Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 254

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цогзолмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж Л.Санжаажамцын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгуулж зохих санд шилжүүлэхийг даалгуулах, Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12-р сарын 30-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн иргэн Хамба овогт Лхагвасамбуугийн Санжаажамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Л.Санжаажамц нь Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтаны ажил гүйцэтгэдэг байж байгаад 2016 оны 3-р сарын 23-ны өдрийн хууль бус тушаалаар үүрэгт ажлаасаа халагдлаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байгаагүй, ажлын байрны зорилго, зорилтоо хангалттай биелүүлж ирсэн байхад ажлаас халж байгаад гомдолтой байна. Мөн намайг 20 хувиар цалингийн арга хэмжээ авсан тушаалын хуулбарыг сая авлаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтны ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө хариуцагчаар гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах, Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12-р сарын 30-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Л.Санжаажамц нь ажлын өдөр ажлын цагаар архи согтууруулах ундаа ууж байгаа үйл явцыг доорх нотлох баримтуудаар гэрчилж байна. 2015 оны 10-р сарын 05-нд Д.Санжаажамц, М.Батмөнх, Д.Ренчин-Очир нар архи ууж ажил тасалсан учир миний бие эхний удаад 10 сарын 06-ны 10 цаг 30 минутад өөрсдөд нь амаар сануулга өгсөн. 2015.10.16-нд Улиастайд анги удирдсан багш нар, нийгмийн ажилтны семинарт багш нарын хамт Их-Уул сумын машинд сууж Улиастай орох замдаа мөн л согтуу явсан. Улиастайд 10 сарын 17-ны өдрийн сургалтандаа архи уугаад суугаагүй 2015.10.17-ны орой 1910 цагийн үед Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Нарангэрэл багш над руу нийгмийн ажилтнаа сургалтанд нь суулгаач ээ гэж утсаар хэлж шаардсан. 2015.10.18-ны өглөө 08 цагаас хойш багш нар луугаа утасдаж байж сургалтанд суулгасан. 2015.11.24-нд Санжаажамц Батмөнх Түвшинбаяр нар ажлын өдөр ажлын цагаар Ногоон латны хашаанд Баярсайхан жолоочийн пургонд архи ууж байхад эмнэлгийн арын хашаанаас өөрөө очиж авчирсан.

2015.10.30-нд аймгийн хэмжээний Нийгмийн ажилтны илтгэлийн уралдаанд оролцоогүй, 2015.10.30-нд Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд оролцоогүй. Энэ үйл явцуудаас Батмөнх, Л.Санжаажамц нарт сахилгын шийтгэл ногдуулсан.

2015.12.26-нд М.Батмөнх, Л.Санжаажамц нар багшийн хөгжлийн танхимд ажлын байран дээр архи ууж байгаад Л.Санжаажамц нь найз Батмөнхийнхөө толгойг сандлаар хага цохиж эмнэлэг дээр 3 оёдол тавиулсан.

2015.12.26-нд галч Батсүх нь хичээлийн А байрыг М.Батмөнх, Л.Санжаажамц нарт онгойлгож өгсөн гэж хүлээсэн, дараа нь галч Батсүх ажлаа хүлээж аваад хүн байгааг мэдээгүй байсан хэсэг хугацааны дараа ороход Батмөнх Санжаажамц нар архи уусан байсан гэж хэлсэн.

2015.12.27-ны 10 цагт албан бус боловсролын арга зүйч Н.Мөнхжаргал , би өөрөө ирэхэд компьютерийн ширээг эвдэлсэн кока кола ундааны уусан сав, архитай стакан, архины шил зэрэг нь ширээн дээр байса, мөн компьютерийн ширээ шал нилээд цус болсон байсан.

2015.12.28-нд Санжаажамц нь ажилдаа ирээгүй ажлаа тасалсан.

2015.12.29-нд шинэ жилийн үйл ажиллагаанд оролцож байгаа гээд мөн ажилдаа ирээгүй.

Миний бие 2015.12.30-ны өглөө Санжаажамцыг дуудаж уулзахад би сургуулийн байрыг галч Батсүхээр онгойлгуулж орсон, тэнд ороод 1 шил архи, ундаа уугаад дараа нь юу болсныг санахгүй байна, Батмөнх багшийн толгойг сандлаар цохиж хагалснаа мэдээгүй байж байгаад маргааш нь мэдсэн гэж хэлсэн.

2015.12.30-нд сумын засаг даргын дэргэдэх зөвлөлд сумын тэргүүний хүүхдийн тодорхойлолтыг авч ирж өгсөннгүй гэж над руу Засаг дарга ярьсан энэ үед Санжаажамц нь бас л архи уугаад тэргүүний хүүхдийн материалыг өгөөгүй байсан. Дээрх ёс зүйгүй, ажил тасалж, архи ууж байгаа үйлдлүүдийг сумын Засаг дарга мэдэж байсан ба энэ хүн дээр арга хэмжээ авч мэдэгд гэсэн. Түүний энэ ёс зүйгүй үйлдлүүд дээр нь 12-р сарын 30-нд 3 сарын хугацаатай цалингийн арга хэмжээг 20%-иар бууруулж сахилгын шийтгэл ноогдуулсан.

Л.Санжаажамц нь хэлсэн амандаа хүрч үүрэг даалгавар биелүүлдэггүй Засаг даргын тамгын газраас жил бүр авдаг тайланг өгдөггүй, Зөв монгол хүүхэд, Алхам алхмаар, Хүүхдэд ээлтэй сургууль гэх мэт хөтөлбөрүүдийн тайланг нэг ч удаа өгөөгүй

2016.01.11-нд Л.Санжаажамц, М.Батмөнх нар нь ажлын байран дээр архи уусан. Албан бус боловсролын арга зүйч Н.Мөнхжаргал энэ үеэр захирлын ажлыг орлож байсан. 2016.01.08-нд Их-уул суманд сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөнд багш нар, нийгмийн ажилтан сургалтын менежер нар явсан боловч 1-р сарын 8,9-нд Их-уул суманд Л.Санжаажамц нь архи уугаад семинартаа мөн л 1 өдөр суугаагүй.

2016.01.26-нд бүрэн дунд сургуулийн хамт олны хурлаар Л.Санжаажамцын хариуцлагагүй, хүүхдийн хүмүүжилтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлдэггүй, ажлын цагаар архи уудаг ажил тасалдаг, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг нь хэлэлцэн цаашид ажилдаа сэтгэлээрээ хандаж ажиллахыг захиж хэлж анхааруулга өгч итгэл хүлээлгэн үргэлжлүүлэн ажиллуулсан. Гэтэл Л.Санжаажамц нь 2016.03.01-ний өдрийн 14 цагаас хойш ажил дээрээ ирэлгүй 5 хоног 3 сарын 1,2,3,4,7 өдрүүдэд ажлаа тасалж архи уугаад ирээгүй 2016.03.08-ны орой архины хордлогонд ороод эмч дуудаж үзүүлээд 2016.03.09-ний өдрөөс 03-р сарын 11-ний өдөр хүртэл акт эгч Л.Оюун нь авч ирж өгсөн.

Л.Санжаажамцыг байхгүй байх энэ хугацаанд сурагчид ямар ч учир шалтгаангүй уналт их байсан. Энэ үеэр аймгийн хэмжээнд манай сургууль яригдаж байсан. Боловсрол соелын газраас нийгмийн ажилтантай ярих гэсэн боловч архи уугаад ажилдаа ирээгүй 3 хоног ажлаа тасалсан гэж мэдэгдсэн.

2016.03.11-ний өдөр өөрт нь би чамайг 3 сарын 14-ний өдрөөс ажлаас чинь чөлөөлөх болоод байна. Манай сургуулийн хүүхдийн хүмүүжилтэй холбоотой ажлууд явагдалгүй ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан учир 2016.03.23-нд ажлаас чөлөөлөх тушаалаа гаргасан.

Бүрэн дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг Подиум компаниас 2013.10.24-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2014.04.04-ны өдөр 04/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нийт 23,342,948 төгрөгний жакет, юбка өмд пиджак кангиа авсан боловч одоогийн байдлаар 17,071,158 төгрөг төлөгдөөгүй байна. 6,271,790 төгрөг одоогийн байдлаар шилжүүлсэн байна. Сурагчдын ноосон майк авсан 1,571,410 төгрөгний үлдэгдэлтэй байгаа боловч одоо хир нь өгөхгүй утсаа ч авахгүй байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь ажилдаа эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаалуудыг хүчингүйд тооцуулах тухай юм. Ажлаас халсан Б/03 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тушаалын үндэслэх хэсэгт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалт, мөн хуулийн 135.1.5 дахь заалтууд, мөн Бага дунд боловсролын тухай хуулийн заалт, хөдөлмөрийн гэрээний зарим заалт, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүйн дүрэм зэргийг тушаалынхаа үндэслэх хэсэг болгон заасан байсан. Багшийн ёс зүйн дүрмийг тушаалын үндэслэх хэсэг болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь энэ дүрмийг нь багш, туслах багш нар дагаж мөрдөхөөр заасан байгаа учраас энэ дүрэм нь Санжаажамцад хамааралгүй гэж үзэж байна. Тушаалын үндэслэх хэсэг нь аль хууль, дүрмийн аль заалтыг үндэслээд байгаа нь тодорхойгүй. Ерөнхийлөн заасан байсан. Тухайн тушаал дээр Санжаажамц нь ажлын байран дээр удаа дараа архи ууж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж заасан байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Тушаалын үндэслэх хэсэг болон агуулга нь зөрүүтэй асуудал үүсээд байна. Учир нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар нь тушаалын үндэслэх хэсэгтэй зөрж байна. Тушаалын үндэслэх хэсэг нь ерөнхий бичигдсэн. Хувцасны төлбөр тооцоо дутаасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч тушаал дээр тийм асуудал байхгүй. Тушаалын агуулга хэсэгт ажлын байран дээр архи уусан учраас ажлаас чөлөөлсөн гэж ойлгогдохоор байгаа. Энэ зөрчил нь оны өмнө 2015 оны 04 сараас хойш 10, 11 саруудад үйлдэгдсэн гэж байгаа боловч сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид хэзээ гардуулсан нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг авсан гэж байгаа. Ажлын байран дээр архи уусан нь хангалттай нотлогдоогүй. Ажлын байран дээр архи ууж байхыг харсан хүн байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан байгаа тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас нотлох баримтаар үнэлж үзэх боломжгүй. Хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн Санжаажамцын өөрийнх нь би архи уусан гэж бичиж өгсөн гэх дэвтрийн хуудасны хуулбар нь нотариатаар батлуулаагүй байгаа учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмыг нотариатаар батлуулж ирүүлээгүй учраас энэ нь шүүхийн үндэслэл хэсэгт дурдаж боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчиж тушаал гаргасан байна гэж үзэж байна. Ажил олгогч нь тухайн зөрчлүүдийг мэдэж байгаа хирнээ арга хэмжээ авалгүй байж байгаад хугацаа өнгөрсний дараа арга хэмжээ авсан. Шилдэг хүүхдийн материалыг над руу явуул. Наад ажилтандаа арга хэмжээ ав гэж хэлсэн гэж тайлбар хэлж байна. Гэтэл тухайн үед арга хэмжээ аваагүй. Сахилгын арга хэмжээ авсан асуудал нь дээрх зөрчилд биш харин зөвхөн архи уусан асуудал дээр сахилгын арга хэмжээ авсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2, 131.3 дахь заалтуудыг зөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой. Мөн ажил олгогч нь архи уусан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн хирнээ шүүх хуралдаан гаргасан тайлбартаа үндэслэлгүйгээр ажил тасалсан учраас ажлаас чөлөөлсөн гэж ярьж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын дэвтэр дээр Санжаажамц нь 2016 оны 03 сарын 23-ны өдрөөс хойш ажилгүй байгаа. Энэ хугацаанаас хойш өнөөдрийн шүүх хуралдаанд болох хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа. Энэ хугацааны цалин нь 2.430.052 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа. байгаа. Ажилд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 12 сарын 31-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг зохих санд нь төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цогзолмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

  Би Идэр сумын сургуулийн нийгмийн ажилтан байсан Л.Санжаажамцыг удаа дараа гаргасан сахилгын арга хэмжээнүүдэд шат дараатай арга хэмжээ авсан. Санжаажамц нь үндсэндээ захирлын нэг тал болж сургуулийн хүүхдүүдийн хүмүүжлийг анхаарч ажиллах ёстой хүн байгаа юм. Би энэ хүнийг засч залруулж авах гэж их хичээсэн. Хамт олны хурлаар оруулж үзсэн. Дуртай үедээ ажлаа хийдэг, дургүй үедээ архиа уугаад явчихдаг асуудал удаа дараа гаргасан учраас арга хэмжээ авсан. Би энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулахаасаа өмнө өөртэй нь уулзаж, өөрт нь хэлж ярьж байсан боловч энэ хүн тухайн асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хүний архины асуудал үндсэндээ 2 жил дараалан яригдаж байгаа юм. 2014 оны 04 сараас ямар ч шалтгаангүйгээр 3 сар ажлаа хаяж явсан. Аймгийн Боловсрол соёлын газар болон засаг даргад хүргүүлэх тайлан мэдээ огт хүргэгдээгүй. Нийгмийн ажилтан сургууль дээр хүмүүжлийн ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. Гэтэл энэ ажил огт хийгдээгүй. Би байгууллагын хамт олонтойгоо ярилцаж байгаад 1 удаа харж үзээд энэ хүнийг ажилд нь аваад хэлж яриад залруулаад үзье гэсэн. Гэтэл Санжаажамц орж ирээд мөн л архиа уугаад яваад өгсөн. Тэгээд би дахиж дуудаад чи одоо архиа боль, хамт олны итгэлээ хүлээгээд ажиллах ёстой шүү гэж хэлээд өнгөрөөсөн юм. Үүний дараа анги удирдсан багш нар болон нийгмийн ажилтнуудын сургалт болсон энэ үед замын турш архи уугаад сургалтандаа суугаагүй. Боловсрол соёлын газраас Нарангэрэл багш над руу яриад чи энэ хүнээ сургалтандаа суулгаач гэж ярьсан. Тэгээд би багш нар луу хэлж буудлаас авч очиж сургалтад суулгасан. Ажлын өдөр ажлын цагаар Ногоон алтны хашаанд архи ууж байхад нь би очиж байсан. Эдгээр архи ууж байгаа зургийг нь авч баталгаажуулаад авсан боловч утас эвдэрсэн учраас гаргаж өгөх боломжгүй болсон юм. Аймгийн хэмжээний итгэлийн уралдаан болон ажлын тайлан зэргийг сургуулийн ажлын үнэлгээнд авч үнэлдэг юм. Өнгөрсөн жилийн манай сургуулийн үнэлгээгээр нийгмийн ажилтны ажлын үнэлгээ огт байхгүй байсан. Аймагт болон сумын засаг даргын тамгын газарт өгөх ёстой байсан тайлан мэдээ өгөөгүй гэдгийг нотлохоор сумын Засаг даргын орлогчоос тодорхойлолт аваад ирсэн. 2015 оны 12 сарын 25-ны өдөр сургуулийн шинэ жилийг тэмдэглэсэн. 26-ны өдөр амралтын өдөр байсан учраас бид амарсан. Гэтэл Санжаажамц нь биеийн тамирын багш Батмөнхтэй галчаар сургууль онгойлгуулж ороод багшийн хөгжлийн танхимд архи ууж улмаар хоорондоо маргалдан Санжаажамц нь Батмөнхийн толгойг сандлаар цохиж эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан асуудал үүсгэсэн. Бид хүүхдүүддээ хүмүүжилтэй бай гэж шаардлага тавих эрхгүй. Учир нь багш, нийгмийн ажилтан хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Гэтэл энэ хүн хүүхдүүдийн хүмүүжлийн талаар ямар ч ажил хийгээгүй. Маш олон алдаа дутагдал гаргаж байсан учраас би ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм. Манай сумын хүүхдүүд сургууль дээр нэг хэсэг ухаан алдаж унасан. Тэр үед нийгмийн ажилтан хажууд нь хамт байх ёстой юм байна лээ. Гэтэл энэ үеэр Санжаажамц мөн л архиа уугаад алга болчихсон байсан. Тэгээд нэлээд олон хүүхэд ухаан алдаж унасан учраас эмнэлгийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулсан. Харин азаар сургуулиас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан. Эцэг эхийн зүгээс мөн гомдол гарсан. Хүүхдүүдийн сэтгэхүйг хөгжүүлэх талаар ямар нэгэн ажил огт хийгдэхгүй байна гэсэн гомдол гарсан. Мөн сумын шилдэг сурагч шалгаруулах арга хэмжээ болдог. Нийгмийн ажилтан тухайн хүүхдийн материалыг Засаг даргад хүргэж өгөх ёстой байдаг. Гэтэл шилдэг хүүхэд шалгаруулах хугацаа тулчихсан байхад танай сургуулиас материалаа ирүүлээгүй байна гэж засаг дарга над руу ярьсан. Тэгэхээр нь би нийгмийн ажилтан руу ярих гэтэл нийгмийн ажилтан архи уугаад алга болчихсон. Тэгээд нийгмийн ажилтантай холбоо барьж чадахгүй байсан учраас анги удирдсан багш руу ярьж байж шилдэг хүүхдийн материалыг хүргүүлж байсан. Цаг хугацаатай ажлыг хүртэл цалгардуулаад архи уугаад алга болчихдог. Бүх сургуулиудад зохион байгуулалттайгаар дүрэмт хувцас тараасан. Дүрэмт хувцсыг 2013 оны 10 сарын 24 ны өдрийн 01 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 23.342.948 төгрөгийн үнэ бүхий юбка, өмд, занги авсан. Энэ дүрэмт хувцас нийлүүлсэн компани манай сургууль руу ээлжгүй бичиг тоож явуулж мөнгөө өг гэдэг асуудал тавиад байгаа. 23.342.948 мөнгөнөөс 6.271.790 төгрөгийн бэлэн мөнгө нь шилжигдсэн. Үлдэгдэл 17.071.158 төгрөг нь шилжигдээгүй. Энэ гэрээг нь Санжаажамц хийсэн, хувцаснууд нь Санжаажамц дээр ирсэн байгаа. Энэ мөнгийг нь хийж шилжүүлэх талаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл шилжүүлсэн асуудал байхгүй. Анги удирдсан багш нараас энэ талаар асуухаар зарим нь бэлнээр Санжжамцад өгчихсөн. Тухайн бэлэн мөнгө өгсөн талаарх баримт нь Санжаажамцад байгаа. Багш нар хэдэн төгрөг бэлнээр өгснөө ч мэдэхээ больчихсон байгаа юм байна лээ. Сая хавтаст хэрэгтэй танилцаж байхад шүүх дээр согтуу ирсэн асуудал гаргасан харагдаж байна. Ямар ч үйл ажиллагаанд тийм л байдлаар ханддаг хүн байгаа юм гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Л.Санжаажамц нь Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыгхуульд заасан хувь хэмжээгээр суутгуулж зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах, мөн Идэр сумын бүрэндунд сургуулийн захирлын 2015 оны 12-р сарын 30-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Л.Санжаажамц нь Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд түүнийг тус сургуулийн захирлын 2016 оны 03-р сарын 23-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажлын байран дээр ажлын цагаар удаа дараа архи ууж сахилгын зөрчлийг давтан гаргаж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны зорилго зорилтоо удаа дараа ноцтой зөрчсөн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлажээ.

Хэрэгт авагдсан зарим баримтуудад нэхэмжлэгч Л.Санжаажамцын нэрийг Л.Санжжамц гэж зөрүүтэй бичсэн байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй, түүний иргэний цахим үнэмлэхэн дээрх нэр, регистрийн дугаар, Б.Алтангэрэл, Л.Санжаажамц нарын хооронд хийгдсэн итгэмжлэл зэрэг нотлох баримтуудаар Л.Санжжамц нь Л.Санжаажамц мөн болох нь тогтоогдож байна.

Тус сургуулийн захирлын 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн Б/29 тоот тушаалаар Л.Санжаажамцыг ажлын цагаар болон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж ар гэр болон байгууллагынхаа хамтран ажилладаг хүмүүст ёс зүйгүй хандсан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж байсан байна.

Мөн 2015 оны 12-р сарын 30-ны өдрийн Б/33 тоот захирлын тушаалаар Л.Санжаажамцыг ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын байран дээр танхайрч, ёс зүйгүй хандсан гэж үзэж түүний 3 сарын цалинг 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгч Л.Санжаажамц нь 2015.12.30-ны өдрийн тушаалыг мэдээгүй, тушаалын хуулбарыг сая авлаа, уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжилж байгаа хэдий ч түүний 2016 оны 1,2-р саруудын цалин 20 хувиар хасагдаж олгогдсон болох нь түүний Нийгмийн даатгалын дэвтрэн дээрх бичилтээр тогтоогдож байгаа учир түүнийг дээрх тушаалыг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж шүүх үзэв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх тушаалын талаар тайлбарлахдаа: Уг тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчиж гарсан байна гэж үзэж байна. Ажил олгогч нь тухайн зөрчлүүдийг мэдэж байгаа хирнээ арга хэмжээ авалгүй байж байгаад хугацаа өнгөрсний дараа арга хэмжээ авсан. Шилдэг хүүхдийн материалыг над руу явуул. Наад ажилтандаа арга хэмжээ ав гэж хэлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн үед арга хэмжээ аваагүй. Сахилгын арга хэмжээ авсан асуудал нь дээрх зөрчилд биш харин зөвхөн архи уусан асуудал дээр сахилгын арга хэмжээ авсан байгаа. Мөн ажил олгогч нь архи уусан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн хирнээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндэслэлгүйгээр ажил тасалсан учраас ажлаас чөлөөлсөн гэж ярьж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй гэж үзэж байна гэжээ.

Л.Санжаажамц нь 2015 оны 12-р сарын 26-ны өдөр ажлын байранд архи ууж танхайрсан болох нь гэрч Н.Мөнхжаргалын ...Санжаажамц ерөнхийдөө архи уудаг юм. Миний мэдэхийн өнгөрсөн шинэ жилийн үеэр ажлын байран дээр архи ууж биеийн тамирын багштай зодолдож биеийн тамирын багш толгойгоо хагалуулж оёо тавиулсан байсан гэсэн мэдүүлэг, гэрчийн дээрх мэдүүлгийг дам байдлаар нотолсон сумын Засаг дарга Ч.Мөнххүрэлийн Санжаажамц сургуулийн биеийн тамирын багш Батмөнхтэй зодоо хийгээд толгойг нь хага цохичихсон сургуулийн байранд цус нөж нь тунарчихсан байж байна гэж сонссоноос биш яг нүдээрээ хараагүй гэсэн мэдүүлэг, Идэр сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Мэндбаярын тус сумын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан Л.Санжаажамц нь согтуугаар 2015 оны 12-р сарын 26-ны өдөр багш нарын хөгжлийн танхимд багш М.Батмөнхийн толгой руу сандал шидэж толгойг нь хага цохиж сумын Эрүүл мэндийн төвд очиж эмч Д.Гэрэлхүүгээр 3 ширхэг оёдол тавиулсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэргээр,

Мөн архи ууж ажлын байрандаа байхгүй байснаас 2015 оны 12-р сарын 30-нд шилдэг хүүхдийн материалыг өгөөгүй болох нь гэрч Ч.Мөнххүрэлийн дээрх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Л.Санжаажамцын 2015 оны 12-р сарын 26-ны өдөр ажлын байранд архи ууж танхайрсан дээрх үйлдэл болон 2015 оны 12-р сарын 30-нд шилдэг хүүхдийн материал хожигдуулсан зэрэг үйлдлүүдийнх нь улмаас 2015 оны 12-р сарын 30-ны өдөр ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын байран дээр танхайрч ёс зүйгүй хандсан гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэстэй байна.

Өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Сургуулийн захирлын 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн Б/29 тоот тушаалын талаар талууд маргаагүй, гомдол гаргаагүй,2015 оны 12-р сарын 30-ны өдрийн Б/33 тоот тушаалд гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.

Ийнхүү 2015 оны 12-р сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулснаас хойш Б.Санжаажамц нь ажлын байран дээр архи уусан зөрчлийг удаа дараа гаргаж байсан нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, дээрх тайлбарыг баталж мэдүүлсэн гэрч Н.Мөнхжаргалын Л.Санжаажамц ер нь дуртай үедээ ажлаа тасалдаг ш дээ. Ажлаа тасалж тасалж сүүлдээ эмчилгээнд явсан бие нь өвдсөн болоод л дуусдаг юм. ...арга хэмжээ тооцогдлоо гээд ерөөсөө засардаггүй юм гэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийн энэ тайлбарыг үгүйсгэж няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгтхөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог.

Нөгөөтэйгүүр Л.Санжаажамцын гаргасан архи уусан зөрчилүүд нь хөдөлмөрийн гэрээний 2-р зүйлийн 2 дахь хэсгийн Ё-ийн 1,2-д заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байх бөгөөд дээрх зөрчлийг нэхэмжлэгч удаа дараа гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цогзолмаа тайлбарлахдаа Л.Санжаажамцын ажлын хариуцлагагүйгээс болж сургуулийн хүүхдүүд олноороо ухаан алдаж унасан, хүүхдүүдийн дүрэмт хувцасны тооцоог холбогдох компаниудтай хийгээгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч сургуулийн хүүхдүүд олноороо ухаан алдаж унасан нь Л.Санжаажамцын үйлдэлтэй шалтгаант холбоогүй, Л.Санжаажамц сургуулийн дүрэмт хувцасны тооцоог хариуцан хийх үүрэгтэй болох нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч энэ талаарх баримтаа гаргаж өгч нотлож чадаагүй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 128-р зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Л.Санжаажамцын нэхэмжлэлтэй Завханаймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгуулжзохих санд шилжүүлэхийг даалгуулах, Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12-р сарын 30-ны өдрийн Б/33дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ