| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0415/э |
| Дугаар | 415 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 415
2019 04 29 2019/ШЦТ/415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,
улсын яллагч: Ц.Амгаланбаатар;
шүүгдэгч: Ч.Хүрэлчулуун /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Чүлэмийн Хүрэлчулуунд холбогдох эрүүгийн 1909009550429 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгзэр сарын 10-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороолол Аркын 58-13 тоотод оршин суух,
Нийслэлийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 167 дугаартай шүүгчийн захирамжаар 1 сар 29 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, УК92060478 регистрийн дугаартай, Сартуул овогт Чүлтэмийн Хүрэлчулуун.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ч.Хүрэлчулуун нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байрны хажууд явж байхдаа С.Бадамгаравын халааснаас “Ай фоне-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 328.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Хүрэлчулуун мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч С.Бадамгаравын /хх-ийн 6-7/, гэрч А.Энх-Амгалан нарын мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 24,25/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19/, Ч.Хүрэлчунууны хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Хүрэлчулуун нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байрны хажууд явж байхдаа С.Бадамгаравын халааснаас “Ай фоне-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
насанд хүрээгүй хохирогч С.Бадамгаравын/хх-ийн 5/: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дотуур байрнаас 11 цаг 35 минут орчимд гараад хичээлрүүгээ явж байгаад халааснаасаа “Айфоне-6” гар утсаа хулгайд алдсан. Миний ард 2 эрэгтэй хүн явж байсан. Нэг нь шар өмдтэй , саарал цамцтай, хар цүнх үүрсэн, кейфкен малгайтай, хүрэн өнгийн гуталтай, нөгөө нь хар саравчтай малгайтай хар куртиктай эрэгтэй байсан. Тэр хоёрын нэгийг нь авчлаа гэж бодоод саарал цамцтай ахыг очоод шалгаж үзэхэд биенээс нь гарч ирээгүй. Би цааш булан эргээд цагдаа дуудсан. “Теди” төвөөс 2 дугаар сард 380.000 төгрөгөөр авч байсан. Баталгааны хуудас хайрцаг сав нь байгаа. Авсан үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Энх-Амгалангийн/хх-ийн 17/:“...Сэжигтэн этгээд Ч.Хүрэлчулуунтай адилхан байсныг холоос таниулах ажиллагаа хийхэд Ч.Хүрэлчулуун нь мөн болохыг шалгалтын явцад тогтоосон. Шалгалтын явцад “Айфоне-6” маркийн саарал өнгийн гар утас байсан. Тухайн үед Ч.Хүрэлчулуун ганцаараа явж байсан. 2005 оноос хойш бүртгэлтэй судалгаанд орсон....” гэх мэдүүлгээр,
Ч.Хүрэлчулууны гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 12/: “... 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед МУИС-ийн ард голын замд 2 охин явж байсан. Хар өнгийн куртиктай охины баруун халаасанд нь утас нь харагдаад байхаар нь авчихсан юм. Мөнгөний хэрэг болоод авсан...” гэх мэдүүлгээр болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 24-25/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн Ч.Хүрэлчулууны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байрны хажууд явж байхдаа “Ай фоне-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан С.Бадамгаравт 328.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад 328.000 төгрөгийн хохирол учруулж буй Ч.Хүрэлчулууны санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Хүрэлчулуун бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч С.Бадамгарав хулгайд алдсан гар утсаа биет байдлаар буцаан авч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болсон нь хэргийн 61 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч Ч.Хүрэлчулууныг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ч.Хүрэлчулууныг “бусдын эд хөрөнгийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ч.Хүрэлчулууныг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Сартуул овогт Чүлтэмийн Хүрэлчулууныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хүрэлчулууныг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хүрэлчулуунд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хүрэлчулуун нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Хүрэлчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ