Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 390

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, иргэн Ч.О*******ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/362 дугаар захирамжийн Г.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын  эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О******* нь 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Ч.О******* би хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга болон гуравдагч этгээд Г.Х*******тэй эвлэрч 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан тул энэхүү эвлэрлийн гэрээг хүлээн авч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, гуравдагч этгээд Г.Х******* нарын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: 

“Нэхэмжлэгч Ч.О*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд Г.Х*******т хамаарах захиргааны хэргийн оролцогчид бид нар дараах нөхцлөөр эвлэрч байна. Үүнд: 

1. Нэхэмжлэгч Ч.О******* нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/362 тоот захирамжийн Г.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гуравдагч этгээд Г.Х*******ийн дээрх захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх, түүний хариу төлбөр болгож гуравдагч этгээд Г.Х*******т 6  сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2. Уг төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3 сая төгрөгийг бэлнээр төлөх бөгөөд үлдэгдэл 3 сая  төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Уг төлбөрийг бүрэн барагдуулсан үед Хан-Уул дүүргийн засаг даргын 2015 оны А/362 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж, 278 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 000594778 тоот газар эзэмших гэрчилгээтэй газар эзэмших эрхийг шилжүүлнэ. 

3. Гуравдагч этгээд Г.Х******* миний бие нэхэмжлэгчийн дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/362 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, жаргалантын 11 дүгээр гудамж, 278 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 000594778 тоот газар эзэмших гэрчилгээтэй газар эзэмших эрхээ 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6 сая төгрөгийг бүрэн төлж дууссаны дараа Ч.О*******т шилжүүлж өгөх нөхцөлтэйгээр эвлэрч байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир миний бие нэхэмжлэгч Ч.О******* нь гуравдагч этгээд Г.Х*******т 6 сая төгрөг төлж дууссаны дараа А/362 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо жаргалантын 11 дүгээр гудамж, 278 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон  000594778 тоот газар эзэмших гэрчилгээтэй газар эзэмших эрхийг Ч.О*******т шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/362 тоот захирамжаар тус дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж, 278 тоот газрыг иргэн Г.Х*******т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэн, 000594778 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг нэхэмжлэгч Ч.О******* эс зөвшөөрөн, уг захирамжийн гуравдагч этгээд Г.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд хандан гаргажээ.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Ч.О*******, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир, гуравдагч этгээд Г.Х******* нар нь харилцан тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд  хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 01/627 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очирт “нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх эрх”-ийг тусгайлан зааж итгэмжлэлийг олгосон байна. 

Энэхүү “Эвлэрлийн гэрээ” нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэсэн шаардлагыг хангасан, шүүхээс эвлэрлийг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг хэргийн оролцогчдод урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг талууд харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байна.

  Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, гуравдагч этгээд дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн түүнчлэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/874 дүгээр албан бичгээр уг маргаан бүхий газар  болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 11 дүгээр гудамж, 278 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон нэгж талбарын 18634305883601 дугаар бүхий газар нь нийслэлийн Газрын Кадастрын мэдээллийн санд 310.9 м.кв талбайтай Г.Х*******ийн нэр дээр бүртгэгдсэн бөгөөд, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Туул голын эрүүл ахуйн хориглолтын бүс, эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, тэжээгдэлийн бүстэй ямар нэгэн байдлаар давхцалгүй байгаа болно гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

                     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл 68.1, 68.2, 68.4-д заасныг тус тус үндэслэн иргэн Ч.О*******ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ч.О******* нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга болон гуравдагч этгээд Г.Х******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА