Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 102/2023/04768/И |
Дугаар | 210/МА2024/01771 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01771
2024 09 13 210/МА2024/01771
Д.П ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/01575 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.П ийн хариуцагч Д.Т-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 14,010,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П , хариуцагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ... Д.Т нь 2023 оны 04 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 22 байрны орцны урд хохирогч Д.П надтай маргалдан, улмаар зодож, зүүн дээд 3, 4 дүгээр шүдний эмтрэл, зүүн завжинд няцарсан шарх, эрүү хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үед зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Шүүхийн тогтоолд гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Д.Тийн учруулсан гэмтлийн улмаас зөөлөн эдийн гэмтлийн эмчилгээний зардалд 1,841,300 төгрөг, эмийн худалдан авалтын зардалд 74,400 төгрөг, нэг шүдний имплант 3,000,000 төгрөг, нэг шүдний ломбо 95,000 төгрөг, нийт 5,010,700 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас эрүүл мэндийн хохиролд 5,010,700 төгрөг, мөн энэ гэмтлийн улмаас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл багшийн ажлаа хийгээгүй улмаас олох ёстой байсан цалин хөлсний орлогод 9,000,000 төгрөг, нийт 14,010,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Д.П той 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар орж, эмийн зардал болон нөхөн төлбөр тогтоолгосон. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь үндэслэлгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн нэхэмжилж байсан учраас төлөхөөс татгалзсан. Ажлын газрын тодорхойлт нь үнэн биш, Д.П ажил эрхэлж байгаагүй болно. Шүдний эмнэлгийн баримт мөн үнэн зөв эсэх нь тодорхойгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед энэ хүн ажилдаа ороогүй байсан. Тэр өдөр ажилдаа согтуу байсан учраас халагдсан. Цалин 9,000,000 төгрөг гэж байгаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд шүд хугарсан гэж тусгагдаагүй. Энэ хүний 2 шүдэнд эмтрэл байсан гэж тусгагдсан байсан. Би шүдний үнийг судалж үзэхэд 1,350,000 төгрөгөөр имплант суулгуулах, ломбо 150,000 төгрөг гээд нийт 1,500,000 төгрөгөөр тооцоолсон. Би одоогоор шүдний мөнгийг төлөх боломжгүй. Би албадан ажил хийж байгаа бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гээд миний албадан ажил хийх хугацаа дуусна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Т-өс 3,095,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,915,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Т-өс 64,470 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрээр 10,915,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч миний шардлагын үндэслэлийг гүйцэд сонсож, тухайн нөхцөл байдлыг буруу ойлгож, гэрчийн мэдүүлгийг уншиж үзээгүй, харгалзаагүй, зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн тул хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх хуралдаанд гэрч оролцуулах бүрэн эрхтэй байсан боловч гэрч хүрэлцэн ирээгүй. Анхан шатны шүүхэд өгсөн баримт нь шаардлага хангаагүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөр хэлэх тайлбар байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Д.Т-д холбогдуулан гэм хорын хохиролд 14,010,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч эд хөрөнгийн хохирол шаардсан хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байгааг залруулна.
4. Хариуцагч Д.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 29-нөөс 4 дүгээр сарын 30-нд шилжих шөнө нэхэмжлэгч Д.П той маргалдан зодож, түүний зүүн дээд 3, 4 дүгээр шүдэнд эмтрэл, зүүн завжинд няцарсан шарх, эрүү, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хоёр шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Улмаар хариуцагч Д.Т нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоолоор, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлжээ. /хх-ийн 2-5-р тал/
4.б. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Д.Т нь өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах ёстой.
4.в. Нэхэмжлэгч нь дээрх гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардалд 1,841,300 төгрөг, эм худалдан авсны зардалд 74,400 төгрөг, нэг шүдний имплант 3,000,000 төгрөг, нэг шүдний ломбо 95,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол буюу олох ёстой байсан цалин хөлсний орлогод 9,000,000 төгрөг, нийт 14,010,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
4.г. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Д.Т-өс нэг шүдний имплант 3,000,000 төгрөг, нэг шүдний ломбо 95,000 төгрөг, нийт 3,095,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.П ид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй ба шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч гомдол гаргаагүй болно.
4.д. Хавтаст хэргийн 10, 12 дугаар талд авагдсан нэхэмжлэх гэх баримтыг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан байна. 10 дугаар талд авагдсан баримтад эмчийн үзлэг, шинжилгээ, эмчилгээний төлбөрт нийт 1,841,300 төгрөг гэж бичигдсэн боловч хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, огноо бичигдээгүй, 12 дугаар талд авагдсан баримтад эмийн үнэ 74,400 төгрөг гэсэн байх боловч ямар эм болох нь тодорхойгүй, хариуцагч Д.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд шууд хамааралтай эм гэх үндэслэлгүй байна. Түүнчлэн дээрх баримтуудад дурьдсан мөнгөн төлбөр нь төлөгдсөн эсэх нь банкны дансны хуулга, эсхүл орлогын баримт зэргээр давхар нотлогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг гүйцэт сонсоогүй, нөхцөл байдлыг буруу ойлгосон гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
4.е. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан. Бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Энэ тохиолдолд олох ёстой байсан орлогоо нотолсон байх шаардлагатай.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч П.Б ... Д.П Алтай хотхонд сургалтын төвд ажилд ороод тухайн газраа байрлаж байхад би очсон ... гэж мэдүүлсэн ба хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Төгс заяа сургалтын төвийн менежерийн тодорхойлолтоор нэхэмжлэгч Д.П нь 1,800,000 төгрөгийн цалин авч байсан гэжээ. Гэвч нэхэмжлэгч нь 9,000,000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэдгийг дээрх баримтуудаар хөдөлбөргүй дүгнэх боломжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, ажилд орсон, гарсан тушаал зэрэг бичгийн бусад баримтууд хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг мөн хангахгүй.
Нөгөө талаар, нэхэмжлэгч Д.П ийн биед хөнгөн хохирол учирсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хөнгөн хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй тул нэхэмжлэгч Д.П нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, цалин, орлого буурсан гэх үндэслэлгүй юм.
5. Иймд эмийн зардал 74,400 төгрөг, эмчилгээний зардал 1,841,300 төгрөг, олох ёстой байсан орлого 9,000,000 төгрөгийн шаардлагыг тус тус баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Харин шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгийн хохирол буюу олох ёстой байсан орлого шаардсан нэхэмжлэлийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байгааг залруулав.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болго ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/01575 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 505 дугаар зүйлийн 505.1 ... гэсний дараа 510 дугаар зүйлийн 510.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,601 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ