Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 260

 

М.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

ялтан М.Мөнхжаргал /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Мөнхжаргалын өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Мөнхжаргалд холбогдох 201626031303 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Баруунхуасай овогт Мөнхбаярын Мөнхжаргал, 1990 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Пума” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, /Дорнод аймгийн Цагаан-Овоо 3 дугаар баг, Зүрх нутагт оршин суух хаягтай/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 33-13 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЛ90031916/,

М.Мөнхжаргал нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр автобусны буудлын хажууд байрлах “Андууд” караокены гадаа согтуугаар, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Амармэндийн нүүрэн тус газарт шар айрагны лонхыг зэвсгийн чанартай ашиглан хоёр удаа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: М.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Мөнхбаярын Мөнхжаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, шилийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхжаргалыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхжаргалд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, М.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

М.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Мөнхжаргалын өмгөөлөгч Ш.Сарангэрэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.Мөнхжаргал нь 2 нас 7 сартай охин О.Анужинг асран өсгөж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болох үед охиноо өөрийн асрамжиндаа үлдээхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 670 дугаартай шийдвэрээр охин О.Анужинг эцгийн асрамжинд үлдээсэн шийдвэр гарсан байгааг үндэслэн ганц бие эцэгт оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх бүрэн боломжтой байгаа тул анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Ялтан М.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, уучлалт гуйж байна. Охин минь эхтэйгээ уулзаж байгаагүй, танихгүй. Охин минь аавыгаа санаад шөнө ч унтахгүй байгаа гэж хэлсэн.” гэв.

 

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Охины эх С.Осоржамаа “охин миний өөрийн нэр дээр байдаг боловч М.Мөнхжаргал охиныг 6 сартайгаас нь хойш өсгөж байгаа” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр товлогдоход өмгөөлөгч энэ үндэслэлээр шүүх хуралдаанд хойшлуулах санал тавьж байсан. Гэтэл үүнийг анхан шатны шүүхээс хүлээж авалгүй шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

М.Мөнхжаргал нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 7-ны орой 22.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр автобусны буудлын хажууд байрлах “Андууд” караокены гадаа хамт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж, “Орон сууцанд амьдардаг яасан том п… вэ” гэх зэргээр үл ялих зүйлээр шалтаглан тамхи татаж байсан хохирогч Э.Амармэндийн нүүрэн тус газарт шар айрагны лонхыг зэвсгийн чанартай ашиглан хоёр удаа цохиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан М.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 7-ны орой ажлаа тараад найз Д.Соронзонболд бид хоёр ойролцоогоор 18 цагийн үед “Андууд” нэртэй нийтийн караокед орсон. Бид хоёр тэндээ 1 хүний 4-5 пиво уун дуулж захиалан дуулсан. Манай цаад талаасаа 2 дахь ширээний 2 залуу дуу дуулж байхад нь Д.Соронзонболд бид 2 дагаж дуултал бид хоёрыг “яагаад орилоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр асуудлаас болж маргалдсан. Удалгүй бид 4 тамхи татахаар гарсан. Гадаа тамхи татаад зогсож байтал нөгөө хамт явсан хоёр залуугийн нэг нь намайг барьж аваад боож унагаасан. Би амьсгалж ч болохгүй нүд харанхуйлаад байхаар нь гараа явуулж байгаад гарт 1 юм баригдахаар нь нөгөө намайг боож байсан залуу руу цохисон. Тэгтэл удалгүй цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-45-45/,

хохирогч Э.Амармэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед найз Мягмарсүрэнгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр автобусны буудлын ард талд байх “Андууд” нэртэй бааранд орж хоёулаа хүн тус бүрдээ 3, 4 пиво авч ууцгаасан. Ингээд баар хаах үед буюу 24 цагийн үед Мягмарсүрэн бид хоёр баарнаас гарч тамхи татаж байхад бор царайтай залуутай ойр зуурын юм ярьж байхад надтай юм ярьж байсан залуу маргалдаж байснаа гэнэт пивоны шилээр миний нүүр рүү 1, 2 удаа цохисон. Тэгээд удаагүй байтал цагдаа нар ирцгээсэн юм. ...Уг нь тамхи татаж байх үедээ хоорондоо танилцаж гэр орон хаана байгаа вэ гэх зэрэг энгийн яриа өрнүүлж байсан. Тэгсэн чинь “чи байранд амьдардаг том п.... юм байна” гэж хэлсэнээ “манайх яармагт байдаг юм” гэж хэлэхээр нь би “чамайг бодвол өртэй ч гэсэн орон сууцанд амьдардаг юм байна” гэж хэлсэн чинь “чи орон сууцанд амьдардаг том п.... юм байна гэж хэлсэн. Иймэрхүү зүйлээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-8/,

гэрч Б.Мядагмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би гэртээ унтаж амарч байхад “Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс залгаж байна, та Э.Амармэндийн эхнэр мөн үү” гэж асуухад “Тийм” гэж хэлсэн чинь “Та тэгвэл нөхөр Э.Амармэндийгээ гэмтлийн эмнэлэг рүү яаралтай авч явах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь гэрээсээ шууд цагдаагийн хэлтэс дээр хүрч ирсэн юм. Ингээд би түргэн тусламж дуудсан чинь эмч ирээд “энд таны нөхрийн шархыг оёж болохгүй юм байна, эмнэлэг рүү аваачиж оёюулах хэрэгтэй байна” гээд гэмтлийн эмнэлэг рүү нөхөр бид хоёрыг авч явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр манай нөхрийн нүүрэн дэх шархыг оёсон юм. Эмч үзээд “шилээр зүссэн юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-11-12/,

гэрч Д.Соронзонболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Мягмарсүрэн бид хоёр караокены гадаа тамхи татаад зогсож байтал араас манай найз М.Мөнхжаргал, С.Мягмарсүрэнгийн найз Э.Амармэнд хоёр юм ярьсаар гарч ирцгээсэн юм. Тэр үед би С.Мягмарсүрэнтэй юм яриад байж байтал М.Мөнхжаргал, Э.Амармэнд хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Хэсэг гайгүй болсон юм тэгсэн гэнэт түр тар болохоор нь хартал Э.Амармэндийн нүүр нь цус болчихсон байсан. Би бодохдоо Э.Амармэндийг М.Мөнхжаргал цохиод цус нөж болгочихлоо гэж ойлгосон. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Маргааш өглөө нь цагдаа нар М.Мөнхжаргал бид хоёрт хандаж “хохирогчийн чинь нүүр ам нь нилээн зүсэгдэж нүүр ам нь цусаар будагдсан байдалтай байсан” гэж хэлэхэд нь би дотроо “М.Мөнхжаргал тэр Э.Амармэнд гэх залууг цус нөж болтол нь зодчихсон юм байна даа” гэж ойлгосон юм...” гэх мэдүүлэг /хх-22-25/,

гэрч С.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э.Амармэндтэй юм ярьж байсан залуу гэнэт юунаас болсон юм мэдэхгүй Э.Амармэндийг барьж байсан пивоны шилээр цохичихсон. Тэгээд Э.Амармэндийн хацарнаас цус гарсан. Хэн цагдаа дуудсан юм бүү мэд цагдаа ойрхон байсан юм уу бүү мэд гэнэт их хурдан цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-26/,

“...М.Мөнхжаргал гэх залуу нь Э.Амармэндийг пивоны шилээр 2 удаа цохиж байгаа харагдаж байсан. Харин ямар шалтаг шалтгааны улмаас пивоны шилээр цохих болсныг нь мэдэхгүй байна. Э.Амармэнд М.Мөнхжаргал гэх залуутай юм ярилцаж байгаад гэнэт маргаан үүссэн юм шиг байсан. Тэгээд л М.Мөнхжаргал нь барьж байсан пивоны шилээрээ хоёр удаа нүүр хэсэг рүү нь цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

гэрч А.Бат-Ялалтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Андууд” нийтийн караокены дэргэдүүр явж байхад “Андууд” караокены үүдэнд автомашины гэрэлд нэг залуугийн нүүр ам нь цус нөж болчихсон байхаар нь очсон. Тэнд дөрвөн залуу зогсож байсан ба нэг залуугийнх нь нүүр ам нь цус болчихсон зодуулсан байдалтай, хажуу талд нь гурван залуу хараад зогсож байхаар нь “энэ хүнийг хэн зодсон” гэж асуухад хохирогч нэг туранхай өндөр бор царайтай залууг заахаар нь тэр залууг нь автомашинд суулгаад хамт явсан гэх залууг автомашинд бас суулгаж Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд хүлээлгэн өгсөн юм. Харин хохирогчийг яаралтай эмнэлэгт үзүүл гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-101-102/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Э.Амармэндийн биед дух, зүүн хацар, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх 12546 тоот шинжээчийн дүгнэлт /хх-32/,

шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хурц ирмэг бүхий зүйлээр үүсгэгдсэн ба хоёр буюу түүнээс дээш хүчин зүйлийн үйлчлэлээр дээрхи гэмтэл шархууд нь үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-105-106/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /х5/, гэрэл зураг хураан авсан тэмдэглэл /хх-35-37/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр М.Мөнхжаргалын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан М.Мөнхжаргалын өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан “...ганц бие эцэгт оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байгаа боловч М.Мөнхжаргалын хохирогч Э.Амармэндийг шар айрагны лонхоор цохиж гэмтэл учруулан танхайрсан үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул ялтны өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх М.Мөнхжаргалыг цагдан хорьж ял эдлүүлэхээр шийдвэрлэхдээ түүний охин О.Анужинг харгалзан дэмжүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байх тул шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт заасны дагуу М.Мөнхжаргалын бага насны хүүхэд О.Анужинг /РД: ЖЛ90031916/ харгалзан дэмжүүлэх асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар жич шийдвэрлүүлэхээр шилжүүлэн өгсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ