| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 131/2024/00088/И |
| Дугаар | 213/МА2024/00009 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 213/МА2024/00009
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2024/00410 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөгийг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,500,000 төгрөгийг, нийт 9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие нь 2022 оны 8 дугаар сард Улаанбаатар хот гэрээний дагуу хийж байсан хүүхдийн талбайн тоног төхөөрөмжийг худалдан авахаар бэлтгэн нийлүүлэгч ******* нь нэмж 28,000,000 төгрөг төлж ав гэсэн шаардлага шаардлага тавьсан.
1.2. *******ын 3 багц, *******ийн 1 багц, *******ын 2 багц, *******ийн 1 багц нийт 4 хүний 7 багц хүүхдийн тоглоом байсан. 1 багц тоглоом бүр дээр 4,000,000 төгрөгийн тээврийн зардал төлөхөөр болж *******, *******. *******, ******* бид 4 хүлээн зөвшөөрч *******ой тохиролцон 1 багц тоглоомын үнийн 50 хувь буюу 2,000,000 төгрөгийг урьдчилж төлөөд авахаар болсон.*******, ******* бид 2 тус бүр өөрсдийн тоглоомоо авах гэхэд *******, миний тоглоомыг аваад ирээч миний тоглоом 8,000,000 сая төгрөг болж байна урьдчилж 4,000,000 төгрөг төлөөд ажлаа хийж дуусаад үлдэгдлийг нь төлье гэсэн.
1.3. Тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлсэн *******той 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 28,000,000 төгрөг төлөхөөр тохирч, үүнийг *******, ******* нар хүлээн зөвшөөрч, ******* 2,000,000 төгрөгийг, ******* 2,000,000 төгрөгийг, ******* 4,000,000 төгрөгийг, би 5,000,000 төгрөгийг нийт 13,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг дараа нь өгөхөөр гэрээ байгуулсан.
1.4. Гэтэл ******* нь тохирсон 4,000,000 төгрөгийг төлөөгүйгээс ******* шүүхэд надтай холбогдуулан нэхэмжлэл гаргаж 16,500,000 төгрөгийг би төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Иймд *******ын тоног төхөөрөмжийн зардалд төлөх 4,000,000 төгрөгийг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.5. ******* нь Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт 2023 оны 10- дугаар сард мал угаалгын ванн хийлгэх ажлын саналыг тавьсан ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг өгөхөөр тохирсон.
1.6. Би өөрийн ажилчдаар ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие нь ажилчдын цалин, хоол хүнс болон бусад зардлуудаа өөрөө хариуцсан. Хариуцагч ******* тохиролцсон 3,500,000 төгрөгийг төлөөгүй тул 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Миний бие 5 дугаар багийн тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэсэн. Нэг тоглоомын тоног төхөөрөмжийн үнэ болох 4,000,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн. Миний бие нь *******ад төлөх өр төлбөр байхгүй.
2.2. Ковидтой холбогдолтой ачаа тээвэр үнэ өссөн шалтгаанаар 1 багийн тоглоомын үнэ 4,000,000 төгрөгийн зардал нэмэгдсэн. Миний найз болох ******* 7 дугаар багийн тоглоомын ажил дээр гүйцэтгэсэн. 7 дугаар баг дээр нэмэгдсэн зардлыг *******аас нэхэмжлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2.3. Шаргалжуут 8 дугаар багт мал угаалгын ванн ажлыг гүйцэтгэхэд би найз болох *******той найзтайгаа хамтарч ажлыг авсан. Энэ ажлыг малын хашаа, гагнуур, тоног төхөөрөмж гэх бүх зүйлээр хангаад ажлыг гүйцэтгэх гэж санал болгоод тохиролцсон. ******* нь тухайн ажил гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүй тайсан тул Баянхонгор сумын комисс хүлээж аваагүй тул Би найзын хамт өөрийн ажлыг гүйцэтгэж сум орон нутагт хүлээлгэж өгсөн. Миний бие *******ад ямар ч өр төлбөр байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, угаалгын ванны ажлын хөлс 2,950,000 төгрөг, нийт 8,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч 5 болон 7 дугаар багын тоглоомын талбайн 1 иж бүрдлийнх тээврийн зардлыг төлсөн, нөгөө 1 иж бүрдлийн хөлсийг төлөөгүй, 7 дугаар багт байрлах иж бүрдлийн зардлыг найз аас аваарай гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
4.2. Гэтэл нь төрийн албан хаагч бөгөөд тендерт оролцох эрхгүй этгээд халхавчлан төсөл хөтөлбөр авсан бол бусдын өмнөөс намайг хохироох шаардлагагүй.
4.3. Хэрэгт авагдсан баримтаар нийт 65,860,000 төгрөгийн 11 нэр төрлийн төхөөрөмжийн баримт байгаа нь 1 хүний төсөл хөтөлбөр биш гэдэг нь харагддаг. 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хийсэн Хэлцлээр тээврийн зардалд 28,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.
4.4. Үүнээс үзэхэд хариуцагч анх гуйхдаа 8,000,000 төгрөг өгнө гэж хэлээд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн болохоос *******аас аваарай гэж хэлээгүй. Энэ хэрэгт ыг оруулмаар байна.Энэ төслийн ашгийг ******* ******* нар авсан байхад яагаад эдгээр хүмүүсийн өмнөөс би төлбөр төлж хохирч байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч ******* 7 багц хүүхдийн тоглоомын тоног төхөөрөмжийн нийт үнэ 65,860,000 төгрөгт тээврийн хөлс багтсан байсан. ******* 7 дугаар багын тоглоомын үнийг түүнээс шаард, би төлөхгүй. Ковидтой холбоотойгоор нэмэлт зардлыг Ковидын тухай хуульд зааснаар Баянхонгор сумаас нэхэмжилж авах талаар ******* нэхэмжлэгчид хэлсэн. Миний нэрээр гэрээ контакт хийгдсэн ч миний данс руу мөнгө орсон зүйл байхгүй.
5.2. *******ын гүйцэтгэсэн мал угаалгын ванн хийж гүйцэтгэх ажлыг хийгээгүй гэж хэлээгүй. Түүний гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй тул Баянхонгор сумын комисс ажиллаад “ямар ч чанарын шаардлага хангахааргүй зүйл байна, та нар юу хийчихсэн юм бэ” гээд хүлээж аваагүй. Тэгээд 1 сарын хугацаанд засварлаад хүлээлгэж өгөхөөр болсон Уг хугацаанд ******* ажлыг засаж засварлаж өгөөгүй бөгөөд зугтаад холбоо ч барихгүй алга болсон. Түүнээс бид нарын хоорондын асуудал биш.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,500,000 төгрөгийг нийт 9,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тоглоомын үнэ 4,000,000 төгрөгийг *******аас шаардах, *******ын гүйцэтгэсэн мал угаалгын ванн хийх ажил чанарын шаардлага хангаагүй тул 3,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, тухайн хэрэгт хамааралтай байж болохуйц 65,860,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн жагсаалт, 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 3882 бүртгэлийн дугаартай *******, *******, ******* нарын хооронд байгуулсан “Хэлцэл”, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээ, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 00782 дугаар захирамж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гүйцэтгэсэн гэрэл зураг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Дээрх баримтуудаас Бэлтгэн нийлүүлэх гэрээ, гэрэл зураг зэрэг баримт хэрэгт хуулбар хувиар авагдсан байхад анхан шатны шүүх тухайн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт аваагүй нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болжээ.
4. Хэргийн үйл баримтыг бүрэн, бодитой тогтооход нотолгооны хамаарал бүхий баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангуулах ажиллагаа явуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
5. Хүүхдийн тоглоомын талбайн тоног төхөөрөмжийг худалдан авах 1 багцын үнэ 4,000,000 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор 4,000,000 төгрөгийг төлөх эсэхийг тухайн үед хариуцагч зөвшөөрсөн эсэх, нэхэмжлэгч нь мал угаалгын ванн хийлгэх ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой хэргийн нөхцөл байдлыг тогтооход хэрэгт авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй нөхцөлд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38. 5 дахь хэсэгт зааснаар тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж, хэргийн бүрдлийг хуульд нийцүүлэн хангуулах чиг үүрэгтэй тул хэргийн оролцогчоос гаргасан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй нөхцөлд уг баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эсхүл нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт авах учиртай.
7. Анхан шатны шүүх дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 10-ны өдрийн 131/ШШ2024/00410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Ч.БАЯРЦЭНГЭЛ