Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 362

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Номинзул,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Б.Халзан /№1100/

хохирогч Д.Цэрэндагва, Д.Цэцэгтуяа,  

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004550292 тоот хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймаг Хишиг-Өндөр суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хүүхдүүдийн хамтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол МУБИС 3 дугаар байр 407 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөшөөт овогт Ишдоржийн И.С /РД- УИ95111793/,

 

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч И.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.С нь хохирогч Д.Цэцэгтуяад "53 дугаар сургуульд ажилд оруулж өгнө" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улсын Их Дэлгүүрийн” гадна өөрийн эзэмшдэг “ХААН” банкны 5018586215 дугаар дансаар 1 сая төгрөг шилжүүлэн авсан,

 мөн хохирогч Д.Цэрэндагвын эхнэр Ч.Ариунзаяаг "Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт ажилд оруулж өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвийн урд талд бэлнээр 3 сая төгрөг авч тус тус залиллах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Сгийн өгсөн: “Би хохирогч нарыг танихгүй. Энэ хоёр хүний үеэл эгч гэх Д.Цэнд-Аюуш манай дүүтэй танил гээд анх надтай ирж уулзаад манай дүү нар ажилгүй байгаа та ажил асуугаад өгөөч гэсэн. Д.Цэцэгтуяа анх 8 дугаар сард надтай утсаар яриад ирж уулзсан. Д.Цэцэгтуяад миний гар утасны дугаарыг Д.Цэнд-Аюуш өгсөн байсан. Би дунд сургуулийн тендер зарлагдаад уг асуудлаар явж байхдаа 53 дугаар сургуулийн захиралтай таарч, багшийн орон тоо байгаа эсэх талаар асуухад Д.Цэцэгтуяаг ажилд авъя, ирээд уулз гэж хэлүүлсэн. Энэ талаар Д.Цэцэгтуяад хэлэхэд өөрөө ирэх боломжгүй байна гэсэн. Манай нэг нягтлангийн орон тоо гарсан талаар Д.Цэцэгтуяад хэлэхэд Д.Цэрэндагва эхнэрийнхээ анкетыг авчирч өгсөн. Тэгээд би Д.Цэрэндагвын эхнэрийнх нь анкетыг авч очоод уулзахад манайх нягтлангаа авах боломжгүй боллоо гэж хэлсэн. Д.Цэнд-Аюуш би зээлээ хаах гэсэн юм гээд надаас мөнгө авсан. Дансаар мөнгө шилжүүлэн аваад буцааж өгөөгүй. Тухайн үед манай хүүүгийн данс гэж хэлж байсан. Тэгээд Д.Цэнд-Аюушд мөнгөний талаар хэлэхэд манай дүү нар юм чинь би өөрөө өгнө гэсэн. Би өөрийн авсан мөнгөө өгнө. 1.500.000 төгрөгийг Д.Цэнд-Аюуш гэх эмэгтэй өгнө. Одоо Солонгос улсад байгаа гэсэн. Эхний мөрдөн байцаагчид Д.Цэнд-Аюуш намайг танихгүй гээд гар утасны цаанаас хэлж байхыг би өөрөө сонссон. Миний Д.Цэнд-Аюуш руу мөнгө шилжүүлсэн Батчулуун гэх хүний дансыг олох гэж их удаан явсан. Д.Цэнд-Аюуш хуулийн байгууллагад ажилладаг байж яагаад худлаа яриад алга болсон гэдгийг гайхаж байна. Намайг иргэний шүүхээр явж Д.Цэнд-Аюушид өгсөн мөнгөө ол гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөн байцаагч надад та ийм хэргээр өмгөөлөгч аваад яах юм бэ? Би Д.Цэнд-Аюушийг олоод мөнгийг чинь гаргуулна гэж хэлж байсан гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэрэндагвагын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын дундуур шүүгдэгчтэй гар утсаар холбогдсон. Дүүгээсээ дугаарыг нь мэдсэн. 8 дугаар сарын 20-ны үед эхнэрийнхээ материалыг авч очоод уулзсан. Ажлын санал нээлттэй гэж хэлж байсан. 10.000.000 төгрөг болно гэж хэлж байсан. Эхний ээлжинд 3.000.000 төгрөг бэлд гэж хэлсэн. 8 дугаар сарын 30-ны өдөр мөнгө өгсөн. 01 дүгээр сард би залилуулсан гэдгээ мэдээд өргөдөл өгсөн гэв.

шүүхийн хэдэдцүүлэгт хохирогч Д.Цэцэгтуяагийн өгсөн: Би нагац эгч Д.Цэнд-Аюушийн хэлснээр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр холбогдсон. Урьдчилгаа 1.500.000 төгрөг өг гэсэн. 9 дүгээр сарын 01-нд ажилд орно гэсэн. Би мөнгө зээлж, интернет банкаар шилжүүлж өгсөн. Дахиад ажил байгаа гэхээр нь би ахдаа хэлсэн. Манай ах бэлнээр нь мөнгө өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн шалтаг тоочсоор 10 дугаар сард Д.Цэнд-Аюуш эгч залгаад наад хүн чинь асуудалтай юм байна гэж хэлсэн. Тэгээд та мөнгөө өгчих гэхэд буруу хаяг өгсөн. Гар утас нь холбогдохгүй байсан. 2018 оны 01 дүгээр сард цагдаад өгсөн гэв.

 шүүгдэгч И.С мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “ Би Цэцэгтуяаг 53 дугаар сургуульд ажилд оруулж өгнө гэж 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Их дэлгүүрийн гадаа хүү Батбаярын өөрийн хамтран эзэмшилтэй дансаар 1 сая төгрөгийг авсан. Дараа нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Цэцэгтуягийн хамаатан болох Цэрэндагвын эхнэрийг нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3 сая төгрөг авсан асуудал гарсан. Би уг нь дээрх ажлыг бүтээж өгөх гэж асууж сурагласан боловч бүтээгүй юм. Энэ хүмүүсийг надад танилцуулсан Цэнд-Аюушт би 500.000 мянган төгрөгөөр 1 удаа, 3.000.000 төгрөгөөр 1 удаа мөнгө зээлсэн бөгөөд Цэнд-Аюуш 2.000.000 төгрөгийг дансаар эргүүлэн төлсөн. 1.500.000 төгрөгийг авах үлдэгдэлтэй байгаа юм. Би энэ мөнгийг иргэний шүүхээр нэхэмжилнэ. 53 дугаар сургуулийн захирал Бат-Өлзий болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэг хэлтсийнх нь дарга болох Энхболд нар энэ хэрэгт ямар ч хамааралгүй, би тэр хоёрт мөнгө төгрөг өгөөгүй гэдгийг хэлмээр байна. Би энэ хэргийг ганцаараа л үйлдсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73х/,

хохирогч Д.Цэцэгтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би их сургуульд багшийн ажилд орох зорилгоор И.С гэж хүнд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улсын их дэлгүүрийн гадаа И.Стай хамт байж байгаад 1 сая төгрөгийг И.Сгийн өгсөн 5018586215 тоот дансруу шинжүүлсэн . Дараа нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн ах Д.Цэрэндагвын эхнэрийг ажилд оруулж өгөх зорилгоор урьдчилгаа 3 сая төгрөгийг ах Д.Цэрэндагватай хамт явж байгаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо урт цагааны гадаа уулзаж бэлнээр өгсөн. Мөнгө өгөх үед хажууд ах Д.Цэрэндагва байсан. ингээд би 1 сая төгрөг, Цэрэндагва ах 3 сая төгрөг өгчихсөн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44х/,

хохирогч Д.Цэрэндагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2017 оны 8 дугаар сарын дундуур манай дүү Цэцэгтуяаг нэг хүн ажилд оруулж өгөх гэж байгаа талаар сонсож байсан. Тухайн үед манай дүү Цэцэгтуяа И.С гэх хүнд манай эгч ажилгүй байгаа гэж хэлтэл тэр И.С гэх хүн нь ажилд оруулж өгье болно гэж хэлхээр нь би утасыг нь аваад холбогдсон. Би холбогдоод ярьтал эхнэрийнхээ бичиг баримт дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкет бөглөж над дээр авчир гэж хэлсэн. Тэр хүнтэй утсаар яриад удалгүй би эхнэртэйгээ материалаа бариад Спортын төв ордны автомашины зогсоол дээр уулзсан. И.С гэх хүнтэй уулзаад манай эхнэрийн материалыг үзчихээд өмчийн харилцааны газар манай нэг дүү байгаа тэнд нэг орон тоо гарсан гэсэн тэр орон тоон дээр танай эхнэр бараг болчих байх гэж хэлсэн. Тэгээд мөнгө төгрөгөө тохиртол уг нь ажилд оруулахад 9-10 сая төгрөг байдаг. Та 2-с 5 сая төгрөг гэж тохироод салсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 31-нд надруу И.С гэх хүн залгаад урьдчилгаа 3 сая төгрөгөө яаралтай авчирч өг гэж хэлэхээр нь тэр өдөртөө уулзаж 3 сая төгрөг бэлнээр өгсөн.... “ гэх мэдүүлэг /хх-ийн 48-49х/,

гэрч М.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 66х/, Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн 61 дугаартай албан бичиг /хх-ийн 99х/, “ХААН” банкны И.Сгийн эзэмшлийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч И. И.Сг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилогоор, хохирогч Д.Цэцэгтуяа, Д.Цэрэндагва нарыг ажилд оруулж өгч чадна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч, хохирогч нараас нийт 4.000.000 төгрөгийг бэлнээр болон, өөрийн эзэмшилийн “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 4.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба гэмт хэргийн үйлдэж, бусдад учруулсан хохиролыг гэм буруутай этгээдээс гаруулж  хохиролыг барагдуулах нь шудрага ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгч И.Сгаас нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Цэцэгтуяад 1.000.000 төгрөг, хохирогч Д.Цэрэндагвад 3.000.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч И.Сд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж заасан үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэн 6 сарын дотор хохирогч нарт учруулсан хохиролыг төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хөшөөт овогт Ишдоржийн И.Сг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан И.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Сгаас нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Цэцэгтуяа /РД:ПЮ91051605/-д 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч Д.Цэрэндагва /РД:ПЮ79082372/-д 3.000.000 /гурван сая/ төгрөг тус тус олгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Сг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, 6 /зургаа/ сарын хугацаанд бусдад учруулсан хохиролоо хэсэгчлэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, И.Сд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ