Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 253

 

Б.Мөнхбаатар, Э.Батбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                      

          прокурор Ж.Энх-Амгалан,

          ялтан Б.Мөнхбаатар /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

          ялтан Э.Батбаяр, түүний өмгөөлөгч Л.Батаа,

          хохирогч Г.Алтанцоож,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мөнхбаатар, Э.Батбаяр нарт холбогдох эрүүгийн 201526012436 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Борууд овгийн Болорын Мөнхбаатар, 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-1 гудамжны 5 тоотод оршин суух,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:УШ96030196/,

2. Шагдар засаг овгийн Энхболдын Батбаяр, 1999 оны 3 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжны 3в тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ДЮ99030318/,

Б.Мөнхбаатар нь урьд нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд давтан үйлдлээр насанд хүрээгүй Э.Батбаяртай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг  2015 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 2 дугаар орцны гадна зогсоол дээр байсан 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын автомашинд хууль бусаар нэвтэрч доторх эд зүйлсийнх нь хамт хулгайлан хохирогч Г.Алтанцоожид 1.603.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Насанд хүрээгүй Э.Батбаяр нь Б.Мөнхбаатартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг  2015 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 2 дугаар орцны гадна зогсоол дээр байсан 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын автомашинд хууль бусаар нэвтэрч доторх эд зүйлсийнх нь хамт хулгайлан хохирогч Г.Алтанцоожид 1.603.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Мөнхбаатар, Э.Батбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мөнхбаатар, Э.Батбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар, Э.Батбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус бүр хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Мөнхбаатарт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Э.Батбаярт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, Б.Мөнхбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Б.Мөнхбаатарын цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Э.Батбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, дэмжлэг үзүүлэх үүргийг мөн дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус даалгаж, насанд хүрээгүй ялтанг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч П.Цэвэлмаад хариуцуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид шилжүүлэхийг хохирогч Г.Алтанцоожид даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтуудыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаатараас 801.500 төгрөг, Э.Батбаяраас 301.500 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Г.Алтанцоожид /РД:ХН87042419/ олгож шийдвэрлэжээ.

Ялтан Б.Мөнхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмнө нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан боловч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өршөөлд хамрагдсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаар шийтгэх тогтоолоор уг гэмт хэрэг нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн өмнө үйлдэгдсэн гэж үзэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэсэн байх тул надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие хохирогч Г.Алтанцоожид учруулсан хохирол болох 801.500 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна...” гэв.

Ялтан Б.Мөнхбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

            Анхан шатны шүүх Б.Мөнхбаатарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглэхдээ ойлгомжгүй үндэслэл гаргасан байна. Тухайлбал Б.Мөнхбаатарыг ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөж хэрэглэхгүй болгосон байх үедээ бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон болно.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаатарын урьд шийтгүүлсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэг заасан хугацааг хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэхгүй” гэсэн атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтад 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 3 жилээр тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчим, шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 6 сарын хорих ялыг хасч, хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Э.Батбаярын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдолтой холбогдуулан нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Г.Алтанцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мөнхбаатар нь давж заалдах гомдолдоо надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэсэн байна. Анхан шатны шүүхээс Б.Мөнхбаатараас 801.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч үүнээс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Харин Э.Батбаярын ээж П.Цэвэлмаа нь хохиролд 500.000 төгрөг төлсөн. Иймд Б.Мөнхбаатарт гомдолтой байна...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтын талаар өмгөөлөгч маргаагүй учир тайлбар хийх шаардлагагүй байх. Б.Мөнхбаатар, Э.Батбаяр нар нь бүлэглэн автомашин, механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар маргадаггүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулах саналтай байна. Учир нь Б.Мөнхбаатарт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн.  2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн атлаа “Өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэглээгүй шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр давтан гэх шинжийг нэмж оруулж өгнө үү гэсэн саналтай байна. Яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Мөнхбаатарыг давтан үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт давтан гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй. Тиймээс давтан гэх шинжийг нэмж өгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар урьд шийтгүүлсэн ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй.

Иймд давтан гэх шинжийг нэмж зүйлчилж өгнө үү. Хохирол төлбөрийг гаргуулахаар шийтгэх тогтоолд дурдсан. Хохирогч Г.Алтанцоожийн нэр дээр автомашин байдаг ч хохирогч “би автомашинаа авсан хэдий ч ямар нэгэн засвар хийх боломжгүй болсон учир тухайн автомашиныг авахгүй” гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа хэлсэн. Үүний дараа хохирлоо бэлэн мөнгөөр тооцож авахаа илэрхийлсэн. Тухайн үед автомашиныг битүүмжилсэн байсан. Автомашины гэрчилгээ Г.Алтанцоожийн нэр дээр байгаа боловч Э.Анхбаярт гаргуулж өгөхөөр заасан. Э.Анхбаяр нь тухайн үед автомашиныг гэмт хэргийн аргаар олж авсан гэж мэдээгүй. Иргэний хуульд зааснаар шударга эзэмшигч болсон учраас хууль зүйн үндэслэлтэй...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

            Б.Мөнхбаатар, Э.Батбаяр нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 2 дугаар орцны гадна зогсоол дээр байсан 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын автомашиныг хулгайлан хохирогч Г.Алтанцоожид 1.603.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч  Г.Алтанцоожийн “...2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 2 дугаар орцны харалдаа ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын автомашинаа байрлуулаад эгч Одгэрэлд захиж үлдээсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр автомашинаа авах гээд очтол автомашин байхгүй байхаар нь эгч Одгэрэлээс асуухад 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр байсан гэж хэлсэн. Автомашин дотор цэнхэр өнгөтэй дөрвөн хүний майхан, хоёр хүний аяны хөнжил хоёр ширхэг, түлхүүр, багаж, МР-5 хөгжимний өсгөгч, бор хар өнгөтэй өвлийн гутал хоёр ширхэг, цэнхэр өнгөтэй өвлийн ажлын хувцас байсан...” /1-р хх-30-31, 50-51/,

            насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Э.Анхбаярын “...40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын автомашиныг 2016 оны 4 дүгээр сард Хан-Уул дүүргийн Яармагаас Базараа гэх настай ахаас 180.000 төгрөөр худалдаж авсан. Би уг тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Намайг авахад уг автомашин дөрвөн дугуй байхгүй, астатер, жанам байхгүй, бензин насос байхгүй хөлдсөн байсан. Би уг автомашинд 360.000 төгрөгний сэлбэг авч засварласан...” /1-р хх-52-54/,

            гэрч Д.Маабазарын “...Б.Мөнхбаатар нь цагаан өнгийн “Хьюндай эксел” загварын автомашиныг 2015 оны 11 дүгээр сарын дундуур манай хашаанд автомашинаар чирж авчраад “Бензин нь дуусчихлаа танай хашаанд тавиад хонуулъя” гэж хэлээд манай хашаанд тавьсан. Тэгээд маргааш нь Б.Мөнхбаатар, Э.Батбаяртай ирээд автомашинаар чирээд аваад явах гэхээр нь би “чи наад автомашинаа яах гэж байгаа юм бэ” гэж асуухад Б.Мөнхбаатар “зарах гэж байгаа” гэхээр нь би “авъя” гээд 180.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод хэд хоногийн дараа Б.Мөнхбаатарын гэрийн гаднаас уг автомашиныг машинаар чирж авчраад гэртээ байлгаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын дундуур би уг автомашиныг Э.Анхбаяр гэх хүүхдэд 180.000 төгрөгөөр зарсан...” /1-р хх-55-56, 166-168, 215-216/,

            гэрч П.Цэвэлмаагийн “...2016 оны өвөл байх яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын автомашиныг хэд хэдэн удаа унаж ирж байсан. Тэгээд надад “ээж би “эксел” загварын автомашин авах гэж байгаа” гэж байсан. Тэрнийхээ дараа хэд хоногийн дараа хар өнгийн хагас түрийтэй гутал өмсөөд ирэхээр нь юун гутал юм бэ гэхэд Б.Мөнхбаатар ах надад самарт явсан хөлсөнд өгсөн юм гэж хэлсэн...” /1-р хх-57-58/,

            техникийн шинжээч Б.Даваасүрэнгийн “...Уг тээврийн хэрэгсэл зах зээлийн үнэлгээгээр 1.000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Одоо байгаа үнийг тодорхойлохдоо зах зээлийн үнээс техникийн эвдрэл хохирлын үнэлгээ болох 256.000 төгрөгийг хасаж гаргана...” /1-р хх-224-225/ гэх мэдүүлгүүд,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-5-6, 7/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-27, 109-110/, хохирол төлсөн баримт /1-р хх-117-118/, автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-186-187/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-196-198/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-232/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Ялтнуудын гэм буруу, тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Хэргийн материалаас дүгнэхэд ялтан Б.Мөнхбаатар нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь тогтоогдож байна. Уг ял нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...“Өршөөл үзүүлэх тухай” хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс шүүгдэгч Б.Мөнхбаатарын урьд шийтгүүлсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа хэрэгсэхгүй болчихсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэхгүй...” гэж зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Мөнхбаатарт энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай...” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул уг заалтыг хүчингүй болох нь зүйтэй.

            Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт болон прокурорын яллах дүгнэлтэд Б.Мөнхбаатар, Э.Батбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр ял шийтгэл оногдуулсан байх боловч хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Мөнхбаатар, Э.Батбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусад хүндрүүлэх шинжүүд нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь буруу байна.

            Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын автомашиныг битүүмжилж, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгах үүргийг иргэн Д.Өлзийжаргалд хадгалуулахаар шилжүүлсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид шилжүүлэхийг хохирогч Г.Алтанцоожид даалгасугай...” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дээрх заалтыг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

            Иймд ялтан Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан “...хорих ялыг хасч өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 1 дахь заалтын “...Шүүгдэгч Борууд овогт Болорын Мөнхбаатар, Шагдар засаг овогт Энхболдын Батбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Борууд овогт Болорын Мөнхбаатар, Шагдар засаг овогт Энхболдын Батбаяр нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж,

- 7 дахь заалтын “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид шилжүүлэхийг хохирогч Г.Алтанцоожид даалгасугай” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 40-56 УБЯ улсын дугаартай “Хьюндай эксел” загварын тээврийн хэрэгслийг Д.Өлзийжаргалаас гаргуулж Г.Алтанцоожид олгохыг даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

                                       ШҮҮГЧИД                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ