| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0420/э |
| Дугаар | 417 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 417
2019 05 01 2019/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Г.Ганбагана;
шүүгдэгч: Б.Соёмбо (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дүүгүүр овогт Бямбаагийн Соёмбод холбогдох эрүүгийн 1909009140423 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 44 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №643 дугаар шийтгэх тогтоолоор 650 нэгжээр торгох ялаар шийтгэгдэж байсан, ФД78021211 регистрийн дугаартай, Дүүгүүр овогт Бямбаагийн Соёмбо.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Соёмбо нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 гудамжны 45 тоотод оршин суух иргэн Ж.Чулуунхүүтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Соёмбо мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Чулуунхүү /хх-ийн 14 мэдүүлсэн мэдүүлэг/, Б.Соёмбын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2616 тоот дүгнэлт /хх-ийн 26/, Б.Соёмбын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-36/, Б.Соёмбын хүсэлт /хх-ийн 38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Соёмбо нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 гудамжны 45 тоотод оршин суух иргэн Ж.Чулуунхүүтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ж.Чулуунхүүгийн /хх-ийн 14/: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр орой 19 цагийн орчимд би машиндаа засвар хийж байхад миний автомашины данхраад унаад машин уначихсан юм. Тэгээд хажуу айл руу ороод Б.Соёмбоог “машин хажуу тийшээ уначихлаа өргөлцөөд өгөөч” гэж хэлэх гээд очтол Б.Соёмбо эхнэртэйгээ хамт 1 шил архи хуваагаад уугаад сууж байсан. Тэгээд өргөөд өгөөч гэж гуйхад Б.Соёмбо “чи намайг дарамтлаад байгаа юм уу?”, гэж хэлээд агсраад байхаар нь би “чи наад хашаа хороогоо цэвэрлэ яасан арчаагүй юм” гэж хэлтэл намайг баруун талын нүдэнд нэг удаа цохисон. Тэгээд би унаад өгтөл намайг нүүр болон бие рүү хэд хэдэн удаа өшиглөөд дэвссэн юм. Миний хамар чихнээс цус гоожоод би зугтаагаад гэртээ орсон...” гэх мэдүүлэгээр,
Б.Соёмбын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5/:“... 2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 18 цагийн орчим би гэртээ согтуу байж байтал Чулуунхүү ах согтуу орж ирээд “архи ууя” гээд байсан. Чулуунхүү ахын эхнэр нь орж ирээд загнаад байдаг болохоор нь би Чулуунхүү ахыг “та харь” гээд гэрлүү нь оруулж өгөхөөр хоёр хашааны голын банз хэсгээр гаргаж байтал гэнэт Чулуунхүү ах намайг хавсарч унагаасан. Тэгээд би уурлаад Чулуунхүү ахыг гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохисон юм...” гэх мэдүүлгээр,
Ж.Чулуунхүүгийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салст, зүүн зовхи, 2 бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2616 тоот дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Соёмбын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Соёмбыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ж.Чулуунхүү “...бид эвлэрсэн, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн баримт хэргийн 37 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Соёмбыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Соёмбо нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дүүгүүр овогт Бямбаагийн Соёмбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Соёмбыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Соёмбо торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Соёмбод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ