Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 205/МА2024/00013

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00283 дугаар шийдвэртэй

Д.*******ын нэхэмжлэлтэй Ц.*******, ******* *******ны Завхан салбарт холбогдох Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ******* гудамжны ******* тоот Д.*******ын эзэмшлийн хашаанд баригдсан гараашийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлүүлэх  тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ц.******* /цахимаар/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа /танхимаар/, Х.******* /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Д.******* нь: хариуцагч Ц.*******, ******* *******ны Завхан салбарт холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ******* гудамжны ******* тоот Д.*******ын эзэмшлийн хашаан баригдсан гараашийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* *******наас 216м2 ******* дугаартай хашаа,  дугаартай байшинг худалдан авсан. Авах үедээ иргэн *******ыг энэ хашаа байшингаа ******* *******инд барьцаанд тавьж тодорхой шаардлагын дагуу хураалгасан юм байна гэж би ойлгосон. Намайг авахад гараашийг буулгаж газар чөлөөлж өгнө гэж хэлсэн боловч иргэн *******тай нэг шийдэлд хүрэлгүй одоог хүртэл байсаар байна. Би эхлээд ******* *******наас байнга шаардаж 8 сар болсон. Сүүлдээ ******* *******ны захирал *******аа нь нэхэмжлэх эрх нь танд байгаа гэснээр би иргэн Ц.*******аас удаа дараа шаардсаар хамгийн сүүлд ноднин утсаар залгаж та газар чөлөөлөөд өгөөч гэхэд солиороод байгаарай жингэр минь гэж доромжилсон. Үүнээс хойш би дахин шаардалгүй жил боллоо. Би газраа чөлөөлүүлж өөрийн хэрэгцээ амьжиргаанд ашиглаж чадалгүй 5,8 жил болж байна.

...******* гуайгаас би асууж байсан. Таны гараашд гэрчилгээ байна уу гэхэд газрын кадастр нь өөр хүний нэр дээр байгаа учраас гэрчилгээ гардаггүй юм байна лээ гэсэн. Сүүлдээ ******* ******* худалдаж авах гэж байсан гэж хүртэл хэлж байсан. Намайг архичин шиг авир гаргасан гэсэн. Энэ бол миний үндсэн ааш биш. Би хүнтэй муудалцах дургүй, архи уудаггүй. Захын хүнээс асуухад энэ талаар мэдэх байх. Тиймээс миний эзэмшлийн газраас иргэн Ц.*******ын гараашийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч нарын хариу татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч Ц.*******: Манай компани 2013 онд Жижиг дунд үйлдвэрийн төслийн шугамаар аймгийн төвд бетон зуурмагийн үйлдвэр байгуулсан боловч тухайн үед зах зээлийн хямралын улмаас бетон борлуулалт зогсонги байдалд орж *******ны эргэн төлөлтөд хүндрэл гаран *******ны барьцаанд байсан эд хөрөнгүүд үл маргах журмаар гэрээний дагуу *******ны мэдэлд шилжсэн. Түүний дотор Жинст баг *******ны зүүн талын хоёр давхар орон сууцны барилгыг энэ хүн худалдаж авсан байсан. Харин барьцаанд байгаагүй хоёр давхарлах зориулалтаар хийгдсэн бараг хоёр машины гарааш нь миний нэр дээр үлдсэн. Тухайн үед ******* *******ны захирал Б.*******аад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, газрыг нь тасдаж өгөх нь зүйтэй гэж даалгавар өгсөн байсан. Харин Б.*******аа тухайн үед надтай уулзаад үл хөдлөх хэвээр төв ******* руу явуулчихсан, одоо гараашийг салгах гэхээр хүндрэлтэй байна. Та энэ авсан айлтай нь тохиролцоод зарах боломж байна уу гэсэн.

Миний хувьд зөвшөөрсөн ба энэ хүнд боломжийн үнийн санал тавьсан. Харин тухайн үед *******ны төлөлт байна. Боломж гарахаар тантай уулзъя ахаа гэж байсан. Гэтэл энэ хүний салсан нөхөр аа утсаар яриад би хотод байна аймаг ороод тантай уулзъя би гараашийг чинь аваад хүүхдүүддээ өгий гээд үнэ мөнгөө тохироод аймагт уулзах болсон. Удалгүй аймагт ирээд ахаа манай хуучин авгай уурлаад дургүйцээд харааж зүхээд байна. Би болилоо гэсэн. Одоогоос хоёр жилийн өмнө хот руу явахаасаа өмнө би *******ын дэлгүүр лүү уулзах гээд орсон чинь би тэр аагаар гарааш авхуулахгүй энэ миний байшин тэр хүнд хамаагүй гээд уурлаад орилоод байсан. Тэр үед би юу ч хэлэлгүй гарсан. Учир нь архи зардаггүй дэлгүүрт хоосон архины шил мөн хоёр гурван хүмүүс архи үнэртүүлэн зөрөөд гарсан. Тэр үеэс хойш энэ хүнтэй уулзаач үгүй, утсаар ч яриагүй. Өнгөрсөн жил би 3 удаа хүнд хагалгаанд орж хэвтэрт байсан юун утсаар ярих хүн загнах өөрөө л жингэр гичий нохой гээд орилоод байдаг юм байна лээ. Хамаагүй хүн гүтгээд хүний хөрөнгийг дур мэдэн буулгуулж нураана гэж болохгүй байх. Харин гараашийг үнэ тохирон зөвшилцөж болно байх гэж бодож байна. Харин үүнийг зөвшөөрөхгүй бол худалдах, худалдан авах гэрээ хийсэн ******* *******тайгаа учраа олох хэрэгтэй. ******* ******* энэ ******* хоёрын үл хөдлөх хөрөнгийн арилжаанд би ямар ч хамаагүй. Тус гарааш нь 2000 онд орон сууцны барилгатай хамт баригдсан объект гэжээ.

3. Хариуцагч: ******* *******ны Завхан салбарын төлөөлөгч Б.*******аа: ******* *******ийг төлөөлж төлөөлөгчөөр оролцож байна. Холбогдох тайлбарыг гаргая, *******ны өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг, газрын хамт нээлттэй худалдан борлуулахаар зар тавьж иргэн ******* тухайн хөрөнгийг худалдан авах хүсэлт гаргаснаар тухайн хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр худалдан борлуулсан. Банкны хувьд өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгө, газрыг нэхэмжлэгч талд худалдан боорлуулсан. 44.0 сая төгрөгийн хөрөнгийг 40.0 сая болгож худалдсан. Мөн тухайн худалдан авах чадварт нь бизнесийн зээлийг урт хугацаатай олгосон. Энэ хөрөнгийн хувьд худалдан авагч нар нээлттэй байсан. Тухайн хөрөнгийг худалдах үед гуравдагч этгээдийн гарааш байсныг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Гэрээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Банкнаас олгож байгаа зээл хугацаатай гардаг. Зээлийн шийдвэрийн хугацаанд гэрээ баталгаажиж, олголт хийгээгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь хаагддаг. Нэхэмжлэгч *******д 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр баг Жинст багт, Хаан *******ны зүүн талд 0 гудамжинд байрлах, нэгж талбарын дугаартай гэсэн гэрчилгээний дугаартай, 216м2 эзэмших эрхийг ******* *******наас шилжүүлэн авсан. Газар эзэмших эрхийг талууд харилцан тохиролцож *******ын нэр дээр шилжсэн. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний 6-д худалдан авагч эд хөрөнгийг өөрийн биеэр үзэж бичиг баримтуудыг нягтлан шалгах бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авсан эд хөрөнгийн болон түүнд холбогдох эрхийн талаар маргахгүй гэснийг дурдаж байна. Мөн уг гэрээний 4-д ******* ******* бусдад шилжүүлээгүй, барьцаалаагүй, битүүмжлээгүй, түрээслээгүй газрыг *******д шилжүүлсэн бөгөөд уг газар дээр гуравдагч этгээдийн хөрөнгө байгаа нь гэрээний 4-т хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, ******* нь тухайн газарт өөр хүний эд хөрөнгийг байгаа гэдгийг мэдэх боломжтой байсан буюу мэдсэн болно. Иймд ******* ******* *******тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий, амины орон сууцны зориулалттай 216.0 м.кв /га/ газар дээрх Ц.*******ын автомашины гараашийн обьектийг албадан буулгаж, газрыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдлын агуулга, тайлбар: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Завхан аймаг Жинст багийн ******* гудамжны ******* тоот хаягт байрлах ******* эзэмшлийн хашаан дотор хууль бусаар байгаа гараашийг нүүлгэж, газар чөлөөлж өгнө үү гэсэн байсан. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ "... уг газар дээр хариуцагч Ц.*******ын авто машины гараашийн обьект эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй баригдсан байгаа нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж үзлээ. Дээр дурдсан үндэслэлээр Д.*******ын өөрийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан Ц.*******ын авто машины граж обьектыг албадан буулгуулж, газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, би 2000 онд өөрийн эзэмшлийн тус газар дээр гарааш барьсан бөгөөд тухайн үед Д.******* болон өөр бусад этгээдээс зөвшөөрөл авах гэсэн хуулийн шаардлага тавигдаж байгаагүй. Иймд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, Д.*******ын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй гарааш барьсан гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна. Би өөрийн эзэмшлийн газар болон орон сууцыг 2014 онд ******* *******инд барьцаалж, харин гараашийг барьцаалаагүй байсан. Ингээд ******* миний эзэмшлийн газар, орон сууцыг 2017 онд барьцааны гэрээний дагуу өөртөө шилжүүлж аваад 2018 онд нэхэмжлэгчид худалдсан байсан. Дээрх хугацаанд би гараашаа өөрөө эзэмшиж ашиглаж байсан тул энэхүү гарааш Банкны барьцаанд хураагдаагүй, цаашлаад ******* нэхэмжлэгчид худалдаагүй гэдгийг хэн аль нь мэдэж байсан. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогддог. Тухайн гараашийг би 2000 онд өөрийн эзэмшлийн газарт өөрийн хөрөнгөөр барьж байсан тул хууль бус зүйл болоогүй. Нэхэмжлэгч болон түүний нөхөр тус гараашийг надаас худалдан авах тухай ярилцаж байгаад гэнэт ийнхүү гараашийг нураалгахаар шүүхэд хандсан нь ойлгомжгүй байдаг. Миний бие ямар нэгэн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа гаргаагүй байхад хөрөнгийг маань нураах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдэн төлөөлөгч Т.ыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.т шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэдэг боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1- д зааснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Дээрх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 22-ны 140/ШШ2024/00283 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гараашийн доорх газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Дэлгүүр ажиллуулдаг байсан. Тухайн орчинд орон сууцны барилгууд баригдаад, барилгын доор үйлчилгээний зориулалттай газрууд баригдах болсон. Миний ажилуулдаг дэлгүүр 6 нэрийн жижиг дэлгүүр байсан. Дэлгүүрийн орлого багассан учраас ажилуулахаа больсон. Хашаан дотроо ногоо тарьж амьжиргаагаа залгуулж байгаа. Гараашийн доорх газрын 5 жилийн хугацаанд ашиглаж чадаагүй. Гараашийн доорх газрыг чөлөөлүүлчих юм бол зургаа, найман хэмжээтэй хүлэмж барих боломж бий. Ц.******* ах надтай зөвлөлдөх гэж орж ирсэн нь үнэн. Бид хоёрын дунд зөрчилдөөн, маргалдаан байгаагүй. Гараашийг 2,0 сая төгрөгөөр зарна гэхэд нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. 2,0 сая төгрөгөөр авч чадахгүй 1,0 сая төгрөгөөр авах саналыг гаргасан. Ц.******* ах гараашийн хаалга нь л гэхэд 1,0 сая төгрөгийн үнэтэй гэсэн. Дүү нь 1,0 сая төгрөг өгье. Та 1,0 сая төгрөгийн хаалгаа ав. Бусад материалуудаа ав 1,0 сая төгрөгөөс илүүг өгч чадахгүй тухайгаа хэлсэн. Миний хувьд гараашийг ашиглах шаардлага, нөхцөл боломж байхгүй. Би захирамжийн дагуу авсан газраа л авах хүсэлтэй байгаа. Ашигтай талбайг гарааш эзэлсэн байх тул гараашийг буулгаж өгөөч гэх хүсэлтийг гаргасан. Кадастрын зургийг аваад 3 хонож байхад Ц.******* ах манай дэлгүүрт орж ирээд, гарааш буулгахад 250,000 төгрөг шаардагдана гэнэ. Гарааш буулгах мөнгийг өгвөл, гараашаа буулгаж авлаа. Гарааш буулгахад 2-3 хоног болно. Гарааш буулгахад ойр орчмын газрыг ухаж, сэндийчих байх гэхээр нь гарааш буулгах мөнгийг чинь өгье гэх тохиролцоог, мөн хийсэн гэдгийг хэлмээр байна гэв.

7.Хариуцагч **************ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хууль эрх зүйн талаас нь манай өмгөөлөгч тайлбараа гаргалаа. Болсон зүйлийн талаарх зарим зүйлс дээр давхардуулахгүйгээр тайлбараа гаргая. Хариуцагчийн тайлбарласнаар *******наас авсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй учир 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр ажиллагаа хийгдсэн. 2017 онд зээлийн өр төлбөрт хөрөнгө тооцож авахаар харилцан тохиролцоод 2017 оны 05 дугаар сард *******ны өмчлөх хөрөнгөд шилжиж ирсэн. Тухайн үед гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө дээр маргаан үүсээгүй. Харилцагчийн хувьд өр төлбөртөө хөрөнгөө тооцуулж өгье. Гараашийг чөлөөлнө гэж амаар тайлбарлаж байсан. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар нотлогдож байгаа. Банк зээлийн төлбөрт хүчин төгөлдөр гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгийг барьцаалдаг. Эдгээр хөрөнгийн нэг нь хувийн сууц, өмчлөлийн газар байсан. Барьцаа хөрөнгө дээр маргаан гараагүй учир, барьцаа хөрөнгийг шилжүүлж авсан. Банк 2017 оны 05 дугаар сараас хойш худалдан авах хүн хайсан. 2018 оны 10 дугаар сард иргэн Д.******* худалдан авахаар санал тавьснаар худалдан борлуулсан. 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл Ц.*******т хөрөнгөө буцаан худалдан авах эрх нь нээлттэй байсан. Өр төлбөрөө төлөөд авах боломж уг нь байсан. Ц.******* нь өөрөө гарц гаргалгааг хайгаагүй. Банкны хувьд 2017 онд шилжүүлж авсан хөрөнгийн зээлийн төлбөрт 44,100,000 төгрөгийн өртөгтэй ирсэн. 2018 онд гуравдагч талд үнэ өртгийн хувьд өөрчлөлт оруулахгүйгээр барьцаалагдсан хөрөнгийн үнэлгээгээр гуравдагч талд худалдан борлуулсан. Гуравдагч тал дээр бид бүхэн тайлбартаа тусгасан. Худалдан авах гэрээ хийхэд худалдан авагч талаас маргаан гаргаагүй. Гэрээ, худалдан авч буй газарт очиж танилцсан. Авто гарааш байсан. Гэрээнд гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болж хөрөнгө шилжсэн. Банк хөрөнгийг шилжүүлэхдээ ямар нэгэн байдлаар газраас хассан зүйл байхгүй. Анх барьцаалсан 216 м кв газрыг бүрэн шилжүүлсэн. Д.******* гэх хүний нэр дээр албан ёсоор баталгаажсан. Хөрөнгөд маргаан үүсээгүй, иргэн Д.*******ын хөрөнгө байгаа учраас ******* ******* хариуцагч биш байна гэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэв.

8. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримталж, үндэслэх хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалтай холбоотой үнэн зөв дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ц.******* нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй байдлыг дурдаж гомдлоо гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.*******ын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.******* болон хариуцагч **************д холбогдуулан өөрийн эзэмшлийн Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ******* гудамжны ******* тоот газарт байрлах Ц.*******ын машины гараашийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий газар нь өмнө нь хариуцагч Ц.*******ын өмчлөлийн газар байсан бөгөөд уг газар нь **************ны өмчлөлд шилжиж, улмаар **************аас нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 132 мкв бүхий тайлбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт, 216 мкв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг худалдан авч, дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, дугаар бүхий газар эзэмших эрх авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

4. Нэхэмжлэгч Д.******* нь маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг зэмших эрхтэй болох нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/461 дугаартай газар эзэмшүүлэх тухай шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн дээрх хаягт байрлах, нэгж талбарын 8109011806 дугаар бүхий 361.0 мкв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэхээр байна.

5. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө нь түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэжээ.

6. Мөн өмчлөгч нь өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт, энэ нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт тус, тус заасан байна.

7. Хариуцагч Ц.******* нь маргаан бүхий газарт байрлах, автомашины гарааш, түүний доорхи газар нь өөрийн хууль ёсны эзэмшил гэдгийг баримтаар нотлоогүй тохиолдолд уг газрыг Ц.*******ын эзэмшилийн газар гэж үзэх боломжгүй юм.

8. Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн эзэмшлийн газар дээр байрлах Ц.*******ын хөрөнгөөр баригдсан гараашийг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлэхийг Ц.*******аас шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт нийцжээ.

9. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч **************наас маргаан бүхий газрыг худалдан авахдаа уг газар дээр Ц.*******ын хөрөнгөөр баригдсан гарааш байгаа гэдгийг мэдсээр байж худалдан авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар **************инд холбогдуулан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

10. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт **************инд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох талаар дурьдсан боловч, шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч **************инд холбогдох хэсгийг ямар үндэслэлээр хэрхэн шийдвэрлэснээ орхигдуулсан, мөн нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг бүрэн дүүрэн хэрэглээгүй, газар чөлөөлөхийг хариуцагчид даалгаагүй байгаа зэргийг нь давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.

11. Иймд дээрхи үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрлчлөлт оруулж, хариуцагч Ц.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00283 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий, амины орон сууцны зориулалттай 216.0 мкв газар дээр байрлах хариуцагч Ц.*******ын хөрөнгөөр баригдсан автомашины гараашийг буулгаж, тус газрыг чөлөөлөхийг хариуцагч Ц.*******т даалгасугай. гэж,

2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зйүлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын газар чөлөөлүүлэх нэхэмжлэлээс хариуцагч **************инд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус, тус өөрчилж, хариуцагч Ц.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн 2,3,4 дэх заалтыг 3,4,5 гэж дугаарласугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ