Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 223/МА2024/00023

 

  

 

 

 

 

  2024           9             04                                                223/МА2024/00023

 

                                                           Б.М нэхэмжлэлтэй

                                                        иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Х овогт Б М

Хариуцагч: ... байрлах, регистрийн ... дугаартай, “Н” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, Х.Хатантөмөр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнийн гаргасан тайлбарын агуулга: Б.М-тай “Н” ХХК Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Гэвч 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/410 дугаар тушаалаар Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (12), 4.9.1 (14) болон Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгожээ. Мөн тушаах хэсгийн 1 дэх заалтаар "Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ОМ-901 аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсугай" гэжээ. 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдөр хамгийн эхний нислэг өглөөний 05 цаг 05 минутад буух хуваарьтай байсан бөгөөд миний бие ажил үүргийн дагуу хувийн бэлтгэлээ сайтар ханган хүлээж байсан. ОМ-901 аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй бөгөөд диспетчер 04 цаг 34 минутад над руу холбогдож 6 дугаар зогсоол дээр тус онгоц буусныг мэдэгдсэн. Би мэдээллийг сонссон даруйд цаг алдалгүй А33 дугаар постоор нэвтэрч зогсоол 6 дээр очиж агаарын хөлгийг гүүрэн хүзүүвчтэй 04 цаг 41 минутад холбосон. Тус онцгой үүргийн нислэгтэй талаарх мэдээллийг надад хэн ч өгөөгүй бөгөөд диспетчерээс ямар нэгэн мэдэгдэл урьдчилж ирүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, тухайн онцгой үүргийн нислэгтэй байсан эсэхийг надад мэдэгдээгүй. Иймд миний бие тус онгоц буусан талаарх мэдээллийг авсан даруйд өөрийн ур чадвараар, цаг алдалгүй гүүрэн хүзүүвчийг холбож ажилласан. Энэ үйлдлийг зөрчил гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй ба миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан албан тушаал болох Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. ... Ажилгүй байсан хугацааны цалинд 22.541.280 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Б.М нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд “Н” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ урьд эрхэлж байсан албан тушаал болох Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-оператор албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ. Б.М нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний ОМ 902 дугаартай МИАТ компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч, хүзүүвч залгасан зөрчил гаргасан. Ажил олгогчийн хувьд байгууллагын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журам зааврыг мөрдөж ажиллаагүйн улмаас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гэж үзэж Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учир нь Б.Мад сахилгын шийтгэл ногдуулах тухай компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1/13/, 4.9.1 /14/, Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалтуудыг тус тус үндэслэж гарсан. Б.М гаргасан зөрчлийг дээрх тушаалд “...Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ОM-901 аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан" гэж тодорхойлсон. “Н” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд Ноцтой зөрчил гэдгийг 4.9.1/13/-т "...Компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүйгээс техник, технологийн зөрчил гаргасан...", 4.9.1/14/-т "... Ажилтан ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байна гэж үзсэн, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн..." гэж тус тус заасан байдаг. Олон улсын нисэх онгоцны буудал нь улсын онцгой объект бөгөөд үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлээр зорчигч болон авиа компаниудын нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг бусад байгууллага, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас онцлогтой. Мөн Б.М-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.14 "Компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүй”, 7.2.15 "Ажилтны ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар хангалтгүйгээс нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаагүй нь ноцтой зөрчил үүсэх шалтгаан нөхцөл бүрдсэн" бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг 2 тал нэг бүрчлэн харилцан тохиролцсон. Дээрх зөрчил гарсантай холбоотой Иргэний нисэхийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2083 тоот “Анхааруулга хүргүүлэх тухай” албан тоотдоо "...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад төлөөлөгчдийн зорчиж ирсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн онцгой үүргийн нислэгийн үеэр Чингис Хаан олон улсын нисэх буудлын зорчигчийн хүзүүвчийг агаарын хөлөгт холбох үйл ажиллагаанд асуудал үүссэн нь тус нисэх буудлын үйлчилгээ, техник технологийн болон үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах болон үзлэг, шалгалтын үйл ажиллагаа доголдолтой байна гэж үзлээ..." хэмээн Н” ХХК-ийн гүйцэтгэх захиралд ирүүлсэн. “Н” ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хооронд "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлын менежмент төслийг хэрэгжүүлэх тухай” концессын гэрээ байгуулагдсан. Үүний дагуу “Н” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын өмнө концессын гэрээний дагуу нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай тасалдалгүй хөгжүүлэх зэрэг үүрэг хүлээсэн. Дээрх онцгой үүргийн нислэгийг саатуулсантай холбоотой концессын гэрээ цаашид хэрэгжих эсэх, цаашлаад гэрээ цуцлагдах хэмжээний эрсдэл үүсэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэж болно. Нислэгийн хуваарь мэдээгүй тухайд: Б.М нь нэхэмжлэлдээ “... 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдөр хамгийн эхний нислэг өглөөний 05 цаг 05 минутад буух байсан бөгөөд миний бие ажил үүргийн дагуу хувийн бэлтгэлээ сайтар ханган хүлээж байсан. ОМ-901 аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй..." гэж дурдсан байна. Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.2-т "... Жолооч-оператор нь ажлын хуваарийн дагуу ажилд гарахын өмнө дараах ажлуудыг хийнэ. Үүнд: Тухайн өдрийн ажлын талаарх мэдээлэлтэй танилцана. /нислэгийн мэдээлэл, нөөц автомашин тоног төхөөрөмжийн, цаг агаарын нөхцөл байдал гэх мэт/..." гэж заасан байдаг. Нислэгийн мэдээллийн тухайд: Шуурхай удирдлага хяналтын төв нь урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ буюу нарядыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас өдөр бүр 16 цагаас 17  цагийн хооронд цахимаар хүлээн авч, “Н” ХХК болон нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагад цахимаар болон хэвлэмэл байдлаар тараалт хийж, мэдээллээр хангаж ажилладаг. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нарядыг Газрын үйлчилгээний газрын диспетчерийн contact-ghd@nubia- IIc.mn цахим хаягт 17 цаг 01 минутад хүргүүлсэн бөгөөд тус нарядад ОМ902 аяллын дугаартай нислэгийн зорилго нь "Онцгой үүргийн нислэг" гэж тусгагдсан. Мөн газрын үйлчилгээний барилгад ирэх, явах нислэгийн цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой байдаг тул Б.Мхувьд тухайн нислэгийг мэдээгүй байх боломжгүй юм. Мөн Б.М нь тухайн зөрчилтэй холбоотой "...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нислэгийн хуваарьтай дутуу танилцсаны улмаас... хүзүүвчийг онгоцонд хоцорч холбосон..." гэсэн тайлбарыг гаргасан. Үүнээс үзэхэд Б.Мхувьд тухайн өдрийн нислэгийн хуваарийг мэдэхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй юм. Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бодит зөрчил буюу фактад тулгуурлан гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          3.Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5, 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 22.541.280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үйл баримтыг анхааралтай хянаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг буруу үнэлснээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөнд дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдлыг тодорхойлсон буруу.

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн байдлаар ээлжийн ахлах Ц.А жолооч-Оператор болон ээлжийн бусад ажилчдадаа нислэгийн мэдээлэл болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулах үед MGL-902 дугаар онцгой үүргийн нислэгийн буух мэдээлэл тусгагдаагүй байсан боловч тухайн өдрийн үдээс хойш нислэгийн урьдчилсан төлөвлөлтийн мэдээнд өөрчлөлт орж, уг өөрчлөлтийг холбогдох газрууд руу цахимаар тараан мэдээлсэн байхад нэхэмжлэгч yг мэдээлэлтэй танилцуулаагүй хэмээн маргасан. Гэвч нэхэмжлэгчийн энэ тайлбар нь гэрч Л.О, Ц.А нарын мэдүүлгээр няцаагдаж байна" гэж үндэслэлгүй дүгнэжээ. Ингэж дүгнэхдээ өглөө 08 цагийн байдлаар ээлжийн ахлах Ц.Анх-Эрдэнийг жолооч-Оператор болон ээлжийн бусад ажилчдад нислэгийн мэдээллийг танилцуулж гарын үсэг зуруулдаг хэмээн хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй буюу үндэслэлгүй, мөн гэрч нарын өгсөн мэдүүлгээс эсрэг дүгнэлтийг хийсэн юм. Гэрч нарын өгсөн мэдүүлгээс зөрж нотолгооны ач холбогдолтой хэсэгт үнэлэлт, дүгнэлт хийгээгүй атлаа ач холбогдолгүй зүйлд нь өөрийн зүгээс үнэлэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, гэрч Л.О (ээлжийн диспетчер) нь "Манай диспетчерийн өрөөнд мэдээллийн самбар байдаг. Дээр нь тухайн өдрийн нислэгийн хуваарийг бүгдийг нь биччихдэг. Онгоц буух цагийг самбар дээрээ тэмдэглэдэг. Мөн жолооч, операторын амрах өрөөнд онгоц буух, нисэх мэдээллийг дэлгэц дээр системтэйгээр өгчихдөг", "Ер нь ажил эхлэхийн өмнө нэг танилцуулж, орой 17:00 цагаас хойш нэг танилцуулдаг. Би тэр хуралд нь ордоггүй. Ц.А жолооч, оператор нартай л харьцдаг", "Шуурхай удирдлагын хэлтсээс өмнө орой нь онцгой үүргийн нислэгтэй гэж сануулж хэлээгүй" гэж тус тус мэдүүлэг өгснөөр ажилчдад цаасан хэлбэрээр нислэгийн хуваарийг танилцуулдаггүй талаар нотлогдож байгааг шүүх үндэслэлтэйгээр дүгнээгүй.

Уг мэдүүлгээс үзэхэд нотолгооны ач холбогдолтой хэсэг нь “Шуурхай удирдлагын хэлтсээс өмнө орой нь онцгой үүргийн нислэгтэй гэж сануулж хэлээгүй” гэсэн мэдүүлэг. Б.Мад нислэгийн мэдээллийн талаар цаасан хэлбэрээр мэдээлэл ирдэггүйг нотолж байхад шүүх ямар үндэслэлээр танилцуулж гарын үсэг авсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Гэрч Ц.Анх-Эрдэнийн (ээлжийн ахлах) "Б.М-ыг онцгой үүргийн нислэгтэй байсан эсэхийг мэдсэн үгүйг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр шөнө 2 нислэгтэй байсан. Би 2 нислэгтэй юм байна шүү мэдэж байгаа юу гэхэд Б.М тиймээ мэдэж байгаа гэсэн, хавтаст хэргийн 13 талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч Ц.Аэс "Та өглөө ажлаа эхлэхдээ ээлжийн ажилчдадаа нислэгийн хуваарийг танилцуулж гарын үсэг зуруулдаг уу" гэж асуухад "Нислэг танилцуулсан гэж гарын үсэг зуруулдаггүй, аюулгүй ажиллагааны заавартай танилцаж гарын үсэг зурдаг гэж мэдүүлснээр өглөө ажилчдад нислэгийн мэдээллийг танилцуулаагүй, танилцуулдаггүй болох нь хангалттай нотлогдож байхад шүүх ямар үндэслэлээр Б.Мыг нислэгийн хуваарьтай танилцаж, гарын үсэг зурсан гэж дүгнэсэн нь тодорхой бус байна. Тус хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.М-ыг нислэгийн хуваарьтай танилцаж гарын үсэг зурсан гэх баримт авагдаагүй болно.

3. Мөн хавтаст хэргийн 14 талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч талаас "хавтаст хэргийн 73 талд урьдчилсан нислэгийн баримт авагдсан байна. Энэ баримтыг хэн хэнд танилцуулах ёстой байсан бэ" гэж асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд "Шуурхай удирдлагын төвөөс харьяа газар, газрын үйлчилгээний хэлтэст цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлж байх, хүргүүлсэн мэдээллийг ээлжийн ахлах болон диспетчер нар ээлжийн ажилтнуудад хүргэх ёстой" гэж, мөн тэр баримтыг Б.Мад өгсөн үү гэж асуухад "Б.Мад ирэхгүй. Тэр баримт нь дэлгэцээр харагдаж байгаа гэж хариулсан.

Дээрхээс дүгнэвэл онгоцны нислэгийн хуваарь тухайн ээлжид ажиллаж буй бүх ажилчдад цаасан болон цахим хэлбэрээр ирэх бус диспетчер нь өөрт мэйлээр ирсэн нислэгийн хуваарийг ээлжийн ахлахад өгч, ээлжийн ахлах нь тухайн ээлжид гарч буй ажилчдад танилцуулах ёстой болох нь тогтоогдож байна.

Гэтэл Шуурхай удирдлагын хэлтсийн менежер нь мэдээгүй, ээлжийн ахлах Ц.А болон диспетчер нар нь мэдээгүй байхад тухайн албан тушаалтны удирдлага дор ажилладаг доод ажилтан болох Б.М-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь ойлгомжгүй.

Ц.А болон диспетчер Л.О нар нь өөрсдөө нислэгийн хуваарийг Б.Мад танилцуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд байгууллагаас сахилгын арга хэмжээг авхуулсан. Гэтэл шүүх дээр ирээд мэдүүлэг өгөхдөө “нислэгийн хуваарьтай танилцуулсан, Мыг мэдсэн эсэхийг мэдэхгүй байна” гэдэг байдлаар шүүхэд худал мэдүүлэг өгснийг нэхэмжлэгч талаас зөвшөөрөхгүй.

Улсын Дээд шүүхийн зөвлөмжид зааснаар гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байх ёстой боловч ямар нэгэн хэмжээгээр хэргийн зохигчтой харьцаатай байхыг үгүйсгэхгүй, энэ талаас нь авч үзвэл хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субьектив байдлаар мэдүүлэх боломжтой учраас шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд маш анхааралтай хандах учиртай гэж зөвлөсөн байдаг. Хоёр гэрч нь одоог хүртэл хариуцагч байгууллагад ажилладаг, мөн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд учраас өөрсдийнхөө арьсыг хамгаалсан буюу байгууллагаа өмөөрсөн байдлаар мэдүүлэг өгсөн.

Хариуцагч болон гэрч нар нь мэдүүлэг болон тайлбартаа "Б.Мад нислэгийн хуваарийг танилцуулсан, тухайн өдрийн нислэгийн хуваарийг самбар дээр гараар бичдэг, мөн ажилчдын амралтын өрөөнд нислэгийн хуваарь гардаг" гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Тухайлбал, MGL-902 аяллын дугаартай онцгой үүргийн нислэгийн хуваарийг самбар дээр гараар бичсэн, тус хуваарь ажилчдын амралтын өрөөний зурагтаар гарч байсан талаар хариуцагч тал баримтаар нотолж байж маргаан бүхий нислэгийн цагийн хуваарийг Б.Мад мэдэгдсэн гэж үзэх байсан. Гэвч энэ талаарх баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байхад зөвхөн гэрч нарын бичгийн бусад баримтаар нотлогдоогүй мэдүүлэг болох нислэгийн хуваарийг Б.М өөрөө мэдэж байх үүрэгтэй гэх үндэслэлгүй мэдүүлгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

4. Хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан "Н" ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй.

Хавтаст хэргийн 46 талд дээрх хуралд оролцсон ажил олгогчийн төлөөлөгч Ц.Өрнөндэлгэрийн “Тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан бүх хүнд арга хэмжээ авсан байгаа. Тэр нь дотор Шуурхай удирдлага хяналтын төвийн нисэх буудлын ээлжийн менежер, ээлжийн диспетчер, ээлжийн ахлах нарт арга хэмжээ авсан. Ээлжийн диспетчерийн хувьд компьютероо хараад мэдэж байгаа байхаа гэж бодсон гэж байгаа юм. МИАТ-ын оперэшнээс онгоцны хүзүүвч холбогдоогүй байна гэж хэлснээр бүгд мэдсэн гэж байгаа юм. Энэ бол үүрийн 4 цаг 30 минутад буусан онгоц байгаа. Тэгэхээр зэрэг бие биедээ найдаад мэдэж байгаа, мэдэж байгаа гэж явсан байна лээ, тэр ажилтнууд бүгд сахилгын шийтгэл хүлээсэн" гэсэн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан. Энэхүү тайлбараар тухайн өдрийн ээлжийн ахлах Ц.А, ээлжийн диспетчер Л.О нар нь бүгд 04:30 цагийн MGL-902 онцгой үүргийн нислэгийн мэдээлэл буюу хуваарьтай танилцаагүй гэдэг нь нотлогдохын зэрэгцээ нэхэмжлэгч Б.Мад тус хуваарийг танилцуулаагүй болох нь логикийн хувьд ч хангалттай тогтоогдож байгаа билээ.

5. Хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг нотлох баримтаар үнэлээгүй.

Тус хорооны хурлын үеэр хорооны гишүүн Д.Оюундэлгэр нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Мтай хамт нэг ээлжид гарч ажилласан н.Чулуунбаатар, н.Бямбасүрэн (жолооч-оператор) нараас утсаар залгаж онцгой үүргийн нислэгийн хуваарийг ээлжийн ахлах Ц.Анх-Эрдэнийн зүгээс та нарт өгсөн үү гэж асуухад хэн аль нь тус онцгой үүргийн нислэгийн талаарх мэдээллийг өгөөгүй гэж хариулсан байдаг. Үүнээс дүгнэвэл Ц.Анх-Эрдэнийн Б.Мад нислэгийн хуваарийг танилцуулсан гэх мэдүүлэг няцаагдаж, эсрэгээрээ огт танилцуулаагүй гэдэг нь тогтоогдож байхад шүүх баримтад огт үнэлэлт дүгнэлт хийгээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "мөн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон эсэхээс үл хамааран тэрээр нислэгийн хуваарийг байнга шалгаж, мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрэн нээлттэй байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Нэхэмжлэгч Б.Мхувьд тухайн өдрийн онцгой үүргийн нислэгийн хуваарийг хэн ч надад өгөөгүй, хэн ч мэдээлээгүй учраас гүүрэн хүзүүвчийг хоцорч залгасан гэж тайлбарладаг. Гэтэл шүүх өөрийн үзэмжээр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 8 цагийн байдлаар тус онцгой үүргийн нислэгийн буух мэдээлэл тусгагдаагүй, харин үдээс хойш нислэгийн урьдчилсан төлөвлөлтийн мэдээнд өөрчлөлт орсон гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж хариуцагчид ашигтай байдлаар тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон эсэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн дээр гэрч болон хариуцагч нарын тайлбарлаж буйгаар самбар болон дэлгэцээр тус нислэгийн хуваарь нээлттэй харагдаж байгаа талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 107 дугаар зүйлийн 107.2-т заасны дагуу нотлоогүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хоёр. Шүүх дараах нотлох баримтуудыг огт үнэлж дүгнээгүй.  

1. Хавтаст хэргийн 80 дугаар талд талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны заавар гэх баримт авагдсан байна. Энэхүү баримтын 13 дахь хуудсанд буюу хавтаст хэргийн 87 дугаар талд 2.5-д агаарын хөлгийн газрын үйлчилгээний тусгай тоног төхөөрөмжийн ахлах жолооч- операторын ЦАнх-Эрдэнийн ажил үүргийн хуваарийг заасан байна. Үүнд:

-Тухайн өдрийн нислэгийн мэдээлэл бүрийг диспетчер нь ээлжийн ахлахад мэдээлнэ.

-Хуваарьт нислэг эхлэхээс 2 цагийн өмнө газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжүүдийн техникийн болон ашиглалтын бэлэн байдал мөн тухайн өдрийн ээлжид ажиллах операторчдын ажиллах чадвар, эрүүл мэндийн байдлыг ажил эхлэхийн өмнө шалгана.

-Агаарын хөлөг буухаас 10 минутын өмнө тухайн агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлэх газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжүүдийг агаарын хөлгийн хүлээх зогсоолд байрлуулан ажил, үйлчилгээнд оролцуулах ба агаарын хөлгийн газрын үйлчилгээний ажил дуусаж агаарын хөлөг зогсоолоос гартал газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээх зогсоолд байрлуулах.

2. 2.6-д Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн Жолооч- Операторын ажил үүргийн хуваарь байдаг. Үүнд хориглох зүйлсийг дэлгэрэнгүй зааж өгсөн. Үүнд:

- С хэсэгт ээлжийн ахлахын зөвшөөрөлгүйгээр машин, тоног төхөөрөмжөөр дур мэдэн ажил, үйлчилгээ хийх.

- D хэсэгт зөвшөөрөгдсөн маршрутаас бусад аэродром талбайд зорчих.

Тэгэхээр Ц.Аэс Мад зөвшөөрөл өгөөгүй байхад онгоц ирээд буусан байсан ч тэр хүн зөвшөөрөлгүйгээр онгоцны гүүрэн хүзүүвчийг холбох боломжгүй тухайд шүүх дүгнэлт хийгээгүй.

3. Хавтаст хэргийн 91 дүгээр талын ар хэсэгт 3.2.1-т ээлж ахалж буй ажилтан нь ажил эхлэхийн өмнөх хурал дээр дараах мэдээллүүдийг тухайн ээлжийн ажилтнуудад танилцуулсан байна. Үүнд:

- А хэсэгт Тухайн өдрийн нислэгийн мэдээлэл.

Шүүхээс өглөө өгсөн мэдээлэл нь үдээс хойш өөрчлөгдсөн гэсэн байдлаар өөрийн санаачилгаар шийдвэртээ тусгасан үндэслэлгүй юм.

4. Талбайн үйлчилгээний аюулгүй ажиллагааны заавар гэх баримт хэрэгт авагдсан. Үүнд:

- 2.1-т ээлжийн ахлагчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа-Ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж ажиллана.

- 2.4-т Жолоочийн аюулгүй ажиллагаа зааварчилгаа-2.5.1-т ерөнхий шаардлага буюу жолооч нь хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ба зөвшөөрөгдөөгүй чиглэл, заагдаагүй ажилд явахыг хориглоно.

-  2.4.1.2-т хэлтсийн өдөр тутмын батлагдсан ажлын хуваарьт заагдсанаас өөр газрын техник, машин механизм, тоног төхөөрөмж дээр ажиллахыг хатуу хориглоно.

- 2.4.2-т ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг гэж заагаад үүнд-2.4.2.2-т аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурна.

5. Хавтаст хэргийн 106 талд авагдсан талбайн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Соронзонболдын тайлбарыг огт үнэлээгүй.

Уг тайлбарт 11 сарын 07-ны өглөө ОМ-902 аяллын дугаартай 04:30 минутын онцгой үүргийн нислэгт зорчигчийн гүүрэн хүзүүвчний оператор Б.М нь 10 минут хоцорч очсон.

Ээлжийн диспетчер Л.О, ээлжийн ахлах Ц.А, оператор Б.М нар нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй тул ийм алдаа дутагдал гаргасан гэж үзэж байна хэмээн тайлбар гаргажээ.

Дээрхээс дүгнэвэл ээлжийн диспетчер Л.О, ээлжийн ахлах Ц.А нарын нислэгийн хуваарийг Б.Мад өгөөгүй, танилцуулаагүйгээс шалтгаалж уг онгоцны гүүрэн хүзүүвчийг хоцроож залгасан асуудал байх бөгөөд энэ нь зөвхөн Б.Мөөрийнх нь алдаа дутагдал бус түүнд мэдээлэл, зөвшөөрөл өгч ажиллах чиг үүрэгтэй дээд албан тушаалтнуудын алдаа дутагдал гэдгийг шүүх харгалзаж үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

Гурав. Шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн. 

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Техник, технологийн ноцтой зөрчил гаргасан гэдэг нь ямар баримтаар, ямар осол гэмтлээр тогтоогдсон нь тодорхойгүй" гэх боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь заавал ноцтой осол, гэмтэл гарсан байх үр дагаврыг шаардахгүй гэдгийг дурдах нь зүйтэй" гэж дүгнэжээ.

Энэ нь шүүх зохигчийн гаргасан нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгээгүй байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний 7.2.14-т компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүйгээр техник технологийн ноцтой зөрчил гаргасан эсхүл осолд хүргэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (13)-т компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүйгээс техник технологийн зөрчил гаргасан эсхүл осолд хүргэсэн нь тогтоогдсон гэж тус тус заасныг үндэслэж Б/410 дугаар тушаалыг гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч тал хангалттай нотлоогүй буюу үгүйсгэж мэтгэлцээгүй байхад шүүх өөрийн үзэмжээр илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хөндлөнгийн байх зарчмаа зөрчсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б/410 дугаар тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг үндэслэсэн хэдий ч тус заалтууд нь нэхэмжлэгч Б.Мүйлдэл, эс үйлдэхүйтэй огт хамааралгүй байхад шүүх өөрийн үзэмжээр хамаатуулж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэг нь үйлдэл тухай бүрийг тухайлан нэрлэн заасан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчлийн үйлдлийг нь ерөнхий байдлаар авч үзэхгүйгээр нэрлэн заасан байхыг хууль тогтоомжоор шаарддаг. Гэвч хариуцагч нь ерөнхий байдлаар зөрчил гаргасан гэж үзэж Б/410 дугаар тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тайлбараа нэгтгэж хэлье. Нэхэмжлэгчийн гаргасан  нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны заавар, Шуурхай удирдлага хяналтын төвийн заавар, Иргэний Нисэхийн Ерөнхий газраас баримтаар ирүүлсэн урьдчилан төлөвлөсөн нислэгийн мэдээлэл, тухайн үед хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж шийдвэрээ гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.1-т заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний 7.2.14 “Компанийн үйл ажиллагаанд мөрдөх заавар журмуудыг дагаж мөрдөөгүй, 7.2.15 “Ажилтны ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар хангалтгүйгээс нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаагүй нь ноцтой зөрчилд үүсэх шалтгаан нөхцөл бүрдсэн бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Мөн хөдөлмөрийн ноцтой зөрчлийг хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1.13, 4.9.1.14-т зааснаар зохицуулсан байгаа. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заагдсан үндэслэлийг үзвэл анхан шатны шүүх дээр хэлэлцэгдсэн баримтуудын талаар дурдаад байна. Нэхэмжлэгч Б.М нь анх зөрчил гаргасныхаа дараа ажил олгогчид гаргасан тайлбартаа “нислэгийн хуваарьтай дутуу танилцсаны улмаас тухайн зөрчлийг гаргасан” гэдэг тайлбар өгдөг. Нэхэмжлэгчээс 04 цаг 30 минутын онцгой үүргийн нислэгийг мэдээгүй байж 05 цаг 05 минутын ирэх нислэгийг мэдэж байсан нь өөрөө нислэгийн мэдээллийн талаар танилцсан нь нотлогдож байна. Төв аймгийн гурван талт хорооны 2 гэрчийн асуудал яригдаж байна. Гэрчээр асуугдсан гэх гэрч н.Чулуунбаатар, н.Бямбасүрэн нар нь тухайн өдөр чирэгч трактор дээр ажиллаж байсан. Тухайн өдөр зорчигчийн гүүрэн хүзүүвч дээр Б.М, н.Бат-Өлзий нар гарч байсан. Мын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаад 1 жил гаруй хугацаанд ажилласан. Иргэний Нисэхийн Ерөнхий газраас нисэхийн урьдчилсан төлөвлөлийн мэдээ ирээд 17 цагт нислэгийн мэдээлэл шинэчлэгддэг гэдгийг тэнд ажилладаг бүх ажилчид бүгдээрээ мэддэг. Ээлжийн ахлах Ц.А, диспетчер Л.О нар урьдчилсан төлөвлөлтийн талаар мэдээллийг ажилчдаа яаж хүргэдэг талаар хэрэгт авагдсан баримт болон талуудын өгсөн тайлбаруудад тодорхой харагдаж байгаа. Диспетчерийн өрөөнд самбар дээр нислэгийн мэдээлэл бичдэг, жолооч, операторын амардаг өрөөнд дэлгэцээр нислэгийн мэдээлэл урсаад явж байдаг. Энэ мэдээлэлтэй дутуу танилцсаны улмаас зөрчлийг гаргасан гэх тайлбараа Б.М анх ажил олгогчид гаргасан тайлбартаа бичсэн байгаа. Талбай үйлчилгээний хэлтсийн аюулгүй ажиллагааны зааврын 3.2.3-т “жолооч оператор нь ажилд гарахын өмнө дараах ажлуудыг хийнэ. 3.2.3.1-т тухайн өдрийн ажлын нислэгийн мэдээлэлтэй танилцана. 3.2.5-т агаарын хөлөг буухаас өмнө газрын үйлчилгээний техник тоног төхөөрөмжийг байрлуулна гэж заасан. Тэгэхээр Ц.Аэс бичгээр Б.Мад заавал нислэгийн мэдээллийг танилцуулсан танилцуулаагүй Б.М нь мэдэж байх ёстой. Нэг ээлжид 25-30 хүн ажилладаг. Тэр болгонтой Ц.А, Л.О нар нь тулж ажиллах боломжгүй. Тэр дотор ажиллаж байгаа хүмүүс бүгд хөдөлмөрийн гэрээнд заасан, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээд нислэгийн мэдээллээ хаанаас авч болохоо мэддэг, өглөө ирээд танилцуулсан зааварчилгаатай, хэдэн цагт өөрчлөгддөг гэдгийг мэддэг. Нислэгийн мэдээллийг Иргэний Нисэхийн Ерөнхий газраас хаашаа ирүүлдэг, мэдээллийг хүлээж авсан хүмүүс нислэгийн мэдээллийг хаана байршуулдаг, хаанаас нислэгийн мэдээллээ танилцдаг гэдгийг газрын үйлчилгээний ажилчид бүгдээрээ мэддэг. Үүнийг заавал Б.Мад бичгээр гаргаж танилцуулаад гарын үсэг зуруулсан байх шаардлагагүй. Яагаад гэвэл тэнд сургуулийг нь төгсөөд мэдлэг боловсрол эзэмшсэн хүмүүс ажилладаг. Б.Мад холбогдуулж гаргасан захирлын Б/410 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэний давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зүйлгүй боловч хэргийн үйл баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.М нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

  “...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ОМ-901/MGL902/ аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залган ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ОМ-901/MGL902/ аяллын дугаартай онцгой үүргийн нислэг 04 цаг 30 минутад буух байсныг хэн ч надад мэдэгдээгүй. Диспетчер 04 цаг 34 минутад над руу холбогдож 6 дугаар зогсоол дээр тус онгоц буусныг мэдэгдсэн. Би мэдээллийг сонссон даруйд цаг алдалгүй А33 дугаар постоор нэвтэрч зогсоол 6 дээр очиж агаарын хөлгийг гүүрэн хүзүүвчтэй 04 цаг 41 минутад холбосон. Гэтэл намайг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна...” гэж тайлбарласан.

Хариуцагч "Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Үүнд:

 “...Б.М нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний ОМ 902/MGL902/ дугаартай МИАТ компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч залгасан зөрчил гаргасан. Ажил олгогчийн хувьд байгууллагын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журам зааврыг мөрдөж ажиллаагүйн улмаас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Иймд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил гэж үзэж Б.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан... 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нарядыг Газрын үйлчилгээний газрын диспетчерийн contact-ghd@nubia- IIc.mn цахим хаягт 17 цаг 01 минутад хүргүүлсэн бөгөөд тус нарядад ОМ902/MGL902/ аяллын дугаартай нислэгийн зорилго нь "Онцгой үүргийн нислэг" гэж тусгагдсан. Мөн газрын үйлчилгээний барилгад ирэх, явах нислэгийн цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг ажилчид өөрсдөө харах боломжтой байдаг тул Б.Мхувьд тухайн нислэгийг мэдээгүй байх боломжгүй. Мөн Б.М нь тухайн зөрчилтэй холбоотой "...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нислэгийн хуваарьтай дутуу танилцсаны улмаас... хүзүүвчийг онгоцонд хоцорч холбосон..." гэсэн тайлбарыг өгсөн, мөн MGL138 дугаартай 05 цаг 40 минутын хуваарьт нислэгийг нислэгийн хуваарьт нэмсэн байсныг мэдэж байсан байдаг. Үүнээс үзэхэд Б.М тухайн өдрийн нислэгийн хуваарийг мэдэхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй юм.  Уг зөрчил гаргасан бусад хүмүүст мөн хариуцлага тооцсон  ...” гэж марган мэтгэлцсэн байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь: Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршдог.  

Ажил олгогч нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг ноцтой зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйд тохирох сахилгын шийтгэлийг сонгон оногдуулахдаа үл ялгаварлан гадуурхах, шударга бус үйлдлийг хориглох, тэгш байдлыг хангах зарчмыг баримтлахаас гадна шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг хэрхэн харгалзсан нь тодорхой, ойлгомжтой, хуульд нийцсэн байх ёстой.

Иймд хариуцагч "Н” ХХК нь нэхэмжлэгч Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийн үндэслэлээ Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох нотолгооны үүргийг хүлээнэ.

4.Хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, хариуцагч "Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (13), 4.9.1 (14) болон Хөдөлмөрийн гэрээний 7.2.14, 7.2.15 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.М-тай байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа “...Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, агаарын хөлөгт газрын үйлчилгээний тоног төхөөрөмжөөр чанар, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан газрын үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлээгүй, албан ажил, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, үнэнчээр, өөрийн чадвар боломжоо дайчлан гүйцэтгээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ОМ-901/MGL902/ аяллын дугаартай онцгой үүргийн нислэгт зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцроож залгасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлийг заажээ.

 Хариуцагч "Н” ХХК нь хуульд нийцсэн эрхийн акт гаргасан болохоо нотлох зорилгоор Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мэдээний хуулбар, Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын хуулбар, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх журмын хуулбар, Ц.А, Б.М нарын гаргасан тайлбар, Зорчигчийн гүүрэн хүзүүвчтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноо бүхий “2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан зөрчлийн тухай” гэх баримт, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн жолооч-операторын ажлын байрны тодорхойлолт, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2083 дугаар “Анхааруулга хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Сахилгын зөрчлийн тухай тайлан гэх баримт, Н ХХК-ийн B3/DR-2020-03 дугаартай “Талбайн үйлчилгээний заавар”-ын хуулбар, Н ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, талбайн үйлчилгээний зааврын хуулбар, B3/DR-2021-06 дугаартай “Талбайн үйлчилгээний аюулгүй ажиллагааны заавар”-ын хуулбар, фото зураг 2 хуудас гэсэн баримтуудыг шүүхэд өгсөн байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаал, Н ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Н ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Зуунмод сумын хөдөлмөрийн  эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/01 дугаартай тэмдэглэл/шийдвэр, Н ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл/шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШЗ2024/00611 дүгээр захирамж зэргийг ирүүлсэн.

Мөн шүүхийн журмаар Н ХХК болон Л.О нарын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн EA-24/649 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Диспетчерийн ажлын байрны тодорхойлолт, Н ХХК болон Ц.А нарын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн EA-24/604 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний хэлтсийн Агаарын хөлгийн газрын үйлчилгээний тусгай тоног төхөөрөмжийн ахлах жолооч-операторын ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Л.О, Ц.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/1369 дугаартай албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн урьдчилсан төлөвлөлтийн нислэгийн мэдээ, тухайн мэдээг хүргүүлсэн тухай и-мэйлийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

5.Анхан шатны шүүх дээрх баримтаар нэхэмжлэгч Б.М хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлд “...ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өрнөндэлгэр:...Тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан бүх хүнд арга хэмжээ авагдсан байгаа. Тэр нь дотор Шуурхай удирдлагын хяналтын төвийн нисэх буудлын ээлжийн менежер арга хэмжээ авагдсан, ээлжийн диспетчер байгаа. Ээлжийн диспетчерийн хувьд компьютерээ хараад мэдэж байгаа байхаа гэж бодсон байгаа юм. МИАТ-ийн оперэшнээс онгоцны хүзүүвч холбогдоогүй байна гэж хэлснээр бүгд мэдсэн гэж байгаа юм. ...Тэр хүмүүс харин бүгд арга хэмжээ авагдсан гээд би хэлчихлээ. Одоо газрын үйлчилгээний даргаасаа эхлээд дэд дарга, хэлтсийн дарга гээд талбайн үйл ажиллагааны зааварт 15 минутын өмнө ийм ажил шалгасан байх ёстой, 10 минутын өмнө ийм ажил шалгасан байх ёстой гээд заагдсан заалтууд бүгд зөрчигдөж байгаа учраас тэр албан тушаалтнууд бүгд сахилгын шийтгэл хүлээсэн...”  гэх үйл баримтын талаар тусгагдсан.

Мөн Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын 2.9-т заасны дагуу талбайн үйлчилгээтэй хамааралтай үйл ажиллагааны зохицуулалт хийж холбогдох ажилтнуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллах үүрэгтэй, диспетчер ажилтай/хх-89/ гэрч Л.О “...Манай диспетчерийн өрөөнд мэдээллийн самбар байдаг. Дээр нь тухайн өдрийн нислэгийн хуваарийг бүгдийг нь биччихдэг. Онгоц буух цагийг самбар дээрээ тэмдэглэдэг. Мөн жолооч, операторын амрах өрөөнд онгоц буух, нисэх мэдээллийг дэлгэц дээр системтэйгээр өгчихдөг. Тухайн нислэгийг самбар дээр биччихсэн байсан. Мөн өмнө дурдсан дэлгэц дээр мэдээллийг өгчихсөн байсан. Б.М ч гэсэн тухайн мэдээллийг харж байсан. Би тэр нислэгийг онцгой үүргийнх гэдгийг л мэдээгүй. Тэрийг буруу ойлгосон байж магадгүй.  ... Хүн бүрт тэгнэ шүү, ингэнэ шүү гэж мэдээлэл өгөх боломжгүй. Бүгдтэй нь харьцах боломжгүй. Би чинь диспетчер, миний дээр ээлжийн ахлах гэж хүн байгаа. ...Онцгой үүргийн нислэг хоцорч ирсэн талаар өглөө над руу МИАТ-аас залгасан. Дараа нь над руу шуурхай удирдлагын төвөөс залгасан...” гэх, Талбайн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны зааврын 2.5-т заасны дагуу агаарын хөлөг буухаас 10 минутын өмнө тухайн агаарын хөлөгт газрын үйлчилгээ үзүүлэх газрын үйлчилгээний техник тоног төхөөрөмжүүдийг агаарын хөлгийн хүлээх зогсоолд байрлуулан ажил  үйлчилгээнд оролцуулах ба агаарын хөлгийн газрын үйлчилгээний ажил дуусч агаарын хөлөг зогсоолоос гартал газрын үйлчилгээний техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээх зогсоолд байрлуулах үүрэгтэй, ээлжийн ахлах ажилтай/хх-87/ гэрч Ц.А “...шөнө 2 нислэгтэй юм байна шүү гэхэд Б.М мэдэж байгаа гэсэн” гэх мэдүүлгүүдийг өгчээ/хх-48-52/.

 Үүнээс үзэхэд, хариуцагч  "Н” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 04 цаг 30 минутад буух ёстой МGL902 дугаартай МИАТ компанийн онцгой үүргийн ирэх нислэгт Газрын үйлчилгээ үзүүлэх зорчигч буулгах/суулгах хүзүүвчийг тогтсон цагаас 11 минут хоцорч залгасан гэх нэг үйл баримттай зөрчилд холбогдуулан хэн хэн гэх ажилтан, албан тушаалтанд ямар үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч Б.Мад сахилгын шийтгэлээс хүнд төрлийг сонгож оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тодорхойгүй байхад “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/410 дугаар тушаал хуульд нийцсэн.” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

 6. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж, Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00648 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТҮВШИНТӨГС

                                   

                                                      ШҮҮГЧИД                         А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                            М.МӨНХДАВАА