Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 332

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням. 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овгийн Эрдэнэсувдын Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911005270390 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Бор өндрийн уурхайд жолооч ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар гудамжны 344 тоотод байрлах нийтийн байранд амьдардаг, иргэний үнэмлэхний хаяг: Хэнтий аймгийн Цэнхэрмандал 4 дүгээр баг, Баянмод 2-8 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Эрдэнэсувдын Э.М /РД: СЮ96112413/,

 

Холбгдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.М нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.М нь Б.Алтангадасын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-н буудлын орчим гээгдүүлсэн “Самсунг Жи-7” гар утсыг хувьдаа завшиж бусдад нийт 318.670 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Э.Мн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Алтангадас миний машинаас гар утсаа алга болгосоны дараахан өдрийг нь сайн санахгүй байна. Жаргалсайхан ах ажлаасаа буугаад хотод орж ирж миний машиныг унаад Цэнхэр Мандал руу авч явж байсан, тэр үед Жаргалсайхан ах миний машины урд талын суудлын доод талаас Алтангадасын гар утсыг олсон юм шиг байна лээ. Тэгээд над руу залгаад машинаас чинь гар утас оллоо би энэ утсыг чиний надад өгөх ёстой мөнгөний өрөнд авлаа шүү гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59х/

хохирогч Б.Алтангадасын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн орчим Өгөөмөр захаас машины 4 ширхэг дугуй худалдаж аваад гэрлүү явахдаа найз Э.Мг утсаар нь залгаж Өгөөмөр зах дээр дуудсан. Тэгээд Э.М Өгөөмөр зах дээр ирсэн. Би Э.Мн машины урд талын суудал дээр суугаад машины голд цэнэглэгч байхаар өөрийнхөө Самсунг жи-7 маркийн гар утсаа цэнэглэх гээд залгасан боловч уг цэнэглэгч ажиллахгүй байсан. Тэгээд машины голын хайрцаг дээр утсаа тавиад орхисон. Тэр үед миний утасны цэнэг нь дуусаад унтарчихсан байсан. Э.М бид хоёр Өгөөмөрөөс хөдлөөд манай эгчийнх рүү Их засаг их сургуулийн хажууд байдаг Хот плазагийн хойд талын байр луу явж манай эгч Батцэцэгийнхээс машины түлхүүр авах гээд би орсон тэр үед би утсаа Э.Мн машинаас авч буугаагүй.Голын хайрцаг дээр нь үлдээсэн. Эгчийн гэрлүү орж түлхүүр авчихаад тэндээсээ Э.М бид хоёр 5-н буудал руу хадам аавыг авах гээд явсан. Тэгээд ....хадам аавын гэрт ороод өөрийнхөө утсыг Э.Мн машинд үлдээж бууснаа санаад Э.М руу залгасан чинь хөдлөөд нээх холдоогүй байсан. Тэгээд би Э.М дээр очиход машинд утсаа үзсэн боловч миний утас машинд байхгүй байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 7-8х/

гэрч Д.Ванчинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...96654304 гэсэн дугаар нь миний нэр дээр байдаг. 99166685 гэсэн дугаар нь манай Солонгост байгаа охин Мөнхгэрэл нэр дээр байдаг бөгөөд би энэ хоёр дугаарыг одоо өөрийн барьж байгаа “Самсунг Жи 7” маркийн гар утсанд хийн барьж байгаа. Анх би энэ утсыг цагаан сарын өмнө өөрийн хүргэн Жаргалсайханаас өөрийнхөө барьж байсан утсаар сольж авсан. Тэрнээс хойш би энэ утсыг барьж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11х/

гэрч Ц.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Мн машины дотор талыг цэвэрлэж байсан чинь урд талын зорчигчын суудлын доод талаас “Самсунг Жи-7” гэдэг утас гарч ирсэн. Унтраалттай байсан. Тэгэхээр нь би цэнэглээд асаасан чинь Мобиком гэсэн бичиг гарч ирээд болохгүй байсан. Тэгээд Э.М руу залгаад машины суудлын доороос чинь “Самсунг Жи-7” гэдэг утас оллоо чи надад 500.000 төгрөгний өртэй юм чинь тэр өрөндөө энэ утсыг нь чинь авлаа шүү гэж хэлсэн чинь Э.М тэг тэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

Дамно ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 19-20х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Мг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Мгийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овгийн Эрдэнэсувдын Э.Мг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Э.Мг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ