Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01718

 

 

 

 

 

 

2024 09 06 210/МА2024/01718

 

 

ХУДНДГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/03653 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХУДНДГ-ын хариуцагч К ХХК-д холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын өр төлбөрт 1,680,873,791 төгрөг гаргуулах тухай  маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: К ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 2021 оны 6 дугаар сараас 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 1,144,959,448 төгрөгийн өр үүсгэсэн байдаг. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч, даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага, 44.1.2. төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн К ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 1,144,959,448 төгрөг, түүнд ногдуулсан алданги 535,914,343 төгрөг, нийт 1,680,873,791 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ... К ХХК нь Atlas Copco, Caterpillar, Komatsu, Hitachi брэндийн хүнд машин механизмын засвар үйлчилгээ, мөн харилцагч байгууллагуудын техник болон түүний сэлбэг эд ангийн бэлэн байдлыг хариуцан ажилладаг. Дэлхий даяар тархсан халдварт Ковид-19 цар тахлын үеийн хорио цээрээс шалтгаалан 2021 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж барагдуулж чадалгүй одоог хүрлээ. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрүүлэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоол гарснаас үүдэн харилцагч уул уурхайн байгууллагуудын экспортын орлого зогсож, түүнийг дагаад манай компанийн орлого, үйл ажиллагаа мөн зогссон. 2021 оноос улсын хил боомтууд аажмаар нээгдсэн боловч улсын хилээр гаргах экспортын бүтээгдэхүүний хэмжээ хязгаарлалтай байсан тул харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги хэвээрээ байсан. Манай компаниар дамжуулан гадаадаас сэлбэг авах, засвар үйлчилгээ хийлгэх нь эрс буурсан. Компанийн үйл ажиллагаа ийнхүү хүнд нөхцөлд орсон ч бүтэц орон тоог багасгалгүй зээлийн санхүүжилтээр нийт 60-80 ажилтан албан хаагчдын цалин хөлс 1,201,086,070 төгрөгийг 2021 онд, 2,132.526,042 төгрөгийг 2022 онд, 1,082,647,280 төгрөгийг 2023 онд олгож ажилласан. Ковидын цар тахлын үед буюу 2021 оны 6 дугаар сараас эхлэн үүсээд байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн ихэнхи хэсэг нь буюу 671,597,203 төгрөг нь Ковид-19 тахлын үеийн нөхцөл байдлаас үүдэн үүссэн өр байгаа бөгөөд энэхүү хүнд нөхцөл байдлаас бага багаар гарахаар одоог хүртэл хичээн ажиллаж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулахад төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэг байгаа ч гэсэн борлуулалт багатай, хамтран ажилладаг уул уурхайн комианиудтай гэрээгээ цуцалсан зэргээс шалтгаалан 2021-2023 онуудын орлого тооцоолж байснаас даруй 90 хувьтай бага байсан нь эргээд зардлаа нөхөх, хэвийн үйл ажиллагаатай болоход нэлээд хугацаа орж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн хувьд маргахгүй. Харин алдангид маргаж байна. Төрийн байгууллага тул биднийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж, алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг тус тус баримтлан К ХХК-иас 1,680,873,791 төгрөгийг гаргуулан ХУДНДГ ТБАГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч К ХХК-иас 8,562,319 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар хэсэгт 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулиар хариуцагчийн 2021-2023 оны нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн алданги төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж шүүх үйл баримтыг тогтоосон боловч дээрх хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйгээс үүсэх алдангийг хэрхэн тооцох талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт байдаггүй. Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан. Шүүхээс Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийг баримталж алдангийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үйлдэл гэж харж байна. Учир нь үйл баримтыг оновчтой тогтоосон боловч хууль хэрэглээний хувьд ойлгомжгүй нөхцөл байдал бий болгосон. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн тул манай компанийн өр авлага нь 2021-2023 оны төлөгдөөгүй өр төлбөр юм. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги буюу 535,914,343 төгрөгийг шүүх хангах үндэслэлгүй мөн Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгосон. Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу толсон бол дутуу толсон шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэтэл шүүх алдангийг тооцохдоо уг зүйл, заалтыг яагаад баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тооцооны алдаа гарснаас хойших алданги тооцох гэж заасан. Тус заалт нь тооцооны алдаа гарсан бол алданги төлүүлэх талаар тодорхойлсон байсныг шүүх нийгмийн даатгал төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тайлбарлаж шүүхийн шийдвэрт тусгаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй. Тооцооны алдаа гэдэг нь нэмэх, хасах, үржих, хуваах зэрэг үйлдэл хийхдээ алдаа гаргаж нийлбэр дүн зөрүүтэй байхыг ойлгоно. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар мөрөнд Хариуцагчийн 2024 оны эхний 3 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, түүнчлэн алданги төлөхтэй холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын Ерөнхий хуулиар зохицуулна гэж үйл баримт тогтоожээ. Ингэхдээ шүүх зөвхөн 2024 оны эхний 3 сарын хугацааг алданги тооцох үндэслэлтэй гэж тодорхой дурдаж бичсэн байна. 3 сарын алданги тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 535,914,343 төгрөг гаргах боломжгүй. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар алданги гаргуулахаар шаардахын тулд улсын байцаагч акт үйлдсэн байх урьдчилсан нөхцөл хангагдаж байж алданги шаардах эрх үүснэ. Гэтэл 2024 он гарснаар манай компанид холбогдуулан алданги төлөх тухай улсын байцаагчийн акт үйлдээгүй энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн нотлох баримт болон тайлбар гаргаж өгөөгүй тул алданги нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд манай компани зүгээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 535,914,343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч талаас гаргаж байгаа Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөр 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр болсон ба уг хуульд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол гэх зохицуулалт байхгүй. Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож, уг алданги нь тухайн хугацааны шимтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг баримтлан алданги тооцсон. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэл, улсын байцаагчийн актаар тавьсан торгууль, алданги, шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги гэж нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд ямар зүйлийг тооцох вэ гэдгийг тодорхойлсон тодорхойлолт. Улсын байцаагчийн актаар тавьсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхтэй холбогдсон санхүүгийн зөрчил гарсан нөхцөлд ниймгийн даатгалын шимтгэл нь улсын байцаагчийн актаар үүсдэг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нөхцөлд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу 0,3 хувийн алданги тооцож, уг алдангийг шүүхийн журмаар шийдвэрлүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХУДНДГ нь хариуцагч К ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,144,959,448 төгрөг, алданги 535,914,343 төгрөг, нийт 1,680,873,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

 

3. К ХХК нь 2021 оны 6 дугаар сараас 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл 1,144,959,448 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй талаар зохигч тайлбарлаж, энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, улсын байцаагчийн акт, авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх10-30/

Хариуцагч тал дээрх үйл баримтад маргаангүй. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн дүнг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан. Харин алданги шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч К ХХК-иас төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 1,144,959,448 төгрөгөөс 0,3 хувиар, уг дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож нийт 535,914,343 төгрөгийн алданги нэхэмжилсэн.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заасантай нийцсэн. Харин хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Хариуцагч компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй үндэслэлээ Дэлхий даяар тархсан халдварт Ковид-19 цар тахлын үеийн хорио цээрээс шалтгаалан 2021 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй ... гэж тайлбарласан байхад шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй байх тул ... тооцооллын алдаа гаргаагүй тул Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй.

 

6. Монгол Улсын Их хурлын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

Хариуцагч К ХХК нь 2021 оны 6 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс тухайн үед дагаж мөрдөж байсан Зөрчлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр алданги төлөх үүрэг үүссэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх хугацаанд хамрах шимтгэлийн өр болох 1,039,246,572 төгрөгт 515,411,222 төгрөгийн алданги тооцсон нь зөв.

 

7. Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Нэхэмжлэгч нь 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны төлөгдөөгүй шимтгэлийн өр нийт 105,712,876 төгрөгөөс сар бүр 0.3 хувийн алданги тооцон 20,503,121 төгрөг нэхэмжилсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

 

8. Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ... Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар алданги шаардахын тул улсын байцаагч акт үйлдсэн байх урьдчилсан нөхцөл хангагдаж байж алданги шаардах эрх үүснэ. ... манай компанид холбогдуулан улсын байцаагчийн акт үйлдээгүй ... алданги нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж тайлбарлаж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Доор дурдсан шимтгэл, алданги, торгуулийг шимтгэлийн өрд тооцно: гээд, 30.1.1-т энэ хуулийн 21.1, 21.20-д заасан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл; 30.1.2-т улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль; 30.1.3-т шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль гэж тус тус заасан.

Хариуцагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх үүргээ зөрчсөн үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шимтгэлийн өрд дээрх шимтгэл хамаарч байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хуулийн үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/03653 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас ... 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,837,522 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ