Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,         

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пүрэв овогт Т-н Бд холбогдох эрүүгийн 1809046850207 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа микро автобусны жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 25 дугаар гудамжны 1542 тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 958 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ТА 92042451 / Пүрэв овогт Т-н Б нь:

 

- 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Шар хад-Хороолол чиглэлийн микро автобусаар иргэдэд үйлчилж байхдаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар саргуулийн өмнөх автобусны буудал дээр Б.Бат-Эрдэнийг “микро автобусны кондуктортой хэрэлдлээ. Мөнгөө нэмж өгсөнгүй” гэж шалтгааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...КТМС-ийн автобусны буудлаас 97-16 УНК улсын дугаартай Шар хад-3,4 дүгээр хороолол- Ханийн материал чиглэлийн микро автобусанд суун Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр бууна гээд 500 төгрөг өгтөл 1000 төгрөг гэхээр нь “Гурван буудал яагаад 1000 төгрөг юм бэ” гэтэл микро автобусанд сууж явсан хүмүүс микроны кондуктор руу хэл ам хийтэл цаанаас нь жолооч нь “Та нар кондуктортой хэрэлдээд байх шаардлагагүй шүү” гээд хэрүүл хийсээр байгаад гуравдугаар сургуулийн автобусны буудал дээр ирэхээр нь охиноо аваад буутал кондуктор нь мөнгөө нэмж өг гэхээр нь өгөлгүй буутал микро автобусны жолооч бууж ирэн намайг зодсон. Микро автобусны жолооч намайг зодчихоод микрондоо суугаад явах гэхээр нь микроных нь зүүн талын толийг гараараа цохиод хагалчихсан юм... намайг угз татаж газар унаган дагз хэсэгт цохьсон. Босох гэтэл миний нүүр рүү өшиглөсөн бас уруул руу цохьсон. Хүзүү, цээж зулгарсан байдалтай байна гэжээ. / хх 21 /

 

Гэрч П.Түмэнбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 3 дугаар сургуулийн автобусны буудлын хойд талд нөхөр, хүүхэд хоёроо хүлээж байсан бөгөөд утсаар залгахад одоо буулаа наана чинь бууна шүү гэж сонсогдсон юм. Тэгээд би хүлээгээд ирэхгүй болохоор нь автобусны буудал руу очсон чинь манай нөхөр 97-16 дугаартай УНК истана маркын машины жолоочтой заамдалцаад зогсож байсан юм. Тэгээд хоорондоо зодолдоод манай нөхрийг хавсарч унагаагаад замын боржур руу толгойгоор нь мөргүүлээд гэдэс нуруу руу нь цохиод байсан. Тэгтэл жолооч нь машиндаа хурдан очиж суунгуутаа л хөдлөх гэхэд нь манай нөхөр гүйж очоод толийг нь хага цохьсон. Тэгтэл жолооч нь дахиж бууж ирээд нүүр рүү нь 2 удаа цохиод хажууд нь зогсож байсан хүн манай нөхрийг өмөөрсөн чинь тэр хүнийг бас цохьсон. Тэгээд яваад өгсөн. 97-16 УНК машины жолооч нь зодсон кондуктор нь манай нөхөртэй зодолдоогүй гэжээ. / хх 23 /

 

Яллагдагч Т.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Шар хад- Хороолол чиглэлд өөрийн эзэмшлийн 97-16 УНК Грейс маркийн машинаар хүн тээвэрлэж явсан бөгөөд КТМС-ийн урд талаас 35 гаран насны залуу суусан бөгөөд суусан цагаас эхнэртэйгээ муудалцаад чанга хашхираад байсан. Тэгэхээр нь би олон нийтийн унаанд суучихаад “Чи ямар сонин залуу вэ? наана чинь олон хүн сууж явж байна шүү дээ” гэж хэлэхэд 3-р сургуулийн автобусны буудал дээр буусан. Тэр хавьд байсан хүмүүстэй муудалцсан бөгөөд би тэр залууг кондуктортой муудалцаад байхаар нь кондуктораас салгаж аваад тэр хүн рүү ойртоход архи үнэртэж бөгөөд тэр залуутай барьцалдаж аваад 2-3 удаа толгой нүүр хэсэгт нь цохьсон бөгөөд тэр залуу газарт унаад би цаашаа машинаа унах гээд явах үед машины толь руу цохиж харагдсан гэжээ. / хх 5 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12393 дугаар дүгнэлтэнд:

  1. Б.Бат-Эрдэний биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын зүүн хэсэгт язралт, цус хуралт, 1 шүдний сулрал, хүзүүний зүүн дунд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 25 /

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 60-62 /

 

Шүүгдэгч Т.Бг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-5 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 58 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Шар хад-хороолол чиглэлийн микро автобусаар иргэдэд үйлчилж байхдаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар саргуулийн өмнөх автобусны буудал дээр Б.Бат-Эрдэнийг “микро автобусны кондуктортой хэрэлдлээ. Мөнгөө нэмж өгсөнгүй” гэж түүнтэй маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...КТМС-ийн автобусны буудлаас микро автобусанд суун Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр бууна гээд 500 төгрөг өгтөл 1000 төгрөг гэсэн. Кондуктор нь мөнгөө нэмж өг гэхээр нь өгөлгүй буутал микро автобусны жолооч бууж ирэн намайг угз татаж газар унаган дагз хэсэгт цохьсон. Босох гэтэл миний нүүр рүү өшиглөсөн бас уруул руу цохьсон. Хүзүү, цээж зулгарсан байдалтай байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг / хх 21 /, ...манай нөхөр 97-16 УНК истанагийн жолоочтой заамдалцаад, хоорондоо зодолдоод манай нөхрийг хавсарч унагаагаад замын боржур руу толгойгоор нь мөргүүлээд гэдэс нуруу руу нь цохиод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Түмэнбаярын мэдүүлэг / хх 23 /, ...КТМС-ийн урд талаас 35 гаран насны залуу суусан бөгөөд суусан цагаас эхнэртэйгээ муудалцаад чанга хашхираад байсан. Тэгээд би тэр залуутай барьцалдаж аваад 2-3 удаа толгой нүүр хэсэгт нь цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Бгийн мэдүүлэг / хх 5 /, ...Б.Бат-Эрдэний биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын зүүн хэсэгт язралт, цус хуралт, 1 шүдний сулрал, хүзүүний зүүн дунд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12393 дугаар дүгнэлт / хх 25 /, ... Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 60-62 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Б нь  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Т.Бг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Пүрэв овогт Т-н Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ