, шүүхийн тамга дарах зэргээр ёсчлох шаардлагатай байна.

Мөн түүнчлэн өмнөх хуралдаанаар дэмжихгүй санал өгч шийдвэрлэсэн байхад яагаад дахин багийн иргэдийн Нийтийн Хурлын зарлан хуралдуулсан болох, хуралдаанаар Хэлэлцэх асуудалд уг асуудлууд яагаад орж байгаа болох, энэ нь хууль ёсны эсэх, үүнд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ашиг сонирхол нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0010  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

              

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Д.БАТБААТАР

              ШҮҮГЧ                    Н.ХОНИНХҮҮ

              ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР