Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 159/2023/0007 |
Дугаар | 001/ХТ2023/0065 |
Огноо | 2023-10-09 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2023/0065
C.Б-ийн нэхэмжлэлтэй,
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын
Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Э.Бадамдорж
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0336 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.А нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 319 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч С.Б нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар С.Б-ийг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, багийн Засаг даргын албан тушаалд томилсон тухай захирамж гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон тухай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшиж олонхын санал авсан С.Б-ийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар, нэр дэвшигчийн материалыг сумын Засаг даргад хүргүүлж ажиллахыг иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/76 дугаар албан бичгээр тус сумын 2 дугаар багийн иргэн Д.Б-ны сонгуулийг хууль бус болсон гэх гомдлын дагуу Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр тогтоолыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасныг үндэслэн татгалзаж байгаа тул тус хуралдааныг бүхэлд нь хүчингүйд тооцож, 14 хоногийн дотор багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлаж, багийн Засаг даргыг сонгох, явуулах тухай албан бичгийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн Хурлын зөвлөлд хүргүүлсэн байна.
2.2.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар албан бичигт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/89 дүгээр албан бичгээр хариу хүргүүлж “... багийн харьяалалгүй иргэн санал өгсөн талаар нэр дэвшигчээс гомдол гаргасан тул С.Б-ийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтын хүрээнд татгалзаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтын дагуу 2022 оны 05 дугаар сарын 06-ны дотор багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлж материал ирүүлэх талаар дурджээ. С.Б-ийг багийн Засаг даргаар томилуулахаар дахин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр албан бичгийг Засаг даргад хүргүүлсэн, Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэгч шүүхэд хандан маргажээ.
3.Нэхэмжлэгч С.Б нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т зааснаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтад иргэн Д.Б-тай өрсөлдөн 179 хүний санал авч 53,9 хувийн олонхын саналаар ялалт байгуулсан тул тус сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор С.Б намайг багийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн. Гэтэл сумын Засаг дарга нь намайг багийн Засаг даргаар томилох захирамж гаргаагүй байж 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/32 дугаар захирамж гаргасан... Хуульд заасан журам, болзол шаардлагыг зөрчиж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/38 дугаар захирамжаар багийн Засаг даргад Д.Б-ныг томилсон. Намайг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2022 оны Б/32 дугаар захирамжийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Л хянан үзээд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/528 дугаар захирамжаар хүчингүй болгож, удаа дараа албан тоотоор захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар сумын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
4.Хариуцагч Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1.“... Бэлчир 2 дугаар багийн Засаг даргад С.Б-ийг нэр дэвшүүлэн санал авахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг зөрчин Цагааннуур сумын өөр багийн харьяалалгүй иргэдийг санал хураалтад оролцуулсан гэсэн гомдлын дагуу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасан “дээд шатны дарга нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэснийг үндэслэн Засаг даргыг томилохоос татгалзан дахин нэр дэвшүүлэхийг 2022 оны 1/76, 2023 оны 01/13 дугаар албан бичгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд санал хүргүүлсэн боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй. Дахин нэр дэвшүүлж сонгогдон, иргэдийн гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд хуулийн хүрээнд шийдвэрлэх болно.
4.2.С.Б нь ажлын цаг бүртгүүлдэггүй, ажлын байраа лацдаад орхидог, ажлын байр, тамга тэмдэг, тоног төхөөрөмжөө түр орлон гүйцэтгэгчид шилжүүлж өгөөгүйгээс 2022 оны жилийн эцсийн хүн малын тоо, тооллогын ажил удааширч саатсан, статистик мэдээ, мэдээллийн ажил тасалдсан багийн хүн амын бүртгэлийн сангийн кодыг өөрчлөн нэвтрэх боломжгүй болгосон зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйн доголдол, төрийн үйлчилгээний залгамж чанарыг алдагдуулсан, ... зэргээс үзэхэд энэ хүнд миний зүгээс ажилгүй байсан үеийн эрүүл, мэнд, нийгмийн даатгал, цалинг нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна. Иргэн Д.Б-ныг багийн Засаг даргаар түр томилсон 2022 оны Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ өдрөөс хойш нэхэмжлэгчид цалинг нь олгож байна ...” гэжээ.
5.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1. ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.1, 56.5.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшигч нарыг тодруулж, санал хураалтын дүнгээр олонхын санал авсан С.Б-ийг багийн Засаг даргаар томилуулахаар Зүүнбүрэн сумын Засаг даргад албан ёсоор уламжилсан үйл ажиллагаа хууль зөрчөөгүй.
5.2.Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7, 56.8-д зааснаар Зүүнбүрэн сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сард хоёр удаагийн албан бичгээр нэр дэвшигч С.Б-ийг Засаг даргаас томилохоос татгалзаж байгаагаа илэрхийлж, дахин санал хураалт явуулж олонхын санал авсан нэр дэвшигчийг Засаг даргаар томилуулахаар дахин уламжлахыг дурдсаныг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй, хуульд зааснаар нэр дэвшигчийг нэг удаа татгалзах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна.
5.3.Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь энэ тохиолдолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8, 56.5-д заасан журмаар дахин санал хураалт явуулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад дахин уламжлах учиртай байтал хуульд заасан дээрх ажиллагааг хийлгүй сумын Засаг даргад “дахин санал хураалт явуулах шаардлагагүй” гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй. Иймд хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0336 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд:
6.1.Анхан шатны шүүх хариуцагчийг хуульд заасан нэр дэвшигчийг нэг удаа татгалзах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг заалт нь “Засаг даргын албан тушаал улс төрийн албан тушаал болохынх нь хувьд дээд шатны Засаг даргад томилохоос татгалзаж болно” гэж тусгайлан сонгох боломж олгосон зохицуулалт юм. Харин “санал хураалт хууль бусаар явагдсан” гэх иргэний гомдолтой холбоотойгоор нэр дэвшигчийг томилоогүй асуудлыг дээрх заалтаар зохицуулаагүй. Учир нь нэгэнт санал хураалт хууль бусаар явагдсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийг холбогдох Хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хууль ёсоор нэр дэвшүүлсэн этгээд гэж үзэхгүй тул томилох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл дээд шатны Засаг даргад хуулийн дагуу нэр дэвшээгүй этгээдийг томилох, эсхүл татгалзах гэсэн сонгох боломж эдлэх үндэслэлгүй.
6.2.Хэрэгт авагдсан баримт, тайлбараар хариуцагч нь тухайн иргэний гомдолд дурдсан санал хураалт хууль бусаар явагдаж, олонхын санал аваагүй хүнийг нэр дэвшүүлсэн болохыг тогтоогоогүй атлаа зөвхөн иргэн гомдол ирүүлсэн гэх шалтгаанаар иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлж ирүүлсэн С.Б-ийг томилохоос татгалзсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
6.3.Мөн баримтуудаас үзвэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс анх хүчингүй болгуулахаар шаардсан 2022 оны Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгосон, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/528 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн 2022 оны Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд үүнтэй холбоотойгоор 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэгчид цалин бодогдож эхэлсэн нь тогтоогдож байна. Хариуцагчийн нэхэмжлэгчийг чөлөөлж, өөр этгээд томилсон тушаалууд тус тус хүчингүй болсноор ажлаа үргэлжлүүлэн эрхэлж байх тул хууль бус захирамжуудын улмаас учирсан хохирол буюу нэхэмжлэгчийн бодитой ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй ...” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, өмгөөлөгч Г.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
7.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлд “Засаг дарга, түүнийг томилох”, 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”...гээд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурлаар Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг тусгасан. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн Засаг даргаар олонхын санал авсан С.Б-ийг томилуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас сумын Засаг даргад уламжилсныг дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-ын “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэсэн заалт нь дээд шатны Засаг даргад 1 удаа олгосон бүрэн эрхийн асуудал ба магадлалд тусгасан “санал хураалт хууль бусаар явагдсан” гэх иргэний гомдолтой холбоотойгоор нэр дэвшигчийг томилоогүй асуудлыг зохицуулахгүй гэсэн заалт байхгүй юм.
7.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... 3ахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ... үүрэгтэй ...” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс санал хураалт хууль бусаар явагдсан эсэхийг шалгах ажиллагааг явуулаагүй нь хариуцагчийг буруутгах шууд үндэслэл болохгүй гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал ба хариуцагчаас санал хураалт хууль бусаар явагдсаныг нотолсон эсэх талаар тодруулаагүй.
7.3.Засаг дарга нь улс төрийн албан тушаал учраас доод шатныхаа Засаг даргыг нэг удаа томилохоос татгалзах эрхтэй ба Хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “...” гэж тодорхой заасан байхад санал хураалттай холбоотой асуудлыг зохицуулахгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Нэхэмжлэгч “хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
10.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
11.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг журамласан бөгөөд 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.”, 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно.” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл, Хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасан дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайдын “татгалзах эрх”-ийг хэрэгжүүлэх нөхцөл нь мөн хуулийн 56.5 болон 56.6 дахь хэсгээр хязгаарлагдахааргүй байна.
12.Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийн агуулга нь “хуулийн дагуу нэр дэвшсэн хүнийг л (хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд хуульд заасан журмын дагуу нэр дэвшсэн) томилох эрх бүхий этгээд Засаг даргаар томилно”, өөрөөр хэлбэл “хуулийн дагуу нэр дэвшээгүй этгээдийг томилж болохгүй” гэсэн санааг илэрхийлж байна. Харин 56 дугаар зүйлийн 56.7 нь бие даасан зохицуулалт бөгөөд уг хэсэг дэх “тухайн” гэх үгийг 56 дугаар зүйлийн 56.6-тай холбож тайлбарлах боломжгүй.
13.Дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгийн зохицуулалт нь захиргаанд “сонгох боломж” олгосон бөгөөд уг эрхийг зөвхөн хуулийн дагуу нэр дэвшсэн этгээдийн хувьд хэрэгжүүлнэ, харин хууль бусаар нэр дэвшсэн этгээдийн хувьд хэрэгжүүлэхгүй гэж тайлбарлах нь хууль зүйн агуулгын хувьд зөрчилтэйгөөс гадна захиргааны эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлахад хүргэнэ. Тодруулбал, 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хууль бусаар нэр дэвшсэн этгээдийг захиргаа томилохгүй байх үүрэгтэй, харин энэ үүргээ өөрийн “сонгох боломж”-ийн хүрээнд хэрэгжүүлэх эсэх нь түүний эрх юм. Иймд хуулийн уг зохицуулалтын дагуу дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайд Засаг даргад нэр дэвшигчийг нэг удаа татгалзах эрхтэй.
14.Гэтэл давж заалдах шатны шүүх “... нэгэнт санал хураалт хууль бусаар явагдсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийг Хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хууль ёсоор нэр дэвшүүлсэн этгээд гэж үзэхгүй тул томилох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл дээд шатны Засаг даргад хуулийн дагуу нэр дэвшээгүй этгээдийг томилох, эсхүл татгалзах гэсэн сонгох боломж эдлэх үндэслэлгүй ...” гэж хуулийн агуулгыг явцууруулан тайлбарласан нь үндэслэлгүй.
15.Мөн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нь хуулийн дагуу нэр дэвшсэн” гэсэн хэргийн оролцогчдын тайлбар, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй атлаа “хариуцагч сонгууль хууль бус явагдсаныг тогтоогоогүй байж зөвхөн иргэний гомдлыг үндэслэн татгалзсан нь хууль зөрчсөн” гэж дүгнэсэн нь Хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг тайлбарласан өөрийн тайлбараа (“нэхэмжлэгч хуулийн дагуу нэр дэвшсэн тул хариуцагч татгалзах эрхтэй”) үгүйсгэснээс гадна хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагчийн сонгох боломжийг хязгаарлажээ.
16.Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгийн агуулга нь захиргаанд “шалгуургүй” олгогдсон сонгох боломж тул хариуцагчийг “үндэслэлгүй буюу хууль бусаар татгалзсан” гэж буруутгах боломжгүй, энэ талаарх хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 7.1, 7.3) хангах үндэслэлтэй.
17.Энэ тохиолдолд хариуцагч нэгэнт хуульд заасан сонгох боломжоо хэрэгжүүлсэн тул Хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан “зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлэх” үр дагавар үүснэ. Харин хариуцагч хуулийн дагуу нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос “дахин” татгалзах эрхгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
18.Нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүх хуралдаанд “хариуцагч ажлаас чөлөөлөгдсөн байсан тул хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн тайлбар гаргасан боловч, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/76, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/89 дүгээр албан бичгээр тус сумын Бэлчир 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгийг үндэслэн татгалзаж, дахин сонгууль явуулах талаар мэдэгдэх үедээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Харин энэ цаг хугацаанаас хойш буюу аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Э.С-ыг ажлаас чөлөөлсөн тухай баримт, мөн аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/98 дугаар захирамж хэрэгт авагдсан боловч (х.12, 67, 116-117) эдгээр нь уг маргааны үйл баримтад ач холбогдолгүй болно.
19.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн “2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон тухай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Гэвч нэгэнт хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэж байгаа тул уг зөрчлийг арилгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй юм.
20.Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2023/0336 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нөхөн төлүүлэх...” гэсний дараа “..., 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар Д.Б-ыг тус багийн Засаг даргаар томилсон тухай захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ