Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 320

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Улаан овогт Нарангэрэлийн Н.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803004970162 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 16-нд Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ОХУ-н зам харилцааны их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Рашаант баг 23 гудамж, 2 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Улаан овогт Нарангэрэлийн Н.Л /РД: ФБ98121650/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:  яллагдагч  Н.Л нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Л нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлн арван жилийн 61 дүгээр сургуулийн баруун талын замд унадаг дугуй унаж явахдаа хохирогч Б.Оюундарийг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Оюундарийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 7 цагийн орчим гэрээсээ гараад сургууль руугаа очихоор зам хөндлөн гарах гэж байхад хоёр талын машинууд бүгд зогссон байсан тэгэхээр нь зам хөндлөн гарч явахад миний зүүн гар талаас нэг унадаг дугуйтай хүн ирж мөргөж унагасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-14х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №7246 дугаартай дүгнэлтэд "... Б.Оюундарь-н биед зүүн талын дух ясанд гадна дотор хана дайран этмойд хөндийн дээд хана руу үргэлжилсэн, зүүн дух ясны гадна хэсгээс эхлээд дух-хацар ясны заадас, зүүн ухархайн дээд, дотор хана дайрсан зөрөө бүхий хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамар, зүүн зовхи, хацар, баруун өвдөг шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...." /хх-ийн 31х/

гэрч Ц.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22х/, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ЦС-20 ирүүлсэн гэмт хэргийн талаархи мэдээлэл: /хх-ийн 5х/, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 6-10х/, Гэмтэл согон судлалын үндэсний төвийн 06715 дугаартай өвчний түүх: /хх-ийн 76-82х/, Яллагдагч Н.Лгийн мэдүүлэг: /хх-ийн 61-62х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Н.Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Харин шүүгдэгч Н.Лд ял шийтгэл оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Улаан овогт Нарангэрэлийн Н.Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Лд  6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Лд шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Н.Лг шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялаас чөлөөлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ