Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2022/0152/З |
Дугаар | 001/ХТ2023/0069 |
Огноо | 2023-10-16 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2023/0069
А.М нарын 7 иргэний нэхэмжлэлтэй,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын
газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Банзрагч
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Б.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0184 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0347 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 307 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгч Ж.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н, хариуцагч Ш.У, гуравдагч этгээд “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан, хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч А.М, Ж.Б, Б.Т, Д.Г, Ж.Ц, М.Г, Б.Н нараас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтын өөрсдөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтээр Холбооны дүрмийн 3.1-д зааснаар өмчлөгч Япон улсын 78 иргэн, хуулийн этгээд нь холбооны гишүүн байж, 3.2.1-д заасан саналын эрхтэй байхад бүх гишүүдийн хуралд /төлөөлөгчөөр дамжуулан/ оролцож, санал өгөх боломж олгоогүй, бүх гишүүдийн хурлын ирц бүрдсэн гэж үзэхээргүй, улсын бүртгэгч энэ бүртгэлийг хөтлөхдөө оролцогчдын эрхийг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааг хийгээгүй, бүрэн бус, хуулийн шаардлагад нийцээгүй баримтаар бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4-т заасныг зөрчсөн байна гэж дүгнэж, “Х ө х” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.Д-ийг өөрчилж А.М-ийг, гүйцэтгэх захирлаар Б.Н-ыг, УЗ-ийн гишүүнээр Ж.Ц, Ж.Б, А.М, Б.Т, Д.Г нарыг, хяналтын зөвлөлийн гишүүнээр Л.А, М.Г, Р.Ж нарыг томилсон, мөн Холбооны дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 2021 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.Нэхэмжлэгч нараас “...Бүх гишүүдийн хуралдаанд нийт 57 өмчлөгч иргэнээс 37 өмчлөгч иргэн оролцож, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6, холбооны хуучин дүрмийн 4.2.7-д зааснаар хурал хүчин төгөлдөр болсон.
3.1Хяналтын улсын байцаагч “Япон улсын иргэн, хуулийн этгээд нь холбооны гишүүн, саналын эрхтэй байхад санал өгөх боломжоор хангаагүй, хурлын ирц бүрдээгүй байхад хурал хийсэн” гэж үзэн бүртгэлийг хүчингүй болгосон. Япон улсын иргэд нь Монгол улсад амьдардаггүй, гишүүн байх боломжгүй гадаад улсын иргэдийг гишүүн байх боломжтой гэж дүгнэн бүртгэл хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
3.2. Адил агуулга бүхий гомдлыг хянаад хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байхад дахин асуудлыг сөхөн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэдийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасныг ноцтой зөрчсөн” гэж,
4.Хариуцагчаас “...Монгол улсын болон гадаад улсын иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх эрхтэй бөгөөд гадаад улсын иргэн тус “Х ө х” ГҮТББ-ын гишүүнээр элсэхийг хориглосон хууль тогтоомж байхгүй байна” гэж,
5.Гуравдагч этгээд нараас “... Нэхэмжлэгч иргэдийн ямар эрхэд улсын байцаагч халдсан, түүний гаргасан дүгнэлтийн улмаас ямар эрх ашиг хөндөгдсөн талаар огт дурдаагүй байна.
5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан бөгөөд уг эрхийг Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн хэн аль нь эдлэх учиртай.
5.2.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д зааснаар тэдний Монгол улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суудаг эсэхээс үл шалтгаалан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан эрхийг хязгаарлаж “Х ө х”-ны хуралд орох эрхийг хязгаарлах боломжгүй” гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0184 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 4.1.5, 17.1.8, 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1.3, 8.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0347 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0184 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.3, 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1, Иргэний хуулийн 25.1, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтийн 1 дүгээр заалт дахь Ж.Ц, Ж.Б, А.М, Б.Т, Д.Г, М.Г, Б.Н нарт холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нь шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дурдсугай.” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
8.Хариуцагч Ш.У болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ш.А нараас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
8.1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан:
8.1.1.Шаардлагын хүрээг буруу тодорхойлсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, түүнд гомдол гаргах, захиргааны байгууллагаас гомдол шийдвэрлэсэн акт, тухайн гомдол шийдвэрлэсэн актыг шүүхээр хянуулах ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий процессыг ноцтой зөрчжээ.
8.1.2.Учир нь энэхүү маргаан бүхий акт буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.У-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлт нь гуравдагч этгээд нарын гомдлоор үүссэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа юм.
8.1.3.Уг шийдвэр гаргах ажиллагааны үр дагавар нь 6938 дугаар дүгнэлт бөгөөд нэхэмжлэгч нар уг дүгнэлтийн зөвхөн дүгнэх хэсгийн нэгдүгээр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаж шийдвэр гаргах үүрэгтэй. Энэ ч утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
8.1.4.Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, мөн талуудын хэн аль нь хэзээ ч буюу шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд ч маргаж байгаагүй, анх гуравдагч этгээд нарын гомдолд ч байгаагүй асуудлаар дүгнэлт хийж, түүнийгээ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн хэмээн дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд уг зөрчил нь тухайн магадлал гаргахад нөлөөлсөн.
8.1.5.Хэргийг гомдлын хүрээнд хянах талаарх ноцтой зөрчил. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “... анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан бол бүхэлд нь хянах” талаар хуулиар үүрэг болгосон байна.
8.1.6.Давж заалдах гомдлын үндэслэл нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар гадаадын иргэд төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэн асуудлаар хуралд оролцуулан тоолох ёсгүй байсан талаар гомдол гаргасан байдаг.
8.1.7.Гэтэл давж заалдах шатны шүүхээс тухайн гомдлыг “Х” нэртэй төрийн бус байгууллага байгуулагдах хуульд заасан шаардлага байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргасан нь гомдлын ямар үндэслэлтэй холбогдож байгаа нь тодорхойгүй.
8.1.8.Өөрөөр хэлбэл, талууд хэн аль нь төрийн бус байгууллага байгуулагдсан асуудлаар маргаагүй харин төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал хуралдуулахдаа дүрэмд заасан журмаар хуралдсан үгүйтэй холбоотой маргаан байсныг огт үндэслэлгүйгээр хянаж шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд энэ нь дахин акт гарах агуулгаар шийдвэр гарахад нөлөөлсөн.
8.2.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
8.2.1.Шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4-д “Хариуцагч улсын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна,18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах гэж заасан чиг үүргээ бүрэн биелүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
8.2.2.Улсын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасан эрх хэмжээний хүрээнд “Х ө х” НҮТББ-ын 2021 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулсан улсын бүртгэлд хяналт шалгалт хийхэд улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон тул мөн хуулийн 18.7.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
8.2.3.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-д заасан хяналт шалгалтын маягтуудыг хөтөлж, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар талуудад сонсох ажиллагаа хийж, тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор хангасан.
8.2.4.Шүүхийн магадлалын хянавал хэсгийн 8-д “Дээрх 5, 6-д заасан нөхцөл байдал болон 7-д заасан хуулийн зохицуулалтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нь эдгээр иргэдийн нэгдсэн зорилго, хамгаалахыг хүссэн өмчлөгчийн эрх, ашиг сонирхол, дүрэмд заасан зорилго нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн зорилго, агуулгад нийцсэн эсэх, цаашид дээрх хуульд заасан хуулийн этгээдийн эрхтэй байх иргэдийн нэгдэл мөн эсэхэд зайлшгүй эрх зүйн дүгнэлт өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй эсэх талаарх нөхцөл байдлыг тодруулж ...” хэмээн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэд төрийн бус байгууллагад нэгдэх өмчлөх эрхээ хамгаалах асуудал нь хуульд нийцээгүй хэмээн дүгнэж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5.6-д заасныг илтэд буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна.
8.2.5.Нэхэмжлэгч нар Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно” гэж заасныг зөрчсөн байхад дүгнэлт гаргаж бидний эрхэд халдсан агуулгаар шаардлагаа тодорхойлсон.
8.2.6. Өөрөөр хэлбэл, Япон улсын иргэд өмчлөх эрхтэй хэдий ч өмчлөлийн зүйлийн дагалдах эрх болох орон сууцаа хамгаалах, ашиглалтыг нь сайжруулах зорилго бүхий төрийн бус байгууллагын гишүүн байх эрхийг хязгаарласан үйлдэл юм.
8.2.7.Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан бөгөөд уг эрхийг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй иргэн хэн аль нь эдлэх учиртай.
8.2.8.Мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д зааснаар тэдний Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суудаг эсэхээс үл шалтгаалан Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан эрхийг хязгаарлаж төрийн бус байгууллагын дүрэмд заасан хуралд орох эрхийг хязгаарлах боломжгүй юм.
8.2.9.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж зааснаар шийдвэр гаргахдаа Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг хэрэглэх учир хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль хэрэглэж болохгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй, мөн ийм төрийн бус байгууллага байгуулагдах улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцээгүй агуулгаар дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Иймээс магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 307 дугаар тогтоолоор хариуцагч Ш.У болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ш.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
10.Нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
11.Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
12.2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А.У, Б.Ж, А.А нар “Х ө х” ГҮТББ-ыг үүсгэн байгуулж, дүрмээ батлан, холбооны удирдах зөвлөлийн гишүүдээр Д.Г, Н.О, З.Д, Б.Т, М.М, удирдах зөвлөлийн даргаар З.Д, хяналтын зөвлөлийн гишүүдээр О.У, Э.Э, Д.Ц нарыг сонгосны дагуу шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ.
13.2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Х ө х” ГҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус хурал хийж, хурлаар удирдах зөвлөлийн гишүүн М.М-ийг чөлөөлж, Б.Н-ыг удирдах зөвлөлийн гишүүнээр томилж, холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг батлан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг бүртгэл хүчин төгөлдөр байна.
14.2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр З.Д-ийг холбооны удирдлагаас хасч, холбооны гүйцэтгэх захирлаар Б.Н-ыг, Удирдах зөвлөлийн даргаар Д.Г-г бүртгэсэн. Энэхүү бүртгэлийг “... “Х ө х” ГҮТББ-ыг төлөөлөн иргэн Б.Н улсын бүртгэлийн тогтоосон журмыг зөрчиж бүрэн бус, хуулийн шаардлагад нийцээгүй баримтаар бүртгүүлсэн” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2150 дугаар дүгнэлтээр хүчингүй болгожээ.
15.2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр удирдах зөвлөлийн даргаар А.М-ийг, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Д, Б.О, Б.Н нарыг чөлөөлж, удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Т, А.М, Д.Г, Ж.Ц, Ж.Б нарыг, гүйцэтгэх захирлаар Б.Н-ыг тус тус бүртгэсэн.
16.Уг бүртгэлийг “Холбооны дүрмийн 3.1-д зааснаар өмчлөгч Япон улсын 78 иргэн, хуулийн этгээд нь холбооны гишүүн байж, 3.2.1-д заасан саналын эрхтэй байхад бүх гишүүдийн хуралд /төлөөлөгчөөр дамжуулан/ оролцож санал өгөх боломж олгоогүй, бүх гишүүдийн хурлын ирц бүрдсэн гэж үзэхээргүй”, “Улсын бүртгэгч энэ бүртгэлийг хөтлөхдөө оролцогчдын эрхийг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааг хийгээгүй”, “Бүрэн бус, хуулийн шаардлагад нийцээгүй баримтаар бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4-т заасныг зөрчсөн байна” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон байна.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг энэхүү маргаанд хэрэглэх эсэх,
-Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг зөв хэрэглэсэн эсэх тухай байна.
17.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч нараас өгсөн Х оффисын өмчлөгчдийн жагсаалт[1], хариуцагч улсын байцаагчийн 2021 оны 6938 дугаар дүгнэлтийн 1 дүгээр хавсралт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14182/ Алтайн гудамж, 281 дүгээр байрны үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн жагсаалт[2] зэргээр нэр бүхий гадаад улсын иргэн, хуулийн этгээд Х оффис нэртэй барилгад оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон.
18.Уг барилгад гадаад улсын иргэн, хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгө өмчилдөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралд тухайн гадаад улсын иргэн, хуулийн этгээдийг оролцуулаагүй (төлөөлөгчөөр дамжуулж) талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нар уг гадаад улсын иргэн, хуулийн этгээдийг холбооны бүх гишүүдийн хуралд оролцуулах хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргаж байна.
19.“Х ө х” ГҮТББ-ын дүрмийн 1.2-т “Холбоо нь Х оффисын өмчлөгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан. ... гишүүдийнхээ эрх ашгийг илэрхийлэх, гишүүдэд үйлчилдэг, өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, ашгийн төлөө бус, хуулийн этгээд мөн”, 2.1-д “Зорилго: Холбоо нь “Х” оффисын барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, оффисын барилгад үйл ажиллагаа явуулж байгаа өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын тав тухтай ажиллах боломжийг өмчлөгчдийн хамтын хариуцлагаар бий болгож, хөрөнгийнхөө үнэ, цэнийг урт хугацаанд хадгалах, өсгөх зорилготой” гэснээс үзэхэд тус “Х ө х” ГҮТББ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий холбоо байх бөгөөд “сууц өмчлөгчдийн холбоо"-той ижилтгэж болох чиг үүргийг хэрэгжүүлж байна.
20.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчтэй холбоотой харилцааг зохицуулах тул оффисын зориулалттай барилгын өмлөгч нараас төрийн бус байгууллага байгуулах замаар сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж буй нь хуулиар зөвшөөрөгдсөн харилцаа байна.
21.Энэ тохиолдолд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно” гэж заасныг хэрэглэх замаар тус барилгад оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, хөрөнгийнхөө үнэ, цэнийг урт хугацаанд хадгалах, өсгөх зорилготой байгуулагдсан гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын бүх гишүүдийн хуралд оролцох, санал өгөх эрхийг хязгаарлах үндэслэлгүй.
22.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох ... эрхтэй байна”, Х ө хны дүрмийн 3.1-д “Холбооны гишүүд нь “Х оффис”-д үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид байх ба өмчлөгч гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр тодорхойлно”, 3.2.1-д “... өмчилж байгаа хаалганы тоогоор холбооны бүх гишүүдийн хуралд саналын эрх эдлэх”, 3.2.2-т “Өмчлөгч нь хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гишүүнийхээ эрхээ хэрэгжүүлж болно” гэж тус тус зааснаар Х оффист үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь аль нэг гадаад улсын иргэн, хуулийн этгээд байхаас үл хамааран холбооны гишүүн байх бөгөөд бүх гишүүдийн хуралд саналын эрх эдлэх, төлөөлөгчөөр дамжуулж уг эрхээ хэрэгжүүлэх эрхтэй байна.
23.Өөрөөр хэлбэл, гадаад улсын иргэн Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хязгаарлаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахаас гадна дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, барилгын ашиглалтын хэвийн байдлыг хангах, өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эвлэлдэх эрхтэй тул Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д заасан зохицуулалтыг дээр дурдсан өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд нь хязгаарлалт болгож хэрэглэх учиргүй.
24.Энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн “... Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д зааснаар тэдний Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суудаг эсэхээс үл шалтгаалан үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан эрхийг хязгаарлаж, төрийн бус байгууллагын дүрэмд заасан хуралд орох эрхийг хязгаарлах боломжгүй юм” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй.
25.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар улсын байцаагч улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” үүрэгтэй байна.
26.Улсын бүртгэлийн ерөнхий газарт “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.У (хавсралтаар Х оффист үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий баримт) гомдол гаргасны дагуу эрх бүхий улсын байцаагчаас “Х ө х” ГҮТББ-ын улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн талаарх 2021 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрийн бүртгэлүүдийг хянан үзээд “улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчсөн” болохыг тогтоож, уг бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасанд нийцжээ.
27.Хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зохицуулалттай. Энэхүү маргааны хувьд тогтоолын хянавал хэсгийн 21, 23-т дурдсан үндэслэлээр Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д заасныг хэрэглэхгүй гэж дүгнэсэн тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх шаардлагагүй, хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэх нөхцөл үүсээгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэглэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй.
28.Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нарын нэгэн адил үл хөдлөх хөрөнгийг өмчилж буй ижил эрхтэй гуравдагч этгээдүүд, тэр дундаа Япон улсын иргэдийг төрийн бус байгууллагын удирдах эрхийн талаар сонгох, сонгогдох эрхгүй, санал өгөхгүй байх ёстой гэж үзэх нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын хуулийн хүчин төгөлдөр дүрмийн зорилгод нийцэхгүй” хэмээн маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0347 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.У болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ш.А нарын гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ