| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0432/э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 427
2019 05 03 2019/ШЦТ/427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Н.Түвшинбаяр;
шүүгдэгч: Д.Наранзул (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Лхүндэвийн Наранзулд холбогдох эрүүгийн 1909009300455 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “Гламоур трейд” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 37-147 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФА73082513 регситерийн дугаартай, Боржигон овогт Лхүндэвийн Наранзул.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Л.Наранзул нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, рашааны 8- 545 тоотод 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э.Анужинг “хүүхдээ хурдан хувцасласангүй удлаа” гэдэг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Наранзул мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Анужингийн /хх-ийн 15-16/ мэдүүлсэн мэдүүлэг, Б.Баясгалангийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2662 тоот дүгнэлт /хх-ийн 32/, Л.Наранзулын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-57/, Э.Анужингийн хүсэлт /хх-ийн 58/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Наранзул нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, рашааны 8-545 тоотод Э.Анужинг “хүүхдээ хурдан хувцасласангүй удлаа” хэмээн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Анужингийн /хх-ийн 15-16/: “... 2019 оны 02 дугаар 21-ний өдөр 10 цагийн үед гэртээ байж байтал Наранзул ах орж ирээд хурдан хувцсаа өмс, хоцорлоо гэхээр нь ”би явахаа байчихъя” гэхэд “Наранзул ах тэгвэл болихгүй юу” гээд гараад явсан. Тэгж байснаа буцаж орж ирээд миний үснээс зулгаагаад газар унагаад духаар газар луу мөргүүлээд галын дэгээ төмрөөр миний нуруу, баруун талын хөлийн гуя, шилбэ, толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
Л.Наранзулын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-5/: “... 2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө ... дүү Алтанзул руу яриад “босож бай, одоо очлоо” гэж хэлсэн. 1 цагийн дараа гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо рашааны 8-545 тоотод очоод дотогшоо ороход босоогүй унтаж байхаар нь “босооч ээ, явахгүй юм уу” гэхэд Анужин “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. ....би Анужинг үсдэж доош нь дараад духаар нь газар луу 2 удаа мөргүүлээд хаячихаад буцаад гараад явж байтал дэгээ төмрөөр минхий нуруу руу цохиод авсан. Тэгэхээр нь би дэгээ төмрийг нь булааж аваад тахим, гуя хэсэгт нь 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
Э.Анужингийн биед “... зүүн нүдний дотор булан, баруун хацар, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2662 тоот дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Л.Наранзулын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Л.Наранзулын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Анужингийн “...гомдол саналгүй, хүсэлт байхгүй...” гэсэн баримт хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Л.Наранзулыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Наранзул торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лхүндэвийн Наранзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Наранзулыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Наранзул торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Наранзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ