Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01772

 

 

 

 

 

 

 

 

2024 09 13 210/МА2024/01772

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/02598 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Д.Мд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Манай компани нь урьдчилгаагүй, хүүгүй 5 жилийн хугацаанд орон сууцыг түрээслэх болзлыг биелүүлбэл, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан. Манай компани Б.Атай 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 69/18 дугаартай орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан. Уг гэрээгээр Б ХХК нь Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо Галданбошигт гудамж, Шар уул, 807 дугаар байрны 3 тоот хаягт байрлах, 62,7 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг орон сууц түрээслэх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдахаар харилцан тохиролцсон. Б.А нь 2020 оноос хойш орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй, гадаад улсад байгаа гэсэн тайлбарыг ар гэрээс нь өгдөг. Б.Ад хүлээлгэн өгсөн дээрх орон сууцад Д.М амьдарч байгаа. 2021 оноос хойш төлөлт хийгээд явбал, гэрээг шилжүүлэх боломжтой гэх саналыг Д.Мд тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгээгүй. Гэрээний хугацаа нэгэнт дууссан тул манай компани Б.Атай байгуулсан гэрээг цуцалсан. Б ХХК нь Хөгжлийн банкны зээлтэй, хөгжлийн банкны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж их хэмжээний мөнгө төлсөн. Энэ бүх хохирол төлбөрийг нэхэмжлэх боломжтой боловч компанийн зүгээс хохирол төлбөрийг нэхэмжлэхгүйгээр, гэрээний ерөнхий хугацаа дууссан үндэслэлээр орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.А нь миний бэр байгаа юм. Би ач хүү О.Ц-г 6 сартайгаас нь өдийг хүртэл өсгөсөн. Одоо хамт амьдарч байгаа. 2019 оноос Б ХХК-ийн байранд бид амьдрахаар шийдсэн. Тухайн үед Б.А нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ганц хүн байсан тул түүний нэр дээр гэрээ хийж, энэ байранд амьдарсан. Бид хөдөө орон нутгаас ирсэн, байрны төлөлт хийх тал дээр асуудалтай байсан. Тиймээс хүүгээ Япон улс руу гэрээгээр ажиллуулахаар явуулж төлөлтийг Япон улсаас Б.Агаар дамжуулж, 2019 оноос хойш төлж байсан. 2020 оноос Б.А өөр амьдрал сонгоод, бид нартай харилцаагүй болж, Турк улс руу явсан. Тухайн үед Б.А салахдаа би орон сууцыг өөрөө авна, миний эзэмшлийн байр гэдэг байр суурьтай байсан. Би энэ хоёрыг төлбөрөө төлөөд явж байгаа гэж бодсон. Би энэ орон сууцанд орсон цагаас эхлээд ашиглалтын зардлыг төлөөд явж байсан. Миний хувьд тухайн орон сууцны төлөлтийг хийж, цааш нь үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байна. Гэрээ байгуулаагүй, хууль бус эзэмшигч гэхээс илүүтэйгээр тухайн байранд өдий хүртэл амьдарсан хүн хэн бэ гэдэг нь Б.Агийн гаргасан өргөдөл, уулзалтын тэмдэглэлээс харагддаг. Б.А тухайн байранд огт амьдраагүй, Д.М амьдарсан гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Мд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Тухайлбал, анхан шатны шүүх ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй... гэжээ. /ШШ 3 дугаар хуудас/, хариуцагч Б ХХК-д огт төлбөр төлөлгүй орон сууцанд 4 жил амьдарсан. Б ХХК-ий өмчлөлийн орон сууц буюу Б ХХК барьж ашиглалтад оруулсан үйл баримт дээр хариуцагч маргадаггүй. Хариуцагч дөрвөн жил төлбөр төлөлгүй амьдарсан, мөн орон сууцыг одоо надад амьдрах газар байхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлдөггүй. Талуудын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагатай гэж ялимгүй шалтгаанаар шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч компани нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Өмчлөгчөөр тогтоолгох бус өөрийн өмчийг шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалд уг орон сууц нь хэн нэгний өмчлөл биш гэсэн лавлагаа ирсэн. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа уг байрыг өмчилж аваагүй гэсэн тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Мд холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь Б.Атай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Э.Галданбошигтын гудамж, Шинэчлэл хороолол, 807 дугаар байрны, 3 тоот орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 60 сарын хугацаанд Б.Ад хөлслөх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж болзлыг хангасан тохиолдолд төлбөрийг орон сууцны үнийн дүнд оролцуулан тооцохоор, мөн орон сууцны үнийг 94,050,000 төгрөг, сарын төлбөрийг 1,567,500 төгрөг байхаар тус тус тохиролцжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.А нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусгавар болж цуцалсан. Хариуцагч Д.М манай өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч тус орон сууцанд 2019 оноос хойш амьдарч байгаа, үнийг төлөөд худалдаж авах хүсэлттэй байгаа тул хугацаа олгож өгнө үү гэжээ.

4.а. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан. Хуулийн дээрх үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгч уг хөрөнгийн өмчлөгч байх урьдчилсан нөхцлийг шаарддаг. Анхан шатны шүүх тухайн хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөгчийн шаардах эрх үүсээгүй гэсэн агуулгаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон байна.

4.б. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэхээр хуульчилсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Э.Галданбошигтын гудамж, Шинэчлэл хороолол, 807 дугаар байрны, 3 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан байна. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/5447 тоот албан бичгээр 3 тоот орон сууц бүртгэлгүй, улсын бүртгэл хийгдээгүй талаар хариу ирүүлжээ. /хх-ийн 26-27, 32-р тал/

4.в. Хавтаст хэргийн 14-16-р талд 2019 оны 12 сарын 03-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр захиалагч нь Б ХХК байх бөгөөд 79 автомашины дулаан зогсоолтой, 9 давхар, 234 айлын орон сууцны зориулалттай барилгыг улсын комисс хүлээн авсан байна. Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Э.Галданбошигтын гудамж, Шинэчлэл хороолол, 807 дугаар байрны, 3 тоот орон сууц нь нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын комист хүлээлгэн өгсөн дээрх 234 айлын орон сууцны барилгад хамаарч байна.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлээр зохицуулсан ба дээрх 234 айлын орон сууцанд уг хуульд заасан журмын дагуу хувийн хэрэг нээгдсэн эсэх, нэхэмжлэгч Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртүүлэхэд шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна.

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/02598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-иас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ