Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 367

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Лүн овогт Бямбын Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033890260 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмрийн дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1103 е тоотод оршин суух, урьд 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 315 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Лүн овогт Бямбын Б.С /РД: НР77021072/,

 

Холбогдсон хэргийн талаар:  Л.Б.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны 1120 е тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр С.Ичинхорлоо руу архины шил шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч өгсөн: "... би эхнэртэйгээ маргалдаад эхнэрийнхээ толгой руу архины шил шидсэн байна лээ. Тухайн үед эхнэрийн ажлын газрын харуултай нь хардаад маргаан хийсэн юм шиг байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/,

хохирогч С.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11-р сарын 26-ны өдөр намайг ажил дээр байж байхад 19 цагийн орчимд Б.С согтуу ирсэн. Тэгээд намайг хүлээж байгаад 20 цагийн орчимд бид хоёр гэрт харьсан. Тэгээд гэртээ ороод би галаа түлээд төмс арилгаад байж байхдаа яагаад дандаа архи ууж байдаг юм бэ гээд хэлсэн чинь архины шил аваад над руу шидчихсэн. Тэгээд миний толгойг оноод судас таарсан их хэмжээний цус гарсан. Тэгээд өөрөөсөө нэг хар иштэй хутга гаргаж ирээд нэг хутгыг болохоор гэрт байдаг шургуулганаас аваад одоо гүйцээчихье гээд байхаар нь би зугтаагаад ээжийнхээ гэрт орсон. Тэгээд манай охин Санжидмаа цагдаа дуудаад түргэн дуудсан. Ингээд би гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан..." /хх-ийн 16-17х/,

гэрч И.Санжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 11-р сарын 26-ны өдөр гэртээ байж байтал орой 20 цаг өнгөрч байх үед манай ээж Ичинхорлоо толгойноос нь цус гарсан байдалтай толгой хагалчихлаа ээжээ гээд орилоод ороод ирсэн. Тэгээд араас нь Б.С хутга барьчихсан илдээд ороод ирсэн бөгөөд манай бэр эгч Тунгалагтуяа байсан болохоор Б.Сийг загнаад хөөгөөд гаргасан. Цагдаа нар ирээд Б.Сийг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №14082 дугаартай шинжээчийн "...С.Ичинхорлоогийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Л.Б.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Шүүгдэгч Л.Б.С нь урьд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх ба уг ялыг эдлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдулсан торгох ялыг нэмт нэгтгэж нийт эдлэх торгох ялыг тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Лүн овогт Бямбын Б.Сийг гэр бүлийн хүчрхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Ст шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял дээр, өмнөх  2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялын нийт хэмжээг 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.  

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ