Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 209/МА2024/00067

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/00685 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч "*******" ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажлын хөлс “40,000,000 төгрөг гаргуулах тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие ******* нь захиалагч УГТХ-ийн гүйцэтгэгч болох "******* "ХХК-ийн захирал *******тай ашиг орлогоо хувь тэнцүү хуваах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр Дархан-Уул аймгийн УГТХ-ийн захиалгаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд баригдах "400 тн улаан буудайн үрийн агуулах"-ын барилгын зураг төслийг зохиох, барилгын хийгдэх ажлын тооцоо урьдчилсан төсөв хийх, инженерийн зөвлөгөөгөөр хангах, барилгын ажил хүлээлцэх акт үйлдэх, тус компанийн албан бичгийн хөтлөлт, лаборатори оффисын тохижилтын интерьер 3 хэмжээст зураг төсөл хийх, үнийн санал гаргах, барилга угсралтын ажлын явцад зөөврийн оффисын тавилга хэрэгсэл, компьютер хэвлэх төхөөрөмжөөр хангах, барилгын  ажлын явцын тайлан гаргах, санхүүжүүлэгч болон захиалагч, гүйцэтгэгч талуудын хоорондын гурван талт гэрээг боловсруулах, БНХАУ-руу 2 удаа явж бараа материалын захиалга хийх, нийлүүлэгч түнштэй холбох, барилга угсралтын ажилд биеэр оролцох, бараа материалын тээвэрлэлт хийх, барилгын ажил хүлээлцэх иж бүрэн акт үйлдэх зэрэг ажлуудыг бие даан хийж гүйцэтгэсэн.

...Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар баталсан "Зураг төслийн ажлын жишиг үнэ"-ийн хавсралтад заасныг үндэслэж, жишиг үнэ тогтоогоогүй барилгын ажил хүлээлцэх акт болон компанийн албан бичгийн хөтлөлт хийх, тайлан гаргах, гурван тал гэрээг боловсруулах, инженерийн ажил зэрэг ажлуудыг тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож, ажлыг хөлсийг тооцож, үнэлэхэд нийт 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Үүнээс 10,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй болно.

...Иймд "*******" ХХК-с ажлын хөлс 40,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /1 хх 1-2-р тал/

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай компани Дархан-Уул аймгийн УГТХ-гийн удирдлагуудтай уулзаж БНСУ-н "*******"-ийн санхүүжилтээр 400 тн Улаан буудайн үрийн агуулах барихаар тохиролцож барилгын ажил гүйцэтгэх №23/011 тоот 3 талт гэрээ байгуулан гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн билээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ "*******" ХХК-тай ашиг орлогоо тэнцүү хуваан авах талаар харилцан тохиролцсон мэтээр дурджээ. Энэхүү гэрээг байгуулахад ******* нь гэрээнд ямар нэг хэлбэрээр оролцох, ажил үүрэг гүйцэтгэх, үүрэг хүлээх, эрх эдлэх талаар талууд тохиролцсон болон гэрээ байгуулсан зүйл огт байхгүй.

Дээрх гэрээ байгуулах явцад ******* нь надтай хамт байж барилга баригдах явцад зарим бараа, материал нийлүүлэх боломжтой талаар л ярилцаж байсан.

...Манай компани гэрээний дагуу барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн *******ы "Амар гаджест" ХХК-с аман тохиролцоогоор барилгын өрлөгийн бетон лего блок авахаар болж "*******" ХХК нь бараа материал нийлүүлэн, өрлөг угсралтаа бүрэн хийж хүлээлгэн өгснөөр манай компанийн зүгээс төлбөрийг бүрэн шилжүүлж дууссан байдаг.

...Бидний дунд нэхэмжлэлд дурдсан ажлуудыг хийх тухай тохиролцоо байхгүй, хийсэн зүйл ч байхгүй байхад олох ашиг хэмээн 40,000,000 төгрөг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 78-р тал/

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч "*******" ХХК-с 35,880,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,880,485 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 337,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн мэтээр Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар баталсан “Зураг төслийн ажлын жишиг үнэ”-ийн дагуу тооцож, хариуцагчаас 35,880,485 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Иймд хуулийг буруу хэрэглэж, хуулийн үндэслэлгүйгээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р хх 252-р тал/

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж,  шийдвэрийн тогтоох хэсэгт хууль  хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд  мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх боловч шүүх, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, тэдний хооронд үүссэн харилцаа, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зэрэгт дүгнэлт хийж,  хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож,  баримтлаагүй нь  шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны байх  хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

Хэргийн материалаас  судлан үзвэл:

   2.Нэхэмжлэгч ******* нь "*******" ХХК-д холбогдуулан  ажлын хөлс буюу барилга угсралтын ажлаас олох ашгийн хувь гэж 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  анх шүүхэд  гаргажээ.

   Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: миний бие захиалагч УГТХ-ийн гүйцэтгэгч болох “*******" ХХК-ийн захирал *******тай ашиг орлогоо хувь тэнцүү хуваах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр зуучилж  Дархан-Уул аймгийн Хонгор суманд баригдах “400 тн улаан буудайн үрийн агуулах”-ын барилгын зураг төслийг зохиох, барилгын хийгдэх ажлын тооцоо урьдчилсан төсөв хийх, инженерийн зөвлөгөөгөөр хангах,барилгын ажил хүлээлцэх акт үйлдэх, тус компанийн албан бичгийн хөтлөлт, лобартор оффиссын тохижилтын интерьер 3 хэмжээст зураг төсөл хийх, үнийн санал гаргах, барилга угсралтын ажлын явцад зөөврийн оффиссын тавилга хэрэгсэл, компьютер хэвлэх төхөөрөмжөөр хангах, барилгын ажлын явцын тайлан гаргах, санхүүжүүлэгч болон захиалагч, гүйцэтгэгч талуудын хоорондын гурван талт гэрээг боловсруулах, БНХАУ-руу 2 удаа явж бараа материалын захиалга хийх, нийлүүлэгч түнштэй холбох, барилга угсралтын ажилд биеэр оролцох, бараа материалын тээвэрлэлт хийх, барилгын ажил хүлээлцэх иж бүрэн акт үйлдэх зэрэг асуудлыг бие даан  цаг тухайд нь хийж  гүйцэтгэсэн.

   Үүний дагуу барилга баригдаж 2023 оны 12 сарын 20-нд ашиглалтад орж, захиалагч, санхүүжүүлэгч тал хүлээн авч төлбөрийг "*******" ХХК-д нэмэлт хийх ажлын гүйцэтгэл болох 3,523,200 төгрөгийг авч, нийт санхүүжилт болох 603,883,732 төгрөгөөс 600,360,532 төгрөгийг шилжүүлсэн.

   Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 108 дугаар тушаалаар  баталсан “Зураг төсвийн ажлын жишиг үнэ”-ийн хавсралтад заасныг үндэслэж, ажлын хөлсийг тооцож, үнэлэхэд нийт 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс 10,000,000 төгрөгийг төлж,  үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй, тус компани нь ажлын гүйцэтгэлийн тооцоо хийж төлбөр тооцоо хийгээгүй, хохироосоор байна. Иймд  ажлын хөлс 40,000,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжилсэн  гэжээ. /хх-1-64/

   3.Хариуцагч "*******" ХХК-н төлөөлөгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч/хх-70/  03 дугаар сарын 15-нд *******-д “итгэмжлэл” олгожээ./хх-80/

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ... манай компани Дархан-Уул аймгийн УГТХ-н удирдлагуудтай уулзаж БНСУ-н “*******”-ийн санхүүжилтээр 400 тн улаан буудайн үрийн агуулах барихаар тохиролцож барилгын ажил гүйцэтгэх № 23/011 тоот 3 талт гэрээ байгуулан гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

   Энэхүү гэрээг байгуулахад ******* нь гэрээнд ямар нэг хэлбэрээр оролцох, ажил үүрэг гүйцэтгэх, үүрэг хүлээх, эрх эдлэх талаар тохиролцсон зүйл байхгүй. Дээрх гэрээ байгуулах явцад ******* нь надтай хамт байж барилга баригдах явцад зарим бараа, материал нийлүүлэх боломжтой талаар л ярилцаж байсан.

   ... харин нэхэмжлэлд дурдсан шиг зураг төслийг зохиох, оффисын тавилга хэрэгсэл, компьютер, хэвлэх төхөөрөмжөөр хангах, тайлан гаргах гэрээ боловсруулах, барилга угсралтын ажилд биеэр оролцуулах гэх мэт ажлуудыг *******аар гүйцэтгүүлж төлбөр төлөх талаар аман болон бичгээр тохиролцож гэрээ байгуулсан зүйл огт байхгүй, ийм ажил ч огт хийгээгүй, нэгэнт бидний дунд нэхэмжлэлд дурдсан ажлуудыг хийх тухай тохиролцоо байхгүй байхад үндэслэлгүйгээр олох ашиг хэмээн 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж  нэхэмжлэлийн шаардлагыг  эс зөвшөөрч маргасан байна./1-р хх- 78/

   4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар  зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Энх мөнхийн Түмэн өргөө ХХК-иас 35,880,485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

   Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэхдээ:“ ... улаан буудайн үрийн агуулахын барилга угсралтын ажлыг ******* ХХК гүйцэтгэх явцад нэхэмжлэгч ******* нь компанийн өмнөөс барилгын зураг төсөл, уг компанийн албан бичгийн хөтлөлт хийх, тайлан гаргах, гурван талт гэрээг боловсруулах, барилгын инженерийн зөвлөх үйлчилгээ хийх, барилгын ажлын угсралт, тээвэрлэлтийн ажил, БНХАУ руу 2 удаагийн томилолт зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь түүний өөрийн мэйл хаягаас хуулбарлаж ирүүлсэн нотлох баримтууд, түүнийг бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагч талаас ирүүлсэн Иргэний шаардлага хүргүүлэх тухай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Хариуцагч тал нь дээрх ажлыг гүйцэтгүүлэх талаар амаар болон бичгээр ямар нэгэн хэлцэл хийгээгүй, ийм ажил огт хийгээгүй гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй,

   ... ******* ХХК-г ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгч ******* нь барилгын материал авахаар тус компанийн захирал Энх-Алтай нар БНХАУ-руу 2 удаа явсан, нэхэмжлэгч ******* нь гэрээний санхүүжилт орж ирээгүй үндэслэлээр хувиасаа 7 сая гаруй төгрөг гаргаж байсан талаар гаргасан тайлбарт хариуцагч маргаагүй, түүнд буцаагаад 10,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн гэсэн тайлбарыг нь нэхэмжлэгч үгүйсгээгүй. 

   Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Талууд хамтран ажил үүрэг гүйцэтгэхдээ хураамжийн хэмжээг тогтоогоогүй боловч нэхэмжлэгчийн зүгээс уг компанид үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заасан шаардлагыг хангасан ,

   Хэдийгээр талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй боловч хамтын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлж, нэхэмжлэгчийн зүгээс уг компанид үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж байсан үйл баримт түүнээс ирүүлсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна,

   Хариуцагчаас Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар  баталсан “Зураг төслийн ажлын жишиг үнэ”-ийн дагуу ... нэхэмжлэлийн шаардлагаас нийт 35,880,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй, 

   харин нэхэмжлэлийн шаардлагын ...”Барилгын ажил гүйцэтгэх гурван талт гэрээ”-ний төслийг , ...164 хоногийн хугацаан дахь хариуцагч компанийн албан бичгийн хөтлөл, барилгын инженерийн зөвлөх үйлчилгээ, барилгын ажлын угсралт, тээвэрлэлтийн ажил, БНХАУ-руу явсан 2 удаагийн томилолт, барилгын ажлын тайлан, хүлээлцэх акт, нэмэлт ажлын төсөвт төлөвлөгөө хийх ажил, лаборатори оффисын тохижилтын ажлын интерьер 3с1 хэмжээст зураг төсөл, төсөв зэргийг  үнэлж ирүүлсэн боловч уг үнэлгээ зах зээлийн ямар үнэ цэнэтэй жишиж, харьцуулсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй, энэ нь баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн агуулга бүхий дүгнэлтүүдийг  хийж,  хэргийг шийдвэрлэжээ. 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ... шүүх, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн атлаа Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар  баталсан “Зураг төслийн ажлын жишиг үнэ”-ийн дагуу хэмээн тооцож хариуцагчаас 35,880,485 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Иймд хуулийг буруу хэрэглэж, хуулийн үндэслэлгүй хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

6.Нэхэмжлэгч *******ы шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргаж ирүүлсэн ...Хонгор суманд баригдах 400 тн үрийн буудайн агуулахын барилгын ажлын төсөв, төсөл /хх-5-34/, барилгын ажлын санхүүжилттэй холбоотой мэдээлэл/хх-35-39/, “400 тн үрийн агуулах дахь лаборатори болон оффис өрөөний тавилга, засварын материалын жагсаалт, үнийн санал/хх-40-42/, агуулахын барилгын ажлын зураг, харагдах байдлын зураг, хавсралт/хх-43-54/, барилгын ажил гүйцэтгэх гурвалсан гэрээний нүүр, маягт /хх-57-64/,  хариуцагч талын шүүхэд бичгээр гаргасан тайлбар/хх-78/, ыг  гэрчээр  асуусан тэмдэглэл/хх-115/, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл болон түүнд хавсаргасан баримтууд/хх- 185- 187, 188-228/ зэргээс  дүгнэхэд  : 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Энх мөнхийн Түмэн өргөө ХХК-ийн захирал ******* нарын хооронд  иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Учир нь :

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ., гэж,

Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж,

Хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт ” Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.“ гэж,

Хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. “ гэж,

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 359.2-т энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно., гэж,

360 дугаар зүйлийн 360.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө  гэж тус тус заасан.

Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд  ажиллагч, ажиллуулагч гэж  хоёр тал оролцдог. Уг гэрээний зүйл нь ажиллагчаас үзүүлж буй ажил, үйлчилгээ байдаг. Энэ нь гэрээний гол нөхцөл болно.

   7.“*******" ХХК нь БНСУ-н “*******”-ийн санхүүжилтээр ... Хонгор суманд 400 тн улаан буудайн үрийн агуулах барих  барилгын ажил гүйцэтгэх № 23/011 тоот гурван талт гэрээ –г  Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан байна.

 Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13, 4.1.22 дахь хэсгүүдэд зааснаар  дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь  Ургамал газар тариалангийн хүрээлэн,  гүйцэтгэгч нь Энх мөнхийн Түмэн өргөө ХХК, санхүүжүүлэгч нь  БНСУ-н “*******” байна. Энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй.

8.Нэхэмжлэгч *******ы хувьд ... тус аймгийн Хонгор суманд баригдах “400 тн улаан буудайн үрийн агуулах”-ын барилгын зураг төслийг зохиох, барилгын хийгдэх ажлын тооцоо урьдчилсан төсөв, төсөл  хийх, инженерийн зөвлөгөөгөөр хангах, барилгын ажил хүлээлцэх акт үйлдэх,  лаборатори оффисын тохижилтын интерьер 3 хэмжээст зураг төсөл хийх, захиалагч, гүйцэтгэгч талуудын хоорондын гурван талт гэрээг боловсруулах,   ... зэрэг нэхэмжлэлдээ нэрлэн дурдсан  ажил, үйлчилгээг “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэгч Энх мөнхийн Түмэн өргөө ХХК-н төлөөлөгч *******тай аман хэлбэрээр тохиролцон бие даан гүйцэтгэсэн  гэж үзэх үндэслэлтэй байна.

9.Гэрээний хэлбэрийн талаар Иргэний хуулийн 359 дугаар зүйлд тусгайлан зохицуулаагүй учир уг гэрээг талууд амаар болон бичгэн хэлбэрийн алинаар ч тохиролцон хийж  болно,  нэхэмжлэгчээс үзүүлсэн гэх ажил, үйлчилгээ нь уг гэрээний гол нөхцөл болох тул түүнийг  Иргэний хуулийн   42 дугаар зүйлийн 42.8-д  зааснаар   өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийсэн гэж үзнэ.

   Иймээс  нэхэмжлэгч ******* нь бие даан тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байгаа нь  Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан агуулга, шаардлагад  нийцэж байх тул талуудын хооронд “хөлсөөр ажиллах”  гэрээний харилцаа үүссэн  гэж  үзэв.

   10.Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлдээ нэрлэн тусгасан ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн гэх тайлбарыг хариуцагч тал эс зөвшөөрч уг ажлуудыг Н.Оргилсайхнаар гүйцэтгүүлж төлбөр төлөх талаар аман болон бичгээр тохиролцсон зүйл байхгүй,  ийм ажил ч огт хийгээгүй гэсэн  тайлбар гаргаж  маргадаг боловч  энэхүү татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, энэ талаарх  бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй.

   Улмаар нэхэмжлэгч буюу ажиллагч ******* нь өөрийн хийж гүйцэтгэсэн гэх ажил, үйлчилгээг өөр бусдад шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй тул тэрээр  Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д заасан “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” гэснийг зөрчөөгүй байна.

   Иймд  нэхэмжлэгч ******* нь хөлсөөр ажиллах гэрээний ажиллагчийн хувьд бодит үйлдлээр, биечлэн тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлсэн байх тул  ажиллуулагч буюу хариуцагч Энх мөнхийн Түмэн өргөө ХХК нь хөлс төлөх үүрэгтэй.

   Харин талууд ажлын хөлсийг хэдий хугацаанд, ямар хэлбэрээр төлөх  талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй  байх тул Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг  ...  ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх нь ажиллуулагчийн үүрэг байна.

   11.Нэхэмжлэгч нь  анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим болох  35,880,485 төгрөгийг хангаж, үлдэх 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд гомдол гаргаагүй  байна.       

            12.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан   хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн атлаа  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа  Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 108 дугаар тушаалаар  баталсан “Зураг төслийн ажлын жишиг үнэ”-ийн дагуу ... гэж дүгнэн  шийдвэрлэсэн нь ойлгомжгүй,  энэ нь шүүх, зохигч нарын хоорондох  эрх зүйн харилцааг зөв  тодорхойлоогүй гэж үзэх үндэслэл болно.

          Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн  “үндэслэх” хэсэгт  дээрх нэмэлт дүгнэлтийг хийж, энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

13.Харин хариуцагч тал нь давж заалдах гомдлын талаарх тайлбартаа ... ыг гэрчээр асуух ажиллагаанд хариуцагч талыг байлцуулаагүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцохдоо  гэрээг  өөрийн нэрээр бус ******* ХХК-н нэрээр байгуулсан, өмгөөлөгч авах хүсэлт ч гаргаагүй,   иймд шийдвэрийг хүчингүй  болгох ... гэсэн ба  үүнийг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Тодруулбал,  хэргийн 86 дугаар талд  2024 оны 02 дугаар сарын 19-н өдөр № 01 гэсэн огноо, дугаар бүхий “Хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээ” авагдсан байх ба уг гэрээг нэг талаас өмгөөлөгч *******, нөгөө талаас иргэн Амар Гаджетс ХХК-г төлөөлж захирал албан тушаалтай ******* бид харилцан тохиролцож байгуулав гээд, гарын үсэг зурж, тус тусын тамга,тэмдэгийг дарж баталгаажуулжээ. 

Дээрх гэрээг нэхэмжлэгч ******* нь  Энх мөнхийн Түмэн өргөө ХХК д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахаас  өмнө буюу  2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  өмгөөлөгч *******тай байгуулсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар   Монгол улсын иргэн “хууль зүйн туслалцаа авах” эрхтэй, энэ нь  Монгол улсын  иргэн бүрт  Үндсэн хуулиар олгосон үндсэн эрх  юм.  

Энэ үүднээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсоныг буруутгаагүй нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь ...-г гэрчээр асуулгах хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр  гаргасан/хх-106/, шүүх хүсэлтийг хангаж 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр шүүгчийн захирамж гаргасан, /хх-108/, уг шүүгчийн захирамжийг 05 дугаар сарын 01-нд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-д утсаар  танилцуулсан/ бар № 7, хх-110/ зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Үүнээс дүгнэвэл: хариуцагч тал нь ыг  гэрчээр асуулгах ажиллагааг мэдсэн,  ажиллагаанд биечлэн оролцох эсэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хэрэв өөрсдөө оролцох боломжгүй тохиолдолд гэрчээс асууж,тодруулах зүйлээ шүүхээр гүйцэтгүүлэх, энэ тухай  хүсэлт гаргах боломжтой байжээ.

  Иймээс хариуцагч талын дээр дурдсан  болон давж заалдах гомдолд дурдсан нь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/00685 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  “ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч Энх мөнхийн Түмэн өргөө ХХК-иас 35,880,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг,

“ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт тус тус зааснаар ... гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  337353 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

       

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА

                                         

                                          ШҮҮГЧИД                                 Г.МЯГМАРСҮРЭН

 

                                                                                                   Х.БАЙГАЛМАА