Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 258

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1960 оны 04-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн. Бага наснаасаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж, 16 нас хүрч эцэг, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч нэгдлийн боловсон хүчин хурааж аваад буцааж өгөөгүй юм. Ажиллаж байсан талаараа лавлагаа авах гэсэн боловч аймгийн архиваас холбогдох баримт олдохгүй байна. Намайг ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсныг тодорхой хүмүүс гэрчилнэ.

Иймд Б.******* миний Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1976 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1976 оны 04-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1976 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч энэ талаар бичиг баримт байхгүй байна. Гэхдээ тухайн үед ажиллаж байхдаа авахуулсан гэх 1970, 1980, 1982 онуудын төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт гэсэн фото зургуудаар нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.*******гийн ... Б.******* бид 2 хамт сургуульд сурж байсан. 1970-аад онд хөдөө мал маллаж байсан, би цэрэгт яваад 1984 онд халагдаж ирэхэд хөдөө тэрээр малаа маллаж байсан. Багаасаа л мал малласан. Одоо хүртэл мал маллаж байна. Б.******* тухайн үед бог мал малладаг байсан юм....зургуудаас харахад 1981 оны үед авахуулсан *******гийн ангийнхний зураг байна. ******* голын эгнээний баруун гар талаас 3 дээр зогсож байна. Дараагийн зураг нь төлчин эмэгтэйчүүдийн зураг байна. ******* арын эгнээний зүүн гар талаас 2 дээр зогсож байна гээд ******* нь ах, ээж хоёртойгоо маллаж байгаад, сүүлд нь ******* гэдэг хүнтэй гэр бүл болоод одоо хүртэл малаа маллаж байгаа... гэсэн мэдүүлэг,

гэрч Д.*******ийн ... ******* бид нар нэг баг бригадын улсууд байгаа юм. Манай аав ******* бригадын тоо бүртгэгч байхад ******* аав, ээжтэйгээ ******* бригадаар нутгалдаг байлаа. Би гээд *******гийн эгчтэй нэг ангид хамт сурдаг байсан. ******* бага сургуулиас л гарсан байх. Багаасаа л эцэг, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн ******* бригадад мал малласан. Би 1980 оноос 1990 он хүртэл сумын захиргааны нарийн бичгийн дарга хийсэн. Тэгэхэд ******* малаа маллаж байгаа гээд явдаг байсан. Тийм болохоор миний мэдэхийн 1990 он хүртэл ******* мал малласан. 1985 онд гэр бүл болсон. Тухайн үед бог мал малладаг байсан юм. ...зургуудаас харахад тухайн үед мал маллаж байхдаа авахуулсан зургууд байна. ******* эдгээр зургуудад байна. Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт гэж дээр үед их л сайхан болдог байсан. Тэр үеэр авахуулсан зургууд байна. ******* арын эгнээний зүүн гар талаас 2 дээр зогсож байна гэсэн мэдүүлэг,

гэрч Д.ын ...*******г сургуульд суусан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан багаасаа мал дээр байсан гэдгийг л мэднэ. Бид нэг бригадын хүмүүс байгаа юм. ******* гэдэг хүний хүүхэд. Намайг 1972 онд мал дээр гарсан байхад ******* ээж, ах нартайгаа хамт мал маллаж байсан. Аав нь бага байхад нь нас барчихсан юм. Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдлийн ******* бригадад бог мал малладаг байсан. Би 1990 онд банз хийгээд явж байхад *******тэй гэр бүл болчихсон мал маллаж байсан. Одоо хүртэл малаа маллаж байгаа. Хэдэн онд авахуулсныг мэдэхгүй. ******* эхний зурганд арын эгнээний зүүн гар талаас 2-т зогсож байна. Дараагийн зураг нь 1977 онд авахуулсан зураг байна. Тухайн үед Дүгэрсэн гээд манай Сайхан байсан. Энэ хүн хамт авахуулсан байна. Дараагийн зураг нь 1981 онд авахуулсан зураг байна. Бригадын дарга жижиг гэдэг хүн хамт авахуулсан байна. Хамгийн доод зураг нь хэдэн оны зургийг сайн мэдэхгүй байна. Эдгээр бүх зурагт ******* байна гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.ийн ... Би 1980 онд цэрэг яваад 1983 онд халагдаж ирэхэд ******* Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан. 1983 оноос хойш манайх тэднийхтэй айл саахалт байж нэг баг бригадад мал малласан. Голдуу бог мал малладаг байсан. Ээж, ахынхаа хамт мал малладаг байсан. 1980 оноос өмнөхийг бол мэдэхгүй. Нэгдэлд 1992 он хүртэл мал малласан. Одоо хүртэл малаа маллаж байна. ...зургуудаас харахад эхний зураг нь *******гийн ангийнханы зураг байна, ******* голын эгнээний баруун гар талаасаа 3 дээр зогсож байна. Дараагийн зураг нь төлчин эмэгтэйчүүдийн зураг байна. 1980-н хэдэн оны зураг байна. ******* арын эгнээний зүүн гар талаасаа 2 дээр зогсож байна гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******г 1976 оны 04 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ