Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 205/МА2024/00014

 

Завхан аймгийн *******ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 141/ШШ2024/00094 дугаар шийдвэртэй

Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох төрд учруулсан хохирол 13,345,273 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар, Б.*******т холбогдуулан төрд учирсан хохирол 13,345,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Б.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр моторыг өөрийн хамаарал бүхий харилцаатай Т.*******т өгч, өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас ******* сумын засаг даргын тамгын газарт 13,345,273 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн 172300092 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгүүд, эрх бүхий комиссын үнэлгээ, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад баримт бичгүүдээр хангалттай тогтоогджээ. Дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх болсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмын дагуу хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байх ба уг тогтоол хүчин төгөлдөр байна. Гэвч Б.******* нь төрд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна. Б.******* нь Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэсэн албан тушаалын байдлаа ашиглан ******* сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүрийг ямар нэгэн байдлаар устгах, актлах шийдвэр гараагүй байхад 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дур мэдэн бусдад өгсөн ба үүнээс хойш тухайн цахилгааны үүсгүүрийг устгах, актлах, үнэлгээг бууруулах, зах зээлийн үнэлгээ гаргах зэргээр үнэ өртгийг бууруулсан шийдвэр гараагүй байна. Шинжээч тухайн эд зүйлийг үзэлгүйгээр үнэлгээ гаргасан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж тухайн эд хөрөнгийг бусдад шилжүүлээгүй байх үеийн хамгийн сүүлийн үнэлгээ буюу ******* сумын Засаг даргын тамгын газрын Өмч хамгаалах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Дизель моторын үнэлгээ тогтоосон үнэлгээгээр нэхэмжлэх нь зүйд нийцэхээр байна. Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Б.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг өөрийн хамаарал бүхий харилцаатай Т.*******т өгч, өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдлийн улмаас тус аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 13,345,273 төгрөгийн хохирол учирсан тул Б.*******аас гаргуулж Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт олгож өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

2013 онд Завхан аймгийн Иргэдийн хурлын даргын ажил албан үүргийг хүлээж аваад Улиастай суманд нэгдсэн эрчим хүчний системд холбогдсонтой холбоотой Завхан аймаг дахь бүх суманд ажиллаж байгаа дизель 46 ширхэг моторыг өмчлөлд нь үлдээсэн. Тухайн үед өмчийн алба гэж байгаагүй. Би хурлын даргын ажил авснаас хойш өмчийн албыг байгуулж төрийн өмчид ашиглагдаж байгаа болон ашиглагдаагүй хөрөнгийг цахимжуулсан. Тухайн моторыг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр худалдан борлуулах, актлах шийдвэр гарсан. Учир нь аймгийн төсвийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд тухайн 46 моторын үнэлгээг 1 ширхэгийг 5,000,000 төгрөгөөр үнэлж 230 сая төгрөгөөр борлуулж байсан. Энэ шийдвэр гаргахаас өмнө моторыг худалдсан шалтгаан нь ******* гэх дүү над руу яриад танай Завхан аймагт мотор зардаг юм байна надад гайгүй ажиллагаатай мотор олоод өгөөч гэхээр нь *******той утсаар яриулж өөрсдөө хоорондоо ярилцаж худалдаж авсан. Би *******од ямар нэгэн албан тушаалаа ашиглан дарамталж, шахсан зүйл байхгүй. Тэр мотор нь 2010 онд Завхан аймгийн Түдэвтэй сумаас авч ирж сольсон 60 ваттын хүчин чадалтай мотор байсан. 60 ваттын хүчин чадалтай моторыг ******* суманд авчирч өгөөд оронд нь ажилладаг 100 ваттын моторыг сольж аваад явсан. Миний худалдсан гэх мотор нь 60 ваттын хүчин чадалтай мотор байсан. Шинжээчийн дүгнэлтээр ДС 60 ваттын мотор нь 1,800,000 төгрөг, ДС 100 квт мотор нь 3,800,000 төгрөг гэж үнэлэгдсэн тул нэхэмжлэгч тал тухайн хэргийн материал, шинжээчийн дүгнэлтийг сайн хянаж үзэх хэрэгтэй... гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлагаас 8,345,273 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* овогт *******ийн *******аас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлын агуулга, тайлбар: ...Шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд "шинжээчийн дүгнэлтээр уг моторыг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн байх боловч уг дүгнэлт нь зарагдсан моторын үнэлгээ буюу зах ззалийн үнэлгээнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтуудтай тохирохгүй байна. ...Уг моторыг Т.*******т нь 5.000.000 төгрөгөөр худалдсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгед учирсан бодит хохирлыг нехен телех үүрэгтэй тул хариуцагч Б.*******аас 5.000.000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт нь олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 100 ваттын хүчин чадалтай моторын үнийг нэхэмжилсэн бөгөөд уг мотор нь 60 ваттын хүчин чадалтай мотор болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бегеед Т.*******т гэх хүний уг моторыг зарсан үнээр бус шинжээчийн дүгналтийг үндэслэж уг моторын үнийг 1.800.000 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулах шаардлагатай байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт, өөрчлөлт оруулж хариуцагч Б.*******аас 1,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар: ...Тухайн хэрэг дээр 2 дүгнэлт гарсан байдаг. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгийн үнэлгээний комисс 100 ваттын хүчин чадалтай моторыг 13,345,273 /арван гурван сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун далан гурав/ төгрөгөөр үнэлсэн. 60 ваттын хүчин чадалтай моторын үнэлгээг тогтоогоогүй. Хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж байх явцад тухайн моторыг 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр дахин үнэлсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах прокурорын тогтоол дээр моторын үнэлгээг 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гэж дурдсан байдаг. Шинжээчийн дүгнэлт гэдэг нь тодорхой бус тооцооны зүйл дээр мэргэжлийн бус хүний тогтоох боломжгүй зүйл дээр шинжээч томилж дүгнэлт гаргах асуудал. Иргэний хэргийн материал харахад маргааны зүйл дээр 2 дүгнэлт гарсан мэт байгаа боловч аль дүгнэлтийг үнэлэх болон үнэлэхгүй байх асуудал үүсэж байна. Моторыг 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт нь бусад нотлох баримтаар нотлогддоггүй. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол нь хэрэг бүртгэлтийн хэрэг дээр өмнө нь гаргаж байсан үнэлгээг дурдсан байдаг. Зах зээлийн үнэлгээнээс илтэд доогуур үнэлэгдсэнийг нотолсон гэрч, хохирогчийн мэдүүлэг хэргийн материалд авагдаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, татгалзал, шаардлагын үндэслэлийг нотлох үүргийг зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдөө хүлээдэг. Мотор 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй эсэхийг хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаад, нотолж баталгаажуулах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Моторыг 5,000,000 /таван сая/ төгрөгөөр үнэлсэн нь яагаад үндэслэлтэй талаар тайлбарлахад нэгдүгээрт, н.*******т нь хэрэг бүртгэлтийн шатанд моторыг нэг хүн 5,000,000 /таван сая/ төгрөгөөр авъя гэхээр нь 5,000,000 /таван сая/ төгрөгөөр зарсан гэж мэдүүлдэг. 100 ваттын мотор дээр гаргасан тухайн үеийн үнэлгээ 13,345,273 /арван гурван сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун далан гурав/ төгрөг байдаг. 60 ваттын моторын үнэлгээг 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр тооцох юм бол 100 ваттын моторын тавны нэгд хүрэхгүй үнэлгээ байна. 60 ваттын моторыг 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн нь бодитой биш байна. Тиймээс шинжээч моторыг үнэлсэн үнэлгээг нотлох баримтаар тооцох боломжгүй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас н.*******т гэх хүнийг хамтран хариуцагчаар татах саналыг гаргаагүй. н.*******тыг хамтран хариуцагчаар татах үндэслэл байхгүй байсан. Иргэний хэрэгт цугларсан баримтын хүрээнд 60 ваттын моторыг 5,000,000 /таван сая/ төгрөгөөр үнэлсэн нь үндэслэл бүхий байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Завхан аймгийн *******ын газар нь хариуцагч Б.*******т холбогдуулан Завхан аймгийн ******* сумын засаг даргын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий моторыг өөрийн садан төрөл болох Т.*******тод өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төрд 13.345.273 төгрөгний хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан мэдүүлгүүд, эрх бүхий комиссын үнэлгээ, мотор хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдсон тул Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Хариуцагч Б.******* нь шинжээчийн дүгнэлтээр ДС 60 ваттын мотор нь 1.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 13.345.273 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

4. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын өмч хамгаалах зөвлөлийн тогтоол, прокурорын тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт гэсэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй боловч дээрх гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт прокурорын тогтоол, түүнтэй холбоотой бусад баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой мэдээллийг агуулсан байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт гэж үзэн анхан шатны шүүх үнэлжээ.

6. Хэрэгт авагдсан *******ын тогтоол гэсэн баримт бичигт ...Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Б.******* нь албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 05 дүгээр сарын 14-ны өдөр тус Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-60 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг өөрийн хамаарал бүхий этгээд болох иргэн Т.*******тод өгч өөртөө давуу байдал бий болгосны улмаас ******* сумын засаг даргын тамгын газарт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/73 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан байна. Б.******* нь тухайн үед гэм буруугийн талаар маргаагүй байна.

7. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлт гэх баримт бичигт ...60 ваттын хүчин чадалтай мотор 1.800.000 төгрөг... гэж үнэлсэн гэж моторын үнэлгээний талаар маргаж, давж заалдах гомдол гаргасан байна.

8. ******* тогтоолдоо ... ХХК-ны үнэлгээчин, Д., Ч., Б. нарын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Х-491 дугаартай ...60 ваттын хүчин чадалтай мотор 1800.000 төгрөг... гэх дүгнэлтийг үндэслэл болгож, Б.******* нь гэм буруутай үйлдлийн улмаас 1.800.000 төгрөгний хохирол учирсан гэж дүгнэж байсан байна.

9. Хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар байгуулагдсан Өмч хамгаалах зөвлөл ийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...ашиглагдаж байгаа Япон улсад үйлдвэрлэсэн ДС-100 моторыг зарж тохирсон үнээр нь худалдан борлуулах ...моторын үнийг 13.345.273 төгрөг байхаар шийдвэрлэв гэсэн байна.

10. Дээрх баримтад агуулсан мэдээллүүд нь маргаан бүхий 60 ваттын хүчин чадал бүхий моторын үнэлгээ биш, 100 ваттын хүчин чадал бүхий моторын үнэлгээ байна.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан шинжээчийн дүгнэлт-ийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлт гэдэг утгаар нь ойлгож, бусад нотлох баримтаас илүү итгэж үнэлэх боломжгүй, харин хэрэгт авагдсан бусад баримт бичгүүдтэй адил тэнцүү хэмжээнд үнэлэх нь нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцнэ.

12. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан *******ын тогтоолд Т.*******тын маргаан бүхий моторыг 2017 оны 04 сард 5000.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэсэн үнэлгээг, хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үнэлж, маргаан бүхий моторын үнэлгээг 5000.000 төгрөгөөр тодорхойлж, гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд, гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхээр заажээ.

14. Хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, төрийг төлөөлж Завхан аймгийн *******ын газар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 141/ШШ2024/00094 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ