| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00263/И |
| Дугаар | 263 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 263
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, хариуцагч Г.Болдбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж Д.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Болдбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн иргэн Харчу овогт Доржжүгдэрийн Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Г.Болдбаатартай 2008 онд гэрлэж 8 дахь жилдээ амьдарч байна. Гэрлэсний дараа энэ хүний зан илэрч архи ууж ирээд агсан тавьж хэрүүл өдөж гэр орныхоо эд зүйлсийг хэмхчиж гар хүрч зоддог болсон. Ингээд 2 жилийн дараа би шүүхэд хандан гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгч байсан ч хүүхдээ бодон эвлэрч одоог хүртэл амьдарсан. Энэ хүний урдаас нэг л үг хэлбэл буруутан болж архи дарс ууж ирээд намайг элдэв үгээр доромжилж эрүүл ч, согтуу ч янхан, гичий, жингэр гэх мэтээр дуудаж нэг ч удаа энэ байдлаа ухамсарлан гэмшиж өөрийгөө буруутгадаггүй. Чиний л хохь чи зүгээр байж байсан бол би зүгээр байх байсан гэж хэлдэг. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч энэ хүн уулзахыг ч хүсээгүй. Чи л өргөдлөө өгч надаас сал би тэр шүүхийг чинь мэдэхгүй гэж дандаа хариулдаг. Гэрлэсний дараа энэ хүнийн зан илэрч архи ууж ирээд агсан тавьж хэрүүл өдөж гэр орныхоо эд зүйлсийг хэмхчиж гар хүрч зоддог. 2010 онд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан. 8 жил хамт амьдрахдаа таарч тохирохгүй байгаа. Бид 2 зан чанарын хувьд таардаггүй. Энэ хүн гэр бүл, үр хүүхэдтэй гэдгээ ухамсарладаггүй. Энэ байдлыг нь хэлэхээр орой согтуу орж ирээд агсам согтуу тавьдаг. Цаашлаад надад гар хүрч байсан. Бүр сүүлдээ эцэг эхэд маань агсам согтуу тавьж гар хүрч байсан. Бүхэл бүтэн 8 жил хамт амьдрахдаа тодорхой ажил эрхэлж байгаагүй. Эр нөхөр, эцэг хүнийхээ үүргийг биелүүлж байгаагүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт оршин суух Боржигон овогт Ганбатын Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие Г.Болдбаатар нь Д.Мягмарсүрэнтэй 2008 онд гэр бүл болж өдий хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд сайндаж муудах юм их л байсан. Энэ хүний зан ааш нь их догшин, юмыг ойлгох хүлээц муу их л хатуу сэтгэлтэй хүн. Бид хоёрын өссөн орчин өөр юм билээ. Би энэ хүний бичиж байгаа шиг тийм муу хүн, муу эцэг байгаагүй. Хэн нь хэн бэ гэдгийг мэдэх манай болон өөрийнх нь ах, дүүс найз нөхөд нь их байгаа. Энэ хүний салах өргөдлийг уншаад цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй юм байна гэдгийг ойлгоод энэ хүний нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цуцлуулмаар байна. Маш богино хугацаанд, эцэст нь хүүгээсээ холдож тусдаа байгаадаа маш их харамсаж байна. Надад эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Хашаа байшингаа хүүгийнхээ тэтгэмжид өгч байна. Иймд миний өргөдлийг хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү.
Цаашид хамт амьдрах боломжгүй. Энэ хүний гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Мягмарсүрэн маш их ааштай. Танайхан яадаг юм, танайхан дотор өөдтэй хүн байдаг биш гэж загнадаг. Шууд гэртээ ороод агсам согтуу тавьж байсан асуудал байхгүй. Гэртээ ороод ганц 2 үг солих гэхээр янз бүрийн ааш гаргадаг. Чамайг би нохой шиг амьдруулна гэж хэлдэгт нь би маш их гомддог юм. Хэрэлдэж маргалдсаны улмаас хальт гар хүрч байсан удаа байгаа. Хүүхэдтэйгээ байнга холбоотой байна гэж ярилцсан гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нь хариуцагч Г.Болдбаатараас гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа Бид цаашид хамт амьдрах боломжгүй. Энэ хүний гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
Шүүх гэрлэгсдийн зан төлөв, тэдний хоорондох харьцааны талаар гэрлэгсдийн 2 талын аав ээжүүд болох Н.Ганбат, Ш.Эрдэнэчимэг, Х.Алтанцэцэг, Ч.Доржжүгдэр нарыг гэрчээр асуусан бөгөөд хариуцагч Г.Болдбаатарын хүчирхийлэл, дарамтаас болж нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй, мөн хүү Б.Азжаргалын сурлага хүмүүжилд нөлөөлж болзошгүй нөхцөл байдлууд байгаа болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хариуцагч Г.Болдбаатар нь архи ууж агсам согтуу тавьж гэр бүлийнхээ бусад гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь гэрч Х.Алтанцэцэгийн Миний охин багш мэргэжилтэй Дэвшил сургуульд багшилдаг юм. Энэ Болдбаатартай суугаад 7, 8 жил болж байна. Суугаад эхний жил гайгүй юм шиг байснаа дараа жилээс нь архи ууж олон хоногоор алга болдог болсон. Архи ууж ирэхээрээ орилж хашгирч орж ирээд юм хумаа хэмхлээд, бид аргаа бараад цагдаа дууддаг юм. Охин эхлээд архи уусан байхад нь юм хэлээд байдаг байсан, бид хоёр охиндоо согтуу байхад нь битгий тэгж бай чи тэгж байгаад зодуулчихвал өөрөө л хохирно гэж захисанаар охин маань дуугүй л байгаад байдаг болсон байна лээ. Болдоо архи уугаагүй үедээ ч гэсэндандаа оройтож ирдэг эдний хүүхдийг цэцэрлэгээс авах модыг нь хагалж усыг нь авах ажил олон жил бидний нуруун дээр байж ирсэн. Бид хоёр одоо хүргэний модыг дружба хөрөөгөөр хөрөөдөөд сажилж өгч байна гээд л бодчих. Манай охин өмнө нь салахгээд шүүхэд нэхэмжлэл өгчихсөн байсан юм. Тэгэхэд нь би охиндоо одоо засрах байлгүй нэхэмжлэлээ авчих гэж хэлсээр байгаадавахуулчихсан юм. Агсам согтуу тавихаараа буу, хутга гээд тааралдсанаа л барина, цагдаад мэдэгдэж бууг нь хураалгаж байсан удаа ч бий. Тийм болохоор энэ хоёр цаашдаа эвлэрээд амьдрах ямар ч боломжгүй гэж үзэж байна. Хүүг нь бол бид хоёр л өсгөсөнюм. Манай хоёр ойрхон байдаг болохоор нөгөөх чинь архи уугаад нөгөө муу охиныг чинь сүйд хийчихэв дээ гэж бодоод айгаад эгчнь нойргүй хонох үе их байна гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Доржжүгдэрийн ...миний бодлоор энэ хоёр цаашид таарч тохирохгүй юм байна хэн хэн нь цаашдынхаа амьдралыг бодсон нь дээр байх гэж бодож байна. Энэ хоёр ч гэсэн өөрсдөө таарч тохирохгүй нь гэдгээ мэдэж л байгаа байх. Хичнээн жил ингэж хэрэлдэж амьдрахав дээ. ...Болдбаатар манай хүргэн болохоосоо өмнө л архи уудаг залуу байсан, архи уухаараа их агсам, үг хэл ам нь хүчрэгдэхгүй, надтай хүртэл хэд хэдэн удаа барьцалдаж авч байсан, би яахав аав нь болоод нэг хоёр үг хэлдэг амьтан болох гэсэн байдаггүй тэгээд дахиж үг хэлэхээ больсон. Миний охиныг бол зөндөө л зодож байсан, охин маань Дэвшил сургуульд багшилдаг нүд ам нь хөх няц болчихсон хар нүдний шил зүүгээд л явдаг, гудамжинд хутга бариад хөөж байгаа л дуулдсан, манай хашаанд ч хүртэл зодох гээд хөөгөөд явж л байсан. Ийм л юм болсоор олон жил болчихсон доо гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Эрдэнэчимэгийн 2008 онд энэ хоёр айл орон болсон юм. Тэрнээс хойш бие биенийгээ ойлгоод эвтэй найртай амьдарчихаж болмоор л санагдах юм. Тэгтэл тэгж амьдрахгүй л харагдах юм. Манай Мягмарсүрэн ааштай хүүхэд юм уу гэж надад бодогддог юм. Ахмад хүнийг хүндэлж мэддэггүй хүүхэд шиг санагддаг юм. Гудамжинд таарсан ч гэсэн танихгүй хүн шиг хажуугаар гараад явчихдаг, гэр орноор нь орохоор цай цүү ч байхгүй дуугүй, дөмбөгөр хүн л сууж байдаг юм. Хааяа манайд ирэхээрээ ганц ч үг дугарахгүй байсаар байгаад л гараад явдаг юм. Бид хоёрыг болон Болдбаатарын дүү нарыг хүн гэж үздэггүй юм билээ. Тийм болохоор хөгшин бид хоёр, манай хүүхдүүд ер нь тэднийхээр очдоггүй юм. Цагаан сараар л нэг орох юм даа. Хоорондоо л болж байвал бид нар яахав гэж би боддог юм. Гэтэл хоорондоо ч гэсэн таардаггүй юм шиг байна. Сална сарнина л гэсэн хүмүүс байх юм. Ганц хүүг нь бодож өрөвдөх юм. Одоо тэгээд нас биенд хүрчихсэн хүмүүс өөрсдөө л амьдралаа мэдэхээс дээ. Энэ хоёр айл болсон цагаасаа л хоорондоо тааламжгүй байж харагддаг байсан юм. Тэр үед манайх хөдөө байдаг байсан юм, хааяа би аймагт орж ирээд эднийд ирэхээр нэг л дуу шуу муутай, хүйтэн хөндий айл л байж байдаг юм, ээж хөдөөнөөс ирлээ гэж мэдэж байгаа ч шинжгүй, оройд манай энэ л ор засаж өгдөг байсан юм. Манай Болдбаатарт ч гэсэн учир байгаа л байх. Энэ 2-ыг хоорондоо хэрэлдэж уралдлаа гэж сонсогддог л юм, тэгж байгаад эвлэрчих байлгүй эр эмийн хооронд ороод яахав гэж бодоод бид оролцдоггүй юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Ганбатын Манай бэр бид нартай ерөөсөө харьцдаггүй, гудамжинд таарахаараа танихгүй хүн шиг өнгөрөөд явчихдаг, жилд цагаан сараар ганц удаа ирдэг тэгэхээрээ хар цагаан дуугүй сууж байгаад гараад явдаг, их л эвгүй санагддаг юм. Би өөрийнхөө хүүхдийг зөв гэж хэлж байгаа юм биш, манай хүүхдэд ч гэсэн буруу байгаа л байх. Энэ 2-ыг хоорондоо хэрэлдэж гэнэ, муудалцаж байна гэнэ, нөхрөө цагдаад дуудаж өгсөн гэнэ гэж их сонсогддог юм. Манай хүү архи нэг их уудаггүй хааяа нэг уусан сонсогдоод байдаг юм. Би Мягмарсүрэнг их ааштай хүүхэд юм байна даа гэж хараад байдаг юм. Манай хүү аймгийн начин цолтой барилддаг ухаантай юм. Тэгээд хүүгийн маань зодог шудагийг гаргаж шидэж байна гэж дуулдаж байсан, надад их л эвгүй бодогдсон, манайх хөдөө ногоон дээр байдаг юм, тэгээд наадмаар аймгийн төв орж ирж хүүгийндээ телевизээр бөх үзмээр л санагддаг юм, тэгэхээр эхнэр нь зан муутай үг дуу муутай яравгар болохоор за за болье айлд гай болоод яахав гээд өөрийнхөө төрлийнхнөөр яваад бөх үздэг юм гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Ганбатёын Аав архи уудаг их уудаг, архи уухаараа ээж рүү аягаа шидээд, хараал хэлээд байдаг. Миний бодлоор аавын буруу. Аав намайг загнадаггүй, ээжийг зоддоггүй. Гэхдээ аавыг тэгээд байхаар би их айдаг. Аав хоёр гурван хоног архи ууж байгаад тэгээд хоёр гурав хоног болиод тэгээд дахиад хоёр гурван хоног уугаад байдаг, надад хичээл хийхэд хэцүү байдаг гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Г.Болдбаатар архи хэтрүүлэн хэрэглэж удаа дараа захиргааны арга хэмжээ авагдаж, эрүүлжүүлэгдэж байсан болох нь Завхан аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн тодорхойлолтоор давхар нотлогдож байна.
Гэрлэгсэд хүүхдийн асрамжийн талаар хоорондоо маргаагүй хариуцагч Г.Болдбаатар хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхийн хүлээн зөвшөөрсөн, хүү Б.Азжаргал нь 2008 оны 03-р сарын 17-ны өдөр төрсөн, эрүүл саруул бойжиж, Дэвшил бүрэн дунд сургуулийн 2-р ангид сурдаг болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, хариуцагч Г.Болдбаатар нарын гэрлэлтийг цуцалж хүү Б.Азжаргалыг түүний эх Д.Мягмарсүрэнгийн асрамжид үлдээж хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүү Б.Азжаргалыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Болдбаатар, нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнд дундын эд хөрөнгөдтооцуулан өөрсдийн амьдарч байгаа Завхан аймгийн Улиастай сумын Довцог багт байрлах хашаа байшингаа өгөхөөр харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэгсдийг эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эвлэрсэн гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-дэхь хэсэгт зааснаар Боржгон овогт Ганбатын Болдбаатар, Харчу овогт Доржжүгдэрийн Мягмарсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 03-р сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Азжаргалыг түүний эх Д.Мягмарсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 03-р сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Азжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Болдбаатараар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Болдбаатараас 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
6. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
7. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээрүлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
8. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Бат-Отгонд даалгасугай.
10. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
11. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ